Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 3

Амлисайчууд өөрсөд дээрээ бошиглолын үгийн дагуу тэмдэг тавьсан байв—Леменчүүд эсэргүүцлийнхээ учир зүхэгдэв—Хүмүүн өөрсдийнхөө зүхлүүдийг өөрсөд дээрээ авчирдаг—Леменчүүдийн өөр нэг их цэргийг нифайчууд ялав. Ойролцоогоор мэө 87–86 он.

1Мөнхүү улиран тохиох дор дайны зэвсэгт хөнөөгдөөгүй тэдгээр нифайчууд, хөнөөгдсөн тэднийг оршуулсны дараа—эдүгээ алагдагсдын тоо тоологдсонгүй, учир нь тэдний тоо агуу олон байв—тэд өөрсдийн амь үрэгдэгсдийг оршуулж дууссаны дараа нутагтаа, мөн гэртээ, мөн эхнэрүүддээ, мөн хүүхдүүддээ бүгд эргэж очицгоов.

2Эдүгээ олон эмэгтэйчүүд мөн хүүхдүүд, мөн түүнчлэн тэдний бог болон бод малаас олон нь илдэнд алагдсан байв; мөн түүнчлэн тэдний үр тарианы талбайгаас олон нь устгагдав, учир нь тэд олон хүмүүсийн хөл доор гишгэгдсэн байлаа.

3Мөн эдүгээ Сидон голын эрэг дээр алагдсан леменчүүд болон амлисайчууд бүгд Сидоны усанд хаягдав; мөн болгоогтун тэдний яс тэнгисийн гүнд буй, мөн тэдгээр нь олон буй.

4Мөн амлисайчууд нифайчуудаас онцлогдов, учир нь тэд леменчүүдийн маягаар духан дээрээ улаанаар тэмдэг тавьсан байв; гэсэн хэдий ч тэд леменчүүдийн адил толгойн үсээ хуссан нь үгүй.

5Эдүгээ леменчүүд толгойн үсээ хуссан байв; мөн тэдний хэвлийн тус бүсэлсэн арьс, мөн түүнчлэн тэдний зүүсэн хуяг, мөн тэдний нумнууд, мөн тэдний сумнууд, мөн тэдний чулуунууд, мөн тэдний дүүгүүрүүд гэхчлэнгээс бусдаар бол тэд нүцгэн байв.

6Мөн тэдний эсэргүүцэл хийгээд тэдний зөрчлийн учир тэдэнд ирсэн зүхэл болох, тэдний эцэг өвгөдийн дээр тавигдсан тэмдгийн дагуу леменчүүдийн арьс бараан байв, шударга бөгөөд ариун хүмүүс асан Нифай, Иаков мөн Иосеф мөн Самаас бүрдсэн дүү нарынхаа эсрэг тэрхүү эсэргүүцэл мөн зөрчлийнх нь учир буюу.

7Мөн ах нар нь тэднийг устгахыг эрэлхийлж, тиймийн тул тэд зүхэгдсэн бөлгөө; мөн Их Эзэн Бурхан тэдний дээр, тийм ээ, Лемен болон Лемүел, мөн түүнчлэн Ишмэилийн хөвгүүд, мөн Ишмэил үндэстний эмэгтэйчүүдийн дээр тэмдэг тавьжээ.

8Мөн энэ нь тэдний үр удам тэдний дүү нарынх нь үр удмаас ялгагдаж болохын тулд хийгдсэн ажгуу, тэгснээр Их Эзэн Бурхан өөрийн хүмүүсийг хадгалан үлдээж болно хэмээн, өөрсдийг нь устгалд хүргэх зөв бус уламжлалуудад тэд холилдож мөн итгэхгүйн тулд буюу.

9Мөнхүү улиран тохиох дор өөрийн үр удмыг леменчүүдийнхтэй холилдуулах хэн боловч үр удмынхаа дээр нэгэн адил зүхлийг авчирсан болой.

10Тиймийн тул, өөрийгөө леменчүүдээр удирдуулахыг зөвшөөрсөн хэн боловч тэр овгийн дор нэрлэгдэж, мөн түүний дээр тэмдэг тавигдсан билээ.

11Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн уламжлалд үл итгэн, харин Иерусалим нутгаас авчрагдсан тэдгээр цэдгүүдэд мөн түүнчлэн эцэг өвгөдийнхөө зөв болох тэрхүү уламжлалд итгэсэн, Бурханы зарлигуудад итгэж мөн тэдгээрийг дагасан хэн боловч, тэр цагаас хойш нифайчууд буюу Нифайн хүмүүс хэмээн нэрлэгдсэн бөлгөө—

12Мөн өөрсдийн хүмүүсийн, мөн түүнчлэн леменчүүдийн ард түмний үнэн болох тэрхүү цэдгүүдийг хадгалсан нь тэд болой.

13Эдүгээ бид амлисайчуудын тухай сэдэвтээ эргэж оръё, учир нь тэд түүнчлэн дээрээ тэмдэгтэй байв; тийм ээ, тэд өөрсдийн дээр уг тэмдгийг, тийм ээ, бүр духан дээрээ улаан тэмдэг тавьсан аж.

14Тийн Бурханы үг биелэгдсэн ажээ, учир нь Нифайд хэлсэн түүний үгс нь эдгээр болой: Болгоогтун, леменчүүдийг би зүхсэн, мөн тэд өөрсдийнхөө ёс бусыг наманчилж мөн тэдний дээр би нигүүлслийг үзүүлж болохын тул надад хандахаас бусдаар бол, энэ цагаас хойш мөн үүрд, тэд болон тэдний үр удам чамаас мөн чиний үр удмаас ялгагдаж болохын тулд тэдэн дээр би тэмдэг тавих болно.

15Мөн үүнчлэн: Өөрийн үр удмыг ах дүүстэй чинь холилдуулах тэдний дээр, тэд түүнчлэн зүхэгдэж болохын тулд би тэмдэг тавих болно.

16Мөн үүнчлэн: Би чиний мөн чиний үр удмын эсрэг тулалдах тэдэн дээр тэмдэг тавих болно.

17Мөн үүнчлэн, чамаас салж одох тэрбээр чиний үр удам гэж дахин нэрлэгдэхгүйг би хэлнэ; мөн би чамайг, мөн чиний үр удам гэж нэрлэгдэх хэнийг боловч, цаашид мөн үүрд адислах болно; мөн эдгээр нь Нифай мөн түүний үр удамд өгсөн Их Эзэний амлалтууд байв.

18Эдүгээ тэд духан дээрээ тэмдэг тавьж эхлэхдээ амлисайчууд тэд Бурханы үгийг биелүүлснээ мэдсэнгүй; гэсэн хэдий ч тэд Бурханы эсрэг илэрхий эсэргүүцэлд гарч ирсэн байв; тиймийн тул зүхэл тэдний дээр унах нь зайлшгүй байсан бөлгөө.

19Эдүгээ тэд өөрсдийнхөө дээр зүхлийг авчирсныг та нар ойлгоосой хэмээнэ би; мөн тэрчлэн зүхэгдсэн хүн бүр өөрийн ялыг өөр дээрээ авчирдаг.

20Эдүгээ улиран тохиох дор леменчүүд болон амлисайчуудаар Зарахемла нутагт өдөөгдсөн тэр тулаанаас тийм ч олон бус өдрийн дараа, анхны их цэрэг нь амлисайчуудын цэрэгтэй тулгарсан мөнхүү тэр газар леменчүүдийн өөр нэг их цэрэг Нифайн хүмүүсийн дээр ирэв.

21Мөнхүү улиран тохиох дор тэднийг нутгаасаа хөөж гаргахын тулд их цэрэг илгээгдэв.

22Эдүгээ Алма шархандаа шаналж байсан учир энэ удаа леменчүүдийн эсрэг тулалдаанд өөрөө явсангүй;

23Гэвч тэр олон тооны их цэргийг тэдний эсрэг илгээв; мөн тэд өгсөн одож мөн леменчүүдээс олныг нь алж, мөн тэднээс үлдсэнийг нь нутгийнхаа хилээс үлдэн хөөв.

24Мөн тэгээд тэд дахин эргэж ирээд мөн уг нутагт амар амгаланг тогтоож эхлэв, хэсэг хугацаагаар дайснууд нь дахин тэднийг түйвүүлээгүйн учир болой.

25Эдүгээ эдгээр бүх зүйл хийгдэв, тийм ээ, эдгээр бүх дайн мөн тэмцлүүд шүүгчдийн засаглалын тав дахь онд эхэлж мөн төгсөв.

26Мөн тэд сайн байсан эсэхээс эсвээс тэд муу байсан эсэхээс, өөрсдийн үйлүүдийн дагуу шагналуудаа хадаж болохын тулд, сайн эсвээс муу сүнс байхаас хамааран, тэд дагахаар шийдсэн тэрхүү сүнснийхээ дагуу, мөнхийн аз жаргалыг, эсвээс мөнхийн зовлонг тэд хадан авахаар нэгэн жилд мянга мянган мөн хэдэн арван мянган бодгаль мөнхийн оронд илгээгдэв.

27Учир нь хүн бүр дагахаар сонгосон түүнээсээ шангаа хүлээж авдаг, мөн энэ нь бошиглолын суу билгийн үгсийн дагуу буюу; тиймийн тул энэ нь үнэний дагуу байг. Мөн тийн шүүгчдийн засаглалын тав дахь он төгсөв.