Институт
24-р хичээл: Багшийн материал: Бошиглогч Иосеф Смит—Сонгогдсон үзмэрч


“24-р хичээл: Багшийн материал: Бошиглогч Иосеф Смит—Сонгогдсон үзмэрч,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“24-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

24-р хичээл: Багшийн материал

Бошиглогч Иосеф Смит—Сонгогдсон үзмэрч

Их Эзэн бошиглогч Иосеф Смитийг хүмүүсийн дунд “өндрөөр хүндлэгдэх” “сонгогдсон үзмэрч” (2 Нифай 3:7) болно хэмээн тодорхойлсон. Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан хийсэн бүх сайн сайхан зүйлээс үл хамааран бошиглогч олон шүүмжлэлтэй учирч байв. Энэ хичээл нь Иосеф Смитийн эсрэг шүүмжлэлүүдэд итгэлтэйгээр хариулахад бэлтгэхэд суралцагчдад туслахын зэрэгцээ Их Эзэн дуудсан хүмүүсээ тэнцэхээр болгодог гэсэн итгэл үнэмшлийг нь хүчирхэгжүүлнэ.

Заах зөвлөмж

Их Эзэн Иосеф Смитийг сул дорой байхад нь дуудсан ба сонгогдсон үзмэрч болоход нь тэнцүүлсэн.

Залуу Иосеф Смитийг зурсан уран зургийг үзүүлнэ үү.

Зураг
Хэрэв хэн нэгэн мэргэн ухаанаар дутвал, Волтэр Рэйн

Иосеф Смит Есүс Христийн сайн мэдээг сэргээхэд туслахаар дуудагдахдаа өөрийн чадварын талаар юу гэж бодож байсныг илтгэх үг хэллэгийг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгээс хуваалцахад суралцагчдыг урь.

Суралцагчдыг Их Эзэний эсвэл Түүний үйлчлэгчдийн хүссэн зүйлсийг хийх хэцүү эсвэл хангалттай сайн биш мэт санагдаж байснаа бодож үзэхэд урь.

Их Эзэн Иосеф Смитийг дуудсан нь бид Их Эзэний ажлыг хийхдээ сул дорой эсвэл хангалттай сайн биш гэж санагдахад туслах хүчтэй зарчмыг заадаг. Мормоны Номд бошиглогч Лихай Египетийн Иосефын нэгэн бошиглолыг дурдсан байдаг. Ангиараа 2 Нифай 3:6–11, 15-ыг уншаад, Иосеф гэж нэрлэгдэх ирээдүйн бошиглогчийг тодорхойлоход Их Эзэний ашигласан үг, хэллэгийг хайж ол.

  • Их Эзэн Иосеф Смитийг болон түүнд гүйцэлдүүлэхэд нь туслах ажлыг дүрслэхдээ ямар үг хэллэг ашигласан бэ?

  • Аврагч Иосефыг гүйцэлдүүлэхээр дуудсан ажилд нь ямар үүрэг гүйцэтгэнэ гэж амласан бэ?

Ангиараа 2 Нифай 3:13, Сургаал ба Гэрээ 124:1-ийг уншаад, Их Эзэн Иосеф Смитийг хэрхэн тодорхойлсныг олж мэд. Суралцагчдаар олж мэдсэн зүйлийг нь хуваалцуул.

  • Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэтгэхэд “дэлхийн сул доройчуудыг” дуудсан явдлаас Түүний мэргэн ухаан хэрхэн харагддаг вэ? (Сургаал ба Гэрээ 124:1).

  • Их Эзэн Иосеф Смитийг сул доройд нь дуудсан явдлаас бид ямар сургамж авч болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллын заасан дараах зарчмыг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Нийл А.Максвэлл

Их Эзэн Иосеф Смитийг хожмын өдрүүдэд ‘сонгогдсон үзмэрчээр’ ашиглана гэсэн агуу захиас үнэндээ бид бүхэнд итгэл найдвар төрүүлдэг. Их Эзэн биднийг сул дорой байхад дуудаж болох ч Өөрийн зорилгуудын төлөө биднийг тэнцэхүйц болгодог. (Neal A. Maxwell, “A Choice Seer,” Ensign, Aug. 1986, 14; налуу бичилт нэмэгдсэн)

  • Энэ зарчим нь өөрсдөөсөө болон Сүмийн удирдагчдаас мөн бусад гишүүнээс олж анзаардаг эгэл хүний алдаа дутагдалтай тэмцэж буй хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

  • Их Эзэн таны сул дорой байдлаас үл хамааран Өөрийн ажлыг хийлгэхдээ таны чадварыг тэнцэхүйц болгож байгааг та хэзээ мэдэрч байсан бэ? Их Эзэн ийм зүйлийг бусдын төлөө хийж байхыг та хэзээ харж байсан бэ?

  • Иосеф Смит Их Эзэний хүчирхэгжүүлэх хүчийг хүлээн авахын тулд юу хийсэн бэ? (Та хичээлд бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа ахлагч Маркус Б.Нэшийн мэдэгдлийг уншихад суралцагчдыг урьж болно.)

Их Эзэний зорилгуудад тэнцэхүйц болгох хүчийг амьдралдаа урин авчрахын тулд юу хийж болохоо залбиран байж бодож үзэн, бичиж тэмдэглэх цаг суралцагчдад гаргаж өг.

Иосеф Смитийн нэр “бүх үндэстнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагдах болно.”

Иосеф Смитийн хийсэн бүх сайн сайхан зүйлээс үл хамааран тэр олон гүжирдэгч, шүүмжлэгчтэй учирч байв. Гэвч үүнд Иосеф гайхахгүй байлаа. Моронай анх 17 настай Иосефт үзэгдэхдээ, түүнд ирээдүйнх нь талаар ойлголт өгсөн юм. Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:33-ыг уншаад, хүмүүс Иосефын талаар юу гэж бодох талаар олж мэдэхэд урь.

  • Бид энэ хэсгээс юу мэдэж авч болох вэ? (Иосеф Смитийн нэр бүх үндэстнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагдах болно гэсэн үнэнийг олж тогтооход суралцагчдад тусал.)

  • Энэ бошиглол өнөөдөр биеллээ олж байгааг бид хэрхэн харж байна вэ?

Их Эзэн Иосефыг Миссурийн Либерти шоронд хоригдож байхад буюу түүний амьдралын хамгийн харанхуй үеүдийн нэгэнд тайтгаруулж байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 122:1–3-ыг уншаад, Их Эзэн Иосефт хэрхэн итгэл найдвар өгснийг олж мэдэхэд урь.

  • Итгэлтэй хүмүүс Иосеф Смитэд болон түүний бошиглолын дуудлагад хэрхэн хандах талаар бид энэ шүлгээс юу сурч мэдэж болох вэ? (Хэдийгээр зарим нь Иосеф Смитийг дооглон, тохуурхаж болох ч зүрх сэтгэлдээ цэвэр ариун нь түүнийг эсэргүүцэлгүй, харин тохинууллаар нь дамжин ирэх адислалуудыг эрэлхийлэх болно.)

Суралцагчдаас хичээлд бэлтгэх материалын 2-р хэсэгт буй бошиглогч Иосеф Смитийг таньдаг байсан хүмүүсийн хэлсэн зүйлийг хараад, өөрт чухал санагдсан зүйлсийг хуваалцахыг хүс.

  • Бошиглогч Иосеф Смитийн талаар ямар мэдрэмж, гэрчлэл танд байна вэ?

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Аврагчийн Хоёр дахь ирэлт ойртохын хэрээр бошиглогч Иосеф Смитийн талаарх сөрөг мэдээлэл улам бүр ихсэх болно. Хагас дутуу үнэн мэдээллүүд болон нарийн заль мэхүүд багасахгүй. Та нарын тусламж хэрэгтэй гэр бүлийн гишүүд, найз нөхөд ч гарч ирэх болно. (Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” Ensign, Nov. 2014, 30 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–35)

Бошиглогч Иосеф Смитийн талаар сонсож эсвэл уншсан сөрөг зүйлсэд санаа зовж байгаа гэр бүл, найз нөхдөдөө хэрхэн тусалж болохоо ангиараа эсвэл жижиг бүлгээрээ хэлэлц. Энэ хэлэлцүүлгийнхээ нэг хэсэг болгож хичээлд бэлтгэх материалын 3-р хэсгийн ахлагч Андэрсэны мэдэгдлийг бүлгээрээ уншиж болно. Дараах асуултуудыг хэлэлцүүлэгт оруулах тустай байж магадгүй юм.

  • Иосеф Смитийн талаар болон түүний бошиглолын номлолын тухай асуултынхаа хариултыг эрэлхийлж буй хүнийг тунгаан бодож мөн залбирахад урихын зэрэгцээ найдвартай эх сурвалжаас судлахад урамшуулах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • Та хэн нэгнийг Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагын талаарх сүнслэг гэрчлэлтэй болж эсвэл гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд хэрхэн урамшуулах вэ?

Иосеф Смит бол сул дорой байхдаа дуудагдаж, Сэргээлтийн бошиглогч байхаар Их Эзэнээр хүчирхэгжсэн Бурханы бошиглогч байсан тухай сүнслэг гэрчлэлтэй болохын чухлыг гэрчилж хичээлээ өндөрлө.

Дараагийн хичээлээр

Суралцагчдаас ирээдүйд нөлөөлөх шийдвэрийн талаар санаа зовниж, залбирч байсан эсэхийг асуу. Тэднийг дараагийн хичээлд бэлтгэх материалыг судлахад урь. Тэд үүгээр дамжуулан Иосеф Смитийг нас барсны дараа гэгээнтнүүдэд тулгарсан тодорхой бус байдал, цөл рүү шинэ удирдагчийг дагаж явсан гайхалтай итгэлийнх нь талаар олж мэдэх болно. Суралцагчдыг энэ хүнд үед гэгээнтнүүдээс сурч мэдсэн зүйлсээ ярилцахаар бэлдэж ирэхэд урь.