Институт
12-р хичээл: Багшийн материал: Сионы байр суурийг төлөвшүүлэх


“12-р хичээл: Багшийн материал: Сионы байр суурийг төлөвшүүлэх,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“12-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

12-р хичээл: Багшийн материал

Сионы байр суурийг төлөвшүүлэх

Их Эзэнийг Сионы байр суурийг төлөвшүүлэхийг зарлигласны дараа эртний гэгээнтнүүд Миссурийн Жаксон гүнлэгт цугларах газар барьж эхлэв. Энэ хичээл суралцагчдад өнөө үед Сионыг байгуулахад туслах арга замуудыг олж тогтооход туслах зорилготой.

Заах зөвлөмж

Их Эзэн Өөрийн хүмүүст Сионы байр суурийг төлөвшүүл хэмээн зарлигласан.

Тэнгэрлэг Эцэг өөрийг нь амьдралдаа юу хийгээсэй хэмээн хүсэж байгааг мэдэхийн тулд Түүнээс тусламж хүсэн хэд хэдэн удаа залбирч байсан талаараа бодож үзэхэд суралцагчдыг урь.

1829 оны хавар Сүм зохион байгуулагдахаас өмнө Иосеф Смит Оливер Каудери, Хайрум Смит, Иосеф Найт нарын өмнөөс илчлэлт хүлээн авсан гэдгийг тайлбарла. Эдгээр эр бүгд Их Эзэн өөрсдөөр нь юу хийлгэмээр байгааг мэдэхийг хүсэж байв. Сургаал ба Гэрээ 6:6; 11:6; 12:6 гэсэн судрын эшлэлүүдийг самбарт бич.

Суралцагчдыг шүлгүүдийг чимээгүй уншаад, Их Эзэн уг эрчүүдэд нэг бүрчлэн юу гэж хэлснийг хайж олоход урь.

  • “Сионы ашиг сонирхлыг авчирч мөн төлөвшүүлэх” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Сургаал ба Гэрээ 6:6).

Нэг суралцагчийг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгээс Иосеф Смитийн хэлсэн мэдэгдлийг чанга уншихад урь. Эсвэл та “Teachings of Joseph Smith: Preparing for Zion” (1:42) видео бичлэгийг үзүүлж болно. Ангийнхнаас Иосеф Смит Сионы талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс.

  • Сион яагаад бүх үед Бурханы хүмүүст хамаатай ашиг сонирхол байсан гэж та бодож байна вэ? (Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалаас сурч мэдсэн зүйлээ эргэн санахад урамшуулан дэмж.)

Бид … аар Сионыг байгуулж чадна гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

1830 оны 11, 12-р сард Иосеф Смит Библийн сүнсээр өдөөгдсөн орчуулга дээр ажиллаж байгаад, эртний бошиглогч Енох болон түүний хүмүүсийн тухай илчлэлтүүдийг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Мосе 7:18–19, 21-ийг, өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 97:21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн Сионыг хэрхэн дүрсэлснийг олж сонсохыг хүс.

  • Өнөө үед Сионыг хэрхэн байгуулах талаар мэдэхэд маань туслах юуг бид Их Эзэний Сионы талаарх тайлбараас сурч мэдэж болох вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр, гүйцэд бус өгүүлбэрийн доор жагсааж бич.) Суралцагчдын хариулт өөр өөр байж болох ч Бид зүрх сэтгэл, оюун ухаандаа нэг болж, зөв шударга амьдарч мөн ядуус болон гачигдалтай хүмүүсийг халамжилж, зүрх сэтгэлдээ цэвэр ариун байхыг хичээснээр Сионыг байгуулж чадна гэсэнтэй адил хэд хэдэн жишээг багтааж болно.)

  • Хүн бүр “нэг зүрх, нэг оюун ухаантай” байвал гэр бүл, тойрог эсвэл салбарт ямар өөрчлөлтийг хийж чадах вэ?

Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгээс Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны мэдэгдлийг эргэн харахыг хүс. Бид хэрхэн нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болж болохыг хайж олохыг суралцагчдаас хүс. Тэднийг хуваалцсаны дараа та Аврагчийг амьдралынхаа төвд байрлуулж мөн Сүмийн удирдагчдаа дагаснаар гэсэн өгүүлбэрийг самбар дээрх жагсаалтад нэмж болно.

  • Аврагчийг амьдралынхаа төвд байрлуулж, Сүмийн удирдагчдаа дагах нь Сионыхтой адил хүмүүс болоход маань хэрхэн тусална гэж та бодож байна вэ?

Гэгээнтнүүд Миссурийн Жаксон гүнлэгт Сион хотыг байгуулах гэж хичээсэн.

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө Их Эзэний хүмүүс дахин хамтдаа цугларч мөн өөр нэгэн Сион хотыг байгуулах болно (Мосе 7:62-г үзнэ үү) гэдгийг гэгээнтнүүд Мосе 7-оос мэдэж авсан гэдгийг тайлбарла. Бошиглогч Иосеф Смит Мосе 7 дээр цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн аваад хэдэн сар болсны дараа, ирээдүйн энэ Сион хотын талаар илүү ихийг илчилсэн өөр нэг илчлэлтийг Сүмийн чуулганы үеэр хүлээн авсан байна (Сургаал ба Гэрээ 45-ыг үзнэ үү).

Ангийнхныг Сургаал ба Гэрээ 45:66–71-ийг хамтдаа уншиж, Сион хотын талаарх тодорхойлолтыг хайж олоход урь.

  • Энэ илчлэлт эхэн үеийн гэгээнтнүүдэд ямар нөлөө үзүүлсэн байх гэж та төсөөлж байна вэ?

Иосеф Смит дараа нь Сион хотын “төв газар” нь Миссурийн Жаксон гүнлэгийн Индепенденс болохыг илчлэлтээр дамжуулан мэдэж авсан гэдгийг суралцагчдад сануул (Сургаал ба Гэрээ 57:3).

  • Ямар бэрхшээл гэгээнтнүүдийг Жаксон гүнлэгт Сион хотыг байгуулахад саад болсон бэ? (Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгээс сурч мэдсэн зүйлээ эргэн санахад урамшуул.)

  • Гэгээнтнүүд Жаксон гүнлэгээс хөөгдсөнийхөө дараа юу гэж асуусан байж болох вэ?

Сион зөвхөн зөв шударга байдлын зарчмууд дээр байгуулагдах ёстой.

Танхайрагчид гэгээнтнүүдийг Миссурийн Жаксон гүнлэгээс хүчээр хөөн зайлуулсны дараах хэдэн сарын туршид Иосеф Смит “Бурхан яагаад Сионы дээр ийм агуу гай гамшиг тохиохыг тэвчинэ вэ?,” “[Сионыг] хэрхэн буцааж өвийн нутагт нь авчрах вэ?” (“Letter to Edward Partridge and Others, 10 December 1833,” josephsmithpapers.org) гэх мэт асуултуудын хариуг олж мэдэхийг хичээж байв. Их Эзэн эцэст нь гэгээнтнүүд яагаад хавчигдаж, хөөгдөх болсон шалтгаануудыг Иосефт хэлж өгсөн байна.

Ангийн нэг хагасыг хичээлд бэлтгэх материалын 3-р хэсгээс өөрсдийн судалсан Сургаал ба Гэрээ 101:2–3, 6–8-ыг мөн нөгөө хагасыг Сургаал ба Гэрээ 105:3–6-г эргэн харахад урь. Суралцагчдаас тунгаан бодохыг хүссэн дараах асуултуудын талаар бодлоо хуваалцахыг хүс.

  • Миссурийн Жаксон гүнлэгт Сионы ашиг сонирхлыг төлөвшүүлэхэд гэгээнтнүүдэд юу саад болсон бэ?

  • Их Эзэн хожмын үед Сионыг барьж байгуулахыг хүсэж буй хүмүүсийг ямар үйлдэл, хандлагатай байхыг шаарддаг вэ? (Самбар дээрх Бид …-аар Сионыг байгуулж чадна гэдэг өгүүлбэрийн доорх жагсаалтад суралцагчдын хариултуудыг нэм.)

Хэдийгээр Миссурийн Индепенденс нь Сионы “төв газар” (Сургаал ба Гэрээ 57:3) мөн боловч бошиглогч Иосеф Смит “гэгээнтнүүдийн цуглардаг аливаа газар бол Сион юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 211) хэмээн заасан гэдгийг тайлбарла. Өнөө үед үүнд дэлхий даяарх Сүмийн бүх гадас орно.

Иосеф Смитийн хэлсэн дараах эшлэлийг үзүүлнэ үү.

“Бид Сионыг хамгийн агуу зорилгоо болгон байгуулах ёстой” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 211).

  • Сионы талаар мэдэж авсан бүхэн дээрээ үндэслэвэл, Сионыг байгуулах нь яагаад бидний хамгийн том зорилгуудын нэг байх ёстой гэж та бодож байна вэ?

Суралцагчдад эхэн үеийн гэгээнтнүүдийн туршлагаас болон Сионыг байгуулахтай холбоотой илчлэлтүүдээс мэдэж авсан зүйлээ эргэн харах цаг өг. Тэднийг Сионыг гэр орон, тойрог, салбартаа байгуулахад туслахын тулд яг одоо юу хийж чадахаа эргэцүүлэн бодоход урь. Та тэднийг өөрт төрсөн бодол, сэтгэгдлээ бичихэд урамшуулж болно. Та мөн хэдэн суралцагчаас юу хийх талаараа хуваалцахыг хүсэж болно. Хэт хувийн шинжтэй зүйлээ хуваалцахгүй байхыг тэдэнд сануул.

Дараагийн хичээлээр

Гэгээнтнүүдэд Сионыг байгуулахад нь туслахын тулд Их Эзэн бүхнээ зориулах болон ёс суртахуун, эрүүл мэнд, Хүндэтгэлийн өдрийн мөн бусад хуулийг илчилсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг дараагийн хичээлдээ бэлтгэж байх явцад эдгээр сэдвээс нэгийг юм уу хэд хэдийг судлах боломж гарна гэдгийг онцлон хэл. Суралцагчдыг эдгээр хуулийн нэг юм уу үүнээс илүү зүйлийн талаар олж мэдсэн, онцгой санагдсан зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урамшуул.