Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 29

Алма тэнгэр элчийн урам зоригтойгоор наманчлалыг зарлахыг хүсэв—Их Эзэн бүх үндэстнүүдэд зориулан багш нарыг соёрхдог—Алма Их Эзэний ажлаар түүнчлэн Аммон болон түүний ах дүүсийн амжилтаар бахархав. Ойролцоогоор мэө 76 он.

1Ай би тэнгэр элч болж, зүрхний минь хүсэл гүйцэлдэх болоосой, тиймээс би явж мөн Бурханы бүрээн дуугаар, газар дэлхийг сэгсрэх дуу хоолойгоор ярьж мөн хүмүүс болгонд наманчлалыг зарлаж болдог ч болоосой!

2Тийм ээ, наманчлалыг мөн гэтэлгэлийн төлөвлөгөөг, газар дэлхийн бүхий л гадаргуу дээр дахин харамсал үгүй байж болохын тулд тэд наманчилж мөн Бурханд ирэхийг бодгаль болгонд аянгын дуун мэт зарлах сан би.

3Гэвч болгоогтун, би бол хүн, мөн энэ хүсэлдээ нүглийг үйлдлээ; учир нь Их Эзэн надад тохоосон зүйлүүдэд хангалуун байвал зохино би.

4Шударга Бурханы чанд тогтоолыг би өөрийн хүслээр гуйвуулах ёсгүй, учир нь тэрээр тэдний хүслийн дагуу, тэр нь үхэлд эсвэл амьдралд хүргэх байлаа ч түүнийг нь хүмүүнд зөвшөөрдгийг мэднэ би, тийм ээ, тэдний тааллуудын дагуу, тэд авралд эсвээс устгалд хүргэх байлаа ч тэрээр хүмүүнд түүнийг нь оногдуулдаг, тийм ээ, өөрчлөгдөшгүй тэр тогтоолуудыг тэдэнд тохоодог.

5Тийм ээ, мөн бүх хүмүүний өмнө сайн болон муу ирсэн байдгийг би мэднэ; муугаас сайныг ялгаж мэддэггүй тэр нь гэм зэмгүй; харин сайн хийгээд мууг мэддэг тэр, тэрээр сайн эсвээс мууг, амьдралыг эсвээс үхлийг, баяслыг эсвээс ухамсрын гэмшлийг алийг нь ч хүслээ гэсэн түүний хүслийн дагуу тэр нь түүнд өгөгддөг бөлгөө.

6Эдүгээ, би эдгээр зүйлийг мэддэг атал, өөрийнхөө дуудагдсан тэр ажлыг гүйцэтгэхээс илүүг би яагаад хүсэх болов

7Би тэнгэр элч байхыг, тиймээс дэлхийн бүх хязгаарт ч би ярьж чаддаг байхыг яагаад хүсэх болов, би

8Учир нь болгоогтун, Их Эзэн бүх үндэстнүүдэд, өөрийн үгийг, тийм ээ, мэргэн ухаанаар, өөрийнхөө болно хэмээн үзсэн бүгдийг заах заримыг тэдний өөрсдийнх нь үндэстэн хийгээд хэлтнээс өгдөг болой; тиймийн тул Их Эзэн мэргэн ухаанд, шударга ёс хийгээд үнэний дагуу зөвлөдгийг бид харлаа.

9Их Эзэний надад зарлигласныг би мэднэ, мөн үүгээр бахархана би. Би өөрөөрөө бахархахгүй, харин Их Эзэн надад зарлигласан түүгээр бахархана би; тийм ээ, мөн энэ нь, зарим бодгалиудыг наманчлалд авчрахад Бурханы мутар дахь зэмсэг байж болох нь миний бахархал; мөн энэ нь миний баясал.

10Мөн болгоогтун, ах дүүсийн маань олон нь үнэхээр гэмшихийг, мөн Их Эзэн Бурхандаа ирэхийг харахад, бодгаль минь баяслаар дүүрнэм; тэгээд Их Эзэн миний төлөө юу хийснийг санадаг би, тийм ээ, бүр тэрээр залбирлыг минь сонссоныг; тийм ээ, тэгээд миний зүг сунгасан түүний нигүүлсэнгүй мутрыг санадаг болой би.

11Тийм ээ, мөн түүнчлэн эцэг өвгөдийнхөө боолчлогдож байсныг би санадаг; учир нь Их Эзэн тэднийг боолчлолоос чөлөөлж, мөн тэгснээр өөрийн сүмийг байгуулсныг лавтай мэддэг болой би; тийм ээ, Их Эзэн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурхан тэднийг боолчлолоос чөлөөлсөн билээ.

12Тийм ээ, эцэг өвгөдийнхөө боолчлогдсоныг үргэлж санасаар байдаг би; мөн тэднийг египетчүүдийн гараас чөлөөлсөн тэрхүү Бурхан тэднийг боолчлолоос чөлөөлсөн билээ.

13Тийм ээ, мөнхүү тэр Бурхан тэдний дунд өөрийн сүмийг байгуулсан билээ; тийм ээ, мөнхүү тэр Бурхан намайг, энэ хүмүүст үгийг номлох ариун дуудлагаар дуудсан юм, мөн тэрэндээ баясал минь дүүрэх их амжилтыг надад өгсөн билээ.

14Гэвч би зөвхөн өөрийн амжилтанд баясах бус, харин Нифайн нутагт байсан ах дүүсийнхээ амжилтын төлөө баясал минь илүү дүүрэн байна.

15Болгоогтун, тэд үлэмж их хөдөлмөрлөсөн, мөн их үр шимийг авчирсан; мөн шагнал нь хичнээн агуу байх билээ!

16Эдүгээ, эдгээр ах дүүсийнхээ амжилтын тухай намайг бодоход сүнс минь зөөгдөн одож, бүр биеэс салах лугаа адил, баясал минь тийм агуу байна.

17Мөн эдүгээ эдэнд, ах дүүст маань, тэд Бурханы хаант улсад сууж болно хэмээн Бурхан соёрхох болтугай; тийм ээ, мөн түүнчлэн тэдний хөдөлмөрийн үр шим болох тэдгээр нь бүгд дахин хэзээ ч алга болохгүй, харин түүнийг үүрд магтах болтугай. Мөн энэ нь миний үгсийн дагуу бүр ярьсны минь адилаар байхыг Бурхан соёрхох болтугай. Амен.