Институт
16-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Көртландын ариун сүм ба санваарын түлхүүрүүд


“16-р хичээл: Хичээлд бэлтгэх материал: Көртландын ариун сүм ба санваарын түлхүүрүүд,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“16-р хичээл: Хичээлд бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

16-р хичээл: Хичээлд бэлтгэх материал

Көртландын ариун сүм ба санваарын түлхүүрүүд

Зураг
Христ Көртландын ариун сүмд үзэгдэв, Волтэр Рэйн

“Бурханы өргөө” (Сургаал ба Гэрээ 88:119) барих Бурханы зарлиг сайн мэдээний Сэргээлтийн нэн чухал хэсэг байв. Эхэн үеийн гэгээнтнүүд “тэнгэрийн хүчээр хишиг хүртэх болно” (Сургаал ба Гэрээ 38:32) хэмээн амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд өөрсдөдөө байгаа бүхнийг зориулахад бэлэн байлаа. Та судалж байхдаа Көртландын ариун сүмийг барихын тулд золиос гаргахад бэлэн байсан гэгээнтнүүдээр дамжин ирсэн адислалуудыг олж мэд.

1-р хэсэг

Бид Көртландын ариун сүмийг барихад гаргасан эхэн үеийн гэгээнтнүүдийн золиосоос юу сурч мэдэж болох вэ?

1832 оны 12-р сарын 27, 28-нд хүлээн авсан илчлэлтээр Их Эзэн гэгээнтнүүдэд Огайогийн Көртландад ариун сүм барих зарлиг буулгасан юм.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

С ба Г 88:119-ийг уншина уу.

Энэ зарлигийн талаар бошиглогч Иосеф Смит ийн бичсэн. “Энэ бол бидэнд хандсан Их Эзэний үг юм. Тийм ээ, Их Эзэн бидэнд тусалж байгаа болохоор бид дуулгавартай дагах ёстой. Тэрээр бидний дуулгавартай байдлын дагуу агуу зүйлсийг амласан билээ. Тэрээр бүр Өөрийнхөө оршихуйд биднийг аваачихын тулд тэнгэрээс бууж ирсэн шүү дээ” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 470).

Зураг
Элиза Р.Снөү

Ариун сүм баригдаж байх үед Көртландад амьдарч байсан Элиза Р.Снөү ийн дурсжээ.

Зураг
Элиза Р.Снөү

Гэгээнтнүүд тоогоор цөөн байсан ба тэдний ихэнх нь ядуу байв. Хэрэв Бурхан өргөөг Түүний нэрээр барих хэрэгтэй хэмээн хэлж мөн зарлигласан гэсэн баттай итгэл байгаагүйсэн бол … тухайн нөхцөл байдалд ариун сүм барих гэсэн оролдлого нь аль ч талаас харсан тэнэглэл байх байлаа. …

Өөрсдийн оюун ухаан, бие махбод, булчин шөрмөснөөс өөр гавих юмгүй ч, Бурханд гуйвшгүй итгэлтэй эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүд хүртэл хүчээ дайчлан ажиллаж байв; … тэд Бүхний Дээдийн удирдамжин доор баригдаж, Түүнийг хүлээн авах өргөөнд олгогдох адислалд оролцоно гэсэн найдвар тээн эрч хүчээ сэлбэж байв. (Eliza R. Snow, an Immortal [1957], 54, 57)

Өөр нэг бэрхшээл нь ариун сүмийн барилгын явцыг удаашруулж байв.

1834 оны хавар мөн зун ариун сүм барих ажил удаарширсан шалтгаан нь эрчүүдийн ихэнх нь Иосеф Смиттэй хамт Израилын хуаранг зорин Миссури рүү явсан явдал байв. … Эрчүүд явсан тул эмэгтэйчүүд хөдөлмөрлөж байлаа. Зарим нь өрлөг хийж, зарим нь үхэр маллаж, чулуу зөөж байсан бол зарим нь ажилчдад зориулж хувцас оёхын тулд утас ээрч, хувцас нэхдэг байв. (Lisa Olsen Tait and Brent Rogers, “A House for Our God,” Revelations in Context [2016], 170)

Их Эзэн гэгээнтнүүдийн ариун сүм барих ажилд туслахын тулд “Иосеф Смитэд болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдэд ариун сүмийн нарийвчилсан төлөвлөгөөг харуулсан нэгэн гайхамшигт үзэгдлийг илчлэв. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Фредерик хожим нь ийн дурссан.

Иосеф [Смит] өөрийн хоёр зөвлөх [Фредерик Г.] Виллямс, [Сидней] Ригдон нарт хүргэх үгийг Их Эзэнээс хүлээн аваад, Их Эзэний өмнө очиход Тэрбээр баригдах өргөөний төлөвлөгөө буюу загварыг тэдэнд үзүүлсэн юм. Биднийг өвдөг сөгдөж, Их Эзэнийг дуудтал сайхь барилга харагдах зайд гарч ирэв. Барилгыг би хамгийн түрүүнд олж харсан. Дараа нь бид бүгдээрээ түүнийг харлаа. Биднийг гадна талыг нь сайтар харсны дараа, барилга бидний чанх орой дээр харагдаж байлаа. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит 307).

Зураг
Көртландын ариун сүм, Волтэр Рэйн

Көртландын ариун сүмийг барихад асар их золиос гаргасан хүмүүсийн нэг бол хөрвөгч Жон Таннер байсан юм.

[Жон] шөнийн зүүд эсвэл үзэгдлээр дамжуулан Көртландын Сүмд даруй очих ёстой гэсэн мэдрэмж хүлээн авчээ. Тэр өөрийн өмч хөрөнгө болох хэд хэдэн цэцэглэж буй фермийн аж ахуй, зочид буудал, жимсний цэцэрлэгээ зарж, Христийн мэндэлсний баярын өглөө гэр бүлийн олон гишүүн, хэдэн хөршөө тэргэн дээр суулгаад, 1835 оны 1-р сарын ням гарагт, найман зуун километр зам туулан Көртландад хүрсэн юм.

Тэр үнэхээр тэнд хэрэгтэй байлаа. Ариун сүмийн барилгын талбайн зээлийн хугацаа дуусах гэж байсан бөгөөд зарим хүний бичиж үлдээснээр мөнгө төгрөггүй болсон бошиглогч Иосеф болон зарим ах тусламж хүсэн залбирч байсан аж.

Жон Таннер огтхон ч эргэлзсэнгүй. Тэр бошиглогчид 2000 доллар зээлүүлж, эргүүлэн төлнө гэсэн бичиг авсан ба ариун сүмийн хороонд 13000 доллар зээлүүлж, бошиглогч болон бусад хүнд Нью-Йоркт худалдаж авсан барааных нь гучин мянган долларын баримтад гарын үсэг зурж, ариун сүм барих “их хэмжээний хандив” өгчээ. (Leonard J. Arrington, “The John Tanner Family,” Ensign, Mar. 1979, 46)

Ерөнхийлөгч Томас С.Монсон яагаад хожмын үеийн гэгээнтнүүд ариун сүм барьж байгуулан, тэндээ Их Эзэнийг шүтэн бишрэх хүсэлтэй байсныг ийн тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

Золиосын түвшин ариун сүмийн барилга, ариун сүмд орох зэрэгтэй үргэлж холбоотой байсан. Асар олон гишүүн Бурханы ариун сүмд өөрсдийн болон гэр бүлийнхээ төлөөх адислалуудыг олж авахын тулд хөдөлмөрлөн, тэмцсэн.

Яагаад ийм олон хүн ариун сүмийн адислалуудыг хүлээн авахын тулд бүхнээ золиослохыг хүссэн юм бол? Ариун сүмээс ирэх мөнхийн адислалуудыг ойлгодог хүмүүс эдгээр адислалыг хүлээн авахад зориулсан ямар ч золиос үүнээс агуу бус, ямар ч төлбөр их бус, ямар ч тэмцэл хэцүү биш гэдгийг мэднэ. (Томас С.Монсон, “Ариун сүм—дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign, May 2011, 92 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Көртландын ариун сүмийг барьсан эхэн үеийн гэгээнтнүүдийн үлгэр жишээ, золиосоос та нар юу сурч мэдэж болох вэ?

2-р хэсэг

Көртландын ариун сүмд тэнгэр элчүүдийн өгсөн санваарын түлхүүрүүд миний амьдралыг өнөөдөр хэрхэн адисалж болох вэ?

Бурхан Көртландын ариун сүмийг онцгойлон адислахын өмнөх болон дараах өдрүүдэд уг ариун сүмийг барихад гаргасан гэгээнтнүүдийн золиосын хариуд тэднийг хэмжээлшгүй их сүнслэг илэрхийллээр шагнасан юм (Гэгээнтнүүд: Хожмын үе дэх Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 232–235, 237–239-ийг үзнэ үү).

Онцгойлон адислах ёслолын үеэр тэнгэрлэг биес тэнд байсан талаар олон гэгээнтэн гэрчилсэн байдаг.

Элиза Р.Снөү “Онцгойлон адислах ёслолуудыг сургуулилсан байж болох ч, тэрхүү дурсгалт өдрийн үйл явдлуудыг мөнх бус хүмүүний хэлээр дүрслэх боломжгүй юм. Тэнгэр элчүүд зарим хүнд харагдсан бол, тэнд байсан бүх хүн бурханлаг оршихуйг мэдэрсэн бөгөөд хүн бүрийн зүрх сэтгэл үгээр хэлэхийн аргагүй алдар суу, баяр хөөрөөр дүүрэн байв” [1 Петр 1:8-ыг үзнэ үү] хэмээн дурсан ярьсан.

Тэр орой бошиглогч ариун сүмд 400 орчим санваартныг цуглуулахад “хүчтэй салхи хүнгэнэх лугаа адил чимээ сонсогдож, ариун сүмийг дүүргэхэд бүх цугларагсад үл үзэгдэх нэгэн хүчээр хөдөлгөгдөн аяндаа боссон ажээ.” Бошиглогчийн хэлснээр “олон хүн олон янзын хэлээр ярьж, бошиглож эхлэв. Бусад нь алдар суут үзэгдлүүдийг харсан байв. Харин би тэнгэр элчүүдээр дүүрснийг хараад, үүнийг цугларагсдад мэдэгдэв” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 348).

Хамгийн чухал сүнслэг илэрхийлэлт уг ариун сүмийг онцгойлон адислагдсаны дараах долоо хоногт буюу 1836 оны 4-р сарын 3-ны Христийн амилсны баяраар тохиолдсон. Тэднийг ариун сүмд залбирч байх үеэр Иосеф Смит, Оливер Каудери хоёрт нэгэн үзэгдэл нээгдэж, Их Эзэн Есүс Христ үзэгдэв. Тэрээр ариун сүмийг хүлээн авсан хэмээн тунхаглахын зэрэгцээ гэгээнтнүүдийн дээр адислалыг цутгана хэмээн амласан юм (Сургаал ба Гэрээ 110:1–10-ыг үзнэ үү).

Зураг
Көртландын ариун сүмд харсан үзэгдэл, Гари И.Смит

Энэхүү айлчлалын дараа тэнгэр элчүүд үзэгдэж, эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд шаардлагатай санваарын түлхүүрүүдийг өгсөн билээ. Та Иосеф, Оливер хоёрт хэн үзэгдсэн мөн Сүмийн удирдагчдын гарт ямар түлхүүрүүд атгуулсан тухай дараах эшлэлүүдийг тэмдэглэж болно.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 110:11-ийг уншина уу.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит ингэж тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Мосе Израилыг цуглуулах түлхүүрүүдийг атгадаг байв. Тэр Израилыг Египетээс удирдан гаргаж, Канааны нутаг руу удирдсан. Энэ эрин үед ирж, орчин үеийн цугларалтад зориулан түлхүүрийг сэргээх нь түүнд оногдсон үүрэг байв. (Joseph Fielding Smith, Church History and Modern Revelation [1953], 2:48)

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 110:12-ыг уншина уу.

“Абрахамын өдрүүдэд мөнх бус байдалд амьдарч байсан Елиас нэртэй хүн сайн мэдээний эрин үед Иосеф Смит, Оливер Каудери хоёрт … хариуцуулан өгчээ. Бидэнд түүний мөнх бус амьдралын талаар эсвэл түүний тохинууллын талаар өөр тодорхой мэдээлэл байдаггүй” (Судруудын удирдамж, “Елиас”).

Ахлагч Брүс Р.Макконки Елиас яагаад Көртландын ариун сүмд үзэгдсэнийг ийн тайлбарласан.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

Елиас итгэлтнүүд мөнхөд өсөн хөгжих амлалтыг, селестиел гэрлэлтээр дамжуулан тэдний мөнх үр удам нь далайн элсний ширхэг мэт, эсвэл тэнгэрийн одод мэт олон болох амлалтыг өгдөг Абрахамын агуу гэрээг буюу “Абрахамын сайн мэдээг” эргүүлэн авчирсан юм. (Bruce R. McConkie, “The Keys of the Kingdom,” Ensign, May 1983, 22)

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 110:13–16-г уншина уу.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Елиад хүртээгдсэн энэхүү лацдах хүч нь нөхрийг эхнэртэй нь, хүүхдүүдийг эцэг эхтэй нь энэ амьдралд болон үүрд мөнхөд холбодог хүч юм. Энэ нь сайн мэдээний ёслол бүрд оршдог холбох хүч. … Аврал өөд хөтөлдөг холбох, лацдах бүхий л ёслол энэхүү хүчээр хийгддэг бөгөөд үүнийг ирж, сэргээх нь Елиагийн үүрэг зорилго байсан. (Joseph Fielding Smith, Elijah the Prophet and His Mission [1957], 5)

Хуучин Гэрээний бошиглогч Елиа үзэгдсэн нь Их Эзэний бошиглогч Малахигаар дамжуулан өгсөн бөгөөд бошиглогч Моронайн 1823 оны 9-р сарын 21-нд Иосефын орны дэргэд анх үзэгдэхдээ түүнд дахин дахин ярьсан амлалтууд биелсэн хэрэг байв.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 2-ыг үзнэ үү (мөн Maлахи 4:5–6-г үзнэ үү.)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Мосе, Елиас, Елиа нараас бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Көртландын ариун сүмд өгсөн санваарын түлхүүрүүд болон хүчээр дамжуулан та хэрхэн адислагдсан бэ? Хэрэв эдгээр санваарын түлхүүр сэргээгдээгүй байсан бол таны амьдрал хэрхэн өөр байх байсан бэ?