Институт
2-р хичээлийн бэлтгэх материал: Анхны үзэгдэл


“2-р хичээлийн бэлтгэх материал: Анхны үзэгдэл,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“2-р хичээлийн бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

2-р хичээлийн бэлтгэх материал

Анхны үзэгдэл

Зураг
Анхны үзэгдэл

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Иосеф Смитийн Анхны үзэгдлийг Бурханы Хүүг амилснаас хойш тохиосон “хамгийн том үйл явдал” гэж дүрсэлсэн (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 14). Та Анхны үзэгдлийг судлахдаа, энэхүү ариун нандин үйл явдлын ач холбогдлын талаар мөн таны амьдралд болон дэлхийд үзүүлсэн нөлөөний тухай бод.

1-р хэсэг

Бид Иосеф Смитийн Анхны үзэгдлээс ямар үнэнийг сурч мэдэж болох вэ?

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухайд Далын ахлагч Ричард Ж.Мэйнс ийн заасан.

Энэхүү ариун, сэтгэл догдлом туршлагаас сурсан зүйл дээрээ дүн шинжилгээ хийх нь үнэхээр гайхалтай бөгөөд гэгээрэл авчрах дадлага бөгөөд … Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн мөнхийн шинж чанар ба Сатаны бодит байдал; сайн, муу хоёрын хоорондын зөрчилдөөн болон авралын агуу төлөвлөгөөний бусад чухал хэсгийн талаар сурч болно.

Иосеф Смитийн Анхны үзэгдэл бол олон зууны турш нуугдмал байсан олон үнэнийг илчилсэн түлхүүр юм. Иосеф Смитийн Анхны үзэгдлээс олж мэдсэн олон нандин үнэнийг бүгдээрээ марталгүй, хөнгөн хуумгай хандахгүй байцгаая. (Ричард Ж.Мэйнс, “Анхны үзэгдэл: Үнэний түлхүүр,” Лиахона, 2017 оны 6-р сар, 30, 31)

Иосеф Смит шашны асар их төөрөгдөлтэй цаг үед өссөн. Түүний нутаг дэвсгэр дэх Христийн шашны янз бүрийн сүм нэг нэгэнтэйгээ хөрвөгчдийн төлөө өрсөлдөж, сургаал болон шашны зан үйлийн талаар хоорондоо маргалдаж байв. Эдүгээ Иосеф Смит—Түүх хэмээх жишиг бүтээлд орсон, 1838 онд бичигдсэн Анхны үзэгдлийн тухай дараах тэмдэглэлийг судлахдаа олж мэдсэн ойлголтоо бичиж, таны хувьд ач холбогдолтой сайн мэдээний үнэнүүдийг тэмдэглэ.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иoсеф Смит—Түүх 1:8, 11–19-ийг уншина уу.

Зураг
Зүрх сэтгэлийн минь хүсэл (Анхны үзэгдэл), Волтэр Рэйн
Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэх

Иосеф Смитийн 1838 оны Анхны үзэгдлээс олж тогтоосон үнэнүүдээ тэмдэглэл дээрээ эсвэл доорх зайд бич. Яагаад эдгээр үнэнийг ойлгох нь чухал гэж бодож байгаагаа бас бич. Ангид бичсэн зүйлээ хуваалцахад бэлэн ир.

2-р хэсэг

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаарх олон тэмдэглэл энэхүү ариун нандин үйл явдлын талаар хэрхэн илүү их ойлголтыг өгдөг вэ?

Зураг
Иосеф Смитийн баримтын хэсгээс

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай 1832 оны тэмдэглэлийн гар бичмэл.

Иосеф Смит—Түүх бүтээлд цэдэглэгдсэн Анхны үзэгдлийн 1838 оны тэмдэглэлийг Иосеф “холбогдох баримтуудыг болсон байдлаар нь үнэнийг эрэлхийлэгч бүхэнд мэдэгдэх[ийн]” тулд хэлж бичүүлжээ (Иосеф Смит—Түүх 1:1). Энэ бол Анхны үзэгдлийн хамгийн анхны тэмдэглэл байсан ба үүнийг Иосеф Смитийн Сүмийн албан ёсны түүхийн нэг хэсэг болгон оруулсан юм. Үүнийг 1880 онд Агуу Үнэт Сувд номын үлдсэн хэсэгтэй хамт ариун судар болгосон ба энэ нь тухайн үеийн Сүмийн жишиг бүтээлийн нэгэн хэсэг болсон.

1838 оны тэмдэглэлээс гадна бошиглогч Иосеф Смит өөрт тохиолдсон үйл явдлынхаа талаар өөр гурван тэмдэглэлийг бичсэн буюу хэлж бичүүлжээ. Үүнээс гадна Анхны үзэгдлийн тухай Иосеф Смитийн амьдарч байсан үеийн хүмүүсийн бичсэн өөр таван тэмдэглэл байдаг.

Анхны үзэгдлийн талаарх өөр өөр тэмдэглэл нь онцолсон зүйлс болон нарийн ширийн зүйлээрээ ялгаатай ч нэг ижил түүхийг өгүүлдэг. Хувь хүн өөрт тохиолдсон үйл явдлаа өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр бүлэг хүнтэй олон жилийн туршид хуваалцахдаа уг үйл явдлынхаа өөр өөр хэсгийг онцлон авч үзэж, өвөрмөц мэдээлэл өгсөн байдаг хэмээн түүхчид үздэг. Анхны үзэгдлийн тэмдэглэл өөр хоорондоо ялгаатай байдагтай адил зүйлийг Паулын Дамаск руу орох замдаа харсан үзэгдлээс болон Хувиралтын уулан дээр төлөөлөгчдөд тохиолдсон явдлын талаарх судрын тэмдэглэлээс олж харж болно. Хоорондоо ялгаатай ч гэлээ, Анхны үзэгдлийн бүх тэмдэглэлийн үндсэн агуулга өөр хоорондоо нийцдэг. Зарим хүн Анхны үзэгдлийн түүхийг өөр өөр маягаар өгүүлсэн байгаа нь зохиомол гэдгийг баталж байна хэмээн эндүүрэн мэтгэлцдэг. Харин ч эсрэгээрээ, түүхэн олон баримт байгаа нь энэ гайхамшигт үйл явдлын талаар илүү ихийг сурч мэдэх боломжийг бидэнд олгодог бөгөөд цөөхөн байсан бол бид ингэж чадахгүй байхсан. (“First Vision Accounts,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай нэмэлт эх сурвалжаас авсан дараах эшлэлийг уншиж байхдаа, онцгой санагдсан нарийн ширийн мэдээлэл болон үнэнүүдийг тэмдэглэхийг бодож үз. Та мөн өөрт байгаа аливаа асуултыг тэмдэглээд, ангидаа авчирч болно.

Тэмдэглэл: Тэмдэглэл бүрийн бүрэн эхийг “Joseph Smith’s Accounts of the First Vision”-ээс josephsmithpapers.org дээрээс үзэж болно.

1832 оны тэмдэглэл

Энэхүү тэмдэглэл Иосеф Смитийн захидал номын эхэнд бичигдсэн байсан бөгөөд энэ нь түүний гар бичвэр орсон цорын ганц тэмдэглэл юм. Үүний зарим нь Иосефын бичээчийн гар бичвэрт байсан.

Ойролцоогоор арван хоёр настай байхад миний сэтгэл санаа бүхнээс чухал, өөрийн үхэшгүй бодгалийн сайн сайхны төлөө зовних болсон юм. …

… Би гэм нүгэлд автсан тул миний оюун ухаан ихэд зовж шаналах болов. … Би өөрийн болон дэлхий ертөнцийн нүглийн төлөө гашуудсан. …

Тиймээс, би нигүүлслийг хүсэж Их Эзэнд хандан залбирав. Учир нь надад очиж, нигүүлслийг олж чадах өөр хэн ч байсангүй. Харин Их Эзэн цөл дэх миний хашхирах дууг сонссон ба арван зургаан насандаа намайг Их Эзэнийг дуудаж байх үеэр үдийн нарны туяанаас хурц гэрлэн багана дээрээс доош бууж, над дээр ирэв. Би Бурханы сүнсээр дүүрч, Их Эзэн миний дээр тэнгэрийг нээж, би Их Эзэнийг харсан.

Их Эзэн надад хандан “Иосеф, хүү минь нүглүүд чинь өршөөгдсөн. Өөрийн замаар явж, тогтоолуудыг маань сахиж, тушаалуудыг минь дага. Харагтун, Би бол алдар суугийн Их Эзэн бөлгөө. Би дэлхийн төлөө цовдлогдсон бөгөөд Миний нэрэнд итгэгч бүгд мөнх амьдралыг авах болно. Харагтун, “Энэ цаг үед дэлхий нүгэлд оршин байгаа бөгөөд хэн ч сайныг үйлдэхгүй. Тэд сайн мэдээнээс холдож, миний зарлигуудыг сахихгүй байна. Тэд уруулаараа Намайг хүндлэвч зүрхээрээ Надаас хол байдаг. Миний уур хилэн сүсэг бишрэлгүйнх нь дагуу тэдэн дээр айлчилж, бошиглогч, төлөөлөгчдийн амаар ярьсан зүйлийг биелүүлэхийн тулд дэлхийн оршин суугчдын эсрэг дүрэлзэж байна. Болгоогтун, Миний талаар бичигдсэнчлэн Би Эцэгийнхээ алдар сууг өмсөж, үүлэн дунд удалгүй ирнэ.”

Бодгаль минь олон өдөр хайраар дүүрч, агуу баяслыг мэдэрсэн. Их Эзэн надтай хамт байсан ч тэнгэрлэг үзэгдлийг үзсэн гэдэгт итгэх ганц ч хүнийг би олсонгүй. Гэвч би эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ тунгаан бодсон.

1835 оны тэмдэглэл

Энэ тэмдэглэл нь Иосефын гэрт ирсэн хүнд Анхны үзэгдлийн талаар дүрсэлсэн цэдэг юм. Үүнийг Иосефын бичээч тэмдэглэл дээр нь бичжээ.

Би Их Эзэнд хандан хүчтэй залбирсан. Миний толгой дээр галан багана гарч ирэв. Энэ нь миний дээр тогтоход би үгээр илэрхийлшгүй аз жаргалаар дүүрч билээ. Эргэн тойронд тархсан ч юуг ч шатаахгүй байсан энэхүү галан баганын дундаас нэгэн бие гарч ирэв. Удалгүй эхний биетэй адил өөр нэгэн хүн гарч ирээд, ‘Нүглүүд чинь өршөөгдсөн’ хэмээн надад хэлэв. Тэрээр Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг надад гэрчилсэн. Би мөн энэ үзэгдэлд олон тэнгэр элчийг харсан. Би ийн анх удаа харилцахдаа арван дөрвөн настай байсан.

1842 оны тэмдэглэл

Энэ тэмдэглэлийг Чикаго сонины редактор Жон Вентвортын асуултад хариулах зорилгоор бичсэн захидлаас авсан болно.

Би ойн нэгэн нууцлаг газар очоод, Их Эзэнийг дуудаж эхэлсэн юм. Намайг чин сэтгэлээсээ залбирч байхад, оюун ухаан минь эргэн тойронд байх зүйлсээс тасарч, би тэнгэрлэг үзэгдлээр хүрээлэгдсэн бөгөөд үд дундын нарнаас хурц тод гэрлээр хүрээлэгдсэн, бие биетэйгээ шинж чанар, харагдах байдлаараа адил хоёр алдар суут биесийг харсан. Тэд надад бүх шашны бүлгүүд буруу сургаалд итгэдэг ба аль нь ч Бурханаар Түүний сүм эсвэл хаант улс хэмээн зөвшөөрөгдөөгүй байсныг хэлсэн. Намайг “тэдгээрийн араас явах хэрэггүйг” хатуу тушаасан ба сайн мэдээний бүрэн байдлыг ирээдүйн нэгэн цагт надад мэдэгдэхийг амласан.

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Эдгээр тэмдэглэл нь Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаарх таны ойлголт, үүнд талархах талархлыг хэрхэн өсгөн нэмэгдүүлж байна вэ? Та энэ материалын 1-р хэсэг дээрх жагсаалтдаа өөр ямар үнэнийг нэмж болох вэ? Энэхүү ариун үйл явдлын талаарх таны гэрчлэл таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?