Институт
16-р хичээл: Багшийн материал: Көртландын ариун сүм ба санваарын түлхүүрүүд


“16-р хичээл: Багшийн материал: Көртландын ариун сүм ба санваарын түлхүүрүүд,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“16-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

16-р хичээл: Багшийн материал

Көртландын ариун сүм ба санваарын түлхүүрүүд

Их Эзэн Огайогийн Көртландад ариун сүм барихыг гэгээнтнүүдэд зарлигласан бөгөөд “тэнгэрийн хүчээр” тэдэнд хишиг хүртээнэ хэмээн амлажээ (Сургаал ба Гэрээ 95:8). Энэ хичээл нь суралцагчдад ариун сүмтэй холбоотой Их Эзэний зарлигийг хэрхэн бүрэн дагаж мөрдөх талаар авч үзэхэд тусалдаг. Энэ бас Көртландын ариун сүмд сэргээгдсэн санваарын түлхүүрүүдийн ач холбогдлыг тайлбарлахад тэдэнд туслах юм.

Заах зөвлөмж

Их Эзэн Көртландын ариун сүмийг барих тушаалыг нь биелүүлэхэд гэгээнтнүүдэд тусалсан.

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан Сүмийн гишүүдээс хүнд хэцүү эсвэл халширмаар ямар зүйл хийхийг хүссэнийг бодож үзэхэд суралцагчдыг урь. Цөөн суралцагчаас ямар нэгэн жишээг ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Көртландын ариун сүмийн зургийг үзүүл. Суралцагчдад 1832 оны 12-р сард Их Эзэн гэгээнтнүүдийг Көртландад “Бурханы өргөө” (Сургаал ба Гэрээ 88:119) барихыг зарлигласан гэдгийг сануул.

Зураг
Көртландын ариун сүм

Их Эзэнийг ийн зарлигласнаас хойш 5 сар өнгөрөхөд Сүмийн удирдагчид болон гишүүд ариун сүмээ барьж эхлээгүй л байв. Ангиараа Сургаал ба Гэрээ 95:1–3-ыг уншаад, Их Эзэн гэгээнтнүүдийг ариун сүмийг барихаа хойшлуулж байгаа талаар юу гэж хэлснийг олж мэд.

  • Ариун сүм барихгүй байх нь яагаад “гашуудалтай нүгэлд” (3 ба 6-р шүлгийг үзнэ үү) тооцогдоно гэж та бодож байна вэ?

  • Их Эзэн гэгээнтнүүдийг ариун сүм бариагүйн төлөө цээрлүүлсэн нь хэрхэн тэднийг гэх хайраа харуулсан явдал байсан гэж та бодож байна вэ? (1-р шүлгийг үзнэ үү).

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 95:8-ыг уншаад, Их Эзэн яагаад Көртландад ариун сүм барихыг хүссэн нэг шалтгааныг олж мэдэхийг хүс.

Хишиг хүртээх гэдэг нь хэн нэгэнд бэлэг өгөх гэсэн утгатайг тайлбарла. Сургаал ба Гэрээ 95-д дурдсан хишиг хүртэх ёслолд сүнслэг мэдлэг ба хүч чадлын бэлгүүд багтсан байв. Өнөөдөр хэрэгжүүлж буй ариун сүмийн хишиг хүртэх ёслол нь 1842 он хүртэл Иллинойн Наувуд илчлэгдээгүй байсан.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 95:11–12-ыг чанга уншихад урь.

  • Бид 11-р шүлэг дэх гэгээнтнүүдэд өгсөн Их Эзэний амлалтаас ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчдын хэлсэн үгийг ашиглан самбарт дараахтай төстэй зарчим бичнэ үү. Биднийг Их Эзэний зарлигуудыг дагахыг хичээх үед Тэрээр бидэнд хүслийг нь биелүүлэх хүчийг өгөх болно.)

  • Их Эзэний энэхүү амлалт яагаад Көртландын гэгээнтнүүдэд тайтгарал болж байсан бэ? (Хичээлд бэлтгэх материалын 1-р хэсэг дэх Элиза Р.Снөүгийн хэлсэн мэдэгдлийг үзнэ үү.) Энэ зарчим таны амьдралд өнөөдөр хэрхэн тайвшрал өгч болох вэ?

  • Көртландын ариун сүмийг барих Их Эзэний зарлигийг дагахын тулд гэгээнтнүүд ямар ямар золиос гаргасан бэ? (Шаардлагатай бол хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгийг эргэн харахад суралцагчдыг урь.)

  • Их Эзэн Көртландын ариун сүмийг барихад гэгээнтнүүдэд хэрхэн хүч чадал, тусламж өгсөн бэ?

Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн мэдэгдлийг хараад, дараах зүйлийн талаар бодож үзэхэд урь. Өнөөдөр гэгээнтнүүд ариун сүм баригдахад хэрхэн тусалж байна вэ? Би ариун сүмийн шүтлэг бишрэлтэй холбоотой ямар золиос гаргаж байна вэ?

  • Яагаад золиос гаргах нь ариун сүмийн адислалуудтай холбоотой гэж та боддог вэ?

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Суралцагчдад бодох цаг өг. Та суралцагчдад Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарсан туршлагаа бодох цаг гаргаж өгснөөр Ариун Сүнс тэднийг оюун ухаандаа эргэн дурсахад тусалдаг. Заримдаа дээрх арга замыг бодол санаагаа хуваалцахаас өмнө бичиж тэмдэглэхэд урихтай хослуулбал илүү утга учиртай хариулттай, хуваалцах хүсэл эрмэлзэлтэй болоход нөлөөлж болно.

Суралцагчдад (1) ариун сүмтэй холбоотой өөрсдийн гаргасан золиос, (2) ариун сүмээс хүлээн авсан адислалууд мөн (3) ариун сүмтэй холбоотой Их Эзэний зарлигуудыг илүү хичээнгүй дагахын тулд юу хийж чадах зэргийн талаар бодож үзэх (магадгүй бичих) цаг гаргаж өг.

Их Эзэн Көртландын ариун сүмийг хүлээн авсан ба санваарын түлхүүрүүдийг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгөв.

Анхаар: Суралцагчид 20-р хичээл дээр Сургаал ба Гэрээ 109-ийг буюу Көртландын ариун сүмийн онцгойлон адислалын залбирлыг судлах болно.

Гэгээнтнүүдийн золиос болон Их Эзэний тусламжтайгаар Көртландын ариун сүмийг барьж дуусган, 1836 оны 3-р сарын 27-нд онцгойлон адисалсан гэдгийг тайлбарла. Ариун сүмийг барих зарлигийг гэгээнтнүүд дуулгавартай дагасны үр дүнд Их Эзэний хүч тэдэнд ирсэн.

  • Көртландын ариун сүмийг онцгойлон адислах үеэр гэгээнтнүүд ямар ямар сүнслэг илэрхийлэл хүлээн авсан бэ? (Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгээс сурч мэдсэн зүйлээ эргэн санахад урамшуулан дэмж.)

Долоо хоногийн дараа Аврагч болон бусад тэнгэрлэг элч ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 110-ын хэсгийн гарчгийг чанга уншихад урь.

Дараах зургийг үзүүл.

Зураг
Их Эзэн Көртландын ариун сүмд үзэгдсэн нь, Дэл Парсон

Ангийнхантай хамт Сургаал ба Гэрээ 110:1–10-ыг уншаад, Аврагчийн талаарх дүрслэлийг мөн Иосеф, Оливер хоёрт хэлсэн Түүний захиасыг олж мэд. Суралцагчдаас чухал санагдсан зүйлсээ хуваалцахыг хүс. Суралцагчдыг хуваалцах үед дараах асуултуудыг хэлэлцэх боломжийг тэдэнд олго.

  • Их Эзэн шинээр баригдсан өргөөндөө харагдсан байдал мөн заасан зүйлсээс Түүний талаар та юу сурч мэдэж болох вэ?

  • 7–8-р шүлгэн дээрх Их Эзэний үг болон амлалтууд Түүний ариун сүмийн ариун нандин байдлын талаар юу заадаг вэ?

  • Көртландын ариун сүм дэлхийн бусад улс оронд ямар нөлөө үзүүлэх байсан бэ? (9–10-р шүлгийг үзнэ үү).

Суралцагчдыг Көртландын ариун сүмд үзэгдсэн бусад тэнгэр элчийн талаар мэддэг зүйлсээ хуваалцахад урь. Та дараах үнэнийг харуулж болно. Тухайлбал: Их Эзэн авралын ажилд зайлшгүй шаардлагатай санваарын түлхүүрүүдийг гардуулахаар тэнгэр элчүүдийг Көртландын ариун сүмд илгээсэн.

Суралцагчдаас эдгээр элчийн Иосеф, Оливер хоёрт өгсөн түлхүүрүүдийг тайлбарлахыг хүс. Шаардлагатай бол суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсэгт хандуул. Суралцагчдыг хуваалцаж байх хооронд Мосе, Елиас, Елиа нарын нэрсийг холбогдох түлхүүрүүдийн хамт харуулахыг бод.

  • Көртландын ариун сүмд санваарын түлхүүрүүдийг өгснөөр өнөөдөр бид хэрхэн адислагдаж байна вэ?

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг үүнийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Көртландын ариун сүм ариун сүмийн барилгын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд бусад ариун сүмтэй адилгүй. Үндсэндээ үүнийг эрх мэдлийн түлхүүрүүдийг сэргээх зорилгоор барьсан. (Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, [1955], 2:74242).

Көртландын ариун сүмд өгөгдсөн түлхүүрүүд таны амьдралыг адисалсан онцгой арга замын талаар ямар нэгэн жишээ хуваалцахыг бод. Бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгөгдсөн санваарын түлхүүрүүдийг өнөөдөр Сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд атгаж мөн ашиглаж байгааг гэрчил.

Дараагийн хичээлээр

Дараагийн хичээлээр Сүмийн түүхэн дэх хамгийн харанхуй үеүдийн нэг болох сорилт бэрхшээл, хавчлага, урвалт зэргийг гэгээнтнүүд даван гарсан үеийг судлах боломж гарна гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалыг судалж, зовлон бэрхшээлийг Бурханд итгэн даван туулахад туслах зарчмуудыг хуваалцахаар бэлтгэж ирэхэд урь.