Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 25

Леменчүүдийн түрэмгийлэл тархав—Ноагийн санваартнуудын үр удам Абинадайн бошиглосноор мөхөв—Олон леменчүүд хөрвүүлэгдэж мөн Антай-Нифай-Лихайн хүмүүстэй нэгдэв—Тэд Христэд итгэж мөн Мосегийн хуулийг дагав. Ойролцоогоор мэө 90–77 он.

1Мөнхүү болгоогтун, эдүгээ улиран тохиох дор тэдгээр леменчүүд ах дүүсээ алсан учир илүү их ууртай байв; тиймийн тул тэд нифайчуудаас өс хонзон авахаар тангараглав; мөн тэд тэр цагт Антай-Нифай-Лихайн хүмүүсийг алахаар дахин завдахаа болив.

2Харин тэд их цэргээ авч мөн Зарахемла нутгийн хилийг давж, мөн Аммонайха нутагт байсан хүмүүсийг довтлон мөн тэднийг устгав.

3Мөн түүний дараа, тэд өөрсдөө туугдаж мөн алагдсан олон тулааныг нифайчуудтай хийв.

4Мөн алагдсан леменчүүдийн дунд Ноагийн санваартнууд болох Амюлоны мөн тэдний ах дүүсийнх нь бараг бүх үр удам байв, мөн тэд нифайчуудын гараар алагдсан байв;

5Мөн үлдэгдэл нь, дорнын аглаг буйд тийш зугтаж, мөн тэд леменчүүдийн дээрх хүч мөн эрх мэдлийг хууль бусаар булаан эзэлсэн учир, леменчүүдээс олон нь итгэлийнхээ учир галд эрсдэхэд хүргэгдэв—

6Учир нь тэднээс олон нь их алдагдал хийгээд маш олон зовлонг хүлцсэний дараа, Аарон болон түүний ах дүүс тэдэнд өөрсдийнх нь нутагт номлосон үгсийн санамжинд өдөөгдөж эхлэв; тиймийн тул тэд эцэг өвгөдийнхөө уламжлалуудад итгэл алдарч, мөн Их Эзэнд, мөн тэрээр нифайчуудад агуу хүчийг өгсөн гэдэгт итгэж эхлэв; мөн тийн аглаг буйдад тэднээс олон нь хөрвүүлэгдэв.

7Мөнхүү улиран тохиох дор Амюлоны хүүхдүүдийн үлдэгдэл асан тэдгээр захирагчид тэднийг, тийм ээ, эдгээр зүйлд итгэсэн тэд бүгдийг үхэлд хүргэв.

8Эдүгээ энэ аллага тэдний ах дүүсээс олныг уур хилэнд өдөөн хатгагдах болгов; мөн аглаг буйдад зөрчилдөөн болж эхлэв; мөн леменчүүд Амюлоны мөн түүний ах дүүсийн үр удмыг ангуучилж эхлэн мөн тэднийг хөнөөж эхлэв; мөн тэд дорнын аглаг буйд тийш зугтав.

9Мөн болгоогтун тэд энэ өдөр ч леменчүүдээр ангуучлагдсаар байв. Галд эрсдэх түүний үхлийг амсах болгосон санваартнуудын үр удмын талаар хэлсэн Абинадайн үгс тийн улиран тохиосон болой.

10Учир нь тэрээр тэдэнд хэлэв: Та нар надад юу хийх нь ирэх зүйлүүдийн хэв шинж байх болно.

11Мөн эдүгээ Абинадай Бурханд итгэх итгэлийнхээ учир галд эрсдэх үхлийг үзсэн эхнийх нь байв; эдүгээ энэ нь түүний хэлсэн, түүний амссаны дагуу галаар эрсдэх үхлийг олон хүн амсах болно гэсэн утгатай ажээ.

12Мөн тэрээр Ноагийн санваартнуудад ийн хэлжээ, тэдний үр удам олныг түүний нэгэн адил маягаар үхэлд хүргэх болно, мөн тэд тараагдаж мөн алагдаж, бүр хоньчингүй хонь мэт туугдаж мөн зэрлэг араатнуудаар алагдах лугаа адил буюу; мөн эдүгээ болгоогтун, эдгээр үг нотлогдсон билээ, учир нь тэд леменчүүдээр туугдаж, мөн тэд ангуучлагдсан, мөн тэд цохигдсон бөлгөө.

13Мөнхүү улиран тохиох дор леменчүүд нифайчуудыг захиран дийлж эс чадахаа үзээд нутагтаа дахин эргэж ирсэн; мөн тэдний олон нь Ишмэилийн нутагт мөн Нифайн нутагт оршихоор ирж, мөн өөрсдийгөө Антай-Нифай-Лихайн хүмүүс болох, Бурханы хүмүүстэй нэгтгэв.

14Мөн тэд ах дүүсийнхээ хийсний дагуу, дайны зэр зэвсгүүдээ түүнчлэн булшилж, мөн тэд зөв шударга хүмүүс болж эхлэв; мөн тэд Их Эзэний замаар алхалж, мөн түүний зарлигуудыг хийгээд түүний дүрмүүдийг дагахаар эрмэлзсэн билээ.

15Тийм ээ, мөн тэд Мосегийн хуулийг дагадаг байв; учир нь тэд тухайн үед бүгд гүйцэлдээгүй байсан учраас Мосегийн хуулийг дагах нь зайлшгүй байв. Харин Мосегийн хууль байсан хэдий ч, Мосегийн хууль нь түүний ирэлтийн хэв шинж байсан хэмээн бодож, мөн тэрээр тэдэнд илчлэгдэх тэр цагийг хүртэл гадна талын ёслолуудыг дагах ёстой гэдэгт итгэсэн учир тэд Христийн ирэлтийг харуулдан хүлээж байв.

16Эдүгээ тэд Мосегийн хуулиар аврал ирнэ гэж бодсонгүй; харин Мосегийн хууль нь Христэд итгэх тэдний итгэлийг хүчирхэгжүүлэхэд үйлчилдэг байв; мөн ирэх тэдгээр зүйлүүдийн тухай ярьсан бошиглолын суу билэг дээр тэд тулгуурлан, мөн тийн тэд мөнхийн авралд хүргэх найдварыг хадгалдаг байв.

17Мөн эдүгээ болгоогтун, Аммон, мөн Аарон, мөн Омнер, мөн Химнай, мөн тэдний ах дүүс үлэмж баяссаны учир нь Их Эзэн өөрсдийнх нь залбирлуудын дагуу тэдэнд өгсөн леменчүүдийн дундах тэдний амжилт, мөн түүнчлэн тэрээр өөрийн үгсийг тэдэнд зүйл бүр дээр нь нотолсных бөлгөө.