Институт
14-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Их Эзэн нэмэлт судар илчлэв


“14-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Их Эзэн нэмэлт судар илчлэв,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“14-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

14-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Их Эзэн нэмэлт судар илчлэв

Зураг
Судар судалж буй залуу эмэгтэйчүүд

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Иосеф Смитээр дамжуулан бид өөр бусад бошиглогчоос авснаас илүү олон хуудас судрыг хүлээн авдаг” (“Давалгаанд нэгдэгтүн,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 56) хэмээн цохон тэмдэглэсэн. Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан урагш авчирсан судрууд түүний бошиглогчийн тэнгэрлэг дуудлагыг гарцаагүй гэрчилдэг. Та судалж байхдаа, нэмэлт судрууд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мөн Тэдний сайн мэдээний талаарх ойлголт, гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлснийг бодож үз.

1-р хэсэг

Бид үргэлжлэн ирж буй илчлэлт болон нэмэлт судрын талаар юунд итгэдэг вэ?

Есүс Христийн Сүмийн итгэл үнэмшлийн тухай асуулт тавьсан Чикаго хотын сонины редакторт хандан Иосеф Смит ийн тунхаглажээ. “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:9).

Амьд бошиглогчдоор дамжин ирсэн, үргэлжлэн ирэх илчлэлтэд итгэх энэ итгэл бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн онцгой сургаал юм. Ариун Библиэс гадна бид судар хэмээн үздэг Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд зэргээс амин чухал үнэнүүдийг олж мэддэг.

Иосеф Смитийн Библийн орчуулга нь Библийн олон хэсгийг тодруулахаас гадна олон зууны турш алдагдсан байсан энгийн, үнэ цэнтэй үнэнүүдийг сэргээдэг.

2-р хэсэг

Сургаал ба Гэрээг судлах нь миний амьдралыг хэрхэн адислах вэ?

“Сүм дөнгөж байгуулагдаж эхлэх үед ямар нэг байдлаар бидний авралтай холбоотой сэдвээр Их Эзэний үгийг олж авах нь маш их сэтгэл түгшээсэн зүйл байдаг байв” хэмээн бошиглогч Иосеф Смит бичжээ (History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume A-1, 146, josephsmithpapers.org). Их Эзэн илчлэлтээр дамжуулан эдгээр хүсэлтэд нигүүлсэнгүй хандаж, ахин дахин хариулж байсан.

Зураг
Сүмийг зохион байгуулах үед Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт, Жудит А.Мэр

Бошиглогч Огайогийн Хайрам дахь чуулган дээр хэдэн ахлагчид хандан Их Эзэний өгсөн илчлэлтүүдийг эмхэтгэн, нийтлэхийг санал болгох үед Сүм зохион байгуулагдаад ердөө 18 сар гаруй болсон байв. Ингэснээр Сүмийн бүх гишүүнд илчлэлтүүдийн талаар мэдэхэд мөн номлогчийн ажилд тус дөхөм болох байлаа. Энэ чуулганд оролцсон Сүмийн гишүүд илчлэлтүүд нь “бүхэл дэлхийн эд баялгаас ч илүү эрхэм нандин юм …” хэмээн тунхаглаж байв (Minute Book 2, 18, josephsmithpapers.org). Хэсэг хугацааны дараа эдгээр илчлэлт Зарлигуудын ном хэмээх боть ном болон хэвлэгдсэн ба дараа нь энэ болон өөр бусад илчлэлт Сургаал ба Гэрээ болон хэвлэгдсэн юм.

Сургаал ба Гэрээний удиртгал хэсэг нь илчлэлтүүдийг эмхэтгэх нь яагаад ийм их үнэ цэнтэй болохыг ойлгоход бидэнд тусалдаг. “Захиас, сэрэмжлүүлэг, түүнчлэн тайлбарууд нь бүх хүмүүн төрөлхтний ашиг тусын төлөө бөгөөд газар бүрийн бүх хүмүүст Их Эзэн Есүс Христийн дуу хоолойг сонсох урилгыг агуулан, тэдний цаг зуурын сайн сайхан байдал хийгээд мөн тэдний мөнхийн авралын төлөө тэдэнд хандан ярьдаг билээ” (Сургаал ба Гэрээний удиртгал; мөн Сургаал ба Гэрээ 18:34–36-г үзнэ үү) .

Ахлагчдын чуулган дээр Иосеф эдүгээ Сургаал ба Гэрээ 1-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ нь илчлэлтүүдийн талаарх Их Эзэний Өөрийнх нь өмнөх үг байсан юм.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 1:17, 21–23, 37-г уншина уу.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сургаал ба Гэрээг судлах үед Их Эзэн тантай хэрхэн ярьж байсан талаар тунгаан бод. Сургаал ба Гэрээнээс Есүс Христэд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлсэн судрын хэсгийг хайж олно уу. Ангид тэр судрын хэсгийг хуваалцахад бэлдэж ир.

3-р хэсэг

Иосеф Смитийн Орчуулга болон Агуу Үнэт Сувд нь Аврагчийн мөн Түүний сайн мэдээний талаарх бидний ойлголтыг хэрхэн тэлсэн бэ?

Зураг
Иосеф Смит Библиэс мэргэн ухаан эрэлхийлсэн, Дэйл Килборн

Бошиглогч Иосеф Смит амьдралынхаа туршид Библийг маш их хайрлаж байсан. Гэхдээ тэр бичвэрүүдэд асуудал байгааг мэдэж байв. Тэрээр:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

Анхны зохиогчдын гар дээрээс ирсэн үед Библийг хүмүүс хэрхэн ойлгож уншдаг байсныг би төсөөлж байна. Мэдлэггүй орчуулагчид, хайнга бичээчид, эсвээс зальтай, завхарсан санваартнууд олон алдаа гаргасан хэмээн хэлжээ. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 233)

1830 оны зунаас Иосеф Смит Библийг сүнсээр өдөөгдөн орчуулж эхэлсэн юм. Тэр Библийг нэг хэлээс нөгөө хэл рүү орчуулаагүй бөгөөд түүнд библийг орчуулах эх цэдэг нь ч байгаагүй. Харин Иосеф Библийн Хаан Жеймсийн хувилбарыг уншиж судлан, дараа нь Ариун Сүнсний удирдамжаар засвар, нэмэлт оруулж байв.

Бошиглогчийн сүнсээр өдөөгдсөн засваруудыг зүүлт тайлбар, Библийн зарим хэвлэл дээрх хавсралт, Судруудын удирдамж зэргээс олж болно (scriptures.ChurchofJesusChrist.org).

Агуу Үнэт Сувд бол бидний сайн мэдээний талаарх ойлголтыг илүү тодотгож, нэмэгдүүлдэг сүнсээр өдөөгдсөн бичвэрүүдийн цуглуулга юм. Мосегийн ном нь Иосеф Смитийн Библийн Эхлэл номын эхний зургаан бүлгийн орчуулгын хэсгээс авсан эшлэлүүдээс бүрддэг. Иосеф Смитийн Орчуулга—Матай нь Иосеф Смитийн Шинэ Гэрээний Матай 23, 24-р бүлгүүдийн орчуулгын хэсэг. Иосеф Смит—Түүх мөн Итгэлийн тунхаг нь Иосефын гэрчлэл, итгэл үнэмшлийн тунхаг юм.

Агуу Үнэт Сувд нь мөн патриарх Абрахамын зарим бичээсийг агуулсан байдаг. 1835 оны зун Майкл Чандлэр гэх нэгэн эр Египетийн Тэбэсээс олдсон дөрвөн занданшуулсан цогцос болон эртний хэд хэдэн хуйлмал папирус дээрх бичээсийг Огайогийн Көртландад авчирчээ. Бошиглогч Иосеф Смит папирус дээрх бичээсийг шалгаж, “зарим тэмдэгт болон дүрс үсгийг” орчуулсныхаа дараа тэдгээрийн нэг нь Абрахамын бичээсийг, нөгөө нь Египетийн Иосефын бичээсийг агуулсан болохыг тунхагласан (History, 1838–1856, volume B-1 [1 September 1834–2 November 1838], 596). Сүмийн гишүүдийн дэмжлэгтэйгээр бошиглогч занданшуулсан цогцоснууд, хоёр папирусан хуйлмал бичээс болон папирус бичээсний хэсгүүдийг худалдан авав. Тэрээр Абрахамын бичээсүүдийн нэг хэсгийг Бурханы бэлэг болон хүчээр орчуулж, дараа нь Сүмийн Times and Seasons сонинд Абрахамын ном болгон хэвлүүлсэн юм.

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Иосеф Смитийн Орчуулга юм уу Агуу Үнэт Сувд номоос Аврагчийн сайн мэдээний талаарх таны ойлголтыг нэмэгдүүлсэн судрын хэсгийг олно уу. Хэрэв таны бодолд ганц ч хэсэг орж ирэхгүй байвал дараах жагсаалтаас аль нэгийг сонгон авч болно. Ангид сонгосон хэсгээ болон үүнийг сонгох болсон шалтгаанаа тайлбарлахад бэлэн ир.

4-р хэсэг

Абрахамын ном гэж юу вэ?

Зураг
Папирус дээрх бичээсийн хэсгүүд

Абрахамын ном бол тухайн бошиглогч залуу насныхаа амьдралын зарим хэсгийг өөрийн үгээр тайлбарласан судрын ном юм. Энэ ном тэрээр “зөв шударга ёсыг агуугаар дагагч байхыг хүсэгч” (Абрахам 1:2) байсныг мөн “эцгүүд нь” түүнийг Фараоны санваартнаар бүрэлгэх гэхэд өөрийг нь гайхалтай арга замаар үлдээсэн Их Эзэнд итгэж найддаг байсан тухай өгүүлдэг (Абрахам 1:5–7, 30-ийг үзнэ үү). Энэ ном мөн Абрахамын гэрээ, мөнх бус байдлын өмнөх амьдрал, сүнсний мөнхийн мөн чанар, урьдчилсан томилгоо, Тэнгэр дэх зөвлөл болон амьдралын зорилго, дэлхийн төлөвлөлт, бүтээлттэй холбоотой гүн гүнзгий үнэнүүдийг заадаг. Хамгийн чухал нь, энэ ном Есүс Христийн тухай мөн Түүний мөнх бус байдлын өмнөх сүр жавхлан, нигүүлсэл, Бурханы хүүхдүүдийг чөлөөлөх хүчний талаар болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний гол үүргийн талаар гэрчилдэг.

Зураг
Тэнгэр өөд харж буй Абрахам

Дараах сэдвүүд нь Абрахамын ном хэрхэн гарч ирсэн тухай бидний мэддэг, мэддэггүй зүйлсийн талаар өгүүлдэг.

Абрахамын ном ба эртний дэлхий

Абрахамын ном нь эртний дэлхийн талаар эрдэмтдийн олж мэдсэн зүйлтэй гайхмаар нийцдэг. Энэхүү мэдлэгийн заримыг Иосеф Смитийн үед хараахан олж тогтоогоогүй эсвэл тийм ч сайн мэддэггүй байжээ. Жишээ нь, Абрахамын номд дурдсанаар египетчүүд хүнээр тахил өргөдөг байсан гэж боддоггүй байв (Абрахам 1:8–15; “Абрахамын номоос авсан хуулбар,” дугаар 1-ийг үзнэ үү). Одоогийн түүхийн олдворууд тэд хүнээр тахил өргөдгийг мөн Абрахам 1:11 дээр гардагчлан Онитагийн охидтой адил Египетийн шашны зан үйлийг дагадаггүй байсан хүмүүсээр тахил үйлддэг байсныг харуулдаг.

Эрдэмтэд энэ тахилыг зөвхөн Египетэд төдийгүй Египетийн нөлөөн доор байдаг газар нутагт өргөдөг байсныг олж тогтоосон байна (Абрахам 1:1, 5–11-ийг үзнэ үү). Абрахамын номд Ур ба Харан нутгийн ойролцоо орших “Олишемийн тал”-ын тухай гардаг (Абрахам 1:10-ыг үзнэ үү). Энэ газрын нэрийг Иосеф Смитийн үед хэн ч мэддэггүй байсан. Гэхдээ үүнээс хойш олдсон эртний бичвэрүүд дээр Абрахамын номд дурдсан хоттой нийцэх Хараны ойролцоох Улишем гэсэн газрыг дурдсан байдаг. Эртний хэд хэдэн бичвэр дээр бас Абрахам одон орон ашиглан египетчүүдэд заадаг байсан талаар дурдсан байдаг байна (Абрахам 3:1–15-ыг үзнэ үү; “Абрахамын номоос авсан хуулбар,” дугаар 3-ыг үзнэ үү). Эртний бусад баримт Абрахамын Бүтээлтийн талаарх үзэгдлийг дурдаж, хүн төрөлхтний бүтээлтийг хэлэлцэж, төлөвлөсөн тэнгэрлэг зөвлөлийг дүрсэлсэн байдаг (Абрахам 3:23–25; 4:26–27-г үзнэ үү). Ийн нийцэж байгаа нь Абрахамын ном үнэн болохыг илтгэдэг.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Translation and Historicity of the Book of Abraham,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org; Daniel C. Peterson, “News from Antiquity,” Ensign, Jan. 1994, 16–21; болон Kerry Muhlestein, “Egyptian Papyri and the Book of Abraham: A Faithful, Egyptological Point of View,” Robert L. Millet, ed., No Weapon Shall Prosper: New Light on Sensitive Issues (2011), rsc.byu.edu-ийг үзнэ үү.

Египетийн папирус дээрх бичээс

Иосеф Смитийг нас барсны дараа, гэрийнхэн нь занданшуулсан шарил болон папирус бичээсүүдийг эцэст нь худалджээ. Папирус дээрх бичээсүүдийн ихэнхийг оны Чикагогийн их түймэрт устсан байх гэж таамагладаг. Гэвч 1967 онд Нью-Йоркийн Метрополитаны Урлагийн музей өмнө нь бошиглогч Иосеф Смитийн эзэмшилд байсан папирус дээрх бичээсийн хэсгүүдийг Сүмд бэлэглэсэн юм. Эдгээр эргэн ирсэн хэсэг нь Христийн мэндлэхээс хэдхэн зуун жилийн өмнө буюу Абрахамын амьдарч байснаас хойш нэлээн олон жил өнгөрсний дараах үеийнх болохыг тодорхойлжээ.

Шүүмжлэгчид папирус дээрх бичээсийн хэсгийн тодорхойлсон цаг үеийг ашиглан, Абрахамын номын үнэн мөн байдлыг үгүйсгэхийг хичээж байсан юм. Гэсэн ч папирус дээрх бичээсийн хэсгүүд нь Абрахамын ном үнэн мөн болохыг батлахын тулд Абрахамын амьдарч байсан цаг үеийнх гэдгийг тогтоосон байх шаардлагагүй. “Эртний бичвэрүүд нь хувилбар эсвэл хувилбарын хувилбар байдлаар өвлөгдөн ирдэг. Жишээлбэл, Библийн номуудын хамгийн эртний гар бичмэл анх бичигдсэнээс хойш хэдэн зууны дараах байсныг тогтоожээ (John Gee, A Guide to the Joseph Smith Papyri [2000], 23–25, scholarsarchive.byu.edu; Kerry Muhlestein, “Egyptian Papyri and the Book of Abraham: Some Questions and Answers,” Religious Educator, vol. 11, no. 1 [2010], 91–108-ыг үзнэ үү).

Эртний Египетийн оршуулгын бичвэрүүд бүхий папирус дээрх бичээсийн хэсгүүдийн орчин үеийн орчуулга Абрахамын номын бичвэрүүдтэй таарахгүй байгаад зарим хүн Абрахамын номыг шүүмжилдэг. Үүнд хэд хэдэн боломжит шалтгаан байж болно.

Папирус дээрх бичээсүүдийн нэгэн дээр нь Абрахамын номон дээрх Абрахамын номоос авсан хуулбарын дугаар 1-ийн зургийн хэсэг байдаг. Зарим нь энэхүү зурган дээрх бичвэр Иосеф Смитийн орчуулсан Абрахамын номын орчуулгын эх сурвалж байсан гэж таамагладаг. Гэвч Египетийн папирус дээрх зураг бичвэр дээрх бичээстэй огтхон ч хамаагүй байх нь олонтоо. Нүдээр харсан гэрчүүд “папирус дээр бичигдсэн олон цэдэг дотор урт буюу олон хуйлмал бичээс” байсан хэмээн тайлбарласан байдаг (John Gee, An Introduction to the Book of Abraham [2017], 5-ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит орчуулж байхдаа, хожим нь устгагдсан цэдгийн хэсгүүд дээр ажиллаж байсан байж магадгүй. Тиймээс Иосеф орчуулгадаа аль папирус дээрх бичээсийг ашигласныг бид мэдэхгүй.

Харин зарим нь Абрахамын ном эсвэл үүний зарим хэсэг нь папирус дээрх бичээсийн шууд орчуулга биш байсан байж магадгүй хэмээн хэлсэн байдаг. Энэ өнцгөөс авч үзэх юм бол, бошиглогч Библийг судалж байхдаа Мосегийн номыг хүлээн авсантай адил Иосеф Египетийн дүрс үсгийг судалсан нь Абрахамын амьдралын гол үйл явдал, сургаалуудын талаарх илчлэлт рүү хөтөлсөн байж болох юм. Их Эзэн ч, Иосеф Смит ч Абрахамын номыг хэрхэн орчуулсан үйл явцыг тайлбарлаагүй.

Бурханы гэрч

Абрахамын ном бол Бурханы бэлэг. Ерөнхийдөө бусад бүх судрын адил Абрахамын номын агуулга үнэн гэдэгт итгэх итгэл нь итгэлийн асуудал юм. Үүний сургаалыг залбирч судлан, Ариун Сүнснээс ирэх илчлэлтээр дамжуулан бурханлаг гэрчлэлтэй болох нь үнэн болохын хамгийн том баталгаа билээ. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн Зөвлөлд үйлчилж байхдаа, “Учир нь үнэний бүрэн дүүрэн, зөв, хэлбийшгүй нэг эх сурвалж байдаг. Энэ эх сурвалж бол бидний цаглашгүй ухаалаг, бүхнийг мэдэгч Тэнгэрлэг Эцэг юм” хэмээн гэрчилсэн (“What Is Truth?” [Brigham Young University devotional, Jan. 13, 2013], 5, speeches.byu.edu).