Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 15

Алма, Амюлек хоёр, Сайдомд очиж мөн сүм байгуулав—Алма Зиезромыг анагааж, тэрээр сүмд нэгдэв—Олон нь баптисм хүртэж, мөн Сүм дэгжив—Алма Амюлек хоёр Зарахемлад очив. Ойролцоогоор мэө 81 он.

1Мөнхүү улиран тохиох дор Алма, Амюлек хоёр тэр хотоос одохыг зарлигдуулав; мөн тэд одож, мөн бүр Сайдомын нутагт хүрч ирэв; мөн болгоогтун, тэнд Аммонайхагийн нутгаас тэд Алмагийн үгсэд итгэснийхээ учир хөөгдөж мөн чулуугаар шидүүлэн зайлж одсон бүх хүмүүсийг тэд олов.

2Мөн тэд бүгдэд эхнэр мөн хүүхдүүдэд нь юу тохиолдсоныг, мөн түүнчлэн өөрсдийнхөө талаар, мөн өөрсдийн чөлөөлөлтийн хүчний тухай тэдэнд өгүүлэв.

3Мөн түүнчлэн Зиезром өөрийнх нь ёс бусаас үүдсэн оюун санааны их зүдрэлээс болоод ихэд халууран Сайдомд өвчтэй хэвтэж байв, учир нь тэр Алма, Амюлек хоёрыг үгүй болсон хэмээн бодсон аж; мөн тэд өөрсдийн алдсын улмаас алагдсан хэмээн бодсон байв. Мөн энэ их нүгэл, мөн түүний бусад олон нүгэл, түүний оюуныг мултрах аргагүй, үлэмж их шаналгаатай болтол тарчилгасан болой; тиймийн тул тэрээр шатам халуунаар төөнөгдөж эхэлсэн бөлгөө.

4Эдүгээ, Алма Амюлек хоёр Сайдомын нутагт байгааг тэрээр сонсоод, зүрх нь зоригжиж эхлэв; мөн тэднийг түүн дээр ирэхийг хүсэн, тэрээр даруй тэдэнд мэдээ илгээв.

5Мөнхүү улиран тохиох дор тэдэнд түүний илгээсэн мэдээг даган, тэд даруйхан очив; мөн тэд гэрт нь Зиезром дээр оров; мөн тэд түүнийг орондоо өвчтэй, шатам халууран ихэд дорой байхыг нь олов; мөн түүнчлэн түүний оюун санаа алдсуудынхаа учир үлэмж шаналан байв; мөн тэрээр тэднийг хараад тэр гараа сунгаж, мөн өөрийг нь эдгээхийг тэднээс гуйв.

6Мөнхүү улиран тохиох дор Алма түүний гараас бариад, түүнд хэлэв: Та авралд хүргэх Христийн хүчинд итгэдэг үү

7Мөн тэрээр хариулж мөн хэлсэн нь: Тийм ээ, би таны заасан бүх үгэнд итгэдэг.

8Мөн Алма хэлсэн нь: Хэрэв та Христийн гэтэлгэлд итгэдэг бол та эдгээгдэж чадна.

9Мөн тэр хэлсэн нь: Тийм ээ, би таны үгсийн дагуу итгэдэг.

10Мөн тэгээд Алма Их Эзэнд залбирч хэлрүүн: Ай Их Эзэн Бурхан минь, энэ хүнийг нигүүлсээч, мөн Христ дэх итгэлийнх нь дагуу түүнийг эдгээгээч гэв.

11Мөн Алма эдгээр үгсийг хэлэхэд, Зиезром хөл дээрээ үсэрч босоод, мөн алхаж эхлэв; мөн энэ нь бүх хүмүүсийн агуу гайхашралыг төрүүлсэн аж; мөн үүний тухай мэдсэн нь бүхэл Сайдомын нутаг даяар тархав.

12Мөн Алма Зиезромд Их Эзэнд баптисм хүртээв; мөн тэрээр тэр цагаас хойш хүмүүст номлож эхлэв.

13Мөн Алма Сайдомын нутагт сүм байгуулан, мөн баптисм хүртэх хүсэлтэй хэнийг боловч Их Эзэний тулд баптисм хүртээх санваартнууд хийгээд багш нарыг томилон адислав.

14Мөнхүү улиран тохиох дор тэд олон байв; учир нь тэд Сайдомын ойролцоох бүх мужуудаас цуглан ирж, мөн баптисм хүртээв.

15Гэвч Аммонайхагийн нутагт байсан хүмүүсийн тухайд, тэд хатуу зүрх сэтгэлтэй мөн зөрүүд хүмүүс хэвээр үлдэв; мөн тэд нүглүүдээ наманчилсан нь үгүй, Алма Амюлек хоёрын бүх хүчийг чөтгөрийнх хэмээн үзэж байв; учир нь тэд Нихорын адил бодолтой байлаа, нүглүүдийнхээ наманчлалд итгэсэнгүй.

16Мөнхүү улиран тохиох дор, Алма Амюлек хоёр нэгэнтээ түүний найзууд асан тэд мөн түүнчлэн өөрийн эцэг мөн садангуудаараа эсэргүүцэгдсэн учир, Бурханы үгийн төлөө Амюлек Аммонайхагийн нутагт байсан өөрийн бүх алт, мөн мөнгө, мөн өөрийн үнэт зүйлүүдээ орхисон ажээ;

17Тиймийн тул, Алма Сайдомд сүм байгуулсны дараа, тэр агуу өөрчлөлтийг харжээ, тийм ээ, хүмүүс зүрх сэтгэлийнхээ бардамналын тухайд өөрчлөгдөж, мөн өөрсдийгөө Бурханы өмнө даруусгаж эхлэн, мөн тахилын ширээний өмнө Бурханыг бишрэн шүтэхээр, тэд Сатанаас, мөн үхлээс, мөн устгалаас чөлөөлөгдөж болохын тулд үргэлжлэн сэрэмжилж мөн залбирахаар өөрсдийн дугануудад өөрсдөө нэгдэн цуглаж эхэлснийг тэрээр харсын учир болой—

18Эдүгээ миний хэлсэнчлэн, Алма эдгээр бүх зүйлийг үзсэн тул, тиймийн тул тэрээр Амюлекийг авч мөн Зарахемлагийн нутагт ирж, мөн түүнийг өөрийн гэрт аваачин, мөн зовлон зүдгүүрт нь түүнд тусалж, мөн түүнийг Их Эзэний талаар хүчирхэгжүүлэв.

19Мөн тийн Нифайн хүмүүсийн дээрх шүүгчдийн засаглалын арав дахь он төгсөв.