Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 61

Пахоран засгийн газрыг эсэргүүцсэн бослого мөн эсэргүүцлийн тухай Моронайд ярив—Хааныг хүсэгч хүмүүс Зарахемлаг эзэлж, леменчүүдтэй холбоотон болов—Пахоран эсэргүүцэгчдийн эсрэг цэргийн хүчний тусламж гуйв. Ойролцоогоор мэө 62 он.

1Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор Моронай өөрийн захидлыг ерөнхий захирагчид илгээснээс хойш удалгүй, тэрээр ерөнхий захирагч Пахоранаас захидал хүлээн авав. Мөн түүний хүлээн авсан үгс нь эдгээр болой:

2Энэ нутгийн ерөнхий засаглагч болох Пахоран, би, эдгээр үгсийг их цэргийн дээрх ерөнхий ахмад Моронайд илгээж байна. Болгоогтун, би чамд хэлнэ, Моронай, би та нарын их зүдгүүрүүдэд баясдаггүй, тийм ээ, энэ нь сэтгэлийг минь шаналгаж байна.

3Гэвч болгоогтун, та нарын зүдгүүрүүдэд баясах тэд буй, тийм ээ, үүний хэрээр тэд миний эсрэг мөн түүнчлэн миний хүмүүсээс эрх чөлөөг хүсэгч хүмүүс болох тэдний эсрэг эсэргүүцэлд босч байна, тийм ээ, мөн боссон тэд үлэмж олон тоотой бөлгөө.

4Мөн надаас шүүлтийн суудлыг авахыг эрэлхийлсэн тэд бол энэ агуу алдсын шалтгаан юм; тодруулбал тэд агуу зусардалт хэрэглэж, мөн тэд олон хүмүүний зүрх сэтгэлийг зайцуулан удирдсан нь бидний дундах гашуун зовлонгийн шалтгаан байх болно; тэд хүнсийг маань саатуулж, мөн эрх чөлөөг хүсэгч хүмүүсийг маань сүрдүүлснээс тэдгээр нь та нар дээр очоогүй.

5Мөн болгоогтун, тэд намайг өөрсдийнхөө өмнөөс зайлуулж, мөн би Гидеоны нутагт, би дагуулж чадах бүх эрчүүдтэйгээ хамт зугтаж ирлээ.

6Мөн болгоогтун, уг нутгийн энэ хэсэг даяар би тунхаг илгээсэн билээ; мөн болгоогтун, улс орноо мөн эрх чөлөөгөө батлан хамгаалахад мөн бидний эсрэг үйлдэгдсэнээс өшөө авахад, зэвсэг агсахаар тэд өдрөөс өдөрт нэмэгдэн цуглацгааж байна.

7Мөн тэд бидэнд ирж, үүнчлэн бидний эсрэг эсэргүүцэлд босогчид илэрхийгээр эсэргүүцэгдэв, тийм ээ, үүний хэрээр тэд биднээс айж мөн бидний эсрэг тулалдахаар ирж зүрхэлсэнгүй.

8Тэд Зарахемла нутгийг, өөрөөр хэлбэл уг хотыг эзэмшилдээ авлаа; тэд дээрээ хааныг тохоож, мөн тэрээр леменчүүдийн хаанд бичжээ, үүндээ тэрээр түүнтэй холбоотон болон нэгдсэн ажээ; энэ хуйвалдаандаа тэрээр Зарахемла хотыг хадгалан хамгаалахыг зөвшөөрсөн аж, ийн хадгалан хамгаалснаар үлдсэн бүх нутгийг эзлэн авах бололцоог леменчүүдэд олгож, мөн леменчүүдэд тэд ялагдах үед энэ хүмүүсийн дээр өөрөө хаанаар тохоогдох болно хэмээн тэр боджээ.

9Мөн эдүгээ, чи захидалдаа намайг буруутгажээ, гэвч энэ нь хамаагүй; би уурлаагүй, харин сэтгэлийн чинь агуу ихэд баясна. Пахоран, миний бие хүмүүсийнхээ эрх хийгээд чөлөөт байдлыг хадгалж болохын тулд зөвхөн шүүлтийн суудлаа авч үлдэхээс өөр хүчийг би эрэлхийлдэггүй. Бурхан биднийг чөлөөтэй болгосон тэрхүү эрх чөлөөнд бодгаль минь бат зогсоно.

10Мөн эдүгээ, болгоогтун, бид ёс бусыг, бүр цус урсгах хүртлээ эсэргүүцэх болно. Хэрэв леменчүүд нутаг дээрээ үлдвэл, бид тэдний цусыг урсгахгүй.

11Хэрэв тэд бидний эсрэг эсэргүүцэлд босохгүй мөн илд агсахгүй аваас бид ах дүүсийнхээ цусыг урсгахгүй.

12Хэрэв энэ нь Бурханы шударга ёсонд шаардагдсан аваас, өөрөөр хэлбэл хэрэв тэр бидэнд түүнчлэн үйлдэхийг зарлигласан аваас бид өөрсдийгөө боолчлолын буулганд харьяалуулах болно.

13Гэвч болгоогтун тэрээр өөрсдийгөө дайснууддаа харьяалуулахыг бус, харин бид түүнд найдлагаа тавихыг бидэнд зарлиг болгодог, мөн тэр биднийг чөлөөлөх болно.

14Тиймийн тул, хайрт ах минь, Моронай, хилэнцтийн эсрэг сөрөн зогсоцгооё, мөн бид үгсээрээ сөрөн зогсож чадахгүй хилэнцэт болох юуг боловч, тийм ээ, бид эрх чөлөөгөө хадгалж болохын тулд, бид сүмийнхээ агуу боломжинд, мөн өөрсдийн Гэтэлгэгч бөгөөд Бурханыхаа хэрэгт баясаж болохын тулд зөрчил болоод тэмцлүүд гэх мэтийг илдээрээ эсэргүүцэцгээе.

15Тиймийн тул, эрчүүдээсээ цөөнийг нь авч надад яаралтай ир, мөн үлдсэнийг нь Лихай болон Тианкамын мэдэлд орхи; тэдэнд уг нутгийн тэр хэсэгт, түүнчлэн тэдэнд орших эрх чөлөөний төлөөх сэтгэл болох Бурханы Сүнсний дагуу дайныг удирдах эрх мэдлийг тэдэнд өгөгтүн.

16Болгоогтун та нарыг надад ирэх хүртэл тэд мөхөхгүй байж болохын тулд би тэдэнд цөөн хангамж илгээлээ.

17Нааш ирэх замдаа чадахынхаа хэрээр хүчийг нэгтгэн цуглуул, мөн бидэнд буй итгэлийн дагуу Бурханыхаа хүчээр бид тэдгээр тэрслэгчдийн эсрэг хурдан явах болно.

18Мөн бид Лихай Тианкам нарт илгээх илүү хоол хүнс олж болохын тулд, бид Зарахемлагийн хотыг эзэмшилдээ авах болно; тийм ээ, бид Их Эзэний хүчээр тэдний эсрэг явах болно, мөн бид энэ агуу алдсыг төгсгөх болно.

19Мөн эдүгээ, Моронай, би захидлыг чинь хүлээн авсандаа баясаж байна. Учир нь бид юу хийх талаар, ах дүүсийнхээ эсрэг явах нь бидний хувьд шударга эсэх талаар би бага зэрэг санаа зовж байлаа.

20Гэвч тэд наманчлахгүй аваас чи тэдний эсрэг явахыг Их Эзэн чамд зарлигласныг чи хэлжээ.

21Лихай Тианкам нарыг Их Эзэний хувьд чи хүчирхэгжүүлэхээ мэдэгтүн; тэднийг, тийм ээ, мөн түүнчлэн тэдэнд Бурханы өгсөн тэрхүү эрх чөлөөнд бат зогссон тэд бүгдийг Бурхан чөлөөлөх учир бүү ай хэмээн тэдэнд хэл. Мөн эдүгээ хайрт ах, Моронайдаа зориулсан захидлаа би дуусгая.