Институт
4-р хичээлийн багшийн материал: Илчлэлтийн сургаал


“4-р хичээлийн багшийн материал: Илчлэлтийн сургаал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“4-р хичээлийн багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

4-р хичээлийн багшийн материал

Илчлэлтийн сургаал

Их Эзэн Сэргээлтийн эхэн үед Иосеф Смитэд болон бусдад илчлэлтийн сургаалын талаар чухал үнэнүүдийг илчилсэн. Энэ хичээл нь суралцагчдад илчлэлт хүлээн авч, Ариун Сүнсийг өөрсөдтэй нь ярих үед илүү сайн таньж мэдэх чадвараа өсгөн нэмэгдүүлэхэд туслахад зориулагдсан.

Заах зөвлөмж

Их Эзэн илчлэлтийн зарчмуудыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт илчилжээ.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Хайр, хүндэтгэл, зорилго бүхий суралцах орчныг бүрдүүл. Суралцагчид нь багш болон бусад суралцагч өөрийг нь хайрлаж, үнэлж байгааг мэддэг үедээ ангид суралцахад илүү бэлэн ирдэг. Суралцагчид бие биенээ байгаагаар нь хүлээн авч байгааг мэдрэх нь зүрх сэтгэлийг зөөлрүүлж, айдсыг бууруулж, ангийнхантайгаа туршлага, мэдрэмжээ хуваалцахад хүргэж болно.

Дараах асуултыг үзүүл. Та яг одоо Тэнгэрлэг Эцэгээсээ ямар нөхцөл байдал, шийдвэр, асуултдаа удирдамж, илчлэлт авахыг хүсэж байна вэ?

Суралцагчдыг асуултын талаар бодож, төрсөн бодол санаагаа бичихэд урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа хэт хувийн чанартай биш бол бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс.

Энэ хичээл тэдний амьдралд хэр хамааралтай болохыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд энэ хичээлийн оршилд дүрсэлсэн хүссэн үр дүнг тайлбарла.

Дараах зургийг үзүүлээд, асуу.

Зураг
Бурханы бэлэг ба хүч, Жошуа Дэннис
  • Ямар нөхцөл байдал Оливер Каудерийг Мормоны Номыг орчуулах Иосеф Смитийн ажилд туслахад хүргэсэн бэ? (Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсгээс сурч мэдсэн зүйлээ зурахад урь.)

  • Илчлэлт нь Иосефт туслах Оливерын шийдвэрт хэрхэн нөлөөлсөн бэ?

Оливерын Мормоны Номыг орчуулахад туслах хүслийн хариуд Их Эзэн түүнд илчлэлт хүлээн авах тухай заасан. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 8:1–3-ыг чанга уншихад урь. Дагаж уншаад, орчуулах илчлэлт хүлээн авахын тулд Оливерын ойлгох хэрэгтэй байсан үнэнүүдийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Зарчмууд болон сургаалыг тодорхойл. Тод томруун тодорхойлсон зарчим, сургаал нь үнэнийг энгийн бөгөөд ач холбогдолтой арга замаар харахад суралцагчдад тусална. Боломжтой бол суралцаж байгаа зүйлээсээ зарчим болон сургаалыг олж, хуваалцахад суралцагчдыг урамшуул. Зарчим бичиж, харуулах эсвэл суралцагчдаар сударт нь үнэнийг тэмдэглүүлэх нь тэдэнд үүнийг илүү гүнзгий тунгаан бодож, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар илчлэлт хүлээн авахад тусална.

  • Бид эдгээр шүлгээс илчлэлт эрэлхийлж, хүлээн авах талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараах хэдэн үнэнийг олж тодорхойлж болох юм. Үүнд: Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан бидний оюун ухаан, зүрх сэтгэлд ярьдаг.)

  • Хувиараа сурч мэдсэн зүйл болон туршлага дээрээ үндэслэхэд, Их Эзэн бидний оюун санаа, зүрх сэтгэлд ямар арга замаар ярьдаг вэ? (Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич. Шаардлагатай бол суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэгт судалсан судрын хэсэг болон тайлбараа эргэн харахад урь.)

  • Их Эзэн яагаад оюун ухаан, зүрх сэтгэлийн маань аль алинаар дамжуулан бидэнтэй харилцахыг сонгодог гэж та бодож байна вэ? (Суралцагчдыг хувиараа суралцаж, бэлтгэх явцдаа сурч мэдсэн, тунгаан бодсон зүйлээ зурахад урь.)

Оливер орчуулах гэж оролдохдоо, цааш нь үргэлжлүүлэхэд шаардагдах илчлэлтийг хүлээн авч чадахгүй байсныг тайлбарла. Иосеф, Оливер хоёр Оливерын чадахгүй байгаа шалтгааныг Их Эзэнээс асуув. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 9:7–9-ийг дор бүрдээ уншаад, Их Эзэний Оливерт заасан илчлэлт хүлээн авах загварыг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн бидэнд илчлэлт хүлээн авч, таньж мэдэхэд туслах ямар загварыг Оливерт илчилсэн бэ? (Илчлэлт нь ихэвчлэн гарч ирсэн асуулт, асуудлаа оюун ухаандаа судалж, дүгнэлт гаргаж, гаргасан шийдвэр нь зөв эсэхийг Бурханаас асуусны дараа ирдэг.)

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “цээжинд шатах” гэдэг нь “тайтгарал, амар амгаланг” илэрхийлж болно хэмээн хэлснийг тайлбарла (“Teaching and Learning by the Spirit,” Ensign, Mar. 1997, 13).

Суралцагчдыг бэлтгэх материал дээрх дараах асуулт, урилгын талаар өөрсдийн бодол санааг хуваалцахад урь.

  • Яагаад Их Эзэн биднээс илчлэлт эрэлхийлэхийн нэгэн хэсэг болгон аливаа асуудлыг оюун ухаандаа судлаасай хэмээн хүсдэг вэ?

  • Илчлэлтийг урин авчрах, хүлээн авах талаар найз эсвэл гэр бүлийн тань гишүүн танд юу заасан бэ? Илчлэлт урин авчрах, хүлээн авах талаар өөрийн туршлагаас та юу сурч мэдсэн бэ?

Тэмдэглэл: Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ бодож үзэн, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хангалттай хугацаа гаргаж өгөхөд зориулагдсан. Суралцагчдад тунгаан бодох, бичих, унших эсвэл залбирах хангалттай цаг хугацаа өгөхийн тулд хичээлийг тохируул.

Суралцагчдыг илчлэлтийн талаар олж мэдсэн зүйлээ мөн хичээлийн эхэнд бичсэн бодол санаатай нь хэрхэн холбогддог талаар хэдэн минут тунгаан бодож, бичихэд урь. Эсвэл тэд бичсэн зүйлийнхээ талаар удирдамж заавар авахын тулд дотроо залбирч болно. Та мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, суралцагчдыг дотроо уншиж, илчлэлтийг урин авчрах нэмэлт арга замыг олж мэдэхэд урьж болно.

Өөрийн асуудал, айдас, сул талуудын талаар, тийм ээ, бүр зүрхний хүсэл эрмэлзлийнхээ талаар Есүс Христийн нэр дээр залбир. Тэгээд сонс! Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга. Та энэ үйл явцыг өдөр тутам, сар бүр, жил болгон давтан хийснээр “илчлэлтийн зарчимд өсөн хөгждөг юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаал: Иосеф Смит [2007], 151). …

Би таныг хувийн илчлэлт хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүлэхэд урьж байна.

Өсөн нэмэгдсэн цэвэр ариун байдал болон ягштал дуулгавартай дагах, үнэн сэтгэлээсээ эрэлхийлэх, Мормоны Номд байгаа Христийн үгэн дээр өдөр бүр найрлах, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд тогтмол цаг гаргаж байх зэрэгтэй адилаар тэнгэрийг нээх өөр юу ч байдаггүй. (Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116)

Сайн мэдээний сэргээлт нь илчлэлт хүлээн авах загварыг өгсөн.

Иосеф Смит, Оливер Каудери хоёрын сурч мэдсэн илчлэлтийн зарчмууд нь үүссэн нөхцөл байдал болон тавьсан асуултынх нь дагуу цаг хугацааны явцад тэдэнд илчлэгдсэн болохыг онцол. Энэ нь Их Эзэний хэд хэдэн илчлэлтээр заасан чухал үнэнийг харуулдаг.

Гурван суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:61; 50:24; 98:12-ыг ээлжлэн чанга уншихад урь. Дагаж уншаад, Их Эзэн Өөрийн үнэн болон тааллыг бидэнд хэрхэн илчилдэг талаар эдгээр судрын хэсэг юу зааж байгааг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Та эдгээр шүлэгт Их Эзэнээс илчлэлт хүлээн авах тухай заадаг үнэнийг хэрхэн нэгтгэн дүгнэж болох вэ? (Суралцагчийн үгсийг ашиглан, Их Эзэн бидэнд үнэнийг “мөр мөрөөр, дүрэм дүрмээр” илчилдэг гэсэнтэй адил үнэнийг самбарт үзүүл эсвэл бич.)

Бэлтгэх материалын 3-р хэсэгт Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднараас илчлэлт хүлээн авах загварын талаар мэдэж авсныг суралцагчдад сануул. Суралцагчдыг түүний сургаалаас онцгой санагдсан зүйлээ хуваалцахад урь. Илчлэлттэй холбоотой түүний зүйрлэлүүд самбарт үзүүлсэн эсвэл бичсэн үнэнийг илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн туслахыг тэднээс асуу.

  • Энэ үнэнийг ойлгох нь Их Эзэнээс хариулт, удирдамж авахгүй байна гэж бодож байгаа хүнд хэрхэн туслах вэ?

  • Хариулт, удирдамж заавар аажмаар, хэсэг хугацааны дараа ирж байсан ямар туршлага танд байдаг вэ?

Хичээлээр заасан илчлэлтийн талаарх үнэнийг гэрчилж эсвэл хүсэж буй суралцагчийг гэрчлэлээ хуваалцахад урих замаар өндөрлө.

Дараагийн хичээлээр

Суралцагчдаас Сэргээлтийн хамгийн агуу гайхамшиг юу болохыг асуу. Тэднийг Мормоны Номыг урагш авчирсан тухай дараагийн хичээлийн бэлтгэх материалыг судалж, Мормоны Номыг хадгалж, орчуулж, хэвлүүлсэнтэй холбоотой гайхамшгуудын талаар эргэцүүлэн бодоход урь.