Институт
19-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Нас барагсдын гэтэлгэл


“19-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Нас барагсдын гэтэлгэл,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“19-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

Зураг
Өвөг дээдсийнхээ зургийг харж буй охин

19-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Нас барагсдын гэтэлгэл

Таны ганцаараа хийж чадахгүй зүйлийг хэн нэгэн танд хийж өгч байсан үеийн талаар бод. Танд тэр хүний талаар ямар мэдрэмж төрсөн бэ? Та судалж байхдаа гэр бүлийнхээ нас барсан гишүүндээ өөрийнхөө төлөө хийж чадахгүй зүйлийг нь хийж өгөх юм уу тэдний авралд шаардлагатай ёслолыг гүйцэтгэвэл тэдэнд таны талаар ямар мэдрэмж төрөх бол гэдгийг бодож үз.

1-р хэсэг

Сайн мэдээний талаар сонсолгүй нас барсан хүмүүст юу тохиолдох вэ?

Анхаар: Энэ хичээлийн энэхүү нэгдүгээр хэсгийг уншихын оронд та энэ видео бичлэгийг үзээд, хэсгийн төгсгөлд байгаа асуултуудыг тунгаан бодож болно.

Иосеф Смит 17 настай байхдаа маш ихээр хайрлаж, хүндэлж явдаг өөрийн ах Алвиныг гэнэт алдсанаасаа болоод уй гашууд автсан байв. Смитийн гэрийнхэн Нью-Йоркийн Палмирагийн пресбитеран тохинуулагчаас Алвины оршуулах ёслолыг гүйцэтгэхийг хүсжээ. Алвин энэ тохинуулагчийн цугларалтын гишүүн биш байсан болохоор аврагдаж чадахгүй гэдгийг тэрээр ёслол үйлдэхдээ хэлсэн гэнэ. Иосефын дүү Виллиам Смит: ‘[Нөгөөх үйлчлэгч] … Алвиныг баптисм хүртээгүй тул тамд очно гэж маш итгэлтэй хэлсэн (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 457) гэж дурсан хэлсэн байдаг.

Алвины үхлийн талаарх уг ламын үгс хатуу сонсогдож байж болох ч, түүний сургаал бүх хүн аврагдахын тулд Христийг хүлээн авч, баптисм хүртэх ёстой гэсэн үнэн дээр үндэслэсэн байв (Иохан 3:5-ыг үзнэ үү).

1836 оны 1-р сард, Алвиныг нас барснаас хойш 12 жил гаруйн дараа бошиглогч Иосеф Смит өөрийн эцэг болон Сүмийн бусад удирдагчтай хамт бараг баригдаж дуусаад байсан Көртланд ариун сүмийн дээд давхарт цугларчээ. Энэ цуглаан дээр бошиглогч Иосеф Смит одоо Сургаал ба Гэрээ 137-д цэдэглэгдсэн ирээдүйтэй холбоотой үзэгдэл үзэв.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 137:1, 5–8-ыг уншина уу.

Алвин баптисм хүртээгүй байсан тул Иосеф ахыгаа селестиел хаант улсад байхыг хараад “гайхсан байна.” 4 жилийн дараа 1840 оны 8-р сард бошиглогч гэгээнтнүүдэд нас барагсдын төлөөх баптисмын сургаалыг зааж эхэлсэн. Их Эзэнийг өнөө үед энэ сургаалыг сэргээхээс өмнө төлөөлөгч Паул үүнийг Шинэ Гэрээнд заасан байдаг (1 Коринт 15:29-ийг үзнэ үү).

Вилат Кимбалл нөхөртөө бичсэн захидалдаа энэ шинээр сэргээгдсэн сургаалд гэгээнтнүүдийн сэтгэл хөдөлж байгаа талаар бичиж байв.

Ерөнхийлөгч Смит шинэ бөгөөд агуу гайхамшигт сэдвийг нээж өгөв. … Тэрээр сайн мэдээ ирэхээс өмнө нас барсан садан төрлийнхөө өмнөөс баптисм хүртэх нь энэ сүмийн давуу эрх. … Бид ингэснээр тэдний төлөө ажиллаж, тэдэнд анхны амилуулалтаар урагш гарч ирэх боломжийг олгодог. Тэдэнд шоронд сайн мэдээг тунхаглах болно гэж тэр хэлсэн. … Энэ жаягийг энд тунхагласнаас хойш ус байнга чөлөө завгүй байна. Чуулганы үеэр заримдаа баптисм хүртээхэд наймаас арван ахлагч голын усанд зогсдог байв. … Энэ нь үнэхээр агуу гайхамшигтай сургаал биш гэж үү?” (Vilate Kimball, in Janiece Johnson and Jennifer Reeder, The Witness of Women: Firsthand Experiences and Testimonies from the Restoration [2016], 181)

Смитийн гэр бүл Хайрумыг өөрийн ах Алвины төлөө баптисм хүртэх үед маш их баярлаж байсан нь лавтай.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Нас барагсдын гэтэлгэлийг юу ийм “гайхамшигт сургаал” болгож байна гэж та бодож байна вэ? Энэ сургаал танд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын зан чанар болон хүслийн талаар юу зааж байна вэ?

Дараа жил нь буюу 1841 онд Их Эзэн “энэхүү ёслол миний өргөөнд хамаардаг билээ” мөн ариун сүмийн усан санг бэлэн болсны дараа гэгээнтнүүд нас барагсдын төлөө гол дээр баптисм хүртэхээ болих ёстой хэмээн тунхагласан (Сургаал ба Гэрээ 124:29–34-ийг үзнэ үү). Иосеф Смит гүтгэлгийн улмаас нуугдаж байхдаа гэгээнтнүүдэд бичсэн хоёр захидлаараа дамжуулан нас барагсдын гэтэлгэлийн талаар нэмж заавар өгсөн байна. Эдгээр захидлын агуулга одоо Сургаал ба Гэрээ 127128 дээр бий. Бошиглогч нас барагсдын төлөөх баптисм зэрэг сайн мэдээний ёслол зөвхөн санваарын эрх мэдлээр гүйцэлдэж мөн зохих ёсоор тэмдэглэгдсэн үед газар тэнгэрийг холбох ёслол болох болно хэмээн заасан (Сургаал ба Гэрээ 127:5–7; 128:1–9).

2-р хэсэг

Их Эзэн дараа нь ерөнхийлөгч Жозеф Ф.Смитэд өгсөн үзэгдлээрээ нас барагсдын гэтэлгэлийн талаар юу илчилсэн бэ?

Бошиглогч Иосеф Смитийг нас барснаас хойш Их Эзэн нас барагсдыг гэтэлгэх Өөрийн төлөвлөгөөтэй холбоотой үнэнүүдээ “шат шатаар” (Сургаал ба Гэрээ 98:12) илчилсээр байв. 1918 онд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит нас барагсдыг гэтэлгэх тухай цаашид илчлэгдсэн үнэнүүдийг хүлээн авав. Түүний үзэгдэл Сургаал ба Гэрээ 138-д цэдэглэгдсэн байдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ерөнхийлөгч Жозеф Ф.Смит энэ гайхалтай илчлэлтийг хүлээн авахаар хэрхэн бэлтгэгдсэн байсныг тайлбарласан юм.

Ерөнхийлөгч Смит амьдралынхаа туршид, тухайлбал [тавтайдаа] эцгээ, [арван гуравтайдаа] эхээ болон нэг ах, хоёр эгч, хоёр эхнэр, 13 хүүхдээ алдсан байв. Тэрээр уй гашууг болон хайртай хүмүүсээ алдах ямар байдгийг маш сайн мэддэг байсан. …

[Тэр жил 1918 онд] түүний хувьд тун хэцүү, сэтгэлийг нь шаналгасан жил байжээ. Тэрээр Дэлхийн аугаа их дайнд амь үрэгдэгсдийн тоо 20 гаруй сая болж өсөхөд ихэд гашуудаж байв. Түүнээс гадна, дэлхий даяар тархсан томууны халдвар зуун сая гаруй хүний амь насыг авч одсон байв.

Тэр жилийн туршид ерөнхийлөгч Смит гэр бүлийнхээ хайртай гурван … хүнийг алдсан. Түүний ууган хүү буюу өвөө минь болох Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Хайрум Мак Смит мухар олгойн ивэрхийн улмаас гэнэт нас баржээ.

Ерөнхийлөгч Смит: “Уй гашуугаас болоод надад хэлэх ч үг алга! … Зүрх минь эмтэрч, амьдрах ч хугацаа үлдээгүй бололтой. … Өө! Би түүнд хайртай байсан. … Миний бие сэтгэл зүрхнийхээ гүнээс түүний төлөө Бурханд талархаж байна! Гэхдээ, ай! Тэр минь надад хэрэгтэй байсан. Бид бүгдэд тэр минь хэрэгтэй байсан. Тэр Сүмд хамгийн их хэрэгтэй хүн нь байсан. … Тэгээд одоо … Ай! Би юу хийж чадах билээ? Өө! Бурхан минь, надад туслаач! …”

Дайн ба өвчний улмаас нас барсан хэдэн сая хүн болон гэр бүлээс нь нас барсан хэд хэдэн хүний төлөө маш их гашуудаж байсан ерөнхийлөгч Смит “нас барагсдын гэтэлгэлийн үзэгдэл” хэмээн нэрлэгдсэн тэнгэрлэг илчлэлтийг 1918 оны 10-р сарын 3-нд хүлээн авав. (M.Рассэлл Баллард, “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл,” Ensign эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 61)

Жозеф Ф.Смит энэ тэнгэрлэг үзэгдлийг Аврагчийн цагаатгах золиосыг тунгаан бодож мөн Есүсийг цовдлуулсныхаа дараа сүнсний дэлхий дээр тохинуулсан талаар төлөөлөгч Паулын тайлбарласныг уншиж байхдаа хүлээн авчээ (Сургаал ба Гэрээ 138:1–11-ийг үзнэ үү).

Зураг
Жозеф Фийлдинг Смит, Хайрум Мак Смит, Жозеф Ф.Смит нарын хөрөг

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит өөрийн хүү Хайрум, ач хүү Жозеф нартай хамт байгаа нь

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 138:30, 33–34, 57-г уншаад, Их Эзэн ерөнхийлөгч Смитэд сайн мэдээ хэрхэн сүнсний дэлхийд тунхаглагддаг талаар юу гэж заасныг олж тэмдэглэхийг бод.

Өөр нэг нөхцөлд ерөнхийлөгч Смит итгэлтэй эмэгтэйчүүд бас сүнсний дэлхийд сайн мэдээг тунхаглахаар дуудагддаг гэж заажээ (Gospel Doctrine, 5th ed. [1939], 461-ийг үзнэ үү).

3-р хэсэг

Нас барагсдыг гэтэлгэх ажилд оролцох нь надад Аврагчтай илүү ойртоход хэрхэн тусалж чадах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Нас барагсдыг төлөөлөн хийдэг энэ ажил миний мэддэг аливаа бусад ажлын дундаас Өөрийн амьдралыг бусдын төлөө өгсөн Бурханы Хүүгийн тэнгэрлэг ажилд илүү ойр очдог …” гэж хэлсэн [“Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, Jan. 1998, 73]

Нас барагсдыг гэтэлгэх бидний сэтгэл зовнил, тэрхүү амлалтад зориулсан цаг хугацаа, нөөц бололцоо нь бүхнээс илүү, Есүс Христийн талаарх гэрчлэлийн илэрхийлэл юм. Энэ нь Түүний тэнгэрлэг зан чанар ба номлолын талаар бидний хийж чадах хамгийн хүчирхэг мэдэгдлээс бүрддэг. …

Бид өвөг дээдсээ олж тогтоон, өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй байгаа ёслолуудыг нь гүйцэтгэснээр Есүс Христийн Цагаатгалын хязгааргүй ач гавьяаг гэрчилж байдаг билээ. (Д.Тодд Кристоффэрсон, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, 2000 оны 10-р сар, 11.)

Зураг
шигтгээ зураг, ярилцах

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодож, ярилцах

Нас барагсдыг гэтэлгэх ажилд оролцох нь хэрхэн Есүс Христ ба Түүний Цагаатгалын талаарх таны гэрчлэлийн илэрхийлэл болдог вэ?

Хэрэв боломжтой бол гэр бүлийн гишүүнээс эсвэл найзаасаа гэр бүлийн түүхийн ажил хийх туршлагаасаа хуваалцахыг хүс. Гэр бүлийн түүхийг хэрхэн эхлүүлэх, хэрхэн илүү үр дүнтэй болгох талаар асуулт тавь. Ангид сурч мэдсэнээ хуваалцахад бэлдэж ир.