Институт
27-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Санваарын тухай илчлэлт


“27-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Санваарын тухай илчлэлт,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“27-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

27-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Санваарын тухай илчлэлт

Зураг
Ариун сүмийн өмнө зогсож буй гэр бүл

Африк гаралтай хар арьстан хожмын үеийн гэгээнтнүүдийг яагаад санваарт томилогдож, ариун сүмийн ёслолууд хүлээн авахыг нь хязгаарлаж байсан талаар та гайхаж байсан уу? Эсвэл хэн нэгэн танаас тайлбарла гэж асууж байсан уу? Та энэ талаар судалж байхдаа, санваарт томилох, ариун сүмд орохыг хязгаарладаг байсан тухай мэддэг, мэддэггүй зүйлсээ олж тогтоо. Энэ сэдвийг илүү сайн ойлгож, үүнийгээ бусдад үнэн зөв, итгэлтэй тайлбарлахад туслах үнэнүүдийг хайж олно уу.

1-р хэсэг

Санваарт томилох, ариун сүмд орох хязгаарлалтын талаар бид юу мэдэх вэ?

“Мормоны Ном нь ‘хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, Бурханд бүгд адил’ (2 Нифай 26:33) хэмээн заадаг. Сүмийн түүхийн турш олон улс орны бүхий л үндэстэн ястны хүмүүс баптисм хүртэж, Сүмийн итгэлтэй гишүүд болж амьдарсаар ирсэн. Иосеф Смитийн үед хар арьстай хэдхэн эрэгтэй Сүмийн гишүүн санваар хүртэж байв. Сүмийн түүхийн эхэн үед Сүмийн удирдагчид африк гаралтай хар эрэгтэйчүүдэд санваар хүртээхээ больсон байна. Сүмийн баримт бичигт энэ журмын үүсэл гарлын талаар тодорхой мэдээлэл байдаггүй” (Албан тунхаг 2-ын оршил).

Зураг
Элайжа Эйблийн хөрөг зураг

Элайжа Эйбл бол Сүмийн эхэн үеийн санваарт томилогдсон хар арьстай цөөн эрийн нэг байв.

Энэ үед хар арьстай эрэгтэй, эмэгтэйчүүд мөн адил ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч болдоггүй байсан ч баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахыг зөвшөөрдөг байжээ. Санваар болон ариун сүмийн хязгаарлалтын анхдагч шалтгааны талаар олон зүйл тодорхой болоогүй ч хожмын үеийн бошиглогчид, түүний дотор Бригам Янг, Дэвид О.Маккэй, Харолд Б.Лий нар арьс өнгөнөөс үл хамааран Сүмийн бүх зохистой гишүүн сайн мэдээний бүх адислалыг хүлээн авах боломжтой болох цаг ирэх болно хэмээн зааж байв (“The Long-Promised Day,” Ensign, June 2018, 34-ийг үзнэ үү).

Энэ олон жилийн туршид Сүмийн зарим удирдагч болон гишүүд яагаад санваарт томилох болон ариун сүмд орохыг хязгаарладаг болсныг янз бүрээр тайлбарласаар ирсэн. Гэхдээ эдгээр мэдэгдэл нь үзэл бодол төдий зүйл бөгөөд Сүмийн сургаалыг төлөөлдөггүй.

Санваарт томилох болон ариун сүмд орох хязгаарлалтыг цуцлах үед хараахан төлөөлөгч болоогүй байсан Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс эдгээр хязгаарлалтыг цуцалсан илчлэлт өгөгдөхийн өмнө энэ талаарх өөрийн бодлын талаар ярьсан юм.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Би эдгээр хоригийг өөрийн биеэр мэдэрч, [өөрсдөө] учир шалтгааныг эрэлхийлж байсан хүмүүсийн зовлон, мухардлыг өөрийн нүдээр харж байсан. Би тухайн үед өгөгдсөн шалтгаануудыг судалсан ч аль ч үнэнийх нь баталгааг мэдрэхгүй байв. Би залбирч судалсныхаа үр дүнд Их Эзэн ерөнхийдөө Өөрийн үйлчлүүлэгчид өгдөг зарлиг, удирдамжуудынхаа шалтгааныг бараг өгдөггүй болохыг сурч мэдсэн. Би зөн билэгтэй удирдагчдадаа үнэнч үлдэж, эдгээр хязгаарлалтыг тавихад өгөгдсөн амлалтын дагуу бүх хүн санваар болон ариун сүмийн адислалаас хүртэх тэр өдөр ирэхийн төлөө залбирахаар шийдсэн билээ. (“President Oaks Remarks at Worldwide Priesthood Celebration,” Be One—A Celebration of the Revelation on the Priesthood, June 1, 2018, newsroom.ChurchofJesusChrist.org)

2-р хэсэг

Сүмийн бүх зохистой эрэгтэй гишүүнийг санваарт томилох мөн зохистой бүх гишүүнд ариун сүмийн адислалаас хүртэхийг зөвшөөрсөн Их Эзэний илчлэлтэд ямар нөхцөл байдал нөлөөлсөн бэ?

1964 онд Ганын Кейп Костын Жосеф Виллиам Билли гэгч Мормоны Номыг болон өөрт байсан Сүмийн бусад ном зохиолыг уншаад, сэргээгдсэн сайн мэдээний талаар гэрчлэлтэй болсон байна. Жонсон ах болон Сүмд нэгдсэн бусад хүн номлогчдыг Африк руу илгээж, өөрт нь болон түүний сайн мэдээ хуваалцсан хүмүүст баптисм хүртээхийг хүсэж, ерөнхийлөгч Давид О.Маккэйд захидал илгээжээ. Ерөнхийлөгч Маккэй номлогчдыг “Их Эзэний цаг хугацаанд” илгээнэ, харин тэр болтол Жонсон ахыг сайн мэдээг үргэлжлүүлэн судалж, итгэгч найз нөхдөдөө тусалж байгаарай хэмээн хариулсан байна (E. Dale LeBaron, “Steadfast African Pioneer,” Ensign, Dec. 1999, 45–49).

Хэдийгээр Жонсон ахад тухайн үед баптисм хүртэх боломж олдоогүй ч тэд цөөхүүлээ ч гэсэн Ганад олон жилийн турш сайн мэдээний захиасыг хичээнгүйлэн түгээсэн юм. Жонсон ах итгэгчдийн хэдэн цуглаан зохион байгуулж, номлогчдыг газар нутагт нь ирж, тэдний дунд мацаг барих арга хэмжээ тогтмол зохион байгуулан, Сүм байгуулагдахын төлөө гуйн залбирдаг байв (Elizabeth Maki, “‘A People Prepared’: West African Pioneer Preached the Gospel before Missionaries,” history.ChurchofJesusChrist.org).

Ганын итгэгчидтэй адил африк гаралтай өөр олон мянган хар арьстай хүн 20-р зууны үеэр номлолын ажил дэлхий даяар түгэхэд сэргээгдсэн сайн мэдээний гэрчлэлийг олж авсан юм. Сүмийн удирдагчид энэ бүх хүнд итгэлээр өдөөгдөж, санваарт томилох болон ариун сүмийн адислалаас хүртэх боломжийг олгохыг хүсэж байв (Албан тунхаг 2-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Сүмийн ерөнхийлөгч байх хугацаандаа санваарт томилох болон ариун сүмд орох хязгаарлалтыг цуцлахыг ихэд хүсэж байв. Тэрээр:

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Бурханы олон хүүхдэд нэн чухал болох асуудал бидний өмнө тавигдаж байсныг би мэдэж байсан. … Өдрөөс өдөрт би ариун сүмийн дээд өрөөнд агуу хүндэтгэлтэй мөн хянамгай байдлаар ганцаараа очдог байв. Тэнд би хөтөлбөрийг урагшлуулах тухай асуун, өөрийн бодгаль болон хичээл зүтгэлийг өргөл болгон өгдөг байсан. Би Түүний хүссэнийг хийхийг хүсэж байлаа. Би Түүнтэй энэ талаар ярьж, “Их Эзэн, би зөвхөн зөв гэсэн зүйлийг л хийх хүсэлтэй байна. … Бид зөвхөн таны хүслийг мэдэхийг хүсэж байгаа бөгөөд таныг үүнийг хүсэх үед хүсэхээс бусдаар хүсэхгүй байна” гэж хэлсэн. … Их Эзэн юу хийгдэх ёстойг надад маш тодорхой мэдэгдсэн юм. (Тeachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 238–239)

Сургаал ба Гэрээнд цэдэглэгдсэнээр, “Уг илчлэлт Сүмийн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллд ирж, 1978 оны 6-р сарын 1-нд Солт Лэйкийн ариун сүмд Сүмийн бусад удирдагчаар батлагдсан билээ” (Албан тунхаг 2-ын оршил).

Тэргүүн Зөвлөл уг илчлэлтийг олон нийтэд зарлахдаа ийн тунхагласан байдаг.

Зураг
Ерөнхийлөгч Кимбалл ба зөвлөхүүд

Бурханлаг удирдамжийн тулд Их Эзэнд даруухнаар залбиран, ариун сүмийн Дээд өрөөнд олон цагийг өнгөрүүлэн, итгэлтэй ах нарыг төлөөлөн, тэдний нэрийн өмнөөс бид удаанаар мөн хичээнгүйлэн гуйлаа.

Тэрбээр бидний залбирлуудыг сонссон, мөн Сүм дэх зохистой, итгэлтэй эрэгтэй хүн бүр ариун санваарыг хүлээн авч, үүнийг бурханлаг эрх мэдлийн хүчээр хэрэглэн мөн тэндээс үүдэлтэй адислал бүрийг, түүний дотор ариун сүмийн адислалуудыг хайртай хүмүүсийнхээ хамт эдэлж болох тэрхүү эрт дээр үед амлагдсан өдөр ирлээ гэдгийг илчлэлтээр нотоллоо. (Албан тунхаг 2)

Уг илчлэлтийг авах үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан ерөнхийлөгч Гордон Б.Хинкли тэр өдөр ариун сүмд ямархуу байсныг гэрчилсэн юм.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Бид хамгийн ариун нандин хүрээлэлд залбирав. Ерөнхийлөгч Кимбалл өөрөө залбирсан юм. … Өрөөг гэгээрүүлж ариусгасан уур амьсгалтай байлаа. Би ах нартайгаа хамт өвдөг сөгдсөн бөгөөд миний хувьд учирлан гуйж буй Бурханы бошиглогч, бурханлаг сэнтий хоёрын хооронд суваг нээгдсэн мэт санагдаж байв. Бурханы Сүнс тэнд байлаа. Тэнд буй Ариун Сүнсний хүчээр түүний залбирсан зүйл зөв гэсэн баталгаа бошиглогчид ирсэн юм.

Бид бүгдээрээ өөрчлөгдөх цаг нь болсныг мөн энэ шийдвэр тэнгэрээс ирсэн гэдгийг мэдэж байлаа. Хариулт нь тодорхой байв. Бидний туршлага, ойлголтууд төгс нэгдсэн байв. (“Priesthood Restoration,” Ensign, Oct. 1988, 69–70)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх

Их Эзэн Өөрийн бошиглогчдод илчлэлт өгөх замаар Сүмээ удирдаж байхыг та хэзээ харж байсан бэ? Та амьдрал дээр Их Эзэн Өөрийн Сүмийн өмнө тавьсан зорилгоо гүйцэлдүүлдэг арга замд ямар ямар өөрчлөлт оруулж байхыг харж байсан бэ? Боломжтой бол announcement of the 1978 revelation on the priesthood in general conference видео бичлэгийг бүгдийг юм уу талыг нь үзээд, өөрт төрсөн бодлоо бичиж тэмдэглэ.

3-р хэсэг

Энэ илчлэлт Сүмд болон дэлхий даяарх хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?

Нэг хүндхэн өдрийн дараа, Билли Жонсон ахад шөнө дунд орондоо орохоос нь өмнө радиогоо асаа гэсэн мэдрэмж төрөв. Сонсож байхдаа тэр санваарт томилох хязгаарлалтыг цуцалсан тухай мэдээг олж сонслоо. “Би үсэрч харайн, Гана болон Африкийн бусад хэсэг рүү санваар хүртээлгэхээр номлогчдыг илгээх цаг ирсэнд нулимс асгаруулан Их Эзэнд баярлаж байв. … Би ямар их баярласан гээч” хэмээн дурссан байдаг. Номлогчид Ганад ирээд, сайн мэдээг аль хэдийн хүлээн авсан бүлэг хүнийг олсон юм. Жонсон ах өөрийн цуглааны 600 орчим гишүүнтэй хамт баптисм хүртэв. “Кейп Костын салбарын анхны ерөнхийлөгчөөр үйлчилснийхээ дараа Жонсон [ах] дүүргийн ерөнхийлөгч, бүрэн цагийн номлогч, Ганын Кейп Костын гадасны патриархаар үйлчилжээ” (Elizabeth Maki, “‘A People Prepared’: West African Pioneer Preached the Gospel before Missionaries,” history.ChurchofJesusChrist.org).

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд, зохистой бүх эрэгтэйд санваарт томилохыг зөвшөөрсөн илчлэлтийн талаар мэдээд Билли Жонсоны баярласан тухай дүрслэн үзүүлсэн “Long-Promised Day” (8:40) видео бичлэгийг үзнэ үү.

Зураг
Ахлагч Каннон хөрвөгчдөд баптисм хүртээж байгаа нь

Ахлагч Эдвин К.”Тэд” Бага Каннон Нигерийн хөрвөгчдөд баптисм хүртээж байгаа нь

Санваарт томилох болон ариун сүмд орох хязгаарлалтыг цуцалсан илчлэлтийн үр дүнд өнөөдөр номлогчид Африкийн олон оронд сайн мэдээг номлож, тэр тивд ариун сүмүүд баригдан, хэдэн зуун мянган африк гаралтай хүн сайн мэдээний ёслолуудыг өөрсдөө төдийгүй нас барсан өвөг дээдэстээ зориулан хүлээн авсан юм. Өнөөдөр африк гаралтай хар арьстан Сүмийн гишүүд бусад гэгээнтэнтэй нэгдэж, “Христ дотор нэг” (Галат 3:28) болохыг хичээснээр дэлхий даяарх Сүмд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Жонсон ах санваарт томилогдох болон ариун сүмийн адислалаас хүртэх эрхгүй байсан ч сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авч, үүний дагуу амьдрахад бэлэн байснаас та юу суралцаж болох вэ?