Институт
15-р хичээл: Багшийн материал: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө ба бидний бурханлаг чадавх


“15-р хичээл: Багшийн материал: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө ба бидний бурханлаг чадавх,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“15-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

15-р хичээл: Багшийн материал

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө ба бидний бурханлаг чадавх

Их Эзэн Тэнгэрлэг Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөөний алдар сууг болон Түүнтэй адил болох бидний бурханлаг чадавхын талаар Иосеф Смитэд илчилсэн. Энэ хичээл нь Эцэгийн төлөвлөгөөнд талархах талархлаа нэмэгдүүлж мөн өөрсдийн хэн болох, бурханлаг чадавхдаа хүрэхийн тулд юу хийж болохоо илүү сайн ойлгоход суралцагчдад туслах болно.

Заах зөвлөмж

Иосеф Смит авралын төлөвлөгөөний талаар чухал үнэнүүдийг хүлээн авсан.

Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан Бурхан болон хойд насны талаар илчлэлт өгөхөөс өмнө ихэнх Христэд итгэгч, Сүмийн эхэн үеийн хөрвөгчид эдгээр сэдвийн талаар ямар ойлголттой байсан байж болох талаар тайлбарлахад суралцагчдыг урь. (Суралцагчид хичээлд бэлтгэх материалын 1, 3-р хэсгийг дахин уншихыг хүсэж болох юм.)

  • Хичээлд бэлтгэх материалаас сурч мэдсэн зүйл дээр тань үндэслэхэд, Их Эзэн авралын төлөвлөгөөний тухай үнэнүүдийг хэзээ мөн хэрхэн Иосеф Смитэд илчилсэн бэ?

  • Уг төлөвлөгөөний талаарх ямар сэргээгдсэн үнэнүүд эхэн үеийн гэгээнтнүүдийн амьдралыг хамгийн ихээр өөрчилсөн гэж та бодож байна вэ? Эдгээр үнэн хаана цэдэглэгдсэн байсан бэ? (Хичээлд бэлтгэх материалын 1 ба 3-р хэсгийг үзнэ үү.)

Суралцагчдыг өмнөх асуултуудад хариулах үеэр та хичээлд бэлтгэх материалд дурдагдсан Мосе 1:39, Абрахам 3:22–26 зэрэг зарим судрын хэсгийг эргэн харж болно. Суралцагчдад дараахын адил үнэнүүдийг тодорхойлж мөн тайлбарлахад тусал. Тухайлбал: Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь Бурханы ажил мөн алдар суу бөлгөө (Мосе 1:39-ийг үзнэ үү). Бид төрөхөөсөө өмнө сүнсэн хэлбэрээр Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдардаг байсан (Абрахам 3:22–23-ыг үзнэ үү). Их Эзэн бидэнд Бурханыг дуулгавартай дагах сонголт хийж болох газар болгон дэлхийг бүтээсэн юм (Абрахам 3:24–25-ыг үзнэ үү).

  • Хэрэв та Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай мэддэггүй байсан бол амьдрал тань хэрхэн өөр байх байсныг төсөөлөөд үз. Энэ төлөвлөгөөний талаар мэдлэгтэй байх нь бодох, шийдвэр гаргах, үйлдэх байдалд тань хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Иосеф Смит бидний бурханлаг чадавхын талаар заасан.

1844 оны 4-р сарын 7-нд Иосеф Смит хамгийн сүүлчийн чуулган дээрээ үг хэлсэн гэдгийг тайлбарла. Иосеф гэгээнтнүүдээс анхаарлаа хандуулахыг хүссэний дараа … бурханлаг мөн чанар болон мөнхийн хөгжил дэвшлийн талаар заажээ” (“King Follett Discourse,” Church History Topics, ChurchofJesusChrist.org/study/church-history).

Нэг суралцагчийг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгийн эхэнд байгаа Кинг Фоллеттын ярианаас Иосеф Смитийн хэлсэн мэдэгдлийг чанга уншихад урь.

  • Та Иосефын сургаалаас Бурхантай харилцах харилцааныхаа талаар юу мэдэж авсан бэ?

1995 онд Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” хэмээх баримт бичгийг гаргасан билээ. Үүнд тэд ийн тунхагласан.

Бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан, өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм. …

Мөнх бус байдлын өмнөх амьдралд сүнслэг охид хөвгүүд Бурханыг Мөнхийн Эцэг хэмээн мэдэж, биширч, мөнхийн амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухааран ойлгож, төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулд бие махбодтой болж энэ дэлхийд амьдрах тухай Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org)

  • Бурханы охид хөвгүүдийн хувьд бид ямар мөнхийн чадавхтай вэ? (Суралцагчдад дараахтай төстэй зарчмыг тодорхойлоход тусал. Тэнгэрлэг Эцэгийнхээ сүнсэн охид хөвгүүдийн хувьд бид Түүнтэй адил болох чадавхтай билээ.)

Дараах асуултуудыг тавь эсвэл харуул. Суралцагчдад эдгээрийг тунгаан бодох, төрсөн сэтгэгдлээ бичих нэг, хоёр минут гаргаж өг.

  • Энэ үнэн нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ нь таны өөрийгөө болон эргэн тойрныхноо хардаг арга замд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ нь таны амьдарч буй байдалд хэрхэн нөлөөлж болох вэ?

Есүс Христ селестиел хаант улсад хэрхэн Бурханы алдар суугийн бүрэн байдлыг хүлээн авч болохыг бидэнд харуулсан юм.

Самбарт диваажин, там гэдэг үгсийг бичээд эсвэл үзүүлээд, 19-р зууны ихэнх Христэд итгэгч хэн эдгээр газар луу очно гэдэгт итгэдэг байсныг асуу.

Сургаал ба Гэрээ 76-аас хойд настай мөн селестиел алдар сууг хүлээн авахтай холбоотой сурч мэдсэн зүйлсээ эргэн санахад суралцагчдыг урь. (Суралцагчдад Сургаал ба Гэрээ 76:50–54-ийг харах шаардлага гарч болох юм.) Та суралцагчдаас 76-р хэсэгт илчлэгдсэн үнэнүүдээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу ойлгож мэдсэнийг нь асууж болно.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Сүм даяар олон хүн “би хангалттай сайн биш,” “Би үнэхээр төгс биш юм даа,” “Би хэзээ ч хангалттай зохистой байж чадахгүй” гэж ярихыг би сонсдог. Би үүнийг өсвөр үеийнхнээс сонсдог. Би үүнийг номлогчдоос сонсдог. Мөн шинэ хөрвөгчдөөс сонсдог. Би үүнийг бүх насаараа гишүүн байгаа хүмүүсээс ч сонсдог. (Жэффри Р.Холланд, “Тиймээс та нар эцэст нь төгс бай,” Ensign, Nov. 2017, 40 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28)

Та суралцагчдаас амьдралдаа үүнийг мэдэрч байсан үеэ бодож үзэхийг хүсэж болно.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:40–42, 69-ийг уншаад, Есүс Христийн бидний авралд гүйцэтгэдэг чухал үүргийг олж мэд.

  • Есүс Христ бидний мөнх амьдралын эрэл хайгуулд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? (Бид зөвхөн Есүс Христээр дамжуулан төгс болж чадна гэсэн үнэнийг тодорхойлоход суралцагчдад тусал.)

  • Зөвхөн Есүс Христээр дамжин төгс төгөлдөр болох, өргөмжлөгдөх боломжтой гэдгийг санах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Ангийнхантай хамт Сургаал ба Гэрээ 93:12–13-ыг уншаад, энэ хэсэг Тэнгэрлэг Эцэгтэй адил болгох Аврагчийн замналын талаар юу зааж байгааг олж мэд.

  • Аврагч “бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байлаа” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

  • Аврагчийн жишээ мөнх амьдралтай болохоор хичээж байхдаа сэтгэлээр унах үед танд хэрхэн тусалж чадах вэ?

Ахлагч Холландын дараах мэдэгдлийг үзүүлээд, уншина уу.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Селестиел алдар суугийн бүрэн байдлыг үхэшгүй байдалдаа [Лук 13:32-ыг үзнэ үү] хүлээн авах хүртэл “ач ивээлээс ач ивээлд” [Сургаал ба Гэрээ 93:13] үргэлжлүүлэн Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар бидэнд боломжтой болсон тэр агуу хувь тавилангийн талаар би гэрчилж байна. Тэр яг одоо болон үргэлж хадаасны сорвитой гараа дэлгэн, бидэнд тэр л ач ивээлээ өгч, биднийг нэгэн өдөр гэртээ саадгүй очиж, Тэнгэрлэг Эцэг Эхдээ тэврүүлэх хүртэл орхин явахыг зөвшөөрдөггүй гэдгийг би гэрчилж байна. Ийм төгс мөчийн төлөө би болхидуухан ч гэсэн үргэлжлүүлэн хичээн зүтгэдэг. Ийм төгс бэлгийн төлөө би хангалттай бус ч гэсэн үргэлжлүүлэн талархлаа өргөдөг. Хэзээ ч болхидуухан, хангалтгүй байгаагүй бөгөөд бид бүгдийг байгаагаар нь хайрладаг Төгс Их Эзэн Есүс Христийн нэрээр би үүнийг хэллээ. (Жэффри Р.Холланд, “Тиймээс та нар эцэст нь төгс бай,” Ensign, Nov. 2017, 42 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28)

Энэ цаг үед мөнх амьдрал олж авахын тулд сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд нь юу хамгийн их тус болох талаар нэг минут эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Аврагчийн ач ивээлээр дамжуулан мөн Түүний үлгэр жишээг дагах замаар бид мөнх амьдралыг хүлээн авч, селестиел хаант улсад орж чадна гэсэн гэрчлэлээ хуваалцах замаар дүгнэлт хий.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Суралцагчдыг хичээлдээ бэлтгэхэд үргэлжлүүлэн урамшуул. Одоо суралцагчид энэ цуврал хичээлийн хагасыг үзсэн тул, хичээлдээ бэлтгэх нь хичээлийнх нь туршлагад хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцахад тэднийг урьж болно. Далын ахлагч Ким Б.Кларкийн дараах урамшуулсан үгсийг хуваалцахыг бод. “Та нар итгэл үнэмшлээрээ залбирч, бэлтгэл хийж, сурч, идэвхтэй оролцож, хамгийн сайн зүйлээ хийх үед Ариун Сүнс зааж, сурч мэдсэн зүйл дээрээ ажиллах чадавхыг тань дээшлүүлж, Их Эзэний таныг болоосой хэмээн хүссэн тийм хүн болоход тань туслах болно” (“Learning for the Whole Soul,” Ensign, Aug. 2017, 27).

Дараагийн хичээлээр

Суралцагчдаас ариун сүм болон ариун сүмийн ёслолуудын ачаар амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөнийг бодож үзэхийг хүс. Дараагийн хичээлээр яагаад эхэн үеийн бошиглогчид Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Көртландын ариун сүмд харагдсан шалтгааныг олж мэднэ гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 16-р хичээлд бэлтгэх материалыг судлаад, ариун сүмийг амьдралынхаа илүү утга учиртай хэсэг болгох зарчмуудыг хэлэлцэхэд бэлдэж ирэхэд урамшуул.