Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 30

Христийг эсэргүүцэгч Корихор, Христийг, Цагаатгалыг, мөн бошиглолын суу билгийг дооглов—Тэрээр Бурхан байхгүй, хүний уналт гэж үгүй, нүглийн шийтгэл гэж үгүй, мөн Христ гэж үгүй хэмээн заав—Христ ирэх болно мөн бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг хэмээн Алма гэрчлэв—Корихор тэмдэг шаардаж, мөн цочирдон хэлгүй болгогдов—Чөтгөр тэнгэр элч мэтээр Корихорт үзэгдэж мөн юу хэлэхийг нь түүнд заасан ажээ—Корихор гишгэгдэн мөн үхэв. Ойролцоогоор мэө 76–74 он.

1Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор Аммоны хүмүүс Жершоны нутагт суурьшуулагдсаны дараа, тийм ээ, мөн түүнчлэн леменчүүд уг нутгаас туугдсаны, мөн тэдний үхэгсэд нутгийн хүмүүсээр оршуулагдсаны дараа—

2Эдүгээ тэдний үхэгсэд тоологдоогүйн учир нь тооны нь агуу ихээс болой; бас нифайчуудын үхэгсэд нь ч тоологдсонгүй—гэвч улиран тохиох дор тэд үхэгсдээ оршуулсны дараа, мөн түүнчлэн мацаг барилт мөн гашуудал, мөн залбирлын өдрүүдийн дараа (энэ нь Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын арван зургадугаар он байв) бүх нутаг даяар үргэлжийн амгалан эхлэв.

3Тийм ээ, мөн хүмүүс Их Эзэний зарлигуудыг дагахаар мэрийцгээсэн болой; мөн тэд Мосегийн хуулийн дагуу Бурханы ёслолуудыг гүйцэтгэхдээ чанд байв; учир нь тэд биелэгдэх хүртэл нь Мосегийн хуулийг сахихаар сургагдав.

4Мөн тийн Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын арван зургадугаар оны турш хүмүүст ямар ч үймээн үгүй байв.

5Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын арван долдугаар оны эхлэлд үргэлжийн амгалан байв.

6Гэвч улиран тохиох дор арван долдугаар оны төгсгөлд, Зарахемлагийн нутагт нэгэн хүн ирэв, мөн тэр нь Христийг эсэргүүцэгч байв, учир нь тэрээр Христийн ирэлтийн талаар бошиглогчдоор яригдсан бошиглолуудын эсрэг хүмүүст номлож эхлэв.

7Эдүгээ хүмүүний сүсэг бишрэлийн эсрэг хууль байсангүй; учир нь хүмүүсийг тэгш бус байдалд хүргэх хууль нь Бурханы зарлигуудын хувьд туйлын эсрэг байсны улмаас болой.

8Учир нь сударт ийн өгүүлдэг: Та нар энэ өдөр хэнд үйлчлэхээ сонго.

9Эдүгээ хэрэв хүмүүн Бурханд үйлчлэхийг хүсвэл, энэ нь түүний эрх байв; эсвээс, хэрэв тэр Бурханд итгэдэг бол түүнд үйлчлэх нь түүний эрх байв; харин итгэдэггүй бол түүнийг шийтгэх хууль үгүй байв.

10Харин хэрэв тэр аллага үйлдвэл тэрээр үхлээр шийтгэгддэг байв; мөн хэрэв тэрээр дээрэмдсэн бол түүнчлэн шийтгэгддэг байв; мөн хэрэв тэр хулгайлсан бол тэрээр түүнчлэн шийтгэгддэг байв; мөн хэрэв тэр садар самууныг үйлдсэн бол тэрээр түүнчлэн шийтгэгддэг байв; тийм ээ, энэ бүх ёс бусын төлөө тэд шийтгэгддэг байв.

11Учир нь хүмүүс гэмт хэргүүдийнхээ дагуу шүүгдэх ёстой хэмээх нэгэн хууль байв. Гэсэн хэдий ч, хүмүүний сүсэг бишрэлийн эсрэг хууль байсангүй; тиймийн тул, хүмүүн нь зөвхөн үйлдсэн гэмт хэргүүдийнхээ улмаас шийтгэгддэг байв; тиймийн тул бүх хүмүүн тэгш эрхтэй байв.

12Мөн энэхүү Христийг эсэргүүцэгч, нэр нь Корихор гэгч тэр, (мөн хууль нь түүнд хүрч чадахгүй байв) Христ байх нь үгүй хэмээн хүмүүст номлож эхлэв. Мөн ийм маягаар тэр номлож, хэлрүүн:

13Хоосон бөгөөд мунхаг найдвартаа хүлэгдсэн та нар, яагаад та нар өөрсдийгөө ийм мунхаг зүйлүүдээр буулгалдаг билээ? Яагаад та нар ямар нэгэн Христийг хүлээнэв? Учир нь нэг ч хүн ирэх түүний тухай юуг ч мэдэж чадахгүй.

14Болгоогтун, та нарын бошиглолууд гэж нэрлэдэг эдгээр зүйлүүд, та нарын ариун бошиглогчдоор дамжуулагдсан гэж хэлдэг тэр нь, болгоогтун, тэдгээр нь эцэг өвгөдийн чинь мунхаг уламжлалууд болой.

15Тэдгээрийн гарцаагүйг та нар яаж мэддэг вэ? Болгоогтун, та нар харахгүй байгаа тэр зүйлийг мэдэж чадахгүй; тиймийн тул та нар хэн нэгэн Христ байх болно гэдгийг мэдэж чадахгүй.

16Та нар урагш хараад мөн та нар нүглүүдийнхээ ангижралыг үздэг хэмээн хэлдэг. Гэвч болгоогтун, энэ бол галзуурсан сэтгэлийн нөлөө; мөн та нарын энэ сэтгэцийн гажиг та нарыг тийм бус тэр зүйлүүдийн итгэлд хөтөлсөн эцэг өвгөдийн чинь уламжлалуудаас болдог.

17Мөн тэрээр иймэрхүү олон зүйлийг тэдэнд хэлэв, хүмүүний нүглүүдийн төлөө цагаатгал хийгдэх боломжгүй, харин хүн бүр энэ амьдралд биеийг удирдахын дагуу аж төрдөг; тиймийн тул хүн бүр өөрийн суу билгийн дагуу дэгжиж, мөн хүн бүр өөрийн хүчний дагуу ялан дийлдэг; мөн хүмүүний хийсэн юу боловч гэмт хэрэг бус хэмээн тэдэнд өгүүлэв.

18Мөн тийн тэрээр тэдэнд номлож, олны зүрх сэтгэлийг дагуулан удирдаж, тэднийг ёс бусдаа толгойгоо өргөхөд хүргэв, тийм ээ, олон эмэгтэйчүүдийг мөн түүнчлэн эрчүүдийг садар самууныг үйлдэхэд хүргэв—хүн үхэхэд түүний төгсгөл нь тэр хэмээн тэдэнд хэлж байв.

19Эдүгээ энэ хүн түүнчлэн Жершоны нутагт нэгэнтээ леменчүүдийн хүмүүс асан Аммоны хүмүүсийн дунд эдгээр зүйлийг номлохоор очив.

20Гэвч болгоогтун тэд нифайчуудын олноос илүү цэцэн байв; учир нь тэд түүнийг барьж, мөн түүнийг хүлж, мөн уг хүмүүсийн дээрх дээд санваартан асан Аммоны өмнө түүнийг авчрав.

21Мөнхүү улиран тохиох дор тэрээр түүнийг уг нутгаас гаргуулав. Мөн тэрээр Гидеоны нутагт ирж, мөн түүнчлэн тэдэнд номлож эхлэв; мөн энд тэрээр их амжилттай байсангүй, учир нь тэрээр баривчлагдан мөн хүлэгдэж мөн дээд санваартны мөн түүнчлэн уг нутгийн дээрх ерөнхий шүүгчийн өмнө аваачигдав.

22Мөнхүү улиран тохиох дор дээд санваартан түүнд хэлэв: Та яагаад Их Эзэний замуудыг гажуудуулан явдаг билээ? Та яагаад энэ хүмүүст, тэдний баяслыг сарниулахаар Христ гэж үгүй хэмээн заадаг билээ? Та яагаад ариун бошиглогчдын бүх бошиглолын эсрэг ярьдаг билээ

23Эдүгээ уг дээд санваартны нэр нь Гиддона байв. Мөн Корихор түүнд хэлэв: Би танай эцэг өвгөдийн мунхаг уламжлалуудыг заадаггүй учир, мөн тэдний дээр хүч мөн эрх мэдлийг эзэрхийлэхээр, тэднийг харанхуй бүдүүлэг байдалд байлгахаар, тэд толгойгоо эс өргөн, харин таны үгсийн дагуу дагуулагдаж болохын тулд зөнөг санваартнуудаар тогтоогдсон тэр мунхаг ёслол мөн зан үйлүүдийн дор өөрсдийгөө хүлэхийг энэ хүмүүст би заадаггүйн учир болой.

24Та нар энэ хүмүүсийг чөлөөт хүмүүс хэмээн хэлдэг. Болгоогтун, тэднийг дарангуйлалд байна гэж би хэлнэ. Та нар эртний бошиглолууд үнэн хэмээн хэлдэг. Болгоогтун, та нар тэдгээрийн үнэнийг мэдэхгүй хэмээн би хэлнэ.

25Та нар энэ хүмүүсийг эх эцгийнхээ зөрчлийн учир, гэмт мөн унасан хүмүүс хэмээн хэлдэг. Болгоогтун, эх эцгийнхээ улмаас хүүхэд нь гэмтэй байдаггүйг би хэлнэ.

26Мөн та нар түүнчлэн Христ ирэх болно хэмээн хэлдэг. Гэвч болгоогтун, Христ байдгийг та нар мэдэхгүй хэмээн би хэлнэ. Мөн та нар түүнчлэн тэрээр дэлхийн нүглүүдийн төлөө егүүтгэгдэх болно гэж хэлдэг—

27Мөн тийн та нар, эцэг өвгөдийнхөө мунхаг уламжлалаар, мөн өөрсдийн хүслийн дагуу энэ хүмүүсийг зайцуулан удирддаг; мөн та нар өөрсдийгөө тэдний гарын хөдөлмөрөөр хөрөнгөжүүлэхийн тулд, мөн тэд өөрсдийн эрх хийгээд боломжууддаа баясаж зүрхлэхгүй байлгахын тулд, мөн тэднийг зоригтойгоор дээш харж зүрхлэхгүй байлгахын тулд та нар тэднийг бүр дарангуйлалд байгаа мэтээр дорд байлгадаг.

28Тийм ээ, тэднийг өөрсдийн хүслийн дагуу буулганд зүтгүүлэх, өөрсдийн уламжлалууд мөн өөрсдийн зүүд хийгээд өөрсдийн дур хүсэл хийгээд өөрсдийн үзэгдэл мөн өөрсдийн нууцууд гэгчээрээ тэднийг, хэрэв тэд өөрсдийнх нь үгсийн дагуу үл үйлдвээс тэдний Бурхан гэж хэлэх, үл мэдэгдэх биеийг гомдооно хэмээн итгэхэд хүргэсэн санваартнуудаа гомдоох вий хэмээн тэд өөрсдийнхөө юмыг ашиглаж эс зүрхэлдэг—хэзээ ч харагдаагүй эсвээс мэдэгдээгүй, хэзээ ч байгаагүй эсвээс бас байдаггүй тэрхүү биеийг бөлгөө.

29Эдүгээ дээд санваартан мөн ерөнхий шүүгч, түүний зүрх сэтгэлийн хатууг хараад, тийм ээ, тэд түүнийг бүр Бурханыг эсэргүүцэхийг нь хараад, тэд түүний үгсэд ямар ч хариу өгсөнгүй; харин тэд түүнийг хүлүүлж; мөн тэд түүнийг түшмэдийн гарт хүргэж, мөн түүнийг бүх нутгийн дээрх засаглагч асан ерөнхий шүүгч болон Алмагийн өмнө аваачиж болохын тулд, түүнийг Зарахемлагийн нутаг тийш илгээв.

30Мөнхүү улиран тохиох дор тэрээр Алма болон ерөнхий шүүгчийн өмнө авчрагдаад тэрээр Гидеоны нутагт аашилсныхаа адилаар аашилж эхлэв; тийм ээ, тэрээр Бурханыг доромжлов.

31Мөн тэрээр Алмагийн өмнө дуу хадаан ярив, мөн санваартнууд болон багш нарыг эсэргүүцэн доромжилж, хүмүүсийн хөдөлмөрөөр хөрөнгөжүүлэгдэх гэсэн шалтгааны учир хүмүүсийг эцэг өвгөдийнхөө хөгийн уламжлалуудад удирддаг хэмээн тэднийг буруутгаж байв.

32Эдүгээ Алма түүнд хэлэв: Бид өөрсдийгөө энэ хүмүүсийн хөдөлмөрөөр хөрөнгөжүүлээгүйг та мэднэ; учир нь болгоогтун би бүр шүүгчдийн засаглалын эхлэлээс одоог хүртэл Бурханы үгийг өөрийн хүмүүст тунхаглахаар нутгийг тойрч олон аялдаг хэдий ч өөрийгөө тэтгэхийн тулд би өөрийнхөө гараар хөдөлмөрлөдөг бөлгөө.

33Мөн сүмд гүйцэтгэсэн олон хөдөлмөр надад буй хэдий ч, би хэзээ ч өөрийнхөө хөдөлмөрт бүр нэг синайны дайтайг ч хүлээн авч байгаагүй; бас миний ах дүүс шүүхийн суудалд байснаас бусдаар бол тэгж байгаагүй; мөн тэгээд бид зөвхөн ажилласан цагаараа хуулийн дагуу хөлс авч байсан билээ.

34Мөн эдүгээ, хэрэв бид сүм дэх өөрсдийн хөдөлмөрийн төлөө юу ч хүлээн авдаггүй болохоор, сүмд хөдөлмөрлөхөд бидэнд өөрсдөө ах дүүсийнхээ баясалд баярлаж болохын тулд үнэнийг тунхаглахаас өөр ямар ашиг бидэнд буй билээ

35Тэгвэл биднийг өргөл хураахын тулд энэ хүмүүст номлодог хэмээн, бид өргөл барьц авдаггүйг мэдсээр байж та яагаад өөрөө ийн хэлж байна вэ? Мөн эдүгээ, тэдний зүрх сэтгэлд ийм баясал төрүүлдэг түүгээр энэ хүмүүсийг хуурч мэхэлдэг хэмээн та итгэдэг үү

36Мөн Корихор түүнд, Тийм гэж хариулав.

37Мөн тэгэхэд Алма түүнд хэлэв: Та Бурхан байдагт итгэдэг үү

38Мөн тэрээр Үгүй гэж хариулав.

39Эдүгээ Алма түүнд хэлэв: Та Бурхан байдгийг дахин үгүйсгэлээ, мөн түүнчлэн Христийг үгүйсгэх үү? Учир нь болгоогтун, би танд хэлнэ, Бурхан байдгийг, мөн түүнчлэн Христ ирэх болно гэдгийг би мэднэ.

40Мөн эдүгээ Бурхан байдаггүй, эсвээс Христ ирэхгүй гэсэн ямар нотолгоо танд байна? Зөвхөн таны үгнээс өөр, танд юу ч үгүйг би танд хэлнэ.

41Гэвч болгоогтун, эдгээр зүйл үнэн гэсэн гэрчлэл болж надад бүх зүйл байдаг; мөн түүнчлэн танд ч тэдгээр нь үнэн хэмээн өөрт чинь гэрчлэл болох бүх зүйл байгаа; мөн та тэднийг үгүйсгэх үү? Эдгээр зүйл үнэн гэдэгт та итгэдэг үү

42Болгоогтун, таны итгэдгийг би мэднэ, гэвч та худалч сүнсэнд эзэмдүүлэгдэж, мөн таны дотор зай эзлэхгүй байж болохын тулд Бурханы Сүнсийг та холдуулжээ; харин чөтгөр таныг захирах хүчийг агуулдаг, мөн тэр Бурханы хүүхдүүдийг устгаж болохын тулд зальт төлөвлөгөөгөө гүйцэтгэн таныг дагуулж явдаг бөлгөө.

43Мөн эдүгээ Корихор Алмад хэлэв: Хэрэв та надад би Бурхан байдагт үнэмшүүлэгдэж болохын тулд тэмдгийг, тийм ээ, надад тэрээр хүчтэй гэдгийг үзүүлэх аваас, мөн тэгвэл би таны үгсийн үнэнд үнэмшүүлэгдэх болно.

44Гэвч Алма түүнд хэлэв: Танд хангалттай тэмдгүүд байсан; та Бурханаа сорих гэж үү? Танд эдгээр бүх ах дүүсийн чинь, мөн түүнчлэн бүх ариун бошиглогчдын гэрчлэл байхад, надад тэмдэг үзүүл хэмээн хэлэх гэж үү? Судрууд таны өмнө дэлгээстэй байна, тийм ээ, мөн бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг; тийм ээ, бүр газар дэлхий, мөн үүний гадаргуу дээрх бүх зүйл, тийм ээ, мөн үүний хөдөлгөөн, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн байнгын замаар хөдлөх тэр бүх гарагууд Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг юм.

45Мөн та тийм хэдий ч, энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг зайцуулан удирдаж, Бурхан байдаггүйг тэдэнд гэрчилсээр явах уу? Мөн та эдгээр бүх гэрчүүдийн эсрэг үгүйсгэсээр л байх уу? Мөн тэрээр хэлэв: Тийм ээ, надад тэмдэг үзүүлэхгүй аваас би үгүйсгэх болно.

46Мөн эдүгээ улиран тохиох дор Алма түүнд хэлэв: Болгоогтун, таны зүрх сэтгэл хатуугийн учир, тийм ээ, таны бодгаль устгагдаж болохын тул, та үнэний сүнсийг эсэргүүцсээр байна хэмээн гашууднам би.

47Гэвч болгоогтун, бодгаль тань алдагдах нь, та өөрийн худал хийгээд зусар үгсээрээ олон бодгалийг устгал уруу аваачих арга байснаас илүү дээр билээ; тиймийн тул хэрэв та дахин үгүйсгэвэл, болгоогтун та хэлгүй болж, та дахин хэзээ ч амаа нээж чадахгүй, та дахин энэ хүмүүсийг мэхлэхгүйн тулд Бурхан таныг цохих болно.

48Эдүгээ Корихор түүнд хэлэв: Би Бурхан оршдогийг үгүйсгэхгүй, гэвч би Бурхан байдагт итгэдэггүй; мөн түүнчлэн та нар Бурхан байдгийг мэдэхгүй хэмээн би хэлнэ; мөн та нар надад тэмдэг үзүүлэхгүй бол, би итгэхгүй.

49Эдүгээ Алма түүнд хэлэв: Үүнийг би тэмдэг болгон танд өгөх болно, та миний үгсийн дагуу цочирдон хэлгүй болгогдох болно; мөн би Бурханы нэрээр, та дахин дуугарахгүй болохын тулд хэлгүй байх болно хэмээн хэлнэ.

50Эдүгээ Алма эдгээр үгийг хэлэхэд, Корихор Алмагийн үгсийн дагуу дуугарч чадахгүй, хэлгүй болгогдов.

51Мөн эдүгээ ерөнхий шүүгч үүнийг хараад, тэрээр гараа сунган мөн Корихорт бичиж, өгүүлсэн нь: Та Бурханы хүчинд үнэмшүүлэгдэв үү? Алма өөрийн тэмдгийг хэний дээр үзүүлээсэй хэмээн та хүссэн билээ? Тэрээр танд тэмдэг үзүүлэхийн тулд бусдыг зовоохыг та хүсэв үү? Болгоогтун, тэрээр танд тэмдэг үзүүллээ; мөн эдүгээ та дахин маргах уу

52Мөн Корихор гараа сунгаж мөн бичиж, өгүүлсэн нь: Би хэлгүй гэдгээ мэднэ, учир нь би ярьж чадахгүй байна; мөн би Бурханы хүчээс өөр юу ч үүнийг миний дээр авчирч чадахгүйг мэднэ; тийм ээ, мөн би Бурхан байдгийг ямагт мэддэг байсан.

53Гэвч болгоогтун, чөтгөр намайг мэхэлжээ; учир нь тэрээр надад тэнгэр элчийн дүрээр үзэгдэж, мөн надад: явагтун мөн энэ хүмүүсийг буцаан тат, учир нь тэд бүгд үл мэдэгдэх Бурханы хойноос төөрөлдөн одов хэмээн хэлсэн билээ. Мөн тэрээр надад хэлсэн нь: Бурхан гэж үгүй; тийм ээ, мөн тэрээр миний хэлэх ёстойг заасан. Мөн би түүний үгсийг заасан; мөн тэдгээр нь эгэл оюунд таалагдах байсан учир би тэдэнд заасан; мөн би тэдгээрийг, бүр их амжилтанд хүртлээ заасан, үүний хэрээр би тэдгээр нь үнэхээр үнэн гэдэгт итгэсэн билээ; мөн үүний учир би үнэнийг, бүр өөр дээрээ энэ их зүхлийг авчрах хүртлээ сөрөн зогссон бөлгөө.

54Эдүгээ тэр үүнийг хэлээд, тэрээр уг зүхэл түүнээс авагдаж болохын тулд, Бурханд залбирахыг Алмагаас гуйв.

55Гэвч Алма түүнд хэлэв: Хэрэв энэ зүхэл танаас авагдах юм бол та дахин энэ хүмүүсийн зүрх сэтгэлийг зайцуулан удирдана; тиймийн тул, энэ нь танд бүр Их Эзэний тааллын дагуу байх болно.

56Мөнхүү улиран тохиох дор уг зүхэл Корихороос авагдсангүй; харин тэр зайлуулагдаж, мөн хоолоо олохын тулд байрнаас байранд гуйлга гуйн явах болжээ.

57Эдүгээ Корихорт юу тохиолдсон тухай мэдээ тэр даруй бүх нутаг даяар зарлагдав; тийм ээ, Корихорын үгсэд итгэсэн тэд даруй наманчлах ёстой, үгүй бол нэгэн адил шүүлт тэдний дээр ирнэ хэмээх зар ерөнхий шүүгчээр уг нутаг дахь бүх хүмүүст илгээгдсэн байв.

58Мөнхүү улиран тохиох дор тэд бүгд Корихорын ёс бусад үнэмшүүлэгдсэн байв; тиймийн тул тэд бүгд дахин Их Эзэнд хөрвүүлэгдэв; мөн энэ нь Корихорын маягийг дагах алдсуудыг эцэс болгов. Мөн Корихор байрнаас байр хэсч, өөрийгөө тэтгэх хүнс гуйж явсан болой.

59Мөнхүү улиран тохиох дор тэр хүмүүсийн дунд орохдоо, тийм ээ, өөрсдийгөө нифайчуудаас тусгаарлан мөн зорамчууд гэж өөрсдийгөө нэрлэсэн, Зорам гэгч нэртэй түүгээр удирдуулж асан хүмүүсийн дунд—мөн тэрээр тэдний дунд одох үед, болгоогтун, бүр үхэх хүртлээ тэрээр нухчигдан мөн дэвслэгдэв.

60Мөн тийн Их Эзэний замуудыг гажуудуулагч түүний төгсгөлийг бид харав; мөн тийн чөтгөр эцсийн өдөр өөрийн хүүхдийг эс дэмждэгийг, харин тэднийг яаран там уруу чирэдгийг бид харав.