Институт
22-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Олон эхнэр авах ёс


“22-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Олон эхнэр авах ёс,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“22-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

Зураг
Aбрахам Мамрегийн хөндийд, Грант Ромни Клаусон

22-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Олон эхнэр авах ёс

Их Эзэн Абрахамд мөнх бус амьдралын зорилгуудын нэг нь “Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр” Бурханы хүүхдүүдийг “нотлохын тулд” (Абрахам 3:25-ыг үзнэ үү) буюу хэмээн заасан байдаг. Бурханы зарим зарлиг, ялангуяа эдгээр нь соёлын хэм хэмжээнээс юм уу бидний хүсэн хүлээж байгаа зүйлээс өөр байгаа үед маш хүнд санагддаг. Та судалж байхдаа, бошиглогч Иосеф Смит болон эртний гэгээнтнүүд Их Эзэний олон эхнэр авах зарлигт хэрхэн ер бусын итгэлтэй, дуулгавартай байснаас юу сурч мэдэж болохоо тунгаан бодоорой.

1-р хэсэг

Бошиглогч Иосеф Смит болон эртний гэгээнтнүүдийн олон нь яагаад олон эхнэр авах болсон бэ?

1831 оны эхээр Иосеф Смит Хуучин Гэрээний сүнслэгээр өдөөгдсөн орчуулга дээрээ ажиллаж байгаад, эртний зарим бошиглогч болон Израилын хаад яагаад олон эхнэр авдаг байсныг ойлгож мэдэхийн тулд залбирсан байна (Сургаал ба Гэрээ 132-ын хэсгийн оршил болон 1-р шүлгийг үзнэ үү). Их Эзэн бошиглогчид илчлэлт өгсөн.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 132:34–37-г уншина уу.

37-р шүлэг дэх татвар эмс гэдэг үг нь Хуучин Гэрээний үед эрэгтэй хүнтэй хууль ёсоор гэрлэсэн хэдий ч эхнэрээс нь зиндаа доогуур эмэгтэйг хэлдэг байв. Татвар эмс нь бидний эрин үед олон эхнэр авах ёсны нэг хэсэг байгаагүй юм.

Их Эзэнийг олон эхнэр авах зарчмыг Иосеф Смитэд илчилсний дараа удалгүй бошиглогчид энэ зарчмаар амьдарч мөн үүнийг бусдад заах ёстой хэмээн зарлигласан байна. Бид Сүмийн эхэн үед олон эхнэр авах ёсыг бий болгох Бурханы бүх зорилгыг сайн ойлгодоггүй ч хожмын өдрүүдэд олон эхнэртэй байх ёсыг хэрэгжүүлж байсан нь “бүх зүйлийг” сэргээх ажлын нэгэн хэсэг байв (Сургаал ба Гэрээ 132:40, 45-ыг мөн Үйлс 3:19–21-ийг үзнэ үү).

2-р хэсэг

Бид бошиглогч Иосеф Смитийн олон эхнэртэй байсан талаар юу мэддэг вэ?

Иосеф Смитийн ойр дотныхон Бурханы тэнгэр элч түүнд 1834-өөс 1842 оны хооронд 3 удаа үзэгдэж, олон эхнэр авах зарчмын дагуу амьдрахыг зарлиглаж байсан тухай тэдэнд хэлж байсан хэмээн дурссан байдаг. “Хэсэг бусаг мэдээллээр бол Иосеф Смит олон эхнэрийнхээ нэг Фанни Алжертай 1830-аад оны дундуур Огайогийн Көртландад гэрлэснээр тэнгэр элчийн анхны зарлигийг биелүүлжээ. … Энэ гэрлэлтийн талаар тун бага мэдээлэл байдаг бөгөөд Иосеф, Эмма хоёр Алжерын талаар юу гэж ярилцсан мэдээлэл байдаггүй. Алжертай гэрлээд, салсны дараа Иосеф Сүмийг Иллинойн Науву руу нүүлгэх хүртлээ олон эхнэр авахаа хойшлуулсаар байсан бололтой” (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org).

1841 оноос эхлэн бошиглогч Иосеф Смит Их Эзэний зарлигт дуулгавартай байж, олон эмэгтэйтэй гэрлэн, Сүмийн цөөн хэдэн гишүүнд олон эхнэр авах ёсыг танилцуулжээ.

Бошиглогч Иосеф Смиттэй лацдан холбуулан, дараа нь Халамжийн нийгэмлэгийн хоёр дахь ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Элиза Р.Снөү ийн дурсан ярьсан байдаг.

Бошиглогч Иосеф олон эхнэр авах ёстой холбоотой сэтгэлийн зөрчлөө ялан дийлэхийг хичээн гаргаж буй оюуны хүнд сорилтоо дүрслэн өгүүлсэн юм. Тэр Бурханы дуу хоолойг таньсан байв. Тэр Бүхнийг Чадагчийн түүнд өгсөн зарлиг бол урагш явах … гэдгийг мэдэж байлаа. Тэрээр зөвхөн өөрийнх нь үзэл бодол, үнэмшил өөрийг нь зогсоож байгааг мэдэж байв. Бүх л Христийнхэн түүнийг эсэргүүцэх болно гэдгийг мэдэж байсан ч бүхнээс дээгүүр Бурхан зарлигийг өгсөн ба Түүнийг дуулгавартай дагах ёстой байлаа. (Eliza R. Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow [1884], 69)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Бошиглогч Иосеф Смит энэ хэцүү зарлигийг дуулгавартай дагахад бэлэн байсан нь түүний итгэл, зан чанарын талаар юуг илчилж байна вэ?

Иосеф Смитийн олон эхнэр авч байсан тухай бидний ойлголт хязгаарлагдмал байгаа нэг шалтгаан нь Наувуд олон эхнэр авч байсан тэр болон бусад хүн үүнийгээ тэмдэглэлд ховор дурдсан байдаг. Олон эхнэр авах ёсны тухай ихэнх мэдээллийг нууцалдаг байсан бөгөөд бид түүхэн баримтуудаас бүх асуултынхаа хариуг олох боломжгүй.

Сайн мэдээний сэдвүүдээс олон эхнэр авах ёсны тухай бид дараах зүйлийг мэдэж авдаг. Үүнд:

Олон эхнэр авах ёс хэрэгжиж байхад хожмын үеийн гэгээнтнүүд энэ амьдралд болон үүрд мөнх лацдан холбогдох, зөвхөн мөнхөд лацдан холбогдох хоёр хоорондоо ялгаатай гэж үздэг байжээ. Энэ амьдралд болон үүрд мөнх лацдан холбогдохыг энэ амьдралд амлалт үүрэг хүлээлцэн, бэлгийн харьцаанд орж болохыг хэлдэг байв. Зөвхөн мөнхөд лацдан холбогдох нь зөвхөн дараагийн амьдралд болох харилцаа холбоог илэрхийлдэг байжээ. …

… Иосеф Смиттэй лацдан холбогдсон зарим эмэгтэй хожим нь тэдний гэрлэлт энэ амьдралд болон үүрд мөнхөд байсан гэхэд зарим нь тэдний харилцаа зөвхөн мөнхөд байсан гэдгийг гэрчилж байсан байна.

Иосеф Смиттэй лацдан холбогдсон эмэгтэйчүүдийн ихэнх нь түүнтэй лацдан холбогдох үедээ 20-оос 40 настай байжээ. Хамгийн өндөр настай нь 56 настай Фанни Янг байв. Хамгийн залуу Хелен Мар Кимбалл 15 нас хүрэхээсээ хэдэн сарын өмнө Иосефтой лацдан холбогдсон ажээ. Ийм насандаа гэрлэх нь өнөөгийн жишгээр зохимжгүйд тооцогдох ч тухайн үед хуулиар зөвшөөрөгддөг байсан бөгөөд зарим эмэгтэй өсвөр насандаа гэрлэдэг байв. Хелен Мар Кимбалл Иосеф Смиттэй лацдан холбогдсон талаараа “зөвхөн мөнхөд” хийгдсэн буюу бэлгийн харьцаа байгаагүй болохыг хэлсэн байна. …

… Иосеф Смит гэрлэсэн байсан хэдэн эмэгтэйтэй лацдан холбуулсан байв. Тэдгээр эмэгтэй болон Иосеф Смитийн аль аль нь уг лацдан холболтын талаар тайлбар өгөөгүй ч тэдгээрээс цөөн хэд нь дан ганц мөнхөд лацдан холбогдсоноо хэлж байсан байна. …

Үүнийг хэд хэдэн янзаар тайлбарлаж болох юм. Эдгээр лацдан холболт нь Иосефын гэр бүл болон Сүм доторх бусад гэр бүлийн хооронд мөнхийн нэгдэл эсвэл холбоосыг үүсгэх арга замыг өгсөн байх магадлалтай. …

Эдгээр лацдан холболтыг бас Иосеф өөрийн эхнэр Эммад үүсэх сэтгэлийн шархнаас болж олон эхнэр авах дургүй байгаагаар тайлбарлаж болохоор байв. Тэр гэрлэсэн эмэгтэйчүүдтэйгээ лацдан холбогдсон нь түүнээс гэрлэлтийн энгийн харилцааг шаардалгүйгээр Их Эзэний зарлигтай нийцэх байх гэж бодсоных байж болох юм.

Бас өөр нэг хувилбар бол амьдралын хугацаа өнөөгийнхөөс богино байсан үед итгэлтэй эмэгтэйчүүд санваарын эрх мэдлээр лацдан холбогдох хэрэгцээг мэдэрч байв. Эдгээр эмэгтэйн зарим нь мормон биш юм уу өмнө нь мормон байсан хүмүүстэй гэрлэсэн байсан бөгөөд тэдний нэгээс олон нь гэрлэлтдээ сэтгэл дундуур байснаа дараа нь илэрхийлсэн байна. Гэр бүл салахад хэцүү байсан цаг үед амьдарч байсан энэ эмэгтэйчүүд Иосеф Смиттэй лацдан холбуулснаар дараагийн амьдралдаа өөрөөр авах боломжгүй адислалуудыг өгнө гэдэгт итгэж байсан байх. …

Иосефыг нас барсны дараа түүнтэй лацдан холбогдсон ихэнх эмэгтэй Юта руу гэгээнтнүүдтэй хамт нүүж очсон ба Сүмийн үнэнч гишүүд хэвээр үлдэж, олон эхнэр авах ёсыг болон Иосефыг хоёуланг хамгаалжээ. (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” topics.ChurchofJesusChrist.org)

3-р хэсэг

Олон эхнэр авах ёсны зарчимд Сүмийн гишүүд хэрхэн хариулсан бэ?

Зураг
Бүх сорилт бэрхшээл болгон агуу итгэлийг төрүүлж чадна, Жэймс Жонсон

Олон эхнэр авах ёс нь өнөөгийн Сүмийн гишүүдэд хүнд, хэцүү байх байсан шиг ихэнх эртний гэгээнтэнд бас тийм байсан. “Дэлхийн олон улс оронд олон эхнэр авах ёс нийгмийн болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Гэвч Нэгдсэн улсад ихэнх хүн үүнийг ёс суртахууны талаасаа буруу зүйл гэж үздэг байв” (“The Manifesto and the End of Plural Marriage,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org). Олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлэх зарлиг нь “Иосефын хувьд болон Сүмийн бусад гишүүний хувьд Сэргээлтийн хамгийн хэцүү хэсгийн нэг байсан юм. … Иосеф Смитийн эхнэр Эммагийн хувьд энэ нь түүнийг шаналгасан сорилт болж байв. … Тэрээр олон эхнэр авах ёсыг зарим талаараа дэмжиж, зарим үед үгүйсгэн, эргэлзэн дайвж байсан” (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” topics.ChurchofJesusChrist.org).

Бүх хожмын үеийн гэгээнтнээс олон эхнэр авахыг хүсээгүй. Олон эхнэр авах зарчмын дагуу амьдарч чадахгүй байсан Сүмийн зарим гишүүн хэрэгжүүлэх зориг өгсөн сүнслэг гэрчлэлээр адислагдаж байв. Ийм хоёр хүний туршлагаас энд дурдвал:

Бригам Янг олон эхнэр авах ёсны талаар сонсоод, “би амьдралдаа анх удаа үхэхийг хүсэж билээ” хэмээн хэлж байжээ. “Би зогсолтгүй залбирч, итгэлээ хөгжүүлэх ёстой байлаа. Тэгээд Их Эзэн надад үүний үнэнийг илчлэн, намайг тайтгаруулсан юм” гэж тэр хэлэв.

Люси Вокэр Иосеф Смит өөрийг нь өөрийн эхнэр болохыг урихад сэтгэлийн дотоод гүн хямралд орсноо дурдсан байна. “Миний бодгалийн бүх мэдрэмж үүнийг эсэргүүцэж байлаа” гэж тэр бичсэн байв. Гэсэн ч хэдэн шөнө өвдөг сөгдөн залбирч, нойргүй хоносны эцэст түүний өрөө ‘нарны цацраг’ адил ‘ариун нөлөөгөөр дүүрэхэд’ сэтгэлдээ амар тайванг олжээ. Тэр ‘Миний бодгаль урьд хожид мэдэрч байгаагүй амтат, амар амгалангаар дүүрч, бүхэл биеийг минь өгүүлшгүй баяр хөөр эзэлж билээ’ гэж хэлсэн байна.”

Бүх хүн ийм туршлага үзээгүй. Зарим хожмын үеийн гэгээнтэн олон эхнэр авах ёсыг эсэргүүцэн, Сүмийг орхисон ч зарим нь олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлэхээс татгалзсан ч итгэлтэй хэвээр үлдсэн. Гэсэн хэдий ч олон эрэгтэй, эмэгтэйн хувьд анх төрсөн уур, бухимдал нь тэмцэл, шийдэл, эцэст нь гэрэл, амар амгалан болж хувирсан. Ариун нандин туршлагууд нь гэгээнтнүүдийг итгэлээр урагшлахад нөлөөлжээ. (“Рlural Marriage in Kirtland and Nauvoo,” topics.ChurchofJesusChrist.org)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сүмийн эртний гишүүдэд тохиолдсон явдлууд Иосеф Смитийг олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлэхдээ Бурханы сүнсээр удирдуулсан бошиглогчийн хувьд үйлдсэн гэдэгт эргэлздэг хүнд хэрхэн тусалж болох вэ?

4-р хэсэг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд олон эхнэр авах ёс хэрхэн төгсгөл болсон бэ?

1844 онд бошиглогч Иосеф Смитийг нас барсны дараа тийм ч удалгүй гэгээнтнүүд Нэгдсэн улсын баруун хэсэг дэх Солт Лэйк Сити Валли руу цагаачлан, тэнд ил тодоор олон эхнэр авдаг болсон байв. 1860-аас 1880-аад оны үеэр Нэгдсэн Улсын засгийн газар энэхүү уламжлалын эсрэг хууль батлан гаргаж, яваандаа биелүүлээгүй хүмүүсийг шоронд хорих зэргээр хатуу шийтгэл оноож байлаа. Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф Их Эзэнээс удирдамж эрэлхийлж, чиглүүлэг авсныхаа дараа “Тунхаг бичиг” (Албан тунхаг 1) хэмээх нэрээрээ танил болсон нэгэн мэдэгдлийг 1890 онд бэлтгэн гаргасан ба энэ нь яваандаа Сүмийн гишүүдийн олон эхнэр авах ёсыг зогсооход нөлөөлсөн юм.

Сүмийн цөөн тооны гишүүн энэ тунхаг бичиг гарсны дараа ч гэсэн олон эхнэр авах ёсоо үргэлжлүүлсээр байв. 1904 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Жозеф Ф.Смит хоёр дахь тунхаг бичгээ гаргаж, “бүхий л [олон эхнэр] авах ёсыг хориглосон бөгөөд хэрэв Сүмийн аливаа албан тушаалтан болон гишүүн ийм гэрлэлтийг ёслох юм уу гүйцэтгэвэл … гишүүнчлэлээс хасах болно” хэмээн зарлан тунхаглажээ (Conference Report, 1904 оны 4-р сар, 75-д). Энэ бодлого өнөөдөр ч хэвээр үргэлжилдэг.

5-р хэсэг

Олон эхнэр авах ёс өргөмжлөлд шаардлагатай юу?

Далын ахлагч Маркус Б.Нэш мөн ийн заасан.

Зарим хүн олон эхнэр авах ёс нь өргөмжлөлд шаардлагатай гэж [судраас буруу] уншдаг. … Гэсэн хэдий ч үүнийг илчлэлтүүд дэмждэггүй. … Санваарын эрх мэдлээр лацдан холбуулж мөн гэрээгээ сахидаг хосуудад мөнх амьдрал өөр нэмэлт нөхцөл эсвэл шаардлагагүйгээр амлагдсан байдаг (Сургаал ба Гэрээ 132:19-ийг үзнэ үү). … Түүний бошиглогчоороо дамжуулан өөрөөр эрх мэдэл олгож эсвэл зарлиглаагүй үед нэг хүнтэй гэрлэх ёс нь гэрлэлтийн талаарх Бурханы жишиг гэдгийг Сүм баталдаг. Олон эхнэр авах ёс нь өргөмжлөлд шаардлагатай гэж Сүм заадаггүй. (“The New and Everlasting Covenant,” Ensign, Dec. 2015, 44, 46)

Дахин хэлэхэд, бид Сүмийн эхэн үед олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлсэн Бурханы бүх зорилгыг ойлгодоггүй. Гэхдээ хожмын үеийн гэгээнтнүүд өнөөдөр Бурханы тушаалыг дуулгавартай биелүүлж олон эхнэр авах ёсыг дагасан хүмүүсийн золиос, чин сэтгэлийн хүчин чармайлтыг хүндэтгэдэг.

Зураг
Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэх

Сурсан зүйл дээрээ үндэслэхэд, олон эхнэр авах ёс хэрхэн энэ эрин үеийн эртний гэгээнтнүүдийн итгэл, бишрэл, Их Эзэнээ гэсэн хайрын илрэл болж байсан бэ?