Институт
21-р хичээл: Багшийн материал: Мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн тухай сургаал


“21-р хичээл: Багшийн материал: Мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн тухай сургаал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“21-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

21-р хичээл: Багшийн материал

Мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн тухай сургаал

Их Эзэн Сэргээлтийн нэг хэсэг болгож мөнхийн гэрлэлт ба гэр бүлтэй холбоотой Өөрийн хүслийг илчилсэн юм. Энэхүү хичээл нь суралцагчдад мөнхийн гэрлэлт ба гэр бүлийн тухай сургаалыг илүү сайн тайлбарлахад тусалж мөн эдгээр адислалыг хүлээн авахын тулд юу хийж чадахаа тодорхойлоход туслах зорилготой.

Заах зөвлөмж

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гэрлэлт нь Бурханы төлөвлөгөөний зорилго юм.

Зураг
Гар гараасаа хөтлөлцөн буй шинэхэн гэрлэсэн хос

Дараах асуултыг тавьж, хичээлээ эхэл (суралцагчдад хүмүүсийн талаар шүүмжлэлтэй хандахаас зайлсхийхийг сануул).

  • Өнөөгийн дэлхийд гэрлэлтийн талаар ямар үзэл бодол, хандлага ажиглагдаж байна вэ?

Иосеф Смитийн үед зарим хүн өнөө үеийнхэнтэй адил гэрлэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгээс шейкерүүдийн гэрлэлтийн талаарх итгэл үнэмшлийн талаар сурсан зүйлээ эргэн санахад урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 49:15–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний гэрлэлтийн талаар илчилсэн сургаалыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн энэ хэсэгт гэрлэлтийн талаар юу заасан бэ? (Суралцагчид дараах үнэнүүдийг оролцуулаад хэд хэдэн үнэнийг олж тогтоож болно. Тухайлбал: Гэрлэлт Бурханаас томилогддог. Эхнэр, нөхөр хоёрыг үр хүүхэдтэй болохыг зарлигласан. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэж, үр хүүхэд төрүүлснээр Бурханд дэлхийг бүтээх зорилгоо биелүүлэхэд нь тусалдаг. Эдгээр зарим болон бүх санааг самбарт бичиж эсвэл үзүүлэхийг бод.)

17-р шүлэг дээрх “хүмүүний тоо хэмжээ” гэдэг нь Бурханы дэлхий дээр оршин суулгахаар бэлтгэсэн сүнсэн хүүхдүүдийг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Түүнчлэн 15-р шүлэг дээрх “гэрлэлт нь Бурханаас томилогдсон” гэдэг нь гэрлэлтийг Бурхан тогтоож, байгуулсан гэсэн утгатайг тайлбарла. 1995 онд Их Эзэн “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org) дээр “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурханаас заяасан” хэмээн Өөрийн бошиглогчдоор дахин онцолсон.

Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгийн ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн мэдэгдлийг товч дүгнэхэд урь. Ангийнхнаас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханы төлөвлөгөөнд нэн чухал шалтгаануудыг хайж олохыг хүс.

  • Ахлагч Бэднарын заасан зүйлс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханы төлөвлөгөөнд яагаад чухал болох ойлголтыг тань хэрхэн гүнзгийрүүлж чадах вэ?

Эртний гэгээнтнүүд мөнхийн гэрлэлтийн адислалуудын талаар мэдэж авсан.

Хэрэв танай ангид ариун сүмд гэрлэсэн суралцагч байгаа бол түүний хувьд мөнхөд гэрлэнэ гэдэг нь юу гэсэн үг болохыг асуухыг бод. Наувугийн ариун сүмийг барьж дуусахаас өмнө Иосеф мөнхийн гэрлэлтийн сургаалыг цөөхөн хэдэн итгэлтэй гишүүнд зааж, тэднийг хамтад нь лацдан холбосон гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг чанга уншихад урь. Шүлгийг дагаж уншаад, бошиглогч юу заасныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Бид эдгээр шүлгээс мөнхийн гэрлэлтийн тухай ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг байгуулах ёстой хэмээх зарчмыг үзүүл. Та селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд л бид өргөмжлөлийг хүлээн авна гэдгийг онцолж хэлж болно.)

Бид өргөмжлөлийн адислалыг хүлээн авахын тулд “[Түүний] гэрээг дагах” ёстой хэмээн Сургаал ба Гэрээ 132:19 дээр Их Эзэн үргэлжлүүлэн заасныг суралцагчдад онцолж хэл.

  • Мөнхийн гэрлэлттэй холбогдуулан “[Түүний] гэрээг дагана” гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?

Та зөвхөн ариун сүмд лацдан холбогдох нь хангалтгүй гэдгийг онцолж болно. Эхнэр, нөхөр хоёулаа ариун сүмийн гэрээнүүдээ сахин, бат бөх, удаан хугацааны харилцаа тогтоохын тулд хичээнгүй байх ёстой.

“… Бид гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг байгуулж, дагаж мөрдөх ёстой” гэж уншигдахаар бодож уг зарчим дээр “дагаж мөрдөх” гэсэн үгийг нэм.

Суралцагчдыг мөнхийн гэрлэлтийн зарим адислалыг самбарт жагсаахад урь. (Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсгээс сурч мэдсэн зүйлдээ анхаарал тавихад урь.)

  • Эдгээр адислалын аль нь та нарын хувьд хамгийн чухал вэ? Яагаад?

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Суралцагчдад суралцахаар бэлтгэхэд нь тусал. Хичээлдээ өөрсдөө бэлтгэж байгаа суралцагчид Их Эзэнд болон тэднийг илүү сайн сурах туршлагаар хангах Түүний чадварт итгэх өөрсдийн итгэлийг хэрэгжүүлж байгаа юм. Суралцагчдад хичээлд бэлтгэх материалаас судалж, судлах үйл ажиллагаануудыг хийснээр суралцах явцынхаа үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг сануул. Та суралцагчдад дараагийн хичээлд бэлтгэн, юу хийж болохыг нь мэдүүлэхийн тулд дараагийн хичээлүүдээ харж болно.

Хичээлд бэлтгэх материал дээр суралцагчдаас хүчтэй бөгөөд хайрын үндсэнд гэрлэсэн таньдаг хостойгоо ярилцахыг хүссэн байгааг тэдэнд сануул. Тэднээс энэ хос мөнхийн гэрлэлтийг бий болгохын тулд юу хийсэн мөн гэрлэлтээ хэрхэн баяжуулсан талаар ярилцахад урьсан болно. Цөөн суралцагчаас ярилцаж, ойлгож авсан зүйлсээ ангийнхантай хуваалцахыг хүс.

Суралцагчдыг ямар шинж, зан чанар, үйлдлүүд гэрлэлтийн гэрээгээ дагаж, хайраар дүүрэн, зөв шударга гэрлэлтийг үүсгэхэд нь тусалдаг талаар эргэцүүлэн бодоход урь. Хүлээн авсан сүнслэг өдөөлтөө бичиж тэмдэглэх мөн төлөвлөгөө гаргах цагийг суралцагчдад гаргаж өг.

Бурхан биднийг гэрлэлтийн болон гэр бүлийн сургаалыг хамгаалахыг хүсдэг.

Дараах асуултыг тавь.

  • Яагаад бидэнд гэрлэлтийн болон гэр бүлийн сургаалыг хамгаалах нь чухал вэ? (Суралцагчид энэ асуултад хариулахад нь туслах, хичээлд бэлтгэх материалын 3-р хэсгийг харж болно.)

  • Та гэрлэлтийн эсвэл гэр бүлийн сургаалыг хамгаалж байсан уу? Хэрэв тийм бол таны туршлага ямар байсан бэ?

Суралцагчдад дараах бичвэрийг харуулаад, дараах сэтгэлгээг тусгасан зүйлийг сонсож байсан эсэхээ бодож үзэхийг хүс.

“Яагаад та одоо гэрлэхийг хүсэж байгаа юм бэ? Бүхэл амьдрал чинь өмнө чинь байна. Яагаад та энэ цаг хугацаагаа амьдралдаа баяр хөөртэй байж, урагшлан дээшлэхэд ашиглахгүй гэж?

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын нэг нь утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах явдал юм гэдгийг суралцагчдад сануул. Дараах үйл ажиллагаа нь гэрлэлтийн талаарх асуултуудтай холбоотой тул суралцагчдад дээрх зарчмыг хэрэгжүүлэхэд тусалдаг.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, тэднийг ийм ойлголттой хүнд хэрхэн хариулахаа ярилцахад урь. Ярилцахад нь туслахын тулд дараах асуултуудыг хувилж суралцагчдад өгч (эсвэл асуултуудыг үзүүлж) болно.

  • Энэ хүнд гэрлэлт, гэр бүлийн ач холбогдлын талаарх үзэл бодлыг нь хязгаарлаж байж болох ямар таамаглал байж болох вэ?

  • Гэрлэлт ба гэр бүлийг Бурханы авралын төлөвлөгөөний өнцгөөс ойлгох нь тухайн хүний үзэл бодлыг чиглүүлэхэд хэрхэн туслах вэ?

  • Та энэ хүнд гэрлэлт, гэр бүлээ мөнхийн талаас нь харахад туслахын тулд ямар сургаал, судар эсвэл бошиглолын сургаалыг түүнтэй хуваалцаж болох вэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн суралцагчаас бүлгээрээ ярилцсан зүйлээ хуваалцахыг хүс.

Хичээл дээр ярилцсан үнэний тухай гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Дараагийн хичээлээр

Хичээл дуусахад, Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд олон эхнэр авах тухай сургаалыг илчилснийг суралцагчдад сануул. Суралцагчдыг 22-р хичээлд бэлтгэх материалаа анхааралтай судалж, эртний гэгээнтнүүд яагаад олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлсэн тухай ярилцахаар бэлтгэж ирэхэд урамшуул.