Номын сан
Христийн мэндэлсний баяр: Есүс Христ бол Бурханы Хүү хэмээх гэрчлэлээ би хэрхэн хуваалцаж чадах вэ?


Христийн мэндэлсний баяр: Есүс Христ бол Бурханы Хүү хэмээх гэрчлэлээ би хэрхэн хуваалцаж чадах вэ?

Христийн мэндэлсний баяр бол Аврагчийн төрсөн өдрийг дурсан санаж, Түүний төгс амьдрал болон цагаатгагч золиослолын агуу бэлэгт талархах талархлаа шинэчлэх үе юм. Бид Түүний төрөлтийн талаарх судрын түүхүүдээс шавь байх загварыг олж хардаг. Эдгээрт Түүний ирэхийг зоригтойгоор бошиглосон лемен үндэстэн Самуелаас эхлээд Түүний төрөлтийн тэмдгийг тууштай хүлээсэн нифайчуудад Бурханы Хүү төрсөн тухай захиасыг хуваалцсан хоньчид мөн бошиглол биелснийг ялган таньж, иудейчүүдийн хааныг харахаар хол зам туулан ирсэн зурхайчид багтдаг. Бид эртний итгэлтэй гэгээнтнүүдийн адил Есүс Христийн талаарх гэрчлэл болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнээс олж авсан ”үлэмж баярлуулах сайн мэдээг“ бусадтай хуваалцах хүслийг мэдэрдэг юм (Лук 2:10).

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Ямар судар болон хожмын үеийн бошиглогчдын сургаал Есүс Христийн бурханлаг байдлын талаарх таны гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ? Энэхүү гэрчлэл таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Та бусдад гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь туслахын тулд хэзээ эдгээр судар, сургаалыг ашигласан бэ?

Та өсвөр үеийнхний Аврагчийн талаар гэрчлэлээ хуваалцахыг хэзээ сонссон бэ? Бусадтай гэрчлэлээ хуваалцахад нь тэдэнд сүнслэгээр нөлөөлөхийн тулд та юу хийж чадах вэ?

Доорх эх сурвалжуудыг залбирч, судал. Аврагчийн талаар гэрчлэлээ хуваалцахад ямар зүйлс өсвөр үеийнхэнд сүнслэгээр нөлөөлнө гэж та бодож байна вэ?

Матай 2; Лук 2 (Есүс Христ мэндэллээ)

Хиламан 14 (Лемен үндэстэн Самуел Есүс Христийн төрөлтийг бошиглов)

3 Нифай 1:4-22 (Нифайчууд Христийн төрөлтийн тэмдгийг гэрчлэв)

Хэнри Б.Айринг, ”Төгс бэлэг,“ 2012 оны Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт

“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,”Ensign, 2000 оны 4-р сар, 2–3

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн номлолоор зааж, гэрчлэхдээ судруудыг ашигладаг байлаа. Тэрээр хүмүүст өөрсдөд нь зориулсан судруудын талаар бодож, асуултынхаа хариултыг судруудаас олохыг заасан. Судрууд дахь хүчтэй гэрчлэлүүдийг таньж мэдэхэд нь та өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж болох вэ?

Уялдаа холбоог бий болго

Хичээл бүрийн эхний хэдэн минутад өсвөр үеийнхний өөр өөр нөхцөл байдалд сурч байгаа (хувиараа судраас суралцах, семинар, Сүмийн бусад хичээл болон найзуудтайгаа хийсэн зүйлс гэх мэт) зүйлсийг хооронд нь уялдаа холбоотой болгоход туслаарай. Та тэдэнд өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний нөлөөг олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Дараах санаа тусалж болох юм. Тухайлбал:

  • Өсвөр үеийнхнийг өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр сурсан зүйлээ долоо хоногийн турш хэрхэн хэрэгжүүлсэн талаараа хуваалцахад урь.

  • Аврагчийн төрөлтийг хэрхэн тэмдэглэдэг талаараа хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Ямар уламжлалууд тэдэнд Христтэй илүү ойр байхад тусалдаг вэ?

Хамтдаа суралц

Доорх үйл ажиллагаа бүр өсвөр үеийнхэнд Есүс Христийн талаар гэрчлэлээ хуваалцахад сүнслэгээр нөлөөлөхөд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго.

  • Энэ хичээлийн тоймд санал болгосон видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж, Аврагчийн талаарх санаа бодол, сэтгэгдлээ хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Аврагчийн бурханлаг байдлын талаар гэрчлэлээ хуваалцаж, өсвөр үеийнхнийг мөн гэрчлэлээ хуваалцахад урь. Эдгээр видео бичлэгийн нэгийг гэр бүлийн үдшээр эсвэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуваалцахад өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж. Дараагийн хичээл дээр эдгээр захиасыг хуваалцсан туршлагаасаа ярихыг тэднээс хүс.

  • Энэ хичээлийн тоймд санал болгосон судруудыг хамтдаа уншиж, Шинэ Гэрээ болон Мормоны Номон дээрх Аврагчийн төрөлтийн түүхүүдийг ангиараа ярилц. Эдгээр судар дээрх ямар зүйлс лемен үндэстэн Самуел болон хоньчдын нэгэн адил бусадтай гэрчлэлээ хуваалцахад өсвөр үеийнхэнд сүнслэгээр нөлөөлж байна вэ? Тэд өөр ямар ойлголт олж авсан бэ? Энэ Христийн мэндэлсний баяраар Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцаж болох арга замуудыг тунгаан бодож, ярилцахад өсвөр үеийнхнийг урь.

  • Христийн мэндэлсний баярын ариун дууллуудыг хамтдаа дуулж, тэдэнд сүнслэгээр нөлөөлж байгаа дууны захиасуудын талаар ярихад өсвөр үеийнхнийг урь. Эдгээр дуулалтай холбоотой ямар судруудыг тэд хуваалцаж болох вэ? Тохиромжтой бол та Христийн мэндэлсний баярын магтуу дууг ангийнхантайгаа хамт хүмүүст дуулж өгөх боломжийг эрэлхийлж болох юм.

Өсвөр үеийнхнээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Есүс Христийн талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцахаар сүнслэгээр өдөөгдсөн үү? Тэдэнд ямар мэдрэмж эсвэл сэтгэгдэл төрсөн бэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сэдэв дээр илүү их хугацаа зарцуулах шаардлага байна уу?

Заахад туслах арга

Бид сайн мэдээг заах үедээ Ариун Сүнс бол жинхэнэ багш болохыг даруухнаар хүлээн зөвшөөрөх ёстой. Бидний хувьд өөрсдөөр минь дамжуулан зааж, гэрчилж, тайвшруулж мөн бусдад сүнслэгээр нөлөөлөх Ариун Сүнсний зэмсэг болон үйлчлэх нь нэр төрийн хэрэг юм.

Үйлдэхэд урь

Өнөөдөр сурсан зүйлс нь тэдэнд юу хийхэд сүнслэгээр өдөөсөн талаар өсвөр үеийнхнээс асуу. Тэднийг эдгээр мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж. Үүний дагуу үйлдэж байгаа эсэхийг шалгах аргуудыг бодож ол.