Институт
25-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа ба Өрнөд рүү хийсэн аялал


“25-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа ба Өрнөд рүү хийсэн аялал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“25-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

Зураг
Урагшил, үргэлж урагшил, Глэн С.Хопкинсон

Бригам Янг гэгээнтнүүдийг Наувугаас гарахыг харж байна.

25-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Ерөнхийлөгчийн зөвлөлийн залгамж халаа ба Өрнөд рүү хийсэн аялал

Иосеф Смит, Хайрум Смит хоёрыг нас барсныг зарласны дараа “Мормоны шашин мөхөж байна” (Weekly Herald, July 13, 1844, 220) гэж сонинд нийтлэгдэв. Бошиглогч Иосефыг нас барсны улмаас гадны олон ажиглагч Сүмийг бутран унана гэж бодож байлаа. Сүмийн гишүүд ч бас өөрсдийг нь хэн удирдах бол гэдэгт эргэлзэж байсан юм. Та энэ материалыг судалж байхдаа, Их Эзэн Өөрийн Сүмийг бошиглогчийг нас барсны дараа ч гэсэн хэрхэн удирдаж байгааг олж мэд.

1-р хэсэг

Бошиглогч нас барвал Их Эзэний Сүмийг хэн удирдах вэ?

Энэ хэсэгт дараах сонголтуудаас аль нэгийг нь хийж дуусга. Үүнд:

  1. The Succession Crisis after Joseph Smith’s Murder” (8:03) видео бичлэгийг үзээд, энэ хэсгийн төгсгөлд байгаа тунгаан бодох үйл ажиллагааг дуусга.

  2. Дараах материалыг судлаад, тунгаан бодох үйл ажиллагааг хийж дуусга.

Иосеф Смит, Хайрум Смит хоёрын үхэлд Науву даяар гашуудаж байв. Энэ үймээн самууны үеэр хэд хэдэн хүн өөрийгөө Сүмийг удирдах эрх мэдэлтэй гэж мэдэгдэж байсан юм. Тэдгээрийн нэг нь Сидней Ригдон байв.

Иосефыг нас барахад Бригам Янг болон бусад төлөөлөгч Нэгдсэн Улсын зүүн хэсэгт номлолд үйлчилж байлаа. Бригам Янг Иосеф Смит, Хайрум Смит хоёрын нас барсныг өгүүлсэн захидлыг 1844 оны 7-р сарын 16 гэхэд л хүлээн авсан байв.

Бригам захидлыг уншиж байхдаа толгой нь хагарах гэж байгаа мэт болжээ. Тэр хэзээ ч ийм цөхрөл гутралыг мэдэрч байгаагүй аж.

Бодол санаа нь тэр даруй санваар луу хандав. Иосеф гэгээнтнүүдэд хувийн хишиг хүртээхэд мөн мөнхөд лацдан холбуулахад шаардлагатай бүх түлхүүрийг эзэмшдэг байсан. Эдгээр түлхүүргүйгээр Их Эзэний ажил урагшилж чадахгүй байв. Бригам хэсэгтээ тэдгээр нь Иосефтой хамт одсон байх болов уу хэмээн эмээж байлаа.

Дараа нь Бригам илчлэлтээр дамжуулан Иосеф Арван хоёрт эдгээр түлхүүрийг хэрхэн өгснийг санасан. Тэр өвдгөн дээрээ гараа тулж тавиад, “Хаант улсын түлхүүрүүд энд Сүмд байгаа” гэжээ. (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 559)

1844 оны 8-р сарын 7-нд Арван хоёр болон Сүмийн бусад удирдагч зөвлөлдөхөөр цугларав. Энэ хурлын үеэр Сүмийн эсрэг үзэлтэй болсон байсан Сидней Ригдон өөрийгөө өмнө нь Иосеф Смитийг төлөөлж үг хэлэхээр дуудагдан, томилогдож байсан учраас (Сургаал ба Гэрээ 100:9-ийг үзнэ үү), “сүмийг зөв замаар удирдах нь” түүний үүрэг хэмээн заргалдаж байв” (History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume F-1, 295, josephsmithpapers.org).

Сиднейг үгээ хэлж дууссаны дараа Бригам Янг ийн тунхаглав.

Зураг
Ерөнхийлөгч Бригам Янг

Иосеф амиа алдахынхаа өмнө төлөөлөгчдөд хамааралтай өөрийн атгаж байсан бүх түлхүүр болон хүчийг [Арван хоёр төлөөлөгчийн] толгой дээр хүртээсэн юм. (Brigham Young, in History, 1838–1856, volume F-1, 296, josephsmithpapers.org)

Маргааш нь Наувугийн гэгээнтнүүд Сидней Ригдоны удирдлагыг авах тухай мэдэгдлийг сонсохоор цуглараад байв. Түүнийг үгээ хэлж дууссаны дараа Бригам Янг товч үг хэлж, бошиглогч Иосеф Смитэд сэргээгдсэн санваарын бүх түлхүүрийг атгаж буй Арван хоёрын чуулгынхан бүгдээрээ одоо Сүмийг удирдах болсныг дэмжиж байгаагаа дурджээ.

Эмили [Хоит] Бригам Янгийн ярихыг сонсож байхдаа, Иосеф ярьж байна уу даа хэмээн гайхаж, индэр өөд өөрийн эрхгүй харсан байв. Түүнд түүний дүр төрх, тайлбарлах арга, дуу хоолой нь хүртэл байв. …

Эмили Бригамын гэгээнтнүүдтэй ярьж байхыг харсан үйл явдлаас хойш долоон жилийн дараа энэ талаар бичихдээ, тэр индэр дээрээс Иосефтой ямар адилхан харагдаж, сонсогдож байсныг гэрчилжээ. Дараагийн хэдэн жил олон гэгээнтэн Иосефын бошиглолын нөмрөг хэрхэн тэр өдөр Бригам дээр буусныг харснаа түүний гэрчлэл дээр нэмж хэлсэн байдаг. (Гэгээнтнүүд, 1:565–566)

Вилфорд Вүдрафф: “Хэрэв би түүнийг [Бригамыг] өөрийн нүдээр хараагүй байсан бол энэ нь Иосеф Смит байгаагүй гэдэгт хэн ч намайг итгүүлж чадахгүй байх байсан” хэмээн бичжээ (History of the Church, 7:236-д).

Иосеф Арван хоёрт төлөөлөгчийн түлхүүр, эрх мэдлийг хүртээснийг Бригам Янг тунхаглаж, Ариун Сүнсний баттай гэрчийг хүлээн авснаар гэгээнтнүүд Их Эзэний тааллыг ойлгож, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгыг Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн удирдагчдаар дэмжин баталсан юм.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Тэнгэрлэг Эцэг Бригам Янг болон Арван хоёр Сүмийг удирдах ёстойг гэгээнтнүүдэд харуулснаар Өөрийн тэднийг гэх хайр болон хүслийг хэрхэн харуулсныг бодож үз. Өнөө үед Сүмийг удирдаж буй хүмүүс Бурханаар сонгогдож, дуудагддаг гэдгийг та хэрхэн мэдэж авсан бэ?

2-р хэсэг

Ирээдүй бүрхэг санагдах үед ч Их Эзэн биднийг хэрхэн удирдан чиглүүлж чадах вэ?

1846 оны 1-р сард гэгээнтнүүдийн эсрэг хавчлага улам бүр хурцадсаар, Арван хоёр төлөөлөгчийн зүгээс Наувуг орхиж, Өрнөд рүү явах эцсийн төлөвлөгөөгөө боловсруулж гаргав. 1842 онд Иосеф Смит “гэгээнтнүүд цаашид түмэн зовлон амсаж, Хадат уулсын зүг хөөгдөх болно, … Гэгээнтнүүд Хадат Уулсын дунд хүчирхэг хүмүүс болж, хот суурингууд байгуулахад [туслах болно]” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 587) хэмээн бошиглосон байв.

Зураг
Бригам Янг гэгээнтнүүдийг Наувугаас гарахыг харж байгаа нь.

Бригам Янг гэгээнтнүүдийг Наувугаас удирдан гарч байгаа нь.

Гэгээнтнүүд Наувугаас явахаар бэлтгэж байхдаа ч Наувугийн ариун сүмийг дуусгахаар ажиллаж байлаа. Ариун сүм дуусах шатандаа орох үед олон мянган гэгээнтэн хувийн хишиг болон лацдан холбогдох ёслолоо хүлээн авахын тулд өдөр шөнөгүй ариун сүм рүү цувран ирж байв. Сара Рич эгч ийн тэмдэглэсэн.

Зураг
Сара Рич

Ариун сүмд Их Эзэний Сүнсний нөлөө, тусламжаар бидэнд өгөгдсөн итгэл болон мэдлэг байгаагүйсэн бол аялал маань харанхуй ангал руу үсэрч байгаатай адил байх байсан. Гэвч бид Тэнгэрлэг Эцэгтээ итгэж байсан ба Түүний сонгогдсон хүмүүс гэдгээ мэдэрч, Түүнд итгэж, найдсан юм. (Sara Rich, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 30)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс тухайн үед Наувуд байсан гэгээнтнүүдийн талаар ийн ярьсан.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

Наувугийн ариун сүмд Их Эзэнтэй байгуулсан гэрээ нь өрнөд рүү хийх тэдний аяллыг хамгаалж байсантай адил өнөөдөр бидний хүн нэг бүрийг төдийгүй амьдралын маань туршид мөн адил хамгаалах юм. (Robert D. Hales, “Temple Blessings,” New Era, Feb. 2014, 4)

Хавчлага дарамт улам эрчимжиж, гэгээнтнүүд төлөвлөгөөгөө гаргаж дуусган, анхны томоохон хэсэг 1846 оны 2-р сард Айоваг гатлан аялж эхлэв. Тэд өвлийн цаг агаарын хүнд нөхцөл, хоол хүнсний хомсдол болон эмх замбараагүй байдалтай тулгарсан байлаа. Хавар байнга бороо орж, гол горхи үерлэж, шавар шавхайтай байсан нь гэгээнтнүүдийг 131 хоногт ердөө 483 километр аялахад хүргэсэн юм. Ийн оройтсон, хоол хүнсний нөөц шавхагдсанаас болж Бригам Янг аяллыг зогсоож, Винтер Квортерс гэх түр буудал байгуулав. Намар гэхэд, Винтер Квортерсын хүн ам 7000 гаруй болж өссөн байлаа.

Зураг
Винтер Квортерс, Грэг Олсэн

Олон хүн хоол тэжээлийн дутагдал, гадны нөлөөллөөс болж өвдөж, заримынх нь итгэл соригдов. Эдгээр хүнд хэцүү нөхцөл 1846–1847 оны өвлийг Бригам Янгийн амьдралын хамгийн хэцүү үе болгосон юм. Тэр “олон хүүхдээрээ хүрээлүүлсэн өнөр өтгөн гэр бүлийн эцэг хүн шиг” байсан ба түүнд оногдсон үүрэг хариуцлага “хорин таван тонн жинтэй” адил байсан хэмээн хожим нь дурсжээ (“This Shall Be Our Covenant,” Revelations in Context [2016], 307–8; мөн Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 2, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 40–44, 46–51).

Ийм ачаа дарамтын доор байхдаа Бригам Янг Их Эзэнээс удирдамж заавар хүсэн залбирч, Өрнөд рүү аялах тэдний аяллууд дахь “Израилын Буудлын талаарх Их Эзэний Үг хийгээд тааллыг” (Сургаал ба Гэрээ 136:1) тогтоох илчлэлт хүлээн авсан юм. Та энэ илчлэлтийн дараах хэсгийг судалж байхдаа, Их Эзэний өгсөн заавар болон гэгээнтнүүдэд өгсөн амлалтыг тэмдэглэхийг бод.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 136:2, 8, 10–11, 21–22-ыг уншина уу.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Сургаал ба Гэрээ 136-д цэдэглэгдсэн илчлэлт цагаа олсон байсан тухай нэгэн чухал ойлголтыг өгсөн юм. Тэрээр

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Илчлэлт хүлээн авах аливаа хүчин чармайлтын хамгийн чухал хэсэг нь бид өөрсдийн хүчин чармайлт, ойлголтоор чадах бүхнээ хийх амлалт байдаг. Энэ нь бид үйлчилж мөн ажиллах хэрэгтэй гэсэн үг юм.

Үйлчилж, ажиллах замаар урагшлах нь илчлэлтэд тэнцэхүйц болох чухал арга зам юм. Би судраас судалж байхдаа ихэнх илчлэлт Бурханы хүүхдүүдэд ирэхдээ, Их Эзэн өөрсдөд нь анхны алхам заахыг хүлээн хаашаа ч хөдлөлгүй суухад биш, харин биднийг үйлдэл хийх үед ирдгийг мэдэж авсан.

Жишээ нь, Өрнөд рүү аялах тэдний аяллууд дахь “Израилын Буудлын талаарх Их Эзэний Үг хийгээд таалал” (С ба Г 136:1) хэмээх нэрээрээ танил болсон илчлэлтийг Арван хоёрын чуулгыг Наувугаас гарахаар төлөвлөж байх үед ч, … Миссиссиппи мөрний баруун эрэг дээр байхад ч өгөөгүй юм. … Гэгээнтнүүдийг уулсын хөндийд хүрэх замынхаа гуравны нэгийг гаталж байх үед буюу 1847 оны 1-р сарын 14-нд гэгээнтнүүдийн хөдөлгөөнийг удирдан чиглүүлэх илчлэлт өгөгдсөн. (Dallin H. Oaks, “In His Own Time, in His Own Way,” Ensign, Aug. 2013, 22, 24)

Ерөнхийлөгч Өүксийн энэхүү ойлголт таны ирээдүйд хамаарах асуудал, шийдвэрүүдэд хэрхэн хамаатай болохыг нэг минут бодож үз.

Зураг
Солт Лэйк Валлид ирж буй анхдагчид, Кинг Дриггс

1847 оны 4-р сарын эхээр Бригам Янг гэгээнтнүүдийн анхны бүлэгтэй хамт Винтер Квортерсоос явсан юм. Тэд дөрвөн сарын хугацаанд 1660 км замыг туулж, 1847 оны 7-р сарын 24-ний өдөр Солт Лэйк Валлид хүрч ирэв. Бригам Янг уг хөндийг хараад, “тэр хэдэн минутын турш үзэгдэл үзсэн” хэмээн Вилфорд Вүдрафф цэдэглэсэн байдаг. Тэрээр үзэгдэл харж дуусаад, ‘Хангалттай. Энэ зөв газар мөн байна! Цааш явцгаая’” гэжээ (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 146). 10-р сар гэхэд, 1700-аад гэгээнтэн Ютад суурьшсан байв. Гэсэн хэдий ч 10000 орчим хүн Айова болон Небраскагийн Миссури мөрний дагуу үлдэн амьдарч байсан ба дараагийн таван жилд өрнө зүг аялсан юм (“Sustaining a New First Presidency in 1847,” ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Арван хоёр төлөөлөгч Сүмийг Тэргүүн Зөвлөлгүйгээр гурван жил гаруй хугацаагаар удирдсан. 1847 оны 12-р сард гэгээнтнүүдийн ихэнх нь амьдарч байсан Айовагийн Каунсил Блаффст төлөөлөгчид уулзжээ. Тэд Тэргүүн Зөвлөлийг дахин зохион байгуулах талаар хэлэлцэхээр жижиг дүнзэн байшинд цугларсан байв. “Ариун Сүнсний гайхалтай илэрхийлэлт тэнд байсан хүмүүсийн дээр цутгагдсан” ба ахмад төлөөлөгч болох Бригам Янгийг Сүмийн ерөнхийлөгчөөр Арван хоёр санал нэгтэй дэмжсэн юм (Autobiography of Bathsheba W. Smith, 12, Church History Library, Salt Lake City; зөв бичгийн дүрмийг стандартчилсан; мөн Saints, 2:87–89, 92–95-ыг үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Гэгээнтнүүдийг Солт Лэйк Валли руу аялах явцад Их Эзэн хэрхэн тэднийг удирдан чиглүүлж байсан тухай бод. Их Эзэн таны амьдралыг удирдан чиглүүлж байгааг та хэрхэн мэдэрч байсан бэ? Их Эзэнээс илүү их удирдамж авахын тулд та юунд анхаарлаа хандуулж болох вэ?