Институт
17-р хичээл: Багшийн материал: Эсэргүүцэл, зовлон зүдгүүр учрах үед итгэлтэй хэвээр үлдэх


“17-р хичээл: Багшийн материал: Эсэргүүцэл, зовлон зүдгүүр учрах үед итгэлтэй хэвээр үлдэх,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“17-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

17-р хичээл: Багшийн материал

Эсэргүүцэл, зовлон зүдгүүр учрах үед итгэлтэй хэвээр үлдэх

1837-оос 1839 онд гэгээнтнүүд Огайогийн Көртландад урвалтын заналхийлэлтэй, мөн Миссурид хүчирхийллийн хавчлагатай нүүр тулж байв. Энэ хичээл нь суралцагчдад хүнд хэцүү, эсэргүүцэлтэй тулгарч байсан цаг мөчид хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандаж, итгэж мөн илүү бүрэн дүүрэн найддаг болохоо шийдэхэд бидэнд туслах болно.

Заах зөвлөмж

Огайогийн Көртланд дахь зарим гишүүн Сүмийг орхисон бол зарим нь итгэлтэй хэвээр үлдсэн юм.

Суралцагчдаас таньдаг хүмүүс нь амьдралынхаа хэцүү сорилт бэрхшээлд хэрхэн хариулсныг дүрслэн ярихыг хүссэнээр хичээлээ эхэл. Та тэдний үлгэр жишээнээс юу сурсныг нь асууж болно.

Суралцагчдаас өөрсдөдөө болон ойр дотныхонд нь тохиолдож буй зовлон бэрхшээлийн талаар эргэцүүлэн бодож, Их Эзэн ийм сорилт бэрхшээлд хэрхэн хандах талаар юу гэж зааж болохыг бодож үзэхэд урь.

  • Огайо дахь эртний гэгээнтнүүдэд ямар ямар зовлон бэрхшээл тохиолдож байсан бэ? (Та суралцагчдад санахад нь туслахын тулд хичээлд бэлтгэх материалаа давтан харахыг хүсэж болно.) Огайо дахь зовж зүдэрсэн хүмүүсийн талаар бид юу сурч мэдэж болох вэ?

Суралцагчдад 1837 оны зун Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Томас Б.Марш чуулгын гишүүдтэй мөн бошиглогч Иосеф Смиттэй уулзахаар Миссуригээс Көртланд руу аялсан гэдгийг сануул.

  • Томас Б.Маршийг Көртландад ирэхийн өмнө түүнд ямар сорилт бэрхшээл, санаа зовоосон асуудлууд тулгарсан бэ?

Томас Б.Марш, Иосеф Смит хоёр уулзаж, асуудлаа шийдвэрлэсний дараа бошиглогч Их Эзэнээс Томаст хандсан илчлэлт хүлээн авсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 112:10–15-ыг дотроо уншаад эсвэл давтан хараад, Их Эзэн Томаст болон Арван хоёрын Чуулгын бусад гишүүнд ямар зөвлөгөө болон зарчмуудыг заасныг олж мэд. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцаж мөн ярилцахыг хүс.

Шаардлагатай бол суралцагчдад дараах хэдэн асуултыг тавин, 13-р шүлгээс зарчим гаргаж, ярилцахад нь тусал.

  • Итгэл нь соригдох үед зүрх сэтгэлээ хатууруулаагүй Арван хоёрын гишүүдийн төлөө Их Эзэн юу хийнэ гэж амласан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, Хэрэв бид итгэлээрээ соригдох үед зүрх сэтгэлээ хатууруулахгүй байвал Их Эзэн бидэнтэй хамт байж мөн бидний хөрвөлтийг гүнзгийрүүлж туслах болно гэсэн зарчмыг үзүүлэх юм уу самбарт бич.)

  • Итгэлээрээ соригдох үед зарим хүн хэрхэн зүрх сэтгэлээ хатууруулж болох вэ? Ингэснээр ямар аюул тулгарах вэ?

  • Хэн нэгэн итгэлээрээ соригдох үедээ зөөлөн зүрх сэтгэл, нээлттэй оюун ухаанаар хариулж байгааг та хэзээ харж байсан бэ? Түүнийг ийн хариулах үед юу тохиолдохыг та анзаарсан бэ?

Бошиглогч Иосеф Смит Либерти шоронд зовж байхдаа итгэлтэй байдлынхаа төлөө адислагдсан юм.

Бурхан яагаад сайн хүмүүст муу зүйл тохиолдохыг зөвшөөрдөг вэ? гэсэн асуултыг үзүүл.

Суралцагчдаас энэ асуултыг бодож эсвэл асууж байсан удаа бий эсэхийг асуу. Иосеф Смит Миссурийн Либертид шударга бусаар хоригдсоныхоо дараа ийм асуултыг тавьж байсан. Суралцагчдыг Иосефын туршлагыг ярилцах үед, хэрэв найз нь өөрөөс нь ийм асуулт асуувал хэрхэн хариулахаа бодож үзэхэд урь.

Либерти шоронгийн дараах зургуудыг үзүүл.

Зураг
Либерти шоронгийн өвөл, Ал Раундс
Зураг
Либерти шоронг дуурайлган хийсэн загвар

Иосеф Смитийг Либерти шоронд хоригдоход хүргэсэн үйл явдлуудыг эргэн санахыг суралцагчдаас хүс. (Шаардлагатай бол суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 3-р хэсгийг давтаж үзэхийг хүс.)

  • Иосеф Смитийн болон Либерти шоронд байсан бусад хүний нөхцөл байдал ямархуу байсан бэ?

Бошиглогч Иосеф Смит өвлийн тэсгим хүйтэнд Либерти шоронд дөрвөн сар гаруй хугацаанд байсан гэдгийг суралцагчдад сануул. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:1–3-ыг чанга уншихад урь. Дагуулан уншаад, бошиглогч энэ залбирлын захидлаараа юу гэж асуусныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Эдгээр асуулт нь Иосеф Смит тухайн үед юу мэдэрч байсан тухай юу илчилж байна вэ?

  • Энэ цаг үе Иосефын итгэлийг хэрхэн сорьсон байж болох вэ?

Иосеф Смит шоронд байхдаа Сүмийнхэнд хоёр захидал илгээсэн гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарил. Сургаал ба Гэрээ 121:7–10; 122:7–9-ийг харж эсвэл уншаад, өөрсдөд нь чухал санагдсан үг хэллэг болон зарчмуудыг хуваалцахад тэднийг урь.

Бүлгүүдэд хангалттай цаг гаргаж өгсний дараа хэдэн суралцагчийг бүлэг дотроо ярилцсан үгс эсвэл зарчмаа хуваалцахад урь. Эдгээр зарчим эсвэл үг хэллэгийг үзүүлж эсвэл самбарт бичихийг бод. Суралцагчдын олж тогтоосон зарим зарчмыг дараах арга замуудаар илэрхийлж эсвэл дүгнэж болох юм. Бид сорилт бэрхшээлтэй үедээ Их Эзэнд хандан, Түүнд найдах юм бол Тэр биднийг илчлэлт, тайтгарал, урам зоригоор адислах болно. Хэрэв бид итгэлтэй хэвээр байвал зовлон зүдгүүр, сорилт бэрхшээл бидэнд туршлага өгч, бидний сайн сайхны төлөө байх болно.

  • Та нарын олж тогтоосон зарчим болон үг хэллэгүүд зовлон бэрхшээл юм уу итгэлийн сорилттой тулгарсан хүнд хэрхэн тусалж болох вэ?

Та ярилцлагынхаа нэг хэсэг болгож, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг энэ үгийг чанга уншихад урьж болно.

Та хамгийн муу нөхцөл байдалд амьдралынхаа хамгийн зовлонт туршлагуудыг туулж, урьд өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй хамгийн зүрх өвтгөм шударга бус байдлыг тэвчиж, хамгийн хэцүү шалгууруудыг туулах явцдаа Их Эзэнээс ариун нандин, илчлэгч, агуу сургамжтай туршлагуудыг олж авах болно. …

… 1838–1839 оны өвөл болсон эдгээр сургамжтай үйл явдал нь, хэрэв бид хүнд хэцүү үедээ Тэнгэр дэх Эцэгтэйгээ холбоотой хэвээр үлдвэл туршлага бүр нь гэтэлгэлийн туршлага болж болно гэдгийг заадаг. Хүнд тохиолдож байгаа хүнд хүчир зүйл бол Бурханд боломж олгодог гэдгийг, хэрэв бид даруухан, итгэлтэй байж, хэрэв бид Бурхандаа итгэж, түүнийг асуудлынхаа төлөө буруутгахгүй байвал Тэр бидний амьдралын шударга бус, хүнлэг бус, хор хөнөөлтэй шоронгуудыг ариун сүм болгож, эсвэл дор хаяж тайтгарал, илчлэлт, бурханлаг нөхөрлөл, амар амгаланг авчрах нөхцөл байдал болгон хувиргаж чадна. (Jeffrey R. Holland, “Lessons from Librty Jail,” Ensign, Sept. 2009, 28)

  • Сорилт бэрхшээл нь “гэтэлгэх” туршлага болж болно гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

  • Амьдралын сорилт бэрхшээлийг итгэлтэйгээр эцсээ хүртэл тэвчих нь Тэнгэрлэг Эцэг, бидний Аврагч Есүс Христ хоёртой адилхан болоход бидэнд хэрхэн туслах вэ?

  • Итгэлээрээ соригдох үед та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ямар арга замаар хандаж, мөн илүү бүрэн дүүрэн найдаж байсан бэ? Үүнийг хийснээр та юу мэдэж авсан бэ?

Суралцагчдыг Бурхан яагаад хүүхдүүддээ муу зүйл тохиолдохыг зөвшөөрдөг талаар өмнө нь тавьсан асуултад хэрхэн хариулахаа ангийнхаа хүүхэдтэй хуваалцахад урь.

Суралцагчдыг өмнө нь ярилцсан судрын хэсгүүдээсээ сонгосон үг, хэллэгүүдээ цээжлэхэд эсвэл байнга харж байх газарт байрлуулахад эсвэл сошиал медиан дээр хуваалцахад урь. Бид сорилт бэрхшээл туулах үедээ Аврагч руу хандвал Тэр бидэнд амар амгаланг өгч, биднийг тайвшруулж, бидний хөрвөлтийг гүнзгийрүүлэх болно гэдгийг гэрчил.

Дараагийн хичээлээр

Хичээлийн төгсгөлд өнөө үед дэлхий дээрх эмэгтэйчүүдийн хамгийн том байгууллагуудын нэг болох Халамжийн нийгэмлэгийг 1842 онд бошиглогч Иосеф Смит үүсгэн байгуулсан гэдгийг тайлбарла. Тэд дараагийн хичээлдээ бэлтгэж байхдаа энэ дэлхий даяарх байгууллага хэрхэн, яагаад байгуулагдсан тухай илүү ихийг олж мэднэ гэдгийг хэл. Суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхэд урамшуул.