Институт
9-р хичээлийн бэлтгэх материал: Есүс Христ бол бидний тэнгэрлэг Гэтэлгэгч мөн


“9-р хичээлийн бэлтгэх материал: Есүс Христ бол бидний тэнгэрлэг Гэтэлгэгч мөн,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“9-р хичээлийн бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

9-р хичээлийн бэлтгэх материал

Есүс Христ бол бидний тэнгэрлэг Гэтэлгэгч мөн

Зураг
Христ ба баян залуу удирдагч зургийн хэсгээс, Хэйнрих Хофманн

Зарим хүн Есүс Христийг зүгээр л нэг үлгэрлэн дуурайх сайн үлгэр жишээ хүн гэж харж байхад, зарим нь эртний бошиглогч, харин зарим нь дэлхийн Аврагч гэж хардаг. Таны амьдардаг газарт байдаг, Их Эзэний тухай хамгийн түгээмэл итгэл үнэмшил, хандлага юу вэ? Түүний талаар та ямар итгэл үнэмшилтэй байна вэ? Та бошиглогч Иосеф Смитийн Есүс Христийн талаар хүлээн авсан үзэгдэл, илчлэлт, судруудыг судалж байхдаа, тэдгээр нь хэрхэн тэнгэрлэг Гэтэлгэгчийнх нь хувьд Түүнд итгэх таны итгэл, гэрчлэлийг гүнзгийрүүлэх талаар бодож үзээрэй.

1-р хэсэг

Иосеф Смит болон Сэргээлт Их Эзэн Есүс Христийн тухай миний ойлголтод хэрхэн нөлөөлдөг вэ?

Иосеф Смит Их Эзэнтэй бага залуу байхаасаа эхлэн харилцсан. Тэрээр 12 настайдаа “би гэм нүгэлд автсан тул миний оюун ухаан маш их зовж шаналах болов. … Би өөрийн болон дэлхий ертөнцийн нүглийн төлөө гашуудсан” хэмээн бичжээ.

Зураг
Залбирч буй Иосеф, Брайн Колл

Хожим нь залуу Иосеф “Эзэнээс өршөөл гуйн” уйлахад Их Эзэн түүнд үзэгдлээр “Иосеф, хүү минь, нүгэл чинь уучлагдсан. Өөрийн замаар явж, зарлигуудаар минь явж, тушаалуудыг минь сахь. Харагтун, би бол алдар суугийн Их Эзэн. Би дэлхийн төлөө цовдлогдсон бөгөөд миний нэрэнд итгэгч бүгд мөнх амьдралыг хүртэж болно” хэмээн хэлсэн байдаг.

Анхны үзэгдлийг харснаар Иосеф Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын энэрэнгүй бөгөөд өршөөнгүй гэдгийг ойлгож мэдсэн билээ. Их Эзэнтэй ярилцаж, нүгэл нь өршөөгдсөний дараа Иосеф: “Сэтгэл минь хайраар дүүрэн байлаа. Олон өдрийн турш би их баяр хөөрөөр бялхаж байлаа. Их Эзэн надтай хамт байсан” хэмээн гэрчилжээ (“Joseph Smith’s Accounts of the First Vision,” Circa Summer 1832 History, josephsmithpapers.org).

Иосефын адил санаа зовж байсан үеэ бод. Та түүний өршөөгдөх хүслийг мөн Их Эзэн өөртэй нь хамт байгааг мэдсэнээр мэдэрсэн баяр баясгаланг ойлгож болох юм.

Иосеф Смитийн Аврагчийн тухай хүлээн авсан олон тооны үзэгдэл нь түүнд хожмын үед Есүс Христийн хүчтэй гэрч болох боломжийг олгожээ. 1832 оны 2-р сарын 16-нд, Библийн сүнсээр өдөөгдсөн орчуулга (Иосеф Смитийн орчуулга гэдгээр мэднэ) дээр ажиллаж байхдаа Иосеф Смит, Сидней Ригдон хоёр “Эцэгийн баруун гар дахь Хүүгийн алдар сууг” харсан үзэгдэл хүлээн авсан. Есүс Христийн талаар тэд “Тэр амьд!” хэмээн гэрчилсэн юм (Сургаал ба Гэрээ 76:20, 22–23).

Энэ үзэгдлээр бошиглогчид Есүс Христийн талаар өөр ямар ямар үнэнийг харуулсныг анхаарна уу.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 76:23–24-ийг уншина уу.

Зураг
Их Эзэн Көртландын ариун сүмд үзэгдсэн нь, Дэл Парсон

Дөрвөн жилийн дараа бошиглогч Көртландын ариун сүмд Аврагчийг харснаа “Түүний царай нь нарны гэрлээс дээш гэрэлтэв; мөн түүний хоолой нь агуу усны урсгалын чимээ шиг сонсогдож байлаа” хэмээн дахин гэрчилсэн юм (Сургаал ба Гэрээ 110:3).

Их Эзэн гэгээнтнүүдэд, Сүнсээр дамжуулан илчлэлтүүдийг судлахдаа “та нар миний дуу хоолойг сонссоноо, мөн миний үгийг мэднэ гэдгээ та нар гэрчилж чадна” хэмээн заажээ (Сургаал ба Гэрээ 18:36).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Есүс Христийн талаарх бидний мэдлэгт Иосеф Смитийн оруулсан хувь нэмрийн талаар ийн эргэцүүлэн боджээ.

Их Эзэнтэй харьцах хувийн харилцаагаар болон Мормоны Номын орчуулга хийгээд хэвлэлтээр мөн гэрчлэлээ өөрийн амийг зольсон цусаар лацадсанаар дамжуулан Иосеф Есүс Христийн тэнгэрлэг Гэтэлгэгч гэсэн үнэн мөн чанарын гарамгай илчлэгч болсон. (D. Todd Christofferson, “Born Again,” Ensign эсвэл Liahona, May 2008, 79)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Иосеф Смитэд өгсөн үзэгдэл, илчлэлт, судруудын ачаар бид Аврагчийн зан чанарын талаар илүү сайн ойлголттой болсон.

  • Бошиглогч Иосеф Смитгүйгээр Аврагчийн талаар ямар мэдлэг байхгүй байх байсан бэ? Тэр мэдлэг байхгүй байсан бол энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх байсан бэ? (Судалж байхдаа энэ асуултыг дотроо бодно уу.)

2-р хэсэг

Аврагчийн Цагаатгалын талаар сэргээгдсэн ямар үнэн миний Түүнд итгэх итгэлийг өсгөн нэмэгдүүлж чадах вэ?

Тэмдэглэл: Та дараах судрын хэсэг, бошиглолын сургаалуудыг уншихдаа танд онцгой санагдсан Аврагчийн Цагаатгалтай холбоотой үнэнийг тэмдэглэж авах талаар бодож үзээрэй.

Иосеф Смитийн Мормоны Номын орчуулгаар дамжуулан Аврагчийн сайн мэдээ ба Цагаатгалын тухай олон тодорхой, үнэт үнэн сэргээгдсэн (1 Нифай 13:34, 40-ийг уншина уу).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Алма 34:10, 12-ыг уншаад, Аврагчийн цагаатгагч золиосын талаар Мормоны Номын бошиглогч Амюлек зорамчуудад юу гэж заасныг олж мэд.

Есүс Христийн Цагаатгалыг юу хязгааргүй болгосныг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарлажээ.

“Түүний Цагаатгал хязгааргүй бөгөөд эцэс төгсгөлгүй юм [2 Нифай 9:7; 25:16; Алма 34:10, 12, 14-ийг үзнэ үү]. Энэ нь бас бүх хүн төрөлхтөн үхлээс үүрд мөнх аврагдах учраас хязгааргүй юм. Энэ нь бас Түүний зовлон юутай ч зүйрлүүлшгүй хүчтэй байснаараа хязгааргүй юм. Энэ нь мал амьтнаар тахил өргөдөг ёсыг халснаараа цаг хугацааны хувьд хязгааргүй юм. Энэ нь бүх хүний төлөө хийгдсэн учраас цар хүрээгээрээ хязгааргүй юм [Еврей 10:10}-ыг үзнэ үү]. Цагаатгалын нигүүлсэл зөвхөн хязгааргүй тооны хүмүүст төдийгүй Түүний бүтээсэн хэмжээлшгүй олон гараг дэлхийд хамаатай [Сургаал ба гэрээ 76:24; Мосе 1:33-ыг үзнэ үү]. Энэ нь хүмүүний аливаа хэмжүүрээс эсвэл мөнх бус ойлголтоос давсан хэмжээлшгүй зүйл байлаа.

Есүс мөнх бус эх, үхэшгүй мөнх Эцэг хоёроос төрсөн учраас ийм хэмжээлшгүй Цагаатгалыг хийж чадах цорын ганц нь байлаа. Энэхүү ер бусын залгамжлах эрхийнхээ улмаас Есүс хязгааргүй Хүмүүн байсан юм. (Russell M. Nelson, “The Atonement,” Ensign, Nov. 1996, 35)

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Бошиглогч Алма Гидеоны хүмүүст Аврагчийн Цагаатгалын талаар чухал үнэнийг заасан байдаг. Алма 7:11–13-ыг уншина уу.

Алма 7-оос эш татсаныхаа дараа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднэр ийн заасан.

Эхлээд Аврагчийн амсаж туулаагүй тийм их бие махбодын өвчин, сүнслэг байдлын шарх, сэтгэл санааны зовлон, сул дорой байдал энэ мөнх бус амьдралд та бидэнд хэзээ ч тохиолдохгүй. Бид сул дорой байдлаасаа болж, ‘Ийм хүнд ачааг хэн ч мэдэхгүй, хэн ч ойлгохгүй шүү дээ’ хэмээн дуу алдан хашхирч мэднэ. Харин Бурханы Хүү төгс мэддэг, төгс ойлгодог, учир нь Тэр бидний хүн нэг бүрийн ачааг мэдэрч, үүрсэн юм. Тэр Өөрийн хэмжээлшгүй бөгөөд үүрдийн золиослолын улмаас (Алма 34:14-ийг үзнэ үү) сэтгэл санааны зовлонг төгс ойлгодог ба бидэнд нигүүлслийн мутраа сунгаж чадна. Тэрбээр биднийг сэтгэл санаагаар өргөн дэмжиж, хүч чадал өгч чадна. (Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Ensign, May 2014, 90 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108)

Иосеф Смит Их Эзэний мэдэрсэн төсөөлөхийн аргагүй зовлон шаналлыг бодгалийн үнэ цэнтэй холбосон илчлэлтийг хүлээн авчээ. Их Эзэн Оливер Каудери, Давид Витмер хоёрыг наманчлахыг номлоход дуудсаныхаа дараа тэдэнд зааварчилгаа өгчээ.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 18:10–11, 13-ыг уншина уу.

Зураг
Христ Гетсеманийн цэцэрлэгт өвдөг сөгдсөн нь

Их Эзэн Мартин Харрист өгсөн илчлэлтээрээ Өөрийн цагаатгагч золиосын талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ. Мартин Мормоны Номын хэвлэлийн төлбөрийг төлснөөр фермээ алдахгүйг хичээж байв. Энэ илчлэлт дээр Их Эзэн Мартинд наманчлахыг зарлиглаж, дараа нь Өөрийн зовлон шаналлын тухай өвөрмөц түүхийг илчилсэн юм.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг уншина уу.

Таны өмнөөс үүрсэн Есүс Христийн зовлон шаналлын талаар тунгаан бодохдоо “Би гайхширна” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 22) дууллын үгийг унших юм уу сонсох талаар бодож үз.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Би хэрхэн Есүс Христийг илүү сайн мэдэж болох вэ?

Тэмдэглэл дээрээ эсвэл доорх зайд энэ хэсгийн судрын эшлэл, сургаалуудаас танд онцгой санагдсан хэдэн үнэнээс гадна Аврагчийн цагаатгагч золиосын талаарх бусад бодол санаа, асуултаа бичнэ үү. Ангид тодорхойлсон үнэн болон аливаа ойлголтоо хуваалцахад бэлдэж ир.