Институт
28-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна


“28-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“28-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

28-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна

Зураг
Чуулганы төв дэх Ерөнхий чуулган

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Сэтгэл хөдлөм өдрүүд тохиож байна. Их Эзэн бидний нүдэн дээр Өөрийн ажлыг яаравчлуулж байна. Энэ нь сэтгэл хөдөлгөм, хүч шавхсан ажил юм. Бидний хүн нэг бүрээс урьд урьдынхаас илүү ихийг шаардаж байна. Бас илүү их зүйл өгөгдөж байна” гэж заасан (“A Personal Invitation to Participate in Seminary and Institute,” Feb. 4, 2019, ChurchofJesusChrist.org). Та энэ материалыг судалж байхдаа, Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхдээ ажлаа яаравчилж буй энэ цаг үед оролцож болох арга замуудыг олж мэд.

1-р хэсэг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хувь заяа юу вэ?

1830 оны 4-р сарын 6-ны мягмар гарагт Нью-Йоркийн Фейетте дэх Петр Витмерийн дүнзэн байшинд тавиад хүн цуглан, Иосеф Смит Есүс Христийн удирдлаган доор Их Эзэний Сүмийг газар дэлхий дээр дахин байгуулсан юм. Сүм эхэндээ жижигхэн байсан ч бүхэл дэлхийг дүүргэх хувь заяатай.

Зураг
Петр Витмерийн дүнзэн байшин

Хуучин Гэрээний үед Бабилоны хаан Небухаднезар “гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдахыг” (Даниел 2:45) харсан нэгэн зүүд зүүдлэв. Энэ чулуу “асар том уул болоод бүх дэлхийг дүүргэтлээ” (Даниел 2:35) хэмжээгээрээ асар томорч байв. Бошиглогч Даниел хожмын өдрүүдэд Бурхан хэзээ ч устгагдахгүй, харин үүрд оршин тогтнох хаант улсыг байгуулах болно хэмээн хааны зүүдийг тайлбарлан зөгнөжээ (Даниел 2:28, 44-ийг үзнэ үү).

Сүм зохион байгуулагдсанаас хойш 18 сарын дараа, дэлхий дээр ердөө 600 орчим хожмын үеийн гэгээнтэн байх үед, Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд хандан Даниелын бошиглолыг давтан хэлсэн юм. Бид Сургаал ба Гэрээ 65:2-оос “Бурханы хаант улсын түлхүүрүүд дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн болой, мөн тэндээс сайн мэдээ өвч дэлхийг дүүргэх хүртлээ гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу лугаа адил дэлхийн бүх хязгааруудад урагш түгэх болно” хэмээн уншдаг.

Хоёр жил хагасын дараа, 1834 оны 4-р сард бошиглогч Иосеф Смит Огайогийн Көртландад санваартнуудад хандан Сүмийн хувь заяаны талаар нэгэн гайхалтай бошиглол хэлсэн юм.

Уг цуглаан дээр сууж байсан ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф ийн дурсан ярьсан.

Зураг
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

Бошиглогч санваар эзэмшдэг бүх хүнийг тэндхийн сургуулийн жижигхэн дүнзэн байшинд цуглуулав. Энэ бол хааш хаашаагаа 4.25 метрийн хэмжээтэй жижигхэн байшин байлаа. Гэвч тэр үед Көртланд хотод байсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх санваартан энэ байшинд багтаж байлаа. … Бошиглогч “Ах нар аа, … Та нар энэ Сүмийн болон хаант улсын хувь тавилангийн талаар эхийнхээ өвөр дээрх нялх хүүхэд лүгээ адил их зүйлийг мэдэхгүй байгааг тань би Их Эзэний өмнө хэлэхийг хүсэж байна. Та нар үүнийг ойлгохгүй байна” гэж хэлжээ. Би нэлээд их гайхав. Өнөө орой энд хуруу дарам цөөхөн санваартан байгааг та нар харж байна. Гэвч энэ Сүм Хойд, Өмнөд Америкийг дүүргэнэ—энэ нь дэлхийг дүүргэнэ” хэмээн хэлсэн юм. (Вилфорд Вүдрафф, Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 156)

The Gospel Shall Roll Forth” (2:47) видео бичлэгийг үзээд, сэргээгдсэн сайн мэдээ тархаж байгаа нь хэрхэн Тэнгэрлэг Эцэг бүх дэлхийг адислахыг хүсдэгийн нотолгоо болж байгаа талаар тунгаан бод.

160 гаруй жилийн дараа Сүм 11 сая гаруй гишүүнтэй болж, бараг дэлхийн өнцөг булан бүрд тархсаны дараа ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Ах, эгч нар аа, бидэнд юу байгааг та нар ухаардаг уу? Та нар хүн төрөлхтний түүхийн гайхамшигт жүжигт бидний байр суурийг таньж ухаарч байна уу? Энэ бол өнгөрсөн бүх зүйлийн оргил цэг юм. Энэ бол сэргээн босгох цаг үе. Энэ бол сэргээлтийн өдрүүд. … Энэ бол Христийн төрөлтөөс эхлээд энэ агуу гайхамшигт цаг үе хүртэлх бүх зууны товчлол юм. (Gordon B. Hinckley, “At the Summit of the Ages,” Ensign, Nov. 1999, 74)

Арав хүрэхгүй жилийн дараа ерөнхийлөгч Хинкли ийн тунхагласан.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Агуу гайхамшгууд бидний нүдний өмнө тохиож байна. …

Энэ бол ердөө эхлэл. Энэхүү ажил нь цаашид цэцэглэн хөгжиж, дэлхий даяар урагшлах болно. (Gordon B. Hinckley, “The Stone Cut Out of the Mountain,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 83–84)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та яагаад Их Эзэний Сүмийн хувь тавилангийн талаар ойлгодог, гэрчлэлтэй байх нь чухал гэж бодож байна вэ?

2-р хэсэг

Их Эзэн Өөрийн ажлыг өнөө үед хэрхэн яаравчлуулж байна вэ?

Их Эзэний Сүмийн хурдацтай өсөлт болон нөлөөллийн талаар ерөнхийлөгч Томас С.Монсон ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

Сүм өнөөдөр өсөн тэлж байгаагийн шалтгаан нь Их Эзэн ийм болно хэмээн хэлсэн учраас юм. Их Эзэн Сургаал ба Гэрээнд ‘Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно’ [Сургаал ба Гэрээ 88:73] хэмээн хэлсэн.

Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн хувьд бид энэ агуу ажлыг яаравчлуулахад оролцохоор энэ цаг үед дэлхий рүү илгээгдсэн юм. (Thomas S. Monson, “Hastening the Work,” Ensign, June 2014, 4)

Дараах нь Их Эзэн болон Түүний үйлчлэгчид авралын ажлыг яаравчлуулахад оролцоход таныг урьсан цөөхөн хэдэн арга замын жишээ юм. Өөрт чухал санагдах аливаа зарчим, санаануудыг тэмдэглээд, эдгээрийн талаарх санал бодлоо ангидаа хуваалцахад бэлд.

Израилыг цуглуулах

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Их Эзэний Сүмийн ахлагчдад өгсөн эхэн үеийн илчлэлтийн нэг хэсэг болох Сургаал ба Гэрээ 29:4, 7-г уншина уу.

Энэ цугларалтын талаар ярихдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ингэж заасан.

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

Хайрт залуу ах, эгч нар аа, энэ бол гарцаагүй хожмын өдрүүд бөгөөд Их Эзэн Израилыг цуглуулах ажлаа яаравчлуулж байна. Тэрхүү цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй. …

Бид цугларалтын тухай ярихдаа, энэхүү гол үнэнийг буюу хөшигний хоёр талын аль алинд байгаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм. Тэд илүү ихийг олж мэдэхийг хүсэж байгаа эсэхээ өөрсдөө шийдэх ёстой. (Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар,” өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], Ensign, New Era, 8, ChurchofJesusChrist.org)

Сайн мэдээг хуваалцах

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 123:12-ыг уншаад, Их Эзэн “хүмүүний овжин заль мэхээр” харалган болсон олон хүний талаар бошиглогч Иосеф Смитэд юу гэж заасныг олж мэд.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын биднийг авралын ажилд шинэ арга замаар туслах энэхүү урилгын талаар эргэцүүлэн бодохдоо энэ шүлэг дээрх сургаалын талаар бод.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа, мөн ийм олон нийтийн хүчтэй санаа, шинэ зүйлүүд цаг үеийн бүрэн дүүрэн байдалд тохиож байгаа нь тохиолдлын явдал биш юм. Олон нийтийн мэдээллийн сувгууд олон хүнд болон гэр бүлүүдэд хүн тус бүрд эергээр нөлөөлж болох дэлхий даяар тархсан зэмсэг юм. Бид Христийн шавь нарын хувьд Бурхан бол Мөнхийн Эцэг гэдгийг, Түүний хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөг мөн Түүний Хүү Есүс Христийг дэлхийн Аврагч гэдгийг гэрчилж; хожмын өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийн бодит байдлыг тунхаглан; Их Эзэний ажлыг гүйцэтгэхэд эдгээр сүнслэгээр өдөөгдсөн хэрэгслийг зөв зохистой, илүү үр дүнтэй ашиглах цаг болсон гэдэгт итгэдэг. (David A. Bednar, “To Sweep the Earth as with a Flood” [Brigham Young University Education Week devotional, Aug. 19, 2014], ChurchofJesusChrist.org)

Тохинуулах нь

Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр “үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн” (Матай 20:28) хэмээн Өөрийн дагалдагчдад заасан. Тэр “сайныг үйлдэж [явахдаа]” тохинуулсан (Үйлс 10:38). Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ Их Эзэн Фредерик Ж.Виллиамсыг бусдад тохинуулахад урьжээ.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 81:5-ыг уншина уу.

Бид үүнтэй адил тохинуулахаар дуудагдсан. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү заасан.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Эдгээр өөрчлөлт бол [гэрийн болон айлчлагч багшлалтаас тохинуулах] … Их Эзэн Өөрийн ажлыг Өөрийн цаг хугацаанд яаравчлуулж байгааг илтгэх олон нотолгоо юм гэсэн гэрчлэлээ би та бүхэнд үлдээж байна. …

… Бид мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, усан үзмийн талбайн Их Эзэнд [Иаков 5:70–72-ыг үзнэ үү] тусламжийн гараа сунгахаар шийдэн, үйлчилж, залбирлуудад хариу болж, тайтгаруулж, хүмүүсийн нулимсыг арчиж, сул дорой өвдөгнүүдийг хүчирхэгжүүлснээр [Сургаал ба Гэрээ 81:5-ыг үзнэ үү] Бурхан Эцэгийнхээ асар их ажилд тус нэмэр болох болтугай. Бид ийн үйлдсэнээр, өөрсдийн ямар байвал зохих тийм л Христийн жинхэнэ шавь нар болох болно. (Жэффри Р.Холланд, “Тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл,” Ensign, May 2018, 101, 103 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 126)

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Линда К.Бөртон эгч мөн ийн хуваалцсан.

Зураг
Линда К.Бөртон эгч

Авралын ажилтай холбоотой “хэрэгтэй байна” гэж үзэх зарим сүнслэг тэмдгийг надтай хамт төсөөлөн бодно уу.

  • Гэрэлд болон үнэнд хүүхдүүдээ хүмүүжүүлэх эцэг, эхчүүдийн тусламж хэрэгтэй байна

  • Багшийн хувиар зааж сурган үйлчилж, гэрээнийхээ зам дээр байхад нь тусламжийн гараа сунгах охин, хүү, эгч, ах, авга, нагац, үеэл, эцэг, эх болон үнэнч найз нөхдийн тусламж хэрэгтэй байна

  • Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонсон, тэдгээрээс төрсөн мэдрэмжийнхээ дагуу үйлдэх тийм хүмүүсийн тусламж хэрэгтэй байна

  • Сайн мэдээний дагуу жижиг бөгөөд энгийн арга замуудаар амьдардаг тийм хүмүүсийн тусламж хэрэгтэй байна

  • Гэр бүлүүдийг мөнхөд холбох гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажилтнуудын тусламж хэрэгтэй байна

  • Есүс Христийн “сайн мэдээ” ба сайн сайхан мэдээг түгээх номлогчдын болон гишүүдийн тусламж хэрэгтэй байна

  • Замаасаа төөрсөн хүмүүсийг олох аврагчдын тусламж хэрэгтэй байна

  • Үнэн ба зөв шударгын төлөө бат зогсон, гэрээгээ сахигчдын тусламж хэрэгтэй байна

  • Их Эзэн Есүс Христийн жинхэнэ үнэнч дагалдагчдын тусламж хэрэгтэй байна …

… Бид одоохондоо төгс бөгөөд бүрэн биш байгаа нь хамаагүй. … Бидний эгч нар … авралын ажлыг яаравчлуулах гар болон зүрх сэтгэлтэйгээр дагалдагч, үйлчлэгчдийн хувьд нэгдэн алхаж чадна. Бид үүнийг хийснээр Аврагчтай адил болно. (Линда K.Бөртон, “Ажлыг яаравчлуулах гар болон зүрх сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна,” Ensign, May 2014, 124 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 12)

Хүндэтгэлийн өдрийг сахих нь

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 59:9–10-ыг уншаад, Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдэд Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих талаар юу гэж заасныг олж мэд.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих талаар ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Энэ цаг үед авралын ажлыг яаравчлуулах байгууллагын болон бодлогын өөрчлөлт, сургаалын талаарх бүхий л сургалтын дундаас Хүндэтгэлийн өдрийн сүнсийг болон хүчийг өргөх нь гишүүд, гэр бүлүүдийг Их Эзэн Есүс Христэд илүү ойртуулахад хамгийн чухал нөлөө үзүүлнэ хэмээн бид тодорхойлсон юм. (M. Russell Ballard, in Chad H. Webb, “The Sabbath Day” [Seminaries and Institutes training satellite broadcast, Aug. 4, 2015], ChurchofJesusChrist.org)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх

Өнөө үед Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа өөр ямар нотолгоог та харсан бэ? Та нар Их Эзэний ажилд илүү их туслахад хувь нэмрээ оруулж чадах тодорхой арга зам юу вэ? Бодлоо тэмдэглэлийн дэвтэртээ эсвэл доорх зайд бич.