Институт
13-р хичээл: Багшийн материал: Бурханы хуулиуд


“13-р хичээл: Багшийн материал: Бурханы хуулиуд,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“13-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

13-р хичээл: Багшийн материал

Бурханы хуулиуд

Их Эзэн Иосеф Смитээр болон дараачийн бошиглогчдоор дамжуулан энэхүү эрин үед Өөрийн хууль, зарлигуудыг дахин илчилсэн юм. Энэ хичээл нь Бурханы хүүхдүүддээ зарлигуудыг өгөх болсон бурханлаг зорилгуудыг тайлбарлахад суралцагчдыг бэлтгэнэ. Түүнчлэн Их Эзэний зарлигуудыг илүү итгэлтэй дагахын тулд юу хийж болохоо тодорхойлоход суралцагчдыг урих болно.

Заах зөвлөмж

Их Эзэн бидний авралын төлөө хууль, зарлигуудыг өгдөг.

Суралцагчдад “Why Does God Give Us Commandments?” (0:39) видео бичлэгийг үзүүлээд, зарим хүн Бурханы зарлигуудыг хэрхэн үздэгийг тайлбарлаж буй ямар нэгэн зүйлийг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Энэ видео бичлэг зарим залуу хүний Бурханы хууль, зарлигуудад хандах хандлагыг хэрхэн харуулж байна вэ?

  • Бурханы хуулийг хязгаарлагдмал гэж хардаг хүмүүс юуг буруу ойлгож байж болох вэ?

Бурханы хуульд зөвхөн бие махбодын хамгаалалт, мөнх бус сорилтоос илүү чухал зорилго бий гэдгийг тайлбарла. Бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ Их Эзэн гэгээнтнүүдэд Бурхан хүүхдүүддээ хууль, зарлигуудыг өгдөг илүү дээд шалтгаануудыг заасан байдаг. Ангийн нэг хагасыг Сургаал ба Гэрээ 93:19–20-ийг, нөгөө хагасыг Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг дотроо уншихыг хүс. Суралцагчдаас Бурханы хууль, зарлигуудыг сахидаг хүмүүст Их Эзэний амласан амлалтуудыг хайж олохыг хүс. Суралцагчдаар олж мэдсэн зүйлийг нь хуваалцуул.

Сургаал ба Гэрээ 93:19–20 дээр дурдсан Бурханы “бүрэн байдал” гэдэг нь Бурханы дэргэд очиж, Эцэг, Хүү хоёртой адил болох мөнх амьдралын амлалт (Сургаал ба Гэрээ 76:94-ийг үзнэ үү) гэдгийг онцлон хэл.

  • Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ яагаад зарлиг өгдөг тухай үнэнийг эдгээр судрын эшлэлээс та хэрхэн дүгнэн хэлэх вэ? (Суралцагчдын хэлснийг ашиглан, Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг адисалж мөн Өөртэй нь адил болоход туслахын тулд тэдэнд зарлигуудыг өгдөг гэсэнтэй төстэй сургаалын мэдэгдлийг самбар дээр бич эсвэл харуул.)

Суралцагчдын энэ үнэнийг ойлгох ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнландын дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс.

Бурханы төлөвлөгөө нь судруудад зарлиг хэмээн нэрлэсэн бидэнд шаардлагатай зааварчилгааг хамруулсан байдаг. Эдгээр зарлиг тушаал биднийг зөвхөн дуулгавартай байхад сургах зориулалттай, дээрээс тавигдсан дүрэм журмын тохиолдлын эсвэл сонирхолтой цуглуулга байдаггүй. Тэдгээр нь бидний бурханлаг байдлаа хөгжүүлэх, Тэнгэрлэг Эцэгтээ буцаж ирэх болон урт удаан үргэлжлэх аз жаргал, баяр баясгаланг хүлээн авахтай холбогдсон байдаг. (“Өнөөдөр өөрсдөдөө сонго,” Ensign эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107)

  • Зарлигууд нь Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын биднийг гэсэн хайрыг хэрхэн илтгэдэг вэ?

  • Зарлигуудыг бурханлаг байдлын шинж чанаруудыг олж авч, баяр баясгалантай болоход туслах хайрын заавар гэж үзэх нь бидний амьдралд ямар өөрчлөлт авчирдаг вэ?

Их Эзэн гэгээнтнүүдэд Өөрийн хуулийг өгдөг.

Бошиглогч Иосеф Смит Огайогийн Көртланд руу нүүгээд удаагүй байхдаа, Өөрийн Сүмд өгсөн Их Эзэний хуулийг агуулсан илчлэлтийг хүлээн авсан (Сургаал ба Гэрээ 42-ыг үзнэ үү) гэдгийг суралцагчдад сануул. Дараагийн жилүүдэд Их Эзэн гэгээнтнүүдэд илүү олон хууль заасан.

  • Их Эзэн энэ эрин үед ямар ямар эртний хууль, зарлигуудыг дахин баталсан бэ?

Суралцагчдад хичээлд бэлтгэх материал дээрх даалгаврыг сануул. Суралцагчдад судалсан хууль эсвэл хуулиудаа эргэн харах хэдэн минут өг. Хичээлд бэлтгэх материалд тоймлосон хуулиудын аль нэгийг судлаагүй суралцагчдад энэ хугацаанд адил даалгавар гүйцэтгэхийг даалга.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Жижиг бүлгийн ярилцлага, даалгаврууд суралцагчдыг илүү гүн гүнзгий судлахад тусална. Ангийнхныг хоёр хоёроор нь болон жижиг бүлгүүдэд хуваах нь илүү олон суралцагчид бодол санаа, мэдрэмжээ илэрхийлэх, бие биедээ заах боломжийг олгодог. Суралцагчдад хамтдаа илүү утга учир бүхий туршлага хуримтлуулахад туслахын тулд тэднийг ярилцаж эхлэхийн өмнө ярих сэдвийнхээ зорилго, хамаарлыг ойлгож байгаа эсэхэд анхаар. Та ярилцлага удирдах хүнийг томилж эсвэл нэг суралцагчийг эхэлж хуваалцуулахаар сонгож болно.

Хангалттай цаг өнгөрсний дараа ангийнхныг судлахаар сонгосон хуулийнх нь дагуу жижиг бүлгүүдэд (нэг бүлэгт хоёроос таван суралцагч байхаар) хуваа. Жишээ нь, бүхнээ зориулах хуулийг судлахаар сонгосон хоёроос таван суралцагч нэг бүлэг болж болно. Хэрэв таваас дээш суралцагч нэг хуулийг судлахаар сонгосон бол тухайн хуулийн талаар ярилцах хэдэн бүлэг гаргаж болох юм. (Хэрэв танай анги жижиг бол эсвэл зөвхөн нэг суралцагч нэг хууль судлахаар сонгосон бол энэ үйл ажиллагааг ангийнхаа хэрэгцээнд нийцүүлэн тохируулна уу. Жишээлбэл, тухайн суралцагчийг судалсан зүйлээ тантай эсвэл өөр сэдвээр судалсан бүлгийнхэнтэй хуваалцахад урьж болно.)

Суралцагчдаас бүлгийн нэг гишүүнээ удирдагчаар томилохыг хүс. Бүлгийн удирдагч бүрд “Бурханы хуулиуд” гэсэн тараах материалын хуулбарыг өг.

Бурханы хуулиуд

Бүлгийн удирдагчдад өгөх заавар: Өөрийн бүлгийг дараах асуултуудыг утга учиртай ярилцахад удирд. Бүлгийн гишүүн бүрийг ярилцлагадаа багтаахад анхаар.

  1. Та нар судалж байх явцдаа ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

  2. Өнөө үед энэ хуулийг дагаж мөрдөхөд ямар бэрхшээл тулгардаг вэ, мөн эдгээрийг хэрхэн даван туулж болох вэ?

  3. Энэ хуулийг сахиснаар та болон танай гэр бүл ямар ямар адислал хүлээн авч байсан бэ?

  4. Энэ хуулийг дагах нь Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход тань хэрхэн тусалж чадах вэ?

Ярилцлагаа дуусгахдаа, бүлгийнхээ ярилцлагаас хэдэн онцлох зүйлийг ангийнхантай хуваалцах нэг хүнийг сонго.

Бурханы хуулиуд

Зураг
Бурханы хуулиуд тараах материал

Бүлгүүдэд утга учиртай ярилцлага өрнүүлэх 10 минут юм уу хангалттай хугацаа өг. Хангалттай хугацаа өгсний дараа бүлэг бүрээс төлөөллийг урьж, ярилцлагаасаа гарсан хэдэн онцлох зүйлийг ангийнхантайгаа хуваалцахад урь. Төлөөлөл бүрийг өөрийнх нь судалсан хуулийг дуулгавартай дагах нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болоход бидэнд хэрхэн тусалж чадах талаар хуваалцахад урамшуул.

Бурханы хууль, зарлигуудад дуулгавартай байх нь амьдралыг тань хэрхэн адисалж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болоход тусалсан талаар гэрчлэлээ хуваалц.

Дараах асуултуудыг үзүүл. Суралцагчдад асуултуудаа тунгаан бодох, төрсөн сэтгэгдлээ бичих, үйлдэл хийх алхмуудаа тодорхойлох цаг гаргаж өг. Суралцагчдыг өөрт төрсөн мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд Тэнгэрлэг Эцэгийн тусламж, удирдамжийг залбирч эрэлхийлэхэд урамшуул. Та бас тэднийг авсан амлалтынхаа дагуу үйлдэх хугацаагаа тодорхойлоход урьж болно.

  • Өнөөдөр хэлэлцсэн Их Эзэний зарлигуудын алиныг нь би илүү үнэнчээр дагаж чадах вэ?

  • Би энэ зарлигийг илүү бүрэн дүүрэн дагахын тулд яг юуг өөрчилж, хийж эхэлж эсвэл хийхээ болих хэрэгтэй вэ?

  • Энэхүү зарлигийг илүү нягт нямбай, илүү чин сэтгэлээсээ дагаснаар ямар адислал мөн бурханлаг чанар, баяр баясгалан миний амьдралд орж ирэх вэ?

Дараагийн хичээлээр

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэг өвөрмөц итгэл үнэмшил бол Бурхан нэмэлт судар өгснөөр хүүхдүүдээ удирдан чиглүүлдэг явдал гэдгийг тайлбарла. Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэх материалаа судалж мөн нэмэлт судар бидний Аврагчийн сайн мэдээний талаарх ойлголтыг хэрхэн тодотгож мөн гүнзгийрүүлдэг талаар хэлэлцэхээр бэлдэж ирэхэд урь.