Институт
19-р хичээл: Багшийн материал: Нас барагсдын гэтэлгэл


“19-р хичээл: Багшийн материал: Нас барагсдын гэтэлгэл,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“19-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

19-р хичээл: Багшийн материал

Нас барагсдын гэтэлгэл

Бурханы хожмын үеийн гэгээнтнүүдэд өгсөн хамгийн агуу үүргүүдийн нэг нь нас барагсдаа гэтэлгэхэд туслах явдал юм гэж бошиглогч Иосеф Смит заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 539). Энэ хичээл суралцагчдад нас барагсдын гэтэлгэл Бурханы төлөвлөгөөнд яагаад ийм чухал болохыг ойлгож мөн хуваалцан, гэр бүлийн түүх болон ариун сүмийн үйлчлэлд бүрэн дүүрэн оролцох хүслээ нэмэгдүүлэхэд нь туслах зорилготой.

Заах зөвлөмж

Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан нас барагсдын гэтэлгэлийн сургаалыг илчилсэн.

Дараах зургийг үзүүлээд, энэ нь Иосефыг хөлний хагалгаанд орсны дараа, дүүгээ үүрч яваа Алвин Смитийг харуулсныг тайлбарла. Суралцагчдаас хичээлд бэлтгэх материалаас Иосеф Алвин ахдаа хэр ханддаг байсан мөн түүнд юу тохиолдсон талаар эргэн санахад урь.

Зураг
  • Пресбитерийн тохинуулагч Алвины оршуулга дээр Смитийн гэрийнхэнд юу гэж хэлсэн бэ?

  • Хэрэв та Иосефын гэр бүлийн гишүүн байсан бол танд эдгээр үгийг сонсох ямар санагдах байсан бол?

Уг тохинуулагчийн үг баптисм нь авралд зайлшгүй шаардлагатай гэсэн Шинэ Гэрээн дээр заадаг итгэл үнэмшлийг харуулсан болохыг суралцагчдад сануул (Иохан 3:5-ыг үзнэ үү). Суралцагчдаас Иосеф Смитийн 1836 онд хүлээн авсан селестиел хаант улсын талаарх Сургаал ба Гэрээ 137:1, 5–8 дээр цэдэглэгдсэн үзэгдлийг давтан уншиж мөн Иосеф Смит өөрийн ах Алвины талаар юу мэдэж авсныг хайж олохыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Энэ илчлэлт авралын төлөвлөгөөний талаар ямар үнэнийг сэргээж мөн тодруулж тусалдаг вэ? Иосефт эдгээр үнэнийг олж мэдэх үед ямар бодол, мэдрэмж төрсөн байх гэж та бодож байна вэ?

Иосеф Смит Алвины селестиел хаант улсад байгаа үзэгдлийг харснаас хойш 4 жил хагасын дараа Наувугийн гэгээнтнүүдэд Алвин шиг энэ амьдралдаа баптисм хүртээгүй хүмүүс хэрхэн Бурханы хаант улсад аврагдаж болох тухай зааж байжээ. Бошиглогч 1840 оны 8-р сарын 15-нд болсон оршуулгын ёслол дээр нас барагсдын өмнөөс хүртэх баптисмын талаарх сургаалыг танилцуулсан юм (Church History Topics, “Baptism for the Dead,” ChurchofJesusChrist.org).

Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа Вилат Кимбаллын захианы хэсгийг хоёр хоёроороо юм уу жижиг бүлгээр хуваагдаж уншихад урь. Дараа нь дараах асуултуудыг харуулаад (бас хичээлд бэлтгэх материалын 1-р хэсэгт бий), суралцагчдыг дараах асуултуудыг ярилцахад урь.

  • Нас барагсдын гэтэлгэлийг юу ийм “гайхамшигт сургаал” болгож байна гэж та бодож байна вэ?

  • Энэ сургаал Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын зан чанар болон хүслийн талаар юу зааж байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 128:15-д цэдэглэсэн бошиглогч Иосеф Смитийн заасан зүйлсийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан уншаад, нас барагсдыг гэтэлгэх ажилд оролцох нь бидэнд яагаад ийм чухал болохыг хайж олохыг хүс.

  • Энэ шүлгийн дагуу бид нас барагсдын төлөө авралын ёслолуудыг гүйцэлдүүлэх нь яагаад чухал вэ? (Суралцагчид дараахыг оролцуулаад хэд хэдэн үнэнийг олж тогтоож болно. Үүнд: Сайн мэдээний авралын ёслолууд байгаагүй байсан бол сайн мэдээ хүлээн авалгүй нас барсан өвөг дээдэс маань өргөмжлөгдөхөөр өсөж хөгжиж чадахгүй байсан. Нас барсан өвөг дээдсийн маань аврал бидний өөрсдийн авралд нэн чухал билээ.)

  • Бидний өвөг дээдсийн аврал хэрхэн “бидний өөрсдийн авралд чухал, шаардлагатай” байдаг гэж та бодож байна вэ?

Ярилцлагынхаа хэсэг болгож, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс.

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлууд нь сүнсний дэлхий дээрх хүмүүсийг адислах хүчтэйгээс гадна амьд хүмүүсийг ч бас адислах хүчтэй. Энэ үйлсэд хүчин зүтгэж буй тэднийг энэхүү ажил ариусган цэвэршүүлэх нөлөөтэй. Үнэхээр тэд гэр бүлүүдийнхээ өргөмжлөлд хүрэхэд тусалж байгаа юм.

Бид Хүчит Бурханы оршихуйд хамаатан саднаараа хамтдаа орших үед өргөмжлөгддөг. (Рассэлл М.Нэлсон, “Хайраар холбогдсон үе үеийнхэн,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101–104, налуу бичилт нэмэгдсэн).

Жозеф Ф.Смит нас барагсдыг гэтэлгэх тухай үзэгдэл харсан.

Бошиглогч Иосеф Смитийг нас барсны дараа ч гэсэн Их Эзэн нас барагсдыг гэтэлгэх төлөвлөгөөнийхөө талаар “шат шатаар” (Сургаал ба Гэрээ 98:12) илчилсээр байсан гэдгийг тайлбарла. 1918 онд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит нас барагсдыг гэтэлгэх тухай үзэгдэл хүлээн авав.

  • Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн ямар туршлага хийгээд дэлхийн үйл явдлууд энэ үзэгдлийг цагаа олсон үйл явдал болгосон бэ? (Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгээс сурч мэдсэн зүйлээ санахад урамшуул.)

Ерөнхийлөгч Смит Есүс Христийн цагаатгах золиос болон сүнсний дэлхийд Аврагчийн айлчилж очсон талаар төлөөлөгч Петрийн заасан зүйлийг тунгаан бодож байх үедээ энэ үзэгдлийг үзсэн юм (Сургаал ба Гэрээ 138:1–11-ийг үзнэ үү). Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 138:28–34, 57-г дотроо уншаад, Аврагч Өөрийн богинохон айлчлалаар сүнсний дэлхийд юу хийснийг болон үүний үзүүлсэн нөлөөг олж мэдэхийг хүс.

  • Энэ судрын хэсэг дээрх үнэн бидэнд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг илүү сайн ойлгоход хэрхэн туслах вэ?

“Төлөөлөн хийх баптисм” (33-р шүлэг) гэсэн үгсийг онцол. Төлөөлөн хийх гэдэг нь өөр хэн нэгнийг орлон хийхийг хэлж байгааг тайлбарла.

Нэг суралцагчийг хичээлд бэлтгэх материалын 3-р хэсгээс ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь. Ангийнхнаас ахлагч Кристоффэрсон бидний нас барсан гэр бүлийн гишүүдийн төлөө ариун сүм дотор төлөөлөн хийдэг авралын ажлын талаар юу гэж заасныг хайж олохыг хүс.

  • Бид ахлагч Кристоффэрсоны зааснаас сурч мэдсэн зарчмаа хэрхэн дүгнэж болох вэ? (Суралцагчид Бид нас барсан гэр бүлийн гишүүдээ гэтэлгэх ажилд оролцсоноор Есүс Христийн талаар болон Түүний Цагаатгалын талаар гэрчилдэг гэсэнтэй адил үнэнийг олж тогтоож болно.)

  • Нас барагсдаа гэтэлгэх ажилд оролцож байгаа нь хэрхэн бидний Есүс Христийн болон Түүний Цагаатгалын тухай гэрчлэлийн илэрхийлэл болох вэ?

  • Гэр бүлийн түүх болон ариун сүмийн үйлчлэлд оролцох нь Аврагчтай илүү адил болоход бидэнд хэрхэн туслах вэ?

Их Эзэний бошиглогчид нас барагсдаа гэтэлгэхэд тусалдаг хүмүүст хүчирхэг амлалтууд өгсөн юм.

Би гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажилд оролцсоноор … гэсэн гүйцэд бус зарчмыг самбар дээр бич.

The Promised Blessings of Family History” (3:22) видео бичлэгийг үзүүл. Суралцагчдыг гэр бүлийн түүхийн ажил болон ариун сүмийн үйлчлэл хийдэг хүмүүсийн хүлээж байгаа адислалуудыг олж сонсохыг хүс. Суралцагчдын олж тогтоосон адислалуудыг самбар дээрх мэдэгдлийн доор бичихийг бод.

  • Аль амлагдсан амлалт таны хувьд чухал байна вэ, мөн яагаад?

  • Та болон таны гэр бүл ямар арга замаар гэр бүлийн түүхийн ажил болон ариун сүмийн үйлчлэлд оролцож байсан бэ? Та үүнийг хийснээр ямар адислалууд хүртэж байсан бэ?

Та гэр бүлийн түүхийн ажлаа хийхэд нь зааж сургах хэн нэгний талаар бодоход суралцагчдыг урьж болно. Хэрэв зарим суралцагч гэр бүлийн түүхийн ажлаа аль хэдийн хийж сурсан бол ангийнхаа өөр хэн нэгэнд зааж сургахад тэднийг урь. Хэрэв цаг гарвал та мөн суралцагчдад ChurchofJesusChrist.org/family-history дээрх гэр бүлийн түүхийн вэбсайтыг үзүүлж, сайтыг судлан, гэр бүлийн түүхийн ажилд хэрхэн илүү идэвхтэй оролцох нэмэлт санаа олж авахад тэднийг урамшуулан дэмж.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Сүнслэг өдөөлтийн дагуу үйлд. Сайн мэдээний зарчмаас суралцсан боловч амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол гүйцэд суралцаагүй гэсэн үг. Бид зүрх сэтгэлдээ үнэнийг хүлээн авч, энэ үнэний дагуу үйлдсэнээр сайн мэдээний сургаалыг хэрэгжүүлж байдаг. Суралцагчдыг судалсан сайн мэдээний үнэнүүдээ амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хүлээн авсан сүнслэг өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд урь.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг хуваалц.

Би та нарыг энэ жил гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажлыг илүү сайн хийхийн тулд, тэр тусмаа цаг заваа зарцуулах гэх мэт ямар ямар золиос гаргаж болох талаар залбирч, тунгаан бодоосой гэж урьж байна. (Russell M. Nelson, RootsTech Family Discovery Day—Opening Session 2017, ChurchofJesusChrist.org)

Суралцагчдыг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд илүү идэвхтэй оролцохын тулд ямар тодорхой золиос гаргахаа эсвэл ямар алхмууд хийхээ залбирч байгаад эргэцүүлэн бодож, дараа нь бичиж тэмдэглэхэд урь.

Дараагийн хичээлээр

Ариун сүмийн зураг үзүүл. Их Эзэн эрт үеэс эхлэн хүмүүстээ ариун сүм барихыг зарлигласан гэдгийг тайлбарла. Хожмын үеийн бошиглогчид сайн мэдээний хамгийн чухал адислалууд нь Их Эзэний ариун сүм дотор өгөгддөг хэмээн заадаг. Суралцагчдаас дараагийн хичээлд бэлтгэх материалыг судалж, Их Эзэн биднийг ариун сүмийн ёслол болон ариун сүмийн шүтлэг бишрэлээр дамжуулан хэрхэн адисалдгийг ярилцахаар бэлдэж ирэхийг хүс.