Институт
24-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Бошиглогч Иосеф Смит—Сонгогдсон үзмэрч


“24-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Бошиглогч Иосеф Смит—Сонгогдсон үзмэрч,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“24-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

24-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Бошиглогч Иосеф Смит—Сонгогдсон үзмэрч

Зураг
Иосеф Смит алтан ялтаснуудыг хүлээж авав

Их Эзэн бошиглогч Иосеф Смитийг Өөрийнх нь гэрээнүүдийн мэдлэгт хүмүүсийг авчрах “сонгогдсон үзмэрч” (2 Нифай 3:7–8) хэмээн тодорхойлсон. Гэвч Сэргээлтийн эхнээс л Иосеф Смит өөрийгөө хангалтгүй байгааг мэдэрч байв. Энэ материалыг судалж байхдаа та өөрийн сул дорой байдлыг үл хамааран Их Эзэнээс ирэх дуудлагад хэрхэн итгэлтэй хариулж болохоо бодож үз. Иосеф Смитийг сул дорой байдлаас нь болж шүүмжилдэг хүмүүст хэрхэн хариулахаа бас бодоорой.

1-р хэсэг

Би Их Эзэнд үйлчлэх чадварынхаа талаар Иосеф Смитээс юу сурч мэдэж болох вэ?

Залуу хүний хувьд, Иосеф Смитэд Их Эзэний дуудлага дааж давшгүй мэт санагдаж байв. Тэрээр өөрийнхөө талаар ийн хэлсэн.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

Сургууль соёлын мөр хөөгөөгүй залуу хүн миний бие ганцаараа … шинэ илчлэлтээр сөрөн зогсохоос аргагүй болсон юм. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 72)

Өдөр тутмын хөдөлмөрөөрөө тарчигхан амьдралаа залгуулж яваа, нэрд гараагүй …, амьдралд байр сууриа олоогүй миний энэхүү нөхцөл байдлыг олзуурхан шүүрч байв; (Иосеф Смит—Түүх 1:22–23).

Зураг
Хэрэв хэн нэгэн мэргэн ухаанаар дутвал, Волтэр Рэйн

“Хамгийн нэр хүнд бүхий шашны алдар нэртэй хүмүүсийн анхаарлыг татаж, хамгийн харгис мөрдлөг хавчлага хийгээд доромжлолын санааг тэдэнд төрүүлсэн нь” Иосефт туйлын хачирхалтай санагдаж байв (Иосеф Смит—Түүх 1:22–23).

Иосеф Мормоны Номын 2 Нифай 3-ыг орчуулж байхдаа, Египетийн Иосеф хожмын үеийн “сонгогдсон үзмэрчийн талаар бошиглож байсныг Лихайгаас олж мэдээд түүнд ямар мэдрэмж төрснийг төсөөл.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

2 Нифай 3:7, 11, 13-ыг уншина уу.

Хожим нь нэгэн илчлэлтээрээ Их Эзэн Иосефыг яагаад Сэргээлтийн бошиглогчоор сонгож мөн дуудсан нэг шалтгааныг тайлбарласан юм.

Үнэнээр ийн Их Эзэн өөрийн үйлчлэгч Иосеф Смитэд хэлж байна, чиний хийсэн өргөл … миний таашаалд нийцлээ; учир нь дэлхийн сул дорой зүйлүүдээр дамжуулан бибээр мэргэн ухаанаа үзүүлж болохын тулд би энэ төгсгөлд чамайг бэлтгэсэн билээ. (Сургаал ба Гэрээ 124:1)

Далын ахлагч Маркус Б.Нэш 2 Нифай 3-ын судрын хэсгийг тайлбарлахдаа ийн заасан.

Зураг
Ахлагч Маркус Б.Нэш

Их Эзэн агуу ажлаа гүйцэлдүүлэхээр сул доройчуудыг дуудна гэдэг нь уялдаа авцалдаагүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ сул талаа танин мэдсэн хүмүүст чухам энэ сул тал нь Их Эзэний хүчийг эрэлхийлэх сэтгэлийн дуудлага болдог байж болох юм. Өөрсдийгөө итгэлээр даруусгадаг хүмүүс тэнгэр газрын бүх хүч чадлыг эзэмшигч Түүгээр хүчирхэгжих болно (Матай 28:18; Мозая 4:9-ийг үзнэ үү).

Иосеф Смит бага залуу байхаасаа ийм шалтгаанаар Их Эзэнд ханджээ. …

Иосеф “өдөр тутмын хөдөлмөрөөрөө тарчигхан амьдралаа залгуулж яваа, нэрд гараагүй хөвгүүн” хэмээн өөрийгөө дүрслэн хэлсэн (Иосеф Смит—Түүх 1:23). Тэрээр албан боловсрол багатай, нийгмийн доод давхаргын гэр бүлд төрсөн. …

Иосеф боловсрол муутайгаа маш сайн мэддэг байсан ба “үзэг цаас бэх төгс бус хазгай хэлтгий хэлний бараг түнэр харанхуй мэт жижигхэн нарийхан шорон”-д хүлэгдсэн байгаадаа нэгэнтээ харуусаж байсан байна. Хэдий тийм ч Их Эзэн түүнийг Мормоны Номыг орчуулуулахаар дуудсан бөгөөд тэрээр анхны хэвлэгдсэн 588 хуудсыг бүгдийг нь ер хүрэхгүй хоногийн дотор орчуулсан юм. …

Тиймдээ ч Мормоны Номын болон бошиглогч Иосефын амьдралын гол санаа бол Их Эзэнийг итгэлээр даруухан эрэлхийлдэг хүмүүс Их Эзэний ажилд хүчтэй, бүр агуу хүчтэй болдог гэсэн санаа юм. Энэхүү хүчирхэгжүүлэх үйл явц жижиг мэт санагдах зүйл дээр ч тохиолдоно. …

… Бас нэг, илүү хувийн гэмээр сургамж бол бид Иосеф Смитийн адил сул талаа танин мэдэж, итгэлээрээ Их Эзэнд хандаж, Түүний хүслээр үйлдэх шийдвэр төгс байвал биднийг сул доройгоос хүчтэй болгох явдал юм. Энэ нь мөнх бус амьдралд сул дорой байдал үгүй болно гэсэн үг биш ч ийм хувь хүнийг Бурхан хүчтэй болгоно гэсэн утгатай. (“Иосеф Смит: Сул дорой байдлаас гарсан хүч,” Лиахона, 2017 оны 12-р сар, 21–23, 27)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Их Эзэн сул дорой Иосеф Смитийг дуудаж, дараа нь Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд түүнийг хүчирхэгжүүлсэн явдлаас та юу сурч мэдэж болох вэ?

2-р хэсэг

Иосеф Смитийг сайн мэддэг хүмүүс түүний тухай болон зан чанарынх нь талаар юу гэдэг байсан бэ?

Их Эзэн Египетийн Иосефт үр удам нь Сэргээлтийн бошиглогчийг (2 Нифай 3:7-г үзнэ үү) ихэд хүндлэх болно хэмээн тунхагласан билээ. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн тунхагласан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Иосефыг сайн мэддэг мөн Сүмийн удирдлагад түүнтэй хамгийн ойр дотно байсан хүмүүс түүнийг бошиглогчийнх нь хувьд хайрлан дэмждэг байв. Түүний ах Хайрум түүний хажууд үхэхээр сонгосон байлаа. Түүнийг егүүтгэгдэх үед хамт байсан Жон Тэйлор “Би Бурхан, тэнгэр элч болон хүмүүний өмнө тэр сайн, ариун явдалт, шударга хүн байсан … ба түүний хувийн болон олны өмнөх зан төлөв өөгүй байсан, мөн тэр Бурханы хүний хувьд амьдарч, нас барсан гэдгийг гэрчилж байна” гэжээ (The Gospel Kingdom [1987], 355; мөн С ба Г 135:3-ыг үзнэ үү). Бригам Янг “[Иосеф Смитийг] надаас илүү сайн мэдэх хүн энэ дэлхий дээр байхгүй биз ээ. Есүс Христийг үл тооцвол, энэ дэлхий дээр түүнээс өөр сайн хүн байгаагүй хэмээн би тов тодорхой хэлж байна” гэж тунхаглажээ (Journal of Discourses, 9:332). (Dallin H. Oaks, “Joseph, The Man and the Prophet,” Ensign, May 1996, 71)

Жэйн Снайдер Ричардс Иосефын хувь хүний ааш, зан чанарын талаар ийн хэлсэн.

Зураг
Жэйн Снайдер Ричардс

[Иосеф Смит] миний уулзах боломж тохиож байсан хамгийн их сэтгэл татсан хүмүүсийн нэг байв. … Үзмэрч, илчлэгч хүний хувьд тэрээр айдасгүй, илэн далангүй ч даруу зантай байсан бөгөөд өөрийгөө хэзээ ч Бурханы үгийг дамжуулагч гэдгээс дээгүүр тавьж байгаагүй юм. Тэр хүмүүсийнхээ удирдагчийн хувьд хэзээ ямагт идэвхтэй, дэвшилттэй байсан боловч даруу төлөв байж, тэднийг болон тэдний хүнд нөхцөл байдлыг ойлгодог байв. (Jane Snyder Richards, in “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, Dec. 1905, 550)

Эдвин Холдэн бошиглогч Бурханы хайраар мөн бусдыг өргөж, адислах хүслээр дүүрэн нэгэн байсан хэмээн дурсжээ.

Зураг
Эдвин Холдэн

1838 онд Иосеф болон хэдэн хөвгүүн гадаа бөмбөг гэх мэт янз бүрийн тоглоом тоглож байжээ. Хэсэг хугацааны дараа тэд нэг нэгээрээ ядарч эхлэв. Тэр үүнийг хараад, тэднийг дуудан “бүгдээрээ дүнзэн байшин барьцгаая” гэжээ. Тэгээд Иосеф хөвгүүдтэй хамт бэлэвсэн эмэгтэйд зориулан дүнзэн байшин барьж өгөхөөр ханцуй шамлан орсон гэдэг. Ингэж Иосеф чадах чинээгээрээ бусдад туслахыг хичээдэг байсан. (The Juvenile Instructor, Mar. 1, 1892, 153)

Бошиглогчийн даруу, шударга зангийн талаар Элиза Р.Снөү ийн бичсэн байдаг.

Зураг
Элиза Р.Снөү эгч

Би Иосеф Смитийн гэрт амьдардаг байсан бөгөөд гэр бүлд нь хичээл зааж, Бурханы бошиглогчийн хувьд “өдөр бүрийн алхам болон харилцан яриаг нь” харж, сонсох боломжтой байсан юм. Түүнтэй танилцахын хэрээр түүнд улам их талархах болсон юм. … Тэр сүнслэг байдлаараа яг л бяцхан хүүхэд адил даруу байдаг байв. (Eliza R. Snow, “Sketch of My Life,” Relief Society Magazine, Mar. 1944, 136)

Мэри Фрост Адамс Иосефын сайхан үйлсийн нэгийг ийнхүү дурссан юм.

Иосефыг Наувугийн амбан захирагч байх үед Антони гэх хар арьстай хожмын үеийн гэгээнтэн Хүндэтгэлийн өдрөөр хууль зөрчиж, архины төрлийн зүйл худалдсаныхаа төлөө баригдав. Антони Өмнөд хэсэгт боолчлогдод буй хүүгээ эрх чөлөөтэй болгохын тулд мөнгө хуримтлуулах зорилгоор ийн үйлдсэн байлаа. Тэр эхнэрийнхээ болон өөрийнхөө эрх чөлөөг худалдаж авсан байсан ба одоо хүүгээ өөрсөд дээрээ авчрахыг хүсэж байжээ. Антони харгалзан үзэх учир шалтгаантай байсан ч бошиглогч “Намайг уучлаарай Антони, гэвч бид хуулиа сахих ёстой. Бид таныг торгох болно” гэв. Гэсэн ч “маргааш нь Иосеф ах Антонид сайхан морь бэлэглэн, үүнийг зараад, олсон мөнгөө хүүхдээ худалдаж авахад ашиглаарай” гэжээ. (“Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, Dec. 1906, 538)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Иосеф Смитийг мэддэг хүмүүсийн түүхээс та түүний зан чанарын талаар юу мэдэж авсан бэ? Та бошиглогч Иосеф Смитийн талаар ямар бодол, гэрчлэлтэй вэ?

3-р хэсэг

Би бошиглогч Иосеф Смитийн талаар сөрөг мэдээлэл авахдаа ямар хариу үйлдэл хийж болох вэ?

Хэдийгээр Иосеф Смитийн сайн мэдээг сэргээх ажил дөнгөж эхэлж байсан ч олон хүн түүнийг эсэргүүцэн ярьж, муу муухай үйл хэрэг, учир шалтгаанаар буруутгана хэмээн бошиглосон байв. Тэнгэр элч Моронайн 1823 онд Иосефт үзэгдэхдээ өгсөн бошиглолыг тэрээр түүхдээ цэдэглэсэн. Тэр үед Иосеф дөнгөж 17 настай байсан юм.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр судлах

Иосеф Смит—Түүх 1:33-ыг судал.

Арван Хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн бошиглогч Иосеф Смитийн эсрэг шүүмжлэлд хэрхэн хандах арга замыг санал болгосон.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

[Иосеф Смитийг] муулахад бид гайхах ёстой юу? Төлөөлөгч Паулыг ч бас галзуу солиотой гэж дуудаж байсан [Үйлс 26:24]. Тэр ч байтугай бидний хайрт Аврагч, Бурханы Хүүг ховдог, архичин, чөтгөр шүглэсэн хэмээн нэрлэж байсан [Матай 11:19; Иохан 10:20-ийг үзнэ үү]. …

Сэргээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн ихэнх нь тэнгэрлэг элчүүдийг дэлхий дээрх хүмүүстэй ярьдаг гэдэгт огт итгэдэггүй. Тэнгэр элч алтан ялтаснуудыг авчирч, түүнийг Бурханы хүчээр хөрвүүлэх нь яаж ч бодсон боломжгүй зүйл гэж тэд хэлдэг. Энэхүү итгэлгүй байдлаасаа болж тэд Иосефын гэрчлэлийг хүлээн зөвшөөрөлгүй, хурдхан өнгөрөөдөг бөгөөд зарим нь бошиглогчийн амьдралыг ч үгүйсгэж, нэр төрийг нь гутаан доромжлох хүртлээ доошоо ордог нь харамсалтай. …

Иосеф Смитийн зан чанарын талаарх асуултуудад хариулахдаа бид түүнийг сайн таньдаг байсан, бүтээсэн үйлсэд нь амь биеэ зориулсан мянга мянган хүний үгийг хуваалцаж болох юм. …

Интернэтэд “үнэнийг” шалгах шүүлтүүр байхгүй гэдгийг үнэнийг олж мэдэхийг хүсэгчдэд бид сануулж болно. Зарим мэдээлэл хэчнээн үнэмшилтэй ч, шуудхан хэлэхэд үнэн байх нь үгүй билээ. …

Иосефын талаарх зарим мэдээлэл үнэн байдаг ч тэдгээрийг цаг хугацаа, нөхцөл байдлаас гадуур, тэс өөр агуулгатайгаар танилцуулсан байдгийг үнэнийг олж мэдэх хүсэлтэй хүмүүст сануулах нь зүйтэй болов уу. …

Итгэгч бүр бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг үйл хэрэг, зан чанарын талаарх сүнслэг баталгааг авах ёстой. Энэ нь бүх үеийн, бүх насны хүмүүст хамаатай. Сүнслэг асуултуудад Бурханаас сүнслэг хариулт өгөгдөх ёстой юм. …

Бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэл хүн бүрд өөр өөр арга замаар ирж болно. Та өвдөглөн суугаад, түүнийг жинхэнэ бошиглогч байсан эсэхийг Бурханаас асууж залбирах үед энэ гэрчлэл ирж болох юм. Таныг бошиглогчийн Анхны үзэгдлийн тухай гэрчлэлийг унших үед ч энэ нь ирж магадгүй. Мормоны Номыг дахин дахин унших явцад гэрчлэл таны бодгальд дусал дуслаар ирэн, хуримтлагдаж болно. … Итгэлтэй бөгөөд чин хүсэл эрмэлзэлтэй байснаар бошиглогч Иосеф Смитийн талаарх таны гэрчлэл хүчирхэгжинэ. (Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–35)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Иосеф Смитийн тухай болон түүний бошиглолын дуудлагын талаарх асуултынхаа хариултыг эрэлхийлэхдээ залбирал, найдвартай эх сурвалжийг оруулах нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Иосеф Смит ба түүний бошиглолын дуудлагын талаарх асуултуудад яагаад Бурханаас сүнслэг хариулт авах ёстой гэж та бодож байна вэ?