Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 55

Моронай хоригдлуудыг солилцохоос татгалзав—Лемен үндэсний харуулууд заль мэхэнд автагдан согтов, мөн Нифайн хоригдлууд чөлөөлөгдөв—Гидийн хот цус урсгалгүйгээр буцаан авагдав. Ойролцоогоор мэө 63–62 он.

1Эдүгээ улиран тохиох дор Моронай энэ захидлыг хүлээн аваад тэрээр илүү ихээр уурлав, учир нь Амморон заль луйврынхаа тухай төгс мэдлэгтэйг тэр мэдэж байв; тийм ээ, Нифайн хүмүүсийн эсрэг түүнийг дайн хийхээр болгосон нь шударга шалтгаан биш гэдгийг Амморон өөрөө мэдэж буйг тэрээр мэдэж байлаа.

2Мөн тэрээр хэлэв: Болгоогтун, миний захидалдаа дурдсаны адилаар, тэр зорилгоосоо няцахгүй бол би Амморонтой хоригдлуудыг солилцохгүй; учир нь би тэрээр байгаагаасаа илүү хүч чадалтай болохыг би түүнд зөвшөөрөхгүй.

3Болгоогтун, леменчүүдийн хоригдлууд болгон авсан манай хүмүүсийг харгалзаж байгаа газрыг нь би мэднэ; мөн Амморон миний захидалдаа хүссэнийг зөвшөөрөөгүйн учир, болгоогтун, өөрийнхөө үгсийн дагуу би түүнд үйлдэх болно; тийм ээ, тэд энх амгаланг гуйх хүртэл нь би тэдний дунд үхлийг эрэлхийлэх болно.

4Мөн эдүгээ улиран тохиох дор Моронай эдгээр үгсийг хэлээд, тэрээр тэдний дундаас Леменийн удмынх болох нэг хүнийг олж болохын тулд тэрээр өөрийн хүмүүсийн дунд эрэл хийгдэх болгов.

5Мөнхүү улиран тохиох дор нэр нь Лемен асан нэгнийг тэд олов; мөн тэрээр Амаликаягаар алагдсан хааны зарц нарын нэг байжээ.

6Эдүгээ Моронай нифайчуудыг харгалзаж байсан харуулууд дээр Леменийг мөн өөрийн хүмүүсээс цөөн хэдийг нь очих болгов.

7Эдүгээ нифайчууд Гид хотод харгалзагдаж байв; тиймийн тул Моронай Леменийг томилж мөн цөөн тооны эрсийг түүнтэй явахаар болгов.

8Мөн үдэш болоход Лемен нифайчуудыг харгалзаж байсан харуулууд дээр очиж, мөн болгоогтун, тэд түүний ирж явахыг хараад мөн тэд түүний зүг хашгирав; гэвч тэрээр тэдэнд хэлэв: Бүү ай; болгоогтун, би бол леменийх. Болгоогтун, бид нифайчуудаас оргон ирлээ, мөн тэд унтаж байна; мөн болгоогтун бид тэдний дарснаас авч мөн өөрсөдтэйгээ авчирлаа.

9Эдүгээ леменчүүд эдгээр үгийг сонсоод тэд түүнийг баяртайгаар хүлээн авав; мөн тэд түүнд хэлэв: Бид ууж болохын тулд дарснаасаа бидэнд өг; та нар ийн өөрсөдтэйгөө дарс авчирсанд чинь бид баяртай байна, учир нь бид ядарчээ.

10Гэвч Лемен тэдэнд хэлэв: Нифайчуудын эсрэг бид тулалдахаар явах хүртлээ дарсаа хадгалцгаая. Гэвч энэ үгс нь дарснаас уух тэдний хүслийг нь л нэмэгдүүлэв;

11Учир нь, тэд хэлэв: Бид ядарсан, тиймийн тул бидэнд дарснаас хүртэхийг зөвшөөр, мөн нифайчуудын эсрэг явахад биднийг хүчирхэгжүүлэх дарсны хувиа бид удахгүй авах болно.

12Мөн Лемен тэдэнд хэлэв: Та нар хүслийнхээ дагуу хийж болно.

13Мөнхүү улиран тохиох дор тэд дарснаас ихээр хүртэв; мөн тэдэнд амт нь таалагдаж, тиймийн тул тэд үүнээс илүү ихээр хүртэв; мөн энэ нь, үүнийг хүчтэйгээр бэлтгэсэн байсны учир хүчтэй байв.

14Мөнхүү улиран тохиох дор тэд ууж мөн наргиж, мөн тэд бүгд согтоцгоов.

15Мөн эдүгээ Лемен болон түүний хүмүүс тэд бүгд согтоцгоосныг бас гүн нойронд автсаныг хараад, тэд Моронайд эргэж ирээд мөн тохиолдсон бүх зүйлийг түүнд хэлэв.

16Мөн эдүгээ энэ нь Моронайн төлөвлөгөөний дагуу байв. Мөн Моронай эрчүүдээ дайны зэр зэвсгээр бэлтгэсэн байв; мөн тэрээр леменчүүдийг гүн нойрондоо бас согтуу байхад нь Гид хотод очиж, мөн хоригдлуудад дайны зэвсгийг шидэж өгчээ, үүний улмаас тэд бүгд зэвсэглэгдэв;

17Тийм ээ, Моронайг тэдгээр бүх хоригдлуудыг зэвсэглэхээ, бүр дайны зэвсэг хэрэглэж чадаж байсан тэдгээр бүх хүүхдүүдийг нь мөн эмэгтэйчүүдийг нь хүртэл буюу; мөн тэдгээр бүх зүйл бүрэн нам гүм байдалд хийгдэв.

18Гэвч хэрэв тэд леменчүүдийг сэрээсэн бол, болгоогтун тэд согтуу байлаа мөн нифайчууд тэднийг хөнөөж чадах байв.

19Гэвч болгоогтун, энэ нь Моронайн хүсэл бус байв; аллагад өөрөөр хэлбэл цус урсгахад тэр баясдаггүй байв, харин тэрээр өөрийн хүмүүсийг устгалаас аврахдаа баясдаг байв; мөн тэрээр шударга бусаар үйлдэхгүй байж болох энэхүү шалтгааны улмаас, тэрээр леменчүүдийн дээр бууж мөн тэднийг согтуу байхад нь устгасангүй ажээ.

20Гэвч тэрээр хүслүүдээ гүйцээв; учир нь хотын хэрмэн дотор байсан Нифай үндэсний тэдгээр хоригдлуудыг зэвсэглэж, мөн хэрмэн дотор байсан хэсгүүдийг эзэмшилдээ авах хүчийг тэдэнд өгсөн байв.

21Мөн тэгээд тэр өөртэйгөө хамт байсан эрчүүдийг тэднээс хэсэг холдуулаад, мөн леменчүүдийн их цэргийг бүслэхээр болгов.

22Эдүгээ болгоогтун энэ нь шөнийн цагаар хийгдэж, иймээс леменчүүд өглөө сэрээд тэд гадуураа нифайчуудаар бүслэгдэж, мөн дотор талд хоригдлууд зэвсэглэгдсэнийг үзэв.

23Мөн тэд нифайчууд тэдний дээр хүчтэйг ийн харав; мөн ийм нөхцөл байдалд тэд нифайчуудтай тулалдах нь зохимжтой бусыг олж мэдэв; тиймийн тул тэдний ерөнхий ахмад нь дайны зэвсгүүдийг нь шаардаж, мөн тэд тэдгээрийг авчирч, мөн нигүүлслийг гуйн, нифайчуудын хөлд тэдгээрийг хаяв.

24Эдүгээ болгоогтун, энэ нь Моронайн хүсэл байв. Тэрээр тэднийг дайны олзлогдогсод болгон авч, мөн хотыг эзэмшилдээ аваад, мөн нифайчууд асан, бүх хоригдлуудыг чөлөөлөгдөх болгов; мөн тэд Моронайн их цэрэгт элсэж, мөн түүний их цэрэгт агуу хүч сэлбэв.

25Мөнхүү улиран тохиох дор өөрийн хоригдлууд болгож баривчилсан леменчүүдийг тэрээр Гид хотыг хүрээлэх бэхлэлтүүдийг хүчирхэгжүүлэхийн тулд хөдөлмөрлөж эхлэх болгов.

26Мөнхүү улиран тохиох дор тэрээр Гид хотыг өөрийн хүслүүдийн дагуу бэхлээд, тэрээр хоригдлуудыг Өгөөмөр хотод аваачигдах болгов; мөн тэрээр түүнчлэн тэр хотыг үлэмж их хүчээр хамгаалж байжээ.

27Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн бүх хуйвалдаан байсаар байсан хэдий ч, тэд баривчилсан бүх хоригдлуудаа харгалзан мөн хамгаалж, мөн түүнчлэн тэд дахин олж авсан бүх нутаг дэвсгэрээ мөн давамгай байдлаа хадгалсан ажгуу.

28Мөнхүү улиран тохиох дор нифайчууд дахин ялалт байгуулж, мөн эрхүүдээ мөн онцгой боломжуудаа буцаан олж эхлэв.

29Олон удаа леменчүүд тэднийг шөнөөр бүслэхийг завдсан хэдий ч, эдгээр оролдлогууддаа тэд олон хүнээ хоригдол болгон алдсан ажээ.

30Мөн тэднийг хороор эсвээс согтуу байхад нь устгаж болохын тулд дарснаасаа нифайчуудад өгөхийг тэд олон удаа оролджээ.

31Гэвч болгоогтун, нифайчууд өөрсдийн энэ зүдгүүрийн үед Их Эзэн Бурханаа санахдаа хойрго байсангүй. Тэднийг занганд оруулах нь тэдэнд боломжгүй байв; тийм ээ, тэд эхлээд Леменийн зарим хоригдлуудад амсуулахаас бусдаар, дарснаас нь хүртэхгүй байв.

32Мөн тэдний дунд ямар ч хор өгөгдөхөөргүй тийм хянамгай байв; учир нь хэрэв тэдний дарс лемен үндэстнийг хордуулбал, энэ нь түүнчлэн нифай үндэстнийг ч хордуулах болой; мөн тэд бүх архинуудыг нь тийн шалгасан бөлгөө.

33Мөн эдүгээ улиран тохиох дор Моронайн хувьд Мориантан хотыг дайрах бэлтгэл хийх нь зайлшгүй шаардлагатай байв; учир нь болгоогтун, леменчүүд, өөрсдийн хөдөлмөрөөр, Мориантан хотыг үлэмж бат бэх хориглолт болтол нь бэхэлсэн байв.

34Мөн тэд уг хотод нэмэгдэл хүчийг, мөн түүнчлэн хүнсний нөөц хангамжуудыг авчирсаар байв.

35Мөн тийн Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын хорин ес дэх он төгсөв.