Институт
26-р хичээл: Багшийн материал: Өрнөд дэх сүм


“26-р хичээл: Багшийн материал: Өрнөд дэх сүм,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“26-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

26-р хичээл: Багшийн материал

Өрнөд дэх сүм

Нэгдсэн Улсын Өмнөд хэсэгт Сүмийг байгуулсан явдал итгэлийн гайхалтай түүх юм. Энэхүү хичээл нь суралцагчдад Есүс Христ дээр сууриа тавьж, амьдралаа Түүний хаант улсыг байгуулахад зориулсан итгэлтэй гэгээнтнүүдээс сургамж авах боломжийг олгоно. Энэ нь суралцагчдад Аврагчийн сайн мэдээний сургаалаас асар их холдсоныг харуулсан Сүмийн түүхэн дэх нэг эмгэнэлт үйл явдал буюу Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагыг илүү сайн ойлгоход тусална.

Заах зөвлөмж

Гэгээнтнүүд Их Эзэний хаант улсыг итгэл, золиосоор дамжуулан барьж байгуулсаар байв.

Дараах бүтээлгийн зургийг үзүүл. Эсвэл өөрийнхөө бүтээлгийг ангид авчир. Суралцагчид үзэсгэлэнт зураг юм уу хээ гаргахын тулд олон утсыг нарийн төвөгтэй, ээдрээтэй холбоосоор нийлүүлэн сүлжих замаар бүтээлэг хийдгийг ойлгож байгаа эсэхэд анхаар.

Зураг
Бошиглогчдын болон ариун сүмийн бүтээлгийг үзүүл.

Нэг суралцагчийг өмнө нь Сүмийн түүхч, цэдэг хөтлөгчөөр үйлчилж байсан Далын ахлагч Стивэн Э.Снөүгийн хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь.

Зураг
Стивэн Э.Снөү

Хэрэв та Сүмийн түүхийг хавмал юм уу сүлжмэл бүтээлэг гэж үзвэл энэ нь миний мэдэх хамгийн баялаг, үзэсгэлэнтэй бүтээл байх байсан. Хэрэв та үүнийг сайтар ажиглах юм бол энэхүү үзэсгэлэнт хавмал юм уу сүлжмэл бүтээлгийн өвөрмөц утаснуудыг олж харах бөгөөд хэрэв та эдгээрээс татаж, үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх юм бол манай түүхийн гайхамшигт захиасыг олж харахгүй байх болно. Хэрэв та эргэж очоод, хавмал юм уу сүлжмэл бүтээлгийг бүтнээр нь харвал энэ нь үнэхээр үзэмжтэй гоёмсог байсныг олж харах болно. (Steven E. Snow, “Start with Faith: A Conversation with Elder Steven E. Snow,” Religious Educator, no. 3 [2013], 11)

Өрнөд дэх Сүмийн эртний түүхэнд олон мянган гэгээнтэн Есүс Христийг дагаж, Их Эзэний Сүмийг байгуулахын тулд хүч чармайлт гаргаснаар итгэлийн гоёмсог бүтээлгийг бүтээлцсэн гэдгийг тайлбарла.

Хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгээс хэн хэн ямар түүхийг уншсаныг олж мэд. Түүх болгоныг уншихдаа, нэг суралцагчаас дараах зүйлийг хийхэд урь.

  1. Түүний уншсан түүхийг нэгтгэн дүгнэ.

  2. Энэ түүхэнд хожмын үеийн гэгээнтэн эсвэл гэгээнтнүүд Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлээ хэрхэн харуулсныг тайлбарла.

  3. Энэ түүхээс авсан сургамж юм уу зарчмыг тайлбарла.

Адил түүх уншсан бусад суралцагчид дараагийн түүх рүү орохынхоо өмнө өөрсдийн бодол санааг нэмэх боломж олго.

Сүмийн эхэн үеийн зарим гишүүн Маунтэйн Мийдөүст алан хядлага төлөвлөж, хийсэн.

Дараах зургийг үзүүлээд, энэ бол Юта мужийн өмнөд хэсэгт Сүмийн барьсан, Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагын дурсгалт хөшөө гэдгийг суралцагчдад тайлбарла. Маунтэйн Мийдөүст болсон эмгэнэлт явдал гэгээнтнүүдийн түүхийн бүтээлгийг бүтээхэд орсон нэг харамсалтай утас гэдгийг тайлбарла.

Зураг
Маунтэйн Мийдөүсийн хөшөө

Суралцагчдаас Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагын талаар уншсан зүйлээсээ юу сурсныг асуу. Суралцагчид 1857 оны 9-р сарын 11-нд Ютагийн өмнөд хэсгийн 50-60 цагдаагийн цэргийн хүч Америкийн индиан холбоотнуудын тусламжтайгаар Калифорни руу гар тэргээр явж байсан 120 орчим цагаачийг алж устгасан гэдгийг ойлгосон байхад анхаар. Тэндээс ердөө 17 хүүхэд амьд гарсан юм.

  • Маунтэйн Мийдөүсийн эмгэнэлт явдлын үр дүн ямар үйл явдал, сонголтуудад хүргэсэн бэ? (Шаардлагатай бол суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгийг унших цөөхөн минут гаргаж өг.)

Суралцагчдаас эдгээр суурьшсан иргэнд өөр сонголт хийхэд тусалж болох байсан судрын зарчим болон үнэнүүдийг хуваалцахыг хүс. (Зарим жишээнд Сургаалт үгс 28:13; 3 Нифай 12:24–25, 43–44; Сургаал ба Гэрээ 64:9–11 орж болно.)

  • Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагын эмгэнэлт явдлаас бид юу ойлгож мэдэж болох вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бичих талаар бодож үз.)

Суралцагчдад эдгээр зарчим тэдний амьдралд хэрхэн шаардлагагүй санаа зовнилоос сэргийлж болохыг бичих юм уу хуваалцах нэг, хоёр минут гаргаж өг.

Орон нутгийн Сүмийн зарим гишүүн болон удирдагч Маунтэйн Мийдөүст болсон хядлагыг төлөвлөж, гүйцэтгэхэд оролцсон тул зарим хүнд энэ үйл явдлыг Сүмийг бүхэлд нь сөргөөр хардаг болоход нөлөөлсөн гэдгийг тайлбарла.

  • Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагаас болж Сүмийн талаар сөрөг бодолтой болсон хүнд та юу гэж хэлэх вэ? (Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгээс сурсан зүйлээ зурахад урь.)

Суралцагчдыг Хиламан 5:12-ын зарчмыг уншаад, нэг зарчмыг олж тогтооход урь. Дараах мэдэгдлийг үзүүл. Нэг суралцагчийг үүнийг чанга уншихад уриад, ангийнхнаас энэ нь Хиламан 5:12-т заасан зарчмыг хэрхэн тайлбарлахыг хайж олохыг хүс.

Жэймс Сандэрс бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бөгөөд алан хядлагын үеэр амьд үлдсэн хүүхдүүдийн нэг болох Нанси Сафрона Хаффын зээнцэр хүү юм. “Би одоо ч гэсэн шаналж, энэ алан хядлага болсонд уурлаж хилэгнэн, уйтгар гунигийг мэдэрдэг. … Гэхдээ би үүнийг үйлдсэн хүмүүс Их Эзэний өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг бас мэдэх бөгөөд энэ нь надад амар амгаланг авчирдаг” хэмээн Сандэрс ах алан хядлагын талаарх өөрийн бодлыг хуваалцсан юм. Сандэрс ах “түүний өвөг дээдэс аллагын үеэр үхсэн болохыг олж мэдсэн нь ‘өөр ямар нэгэн хүн дээр биш харин Есүс Христ дээр суурилсан түүний итгэлд огтхон ч нөлөөлөөгүй’ гэсэн байна” (Richard E. Turley Jr., “The Mountain Meadows Massacre,” Ensign, 2007 оны 9-р сар, 21).

  • Хиламан 5:12-т заасан зарчим Жэймс Сандэрсын мэдэгдлээс хэрхэн харагдаж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, Есүс Христийн болон Түүний сайн мэдээн дээр суурилан, итгэлээ хүчирхэгжүүлэх нь Сүмийн гишүүдийг алдаа дутагдал гаргасан ч хүчтэй хэвээр байхад тусалж чадна гэсэн зарчмыг самбарт бич.)

  • Сүмийн гишүүд сургаалын дагуу амьдрахгүй байгааг олж мэдэх нь Есүс Христэд итгэлээ хандуулахад бидэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Итгэлээ Есүс Христийн суурин дээр барьж босгон, хадгалж үлдэхэд тусалдаг ямар зүйлийг та хийдэг вэ?

Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ хадгалж үлдэн, хүчирхэгжүүлэхийн тулд хийх ёстой зүйлсээ бодож, бичих хугацааг суралцагчдад олго.

Сүмийн гишүүдийн алдаа дутагдлыг үл харгалзан Аврагчийн сургаалын дагуу амьдрах, итгэлээ Түүн дээр мөн Түүний сайн мэдээнд суурилуулахын ач холбогдлыг гэрчил. Бид ингэснээр итгэлтэй эхэн үеийн гэгээнтнүүдтэй адилаар Христийн хаант улсыг урагш авчрахад тусалж чадна.

Дараагийн хичээлээр

Яагаад Сүм хэсэг хугацаанд африк гаралтай хар арьстай гишүүдэд санваарын эрх мэдэл өгөхийг мөн зарим ариун сүмийн ёслол хийлгэхийг нь хязгаарлаж байсан талаар хэн нэгэн тэднээс асууж байсан эсэхийг суралцагчдаас асуу. Дараагийн хичээлийн бэлтгэлээр энэ сэдвийн талаар мөн бошиглогчдын олон жилийн өмнөөс урьдчилан харсан Албан тунхаг 2-той холбоотой илчлэлтийн талаар суралцах болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ болон энэ сэдвийн талаарх асуултаа ярилцахад бэлдэж ирэхэд урь.