Институт
Сэргээлтийн үндэс Багшийн материалын оршил (Шашин судлал 225)


“Сэргээлтийн үндэс Багшийн материалын оршил (Шашин судлал 225),” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“Сэргээлтийн үндэс Багшийн материалын оршил (Шашин судлал 225),” Сэргээлтийн үндэс Багшийн материал

Сэргээлтийн үндэс Багшийн материалын оршил (Шашин судлал 225)

Сэргээлтийн үндэс Багшийн материалын оршил (Шашин судлал 225)

Сэргээлтийн үндэс ангид тавтай морилно уу! Суралцагчдадаа Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд гүн гүнзгий хөрвөгдөхөд туслах энэ ажлыг хүлээн авсанд тань баярлалаа.

Шашны институт, семинарын зорилго:

Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгон, тэдгээрт найдаж, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслах явдал юм. (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 1).

Энэ цуврал хичээлийн зорилго юу вэ?

Энэхүү цуврал хичээл нь дараах зүйлд суралцагчдад туслах зорилготой. Үүнд:

  • Есүс Христ ба Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлийг нь хүчирхэгжүүлэх

  • Сайн мэдээний зарчим ба сургаалын дагуу амьдрах хүсэл эрмэлзэл, хүчин чармайлтыг нь өсгөн нэмэгдүүлж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болох

  • Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлж, мэдээллийн эх сурвалжийг үнэлж дүгнэх туршлагатай болох

  • Сэргээлтийн үндсэн сургаал, илчлэлт, түүхэн үйл явдлыг тодорхойлж, тайлбарлах зэрэг болно.

Энэ гарын авлага ямар бүтэцтэй вэ?

Энэ гарын авлагын агуулга нь ангид болон ангиас гадуур ач холбогдолтой, урам зориг өгөх туршлага олж авахад суралцагчдад туслах зорилготой. Хичээл бүр бэлтгэх материал болон багшийн материалаас бүрдэнэ.

Бэлтгэх материал

Бэлтгэх материалыг танд болон таны суралцагчдад хичээлд бэлдэх явцдаа судлахад зориулсан болно. Энэ нь түүхэн агуулга, зураг, судрын болон Сүмийн удирдагчдын сургаал, хичээлтэй холбоотой нэмэлт эх сурвалжийг тодорхойлсон “Илүү ихийг хүсэж байна уу?” гэх хэсгээс бүрддэг.

Түүнчлэн бэлтгэх материалд суралцагчдын ангид сурч мэдсэн зүйлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн асуулт, үйл ажиллагаа орсон. Жишээлбэл, “Мормоны Ном—Манай шашны тулгуур чулуу” гэх 6-р хичээлийн бэлтгэх материал нь Мормоны Ном хэрхэн Бурханд илүү их ойртоход бидэнд тусалж, өөр ямар ямар арга замаар бидний амьдралыг адисалдаг тухай Сүмийн удирдагчдын сургаалыг судлах боломжийг танд болон таны суралцагчдад олгоно. Үүнд:

Мормоны Номон дээрх сургаалыг судалж, тэдгээрийн дагуу амьдрах нь хэрхэн Бурханд илүү их ойртоход танд тусалсан бэ? Мормоны Номын судрын ямар ямар хэсэг Түүнтэй илүү адилхан болоход танд тусалсан бэ? Дээрх асуултуудын хариултыг хоосон зайд бич. Ангид бодол санаагаа хуваалцахад бэлэн ир.

Далын ахлагч Ким Б.Кларк гүн гүнзгий суралцахад шаардагдах бэлтгэл, чин сэтгэлийн хүчин чармайлтын талаар ийн заасан.

Зураг
Ахлагч Ким Б.Kларк

Хэрэв та үнэхээр гүн гүнзгий судлах хүсэлтэй, зүрх сэтгэл, оюун ухаан тань сурч мэдэхэд нээлттэй байж, уг хүслийнхээ дагуу үйлдвэл Их Эзэн адислах болно. Таныг итгэлтэй залбирч, бэлдэж, судалж, идэвхтэй оролцож, хамгийн сайнаараа үйлдэх үед Ариун Сүнс зааж, сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэх чадавхыг тань өсгөн нэмэгдүүлж, Их Эзэний хүсдэг хүн болоход туслах болно. (“Learning for the Whole Soul,” Ensign or Liahona, Aug. 2017, 27)

Багшийн материал

Багшийн материал нь хичээлд бэлдэх явцдаа сурч мэдсэн зүйлээ ярилцахад суралцагчдаа урихад багш нарт тусалж, харин Их Эзэн болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаарх ойлголт, гэрчлэлээ гүнзгийрүүлэхэд суралцагчдад туслах зорилготой. Хичээл бүрийн оршилд та хичээлийн төлөвлөсөн үр дүнгийн талаарх тайлбарыг олох боломжтой. Үүний дараа хичээлийн бүтэц, агуулга, ярилцлагад туслах материал, хэрэгжүүлэх санаанууд гэх мэт заах санаа өгөгдсөн.

Багшийн материал хэрхэн суралцагчдын бэлэн байдалд тулгуурладаг болохыг дараах байдлаар мөн дахин 6-р хичээлээр жишээ болгон харуулсан.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, Бурханд илүү ойртоход тусалсан Мормоны Номын хэсгүүдийг хуваалцаж, тайлбарлахад тэднийг урь. (Бэлтгэх материалыг судалсан суралцагчид 4-р хэсгийн төгсгөлд бичсэн зүйлээ эргэн харж болно.) Сонгосон хэсгүүдэд бичигдсэн сургаал Есүс Христтэй илүү адилхан болоход тэдэнд хэрхэн тусалдаг талаар бүлгээрээ ярилцахад та бас суралцагчдыг урьж болно.

Энэхүү гарын авлага дээрх хичээлүүдийг уншиж байхдаа багшийн материал суралцагчдын бэлэн байдалд хэрхэн байнга тулгуурлаж байгааг анзаарна уу. Суралцагчдын бэлэн байдалд байнга найдах нь хичээл болгонд бэлэн байхын ач холбогдлыг мэдрэхэд тэдэнд тусална.

Түүнчлэн багшийн материалыг сайн мэдээг зааж, судлах үндсэн загварын дагуу боловсруулан гаргав (Сайн мэдээ заах ба судлах нь, 10, 23–31, 38–41-ийг үзнэ үү). Үүнд Есүс Христийн сайн мэдээний сургаал, зарчмуудын үнэн, ач холбогдлыг тодорхойлон, ойлгож, мэдрэхэд туслахын зэрэгцээ тайлбарлаж, хуваалцан, гэрчлэхэд тэднийг урих зэрэг нь орно.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Энэ цуврал хичээлийг заахад бэлдэхдээ тунгаан бодох зүйлс

Нэг эсвэл хоёр хичээлийг цаг гарган үзээд, заахад бэлдэхдээ бэлтгэх материал болон багшийн материалыг хамтад нь хэрхэн ашиглаж болохоо сайтар судална уу. Хичээл дээр илүү баялаг туршлага өгөхийн тулд та ямар арга замаар бэлдэхэд нь суралцагчдад тусалж болох вэ?

Би суралцагчдад анхаарлаа төвлөрүүлж, энэ цуврал хичээлээс үр ашигтай туршлага олж авахад нь хэрхэн тусалж чадах вэ?

Та суралцагчдаа хичээл дээр болон хичээлээс гадуур суралцагчийн үүргээ гүйцэтгэхийг шаардаж, урамшуулснаар тэднийг адислах болно. Үүнийг хийх зарим арга бол суралцагчдын бэлтгэлд тулгуурлах, бэлтгэх материалтай эсвэл хичээлийн сэдэвтэй холбоотой асуулт тавихад тэднийг урих мөн сургаал, зарчмуудыг өөрийн үгээр тайлбарлах, холбогдох туршлага, гэрчлэлээ хуваалцах боломж олгох, Сэргээгдсэн сайн мэдээний үнэний дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахад тэднийг урих явдал юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Бид заримдаа байдгаасаа илүү хүчирхэг багш болж чадна. Энэ хэцүү ажилд хандахдаа … суралцагчид бол дүүргэдэг сав биш, харин дүрэлзтэл асаах гал гэдгийг санаарай. (Jeffrey R. Holland, “Angels and Astonishment” [Church Educational System Training Broadcast, June 12, 2019], ChurchofJesusChrist.org/broadcasts/article/article/2019/06/14holland)

Багшийн материалд санал болгосон хичээлийн бүтэц нь суралцагчдад сүнслэг өдөөлтийг таньж мэдэн, дагахад хангалттай цаг хугацаа өгөхөд тусална. Материалууд нь мөн сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ болон Есүс Христтэй адилхан болоход суралцагчдыг урихад тань туслах ёстой. “Нас барагсдын гэтэлгэл” хэмээх 19-р хичээлээс дараах жишээг авч үзье.

Та гэр бүлийн түүхээ хийхэд нь зааж сургах хэн нэгний талаар бодоход суралцагчдыг урьж болно. Хэрэв зарим суралцагч гэр бүлийн түүхээ аль хэдийн хийж сурсан бол ангийнхаа өөр хэн нэгэнд зааж сургахад тэднийг урь. Хэрэв цаг гарвал та мөн суралцагчдад гэр бүлийн түүхийн ChurchofJesusChrist.org/family-history вэбсайтыг үзүүлж, сайтыг судлан, гэр бүлийн түүхийн ажилд хэрхэн илүү идэвхтэй оролцох нэмэлт санаа олж авахад тэднийг урамшуулан дэмж.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг хуваалц.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Би та нарыг энэ жил гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажлыг илүү сайн хийхийн тулд, тэр тусмаа цаг заваа зарцуулах гэх мэт ямар ямар золиослол гаргаж болох талаар залбирч, тунгаан бодоосой гэж урьж байна. (Russell M. Nelson, RootsTech Family Discovery Day—Opening Session 2017, ChurchofJesusChrist.org)

Суралцагчдыг залбирч эргэцүүлэн бодож, дараа нь гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд илүү идэвхтэй оролцохын тулд ямар тодорхой золиос гаргах эсвэл ямар алхмууд хийхээ бичиж тэмдэглэхэд урь.

Энэ цуврал хичээл нь тус бүр 50 минут үргэлжлэх 28 хичээлээс бүрдсэн ба нэг улирал үргэлжлэхээр төлөвлөгдсөн болно. Хэрэв танай анги долоо хоногт нэг удаа 90-100 минутаар хичээллэдэг бол анги болгонд хоёр хичээлийг нэгтгэн заа. Багшийн материалын бүх агуулгыг багтааж заахын оронд суралцагчдын хувьд нэн чухал сургаал эсвэл зарчмуудын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, тэдгээр үнэний дагуу бүрэн дүүрэн амьдрахад нь тэдэнд туслахад анхаар.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Энэ цуврал хичээлийг заахад бэлдэхдээ тунгаан бодох зүйлс

Бэлдэх явцдаа сурч мэдсэн зүйлээ ангид хуваалцахад суралцагчдыг урамшуулан дэмжих ямар арга зам байдаг вэ? Бэлтгэл материалыг судлаагүй суралцагчдыг татан оролцуулахын тулд та юу хийж болох вэ?

Би заахад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ?

Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө хүүхдүүдэд заахад бэлтгэж, зааж сургахад танд туслах болно. Сайн мэдээний дагуу тууштай амьдрахын тулд гаргасан хичээл зүтгэл тань зааж сургахад бэлтгэхдээ Сүнсийг хүлээн авах шаардлагыг хангахад тань тусална.

Бэлтгэх явцдаа суралцагчдынхаа хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг хангахын тулд багшийн материалыг зохих ёсоор тааруулан тохируулах арга замыг бодож үзнэ үү. Тааруулж тохируулахдаа Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн дараах зөвлөгөөг дагаарай.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Ерөнхийлөгч [Боид К.] Пакэр, эхлээд бид өөрсдийн болгоод, дараа нь зохицуулан өөрчилдөг хэмээн олон удаа зааж байсан. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийг заахдаа Сүнсийг дагаж, дасан зохицож чадна. Гэвч биднийг энэхүү уян хатан байдлын тухай ярих үед, өөрийн болгохын оронд шууд тааруулан тохируулах уруу таталт гарч ирдэг. Үүнийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Энэ нь үргэлж анхаарч байх асуудал. Гэхдээ эхлээд өөрсдийн болгоод, дараа нь тааруулан тохируулах нь зөв арга юм. (Dallin H. Oaks, “A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Та заахад бэлдэхдээ өөртөө дараах асуултуудыг тавих нь тустай байж болох юм.

  • Би Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахаар залбирсан уу?

  • Би бэлтгэх материалыг судалсан уу?

  • Би багшийн материалын үндэс суурийг сайн судалсан уу? Суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангахын тулд тааруулж тохируулбал зохих зүйл байна уу?

  • Бид хичээл дээр судруудаас хэрхэн үр дүнтэй суралцаж болох вэ?

  • Би энэ хичээл дээр Аврагчид анхаарлаа төвлөрүүлж, Ариун Сүнснээс суралцахад нь суралцагчдадаа хэрхэн тусалж болох вэ?

  • Би суралцагчдадаа сайн мэдээний эдгээр зүйлтэй холбоотой зарчмуудын талаар суралцан, ойлгож, гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлэхэд нь хэрхэн үр дүнтэй тусалж болох вэ?

  • Суралцагчдын ангийн бэлтгэл, амьдрал дээрх туршлагаасаа олж мэдсэн зүйлсийг ач холбогдолтой байдлаар хичээлдээ нэгтгэн оруулахын тулд би юу хийж болох вэ?

  • Би суралцагч бүрийг хичээлд бүрэн оролцоход нь хэрхэн тусалж чадах вэ?

  • Би анги тус бүрд ашиглах сургалтын үйл ажиллагаа, арга барилыг хэрхэн өөрчилж болох вэ?

  • Бид Сүнсийг урьж авчран, суралцагчдад бие биендээ зааж, суралцах эрх, үүрэг өгдөг сургалтын орчныг хэрхэн бүрдүүлж чадах вэ? (Сургаал ба Гэрээ 88:78122-ыг үзнэ үү.)

Би хичээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрхэн тааруулан тохируулах вэ?

Та заахаар бэлтгэж байхдаа онцгой халамж шаардлагатай суралцагчдад анхаарлаа хандуулаарай. Тэднийг татан оролцуулж, амжилтад хүрэхэд нь туслах байдлаар үйл ажиллагаа, хүлээлтийг тааруулж тохируулна уу (Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан материалыг disabilities.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэ

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх

Та энэ цуврал хичээлээс ямар туршлага олж аваасай гэж суралцагчдаасаа хүсэж байгаагаа бодож үзнэ үү. Та утга учир бүхий суралцах туршлага олж авахад нь тэдэнд туслахын тулд хийхээр төлөвлөж буй хэдэн зүйлээ жагсааж бич.

Суралцагчид кредит авахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Институт төгсөх кредит авахын тулд суралцагчид дараах зүйлсийг хийх ёстой. Тухайлбал:

  1. Хичээлийн бэлтгэх материалыг 75-аас доошгүй хувьтай судалсан байх

  2. Заасан хичээлийн 75 хувьд суусан байх

  3. Суралцах гурван туршлагын аль нэгийг хийж дууссан байх. Үүнд: Судлах тэмдэглэл хөтлөх, гурван эсээний асуултад хариулж бичих эсвэл цуврал хичээлийн агуулгатай холбоотой сургалтын төслийг (багшийн зөвшөөрснөөр) өөрөө боловсруулж, гүйцэтгэх зэрэг нь орно. Дэлгэрэнгүй мэдээллийг ChurchofJesusChrist.org/si/institute/learning-experiences-ээс авна уу.

Хэрэв суралцагчид бэлтгэх материал дээрх бүх асуулт, үйл ажиллагааны хариултыг бичиж тэмдэглэсэн байвал энэ нь суралцах туршлагын шаардлагыг бас хангана. Суралцагчид хариултаа танд илгээх шаардлагагүй. Хичээлийн улирлын төгсгөлд юу хийж дуусгаснаа тэд танд харуулах хэрэгтэй.