Институт
27-р хичээл: Багшийн материал: Санваарын тухай илчлэлт


“27-р хичээл: Багшийн материал: Санваарын тухай илчлэлт,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)

“27-р хичээл: Багшийн материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал

27-р хичээл: Багшийн материал

Санваарын тухай илчлэлт

1978 оны 6-р сарын 1-нд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл африк гаралтай хар арьстай Сүмийн гишүүдэд санваарын томилгоо болон ариун сүмийн ёслолын хязгаарлалт дуусгавар болсон тухай Их Эзэнээс илчлэлт хүлээн авсан юм. Энэхүү хичээл нь энэ илчлэлттэй холбоотой нөхцөл байдал ба үнэнийг тайлбарлах, хүнд асуулт эсвэл нөхцөл байдалтай тулгарахдаа итгэлээр үйлдэх, Бурхан амьд бошиглогчдодоо өгөх илчлэлтээрээ дамжуулан Өөрийн Сүмийг удирдаж байгааг илүү сайн ойлгоход суралцагчдад тусална.

Заах зөвлөмж

Бид санваарын болон ариун сүмийн хязгаарлалтын талаарх асуултуудад итгэлээр хандах боломжтой.

ЗААХ, СУРАЛЦАХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ

Түүхүүд итгэлийг хүчирхэгжүүлж чадна. “Түүхүүд нь Есүс Христийн сайн мэдээнд итгэх суралцагчдын итгэлийг хөгжүүлж чадна. Түүхүүд нь суралцагчдын сонирхлыг өдөөж мөн сайн мэдээг ойлгоход нь янз бүрийн туршлагуудаар дамжуулан тусалдаг. Судрын хэсгүүдэд уг түүхүүд орсон байвал сайн мэдээний зарчмуудыг ойлгоход суралцагчдад хялбар байдаг. Сайн мэдээний зарчмыг судруудын нөхцөл байдлаас гадна өнөөгийн нөхцөл байдал дээр үндэслэн тайлбарлах нь суралцагчдад сайн мэдээний зарчим амьдралтай нь хэрхэн холбогдож байгааг ойлгоход мөн үүнийг хэрэгжүүлэх хүсэлтэй болоход тусалдаг” (Gospel Teaching and Learning Handbook [2012], 5.5).

Жорж Рикфорд ахын дараах зургийг үзүүл.

Зураг
Жорж Рикфорд ах

Нэг суралцагчийг Жорж Рикфорд гэдэг хүний дараах түүхийг уншихад урь.

1969 онд Английн Лестерт амьдарч байсан залуу Жорж Рикфорд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчидтой тааралджээ. Эхлээд Жорж тэдний захиасыг сонсох дургүй байсан ч эцэст нь номлогчидтой уулзаж эхэлжээ. Гурван сарын турш эрчимтэй судалсны эцэст Жорж нэг л өглөө Сүм үнэн гэсэн итгэл үнэмшилтэй болон сэрсэн байна.

Жорж олж авсан шинэ гэрчлэлээ ахлагчидтай хуваалцахыг хүссэн боловч тэд хуваалцахаас нь өмнө, Сүмд элсэхийг хүсвэл африк гаралтай хар арьстай өвөг дээдсийнхээ холимог цусаас болж санваар хүлээн авах боломжгүй байж болох юм гэжээ.

Жорж энэ мэдээнд ихэд бухимдав. “Би маш их хорссон” гэж тэр дурсан ярьсан юм. Миний уур маш их хүрч, хэсэг ширүүн маргасны дараа би тэднийг хөөж гаргав. … Би тэднийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэж амнаас гарч болох бүхий л зүйлийг хэлэв.”

Номлогчдыг явсны дараа Жорж мэгшин уйлжээ. (Elizabeth Maki, “I Will Take It In Faith,” history.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)

Суралцагчдаар хичээлд бэлтгэх материалын 1-р хэсгийг гаргуул. Тэдэнд дараах асуултуудыг тавиад, хэрхэн хариулахаа бодох хугацаа өг.

  • Хэрэв хэн нэгэн танаас яагаад санваарт томилохыг болон ариун сүмд орохыг хязгаарладаг байсан талаар асуувал та ямар санааг голчлон авч хэлэлцэх байсан бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бичих талаар бодож үз.)

Суралцагчдыг санваарт томилох болон ариун сүмд орох хязгаарлалттай холбоотой асуултуудыг эргэцүүлэн бодоход урь. Хичээлийн явцад эдгээр асуултын талаар бодож, эдгээр асуултад хариулахад туслах ярилцлага болон Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуулахад тэднийг урамшуулан дэмж.

Дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Өнөөдөр Сүм хар арьс нь Бурханы хайр хишгийг алдсан, хараалын бэлгэдэл юм уу мөнх бус амьдралд үйлдсэн шударга бус үйлдлийн үр дүнг харуулдаг эсвэл хоёр өөр арьстан хоорондоо гэрлэх нь нүгэл бөгөөд хар эсвэл өнгөт арьстай, өөр үндэстэн ястны хүмүүс хэн нэгнээс, ямар нэгэн байдлаар доогуур гэж үздэг байсан өмнөх онолыг хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдрийн Сүмийн удирдагчид өмнөх үед болон орчин үед арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэрийг эрс буруушаадаг. (“Race and the Priesthood,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)

  • Санваарт томилох болон ариун сүмд орохыг хязгаарладаг байсан шалтгааны талаар таамаглал дэвшүүлэхгүй байх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг санваарт томилох болон ариун сүмд орох хязгаарлалтыг эцэслэсэн Их Эзэний илчлэлтэд хүргэсэн нөхцөл байдлын талаар мэддэг зүйлээ дахин хэлэхэд урь.

Сургаал ба Гэрээний Албан тунхаг 2-т ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын 1978 оны 6-р сард хүлээн авч, Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн хүлээн зөвшөөрч мөн баталсан илчлэлтийн албан ёсны мэдэгдэл байдгийг тайлбарла.

Суралцагчдыг Албан тунхаг 2-ын “Эрхэм хүндэт ах нар аа” гэж эхэлж байгаа хэсгийн эхний хоёр догол мөрийг дотроо уншихад урь. Тэднийг Сүмийн удирдагчдын гэрчилсэн гэж хэлсэн зүйлсийг олж мэдэн, мэдсэн зүйлээ тэмдэглэхэд урь.

Дараа нь суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгийн Билли Жонсон ахын болон түүний Гана дахь цуглааны түүхийг эргэн санахад урь.

  • Энэ хүмүүс “санваар нь буцаан авагдсан тэдний итгэлтэй байдлыг” хэрхэн үлгэрлэн харуулсан бэ?

Нэг суралцагчийг Жорж Рикфордын түүхийг сайн уншиж, тэр санваарын хоригийн талаар олж мэдсэнийхээ дараа хэрхэн итгэлээр үйлдэх сонголт хийсэн талаар олж сонсохыг ангийнхнаас хүс.

Нэг өдөр Жорж дотнын найздаа номлогчидтой маргасан явдлаа ярьж мөн бошиглогч Иосеф Смитийн талаар зааж эхэлжээ. Тэрээр “Энэ түүхийг ярихад сэтгэл минь хөдөлж, ямар нэгэн зүйл намайг нөмрөн авч, гэрэл цацрах шиг болсон” гэж дурссан байдаг.

Энэ туршлага нь Жоржийн гэрчлэлийг дахин баталсан ч санваарт томилох хоригийн талаарх асуудал нь хэвээр үлджээ. Түүнийг илүү сайн ойлгохын тулд залбирах үед түүнд: “Чи сайн мэдээнд өөрийгөө бүрэн зориулахаасаа өмнө бүх зүйлийг ойлгох шаардлагагүй. Чи сонссон зүйлээ хүлээн авч, үлдсэнийг нь миний мутарт даатган итгэлээ харуулбал яаж байна вэ?” гэсэн захиас иржээ.

Энэхүү мэдээнд тайвширсан Жорж “Тийм ээ, Их Эзэн минь. Би итгэлийнхээ дагуу үйлдэх болно. Баярлалаа, баярлалаа” хэмээн залбиран хариулжээ. Жорж хоёр сарын дараа баптисм хүртэн, Сүмийн итгэлтэй гишүүн болсон юм.

Жорж 1975 онд (санваарын тухай илчлэлт хүлээн авахаас гурван жилийн өмнө) санваарт томилох хоригийг “итгэлээр, ямар нэгэн тайлбаргүйгээр хүлээн зөвшөөрсөн” тухай бичиж үлдээн, ямар ч нөхцөл байдалд байсан гэлээ Бурхан шударга гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. “Би Их Эзэний санваар газар дэлхий дээр адислалууд, эрх мэдэл, үүргийн хамтаар дахин оршин тогтнож байгаад маш их талархдаг. Санваар хэнд байгаа, байхгүй нь бус, харин үүнийг хэрхэн ашиглаж байгаа нь миний хувьд илүү чухал.” (Maki, “I Will Take It in Faith,” history.ChurchofJesusChrist.org)

  • Сайн мэдээний талаарх асуултынхаа хариултыг авч чадахгүй бол Жорж Рикфордын үлгэр жишээнээс бидэнд туслах юуг бид мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хуваалцсаны дараа, Бид асуултынхаа хариултыг авч чадахгүй бол Бурханы бидэнд өгсөн гэрэл, мэдлэгт тулгуурлан, итгэлээр урагшилж чадна гэсэн үнэнийг самбарт бич.)

  • Энэ тодоор бичсэн үнэн сайн мэдээний талаарх асуултынхаа хариултыг авч чадаагүйн улмаас итгэл нь соригдож буй хүнд хэрхэн туслах вэ?

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Итгэл хэзээ ч асуулт бүрийн хариултыг шаарддаггүй бөгөөд заримдаа “би бүх зүйлийг мэдэхгүй ч гэсэн дагалдагчийн амьдралаар амьдрахад хангалттай зүйлийг мэднэ” гэсэн хандлагатайгаар урагш тэмүүлэх баталгаа, урам зоригийг эрэлхийлж байдаг. (Нийл А.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” Ensign, Nov. 2015, 66 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54)

  • Бурханы танд өгсөн гэрэл ба мэдлэг асуултынхаа хариултыг авч чадахгүй эсвэл тодорхой бус нөхцөлд орох үед итгэлээр урагшлахад тань хэрхэн тусалж байсан бэ?

  • Бид асуултынхаа хариултыг авч чадахгүй байгаадаа зовж буй хэн нэгэнд итгэлээр урагшлахад нь хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдад итгэлээр үйлдэх зарчмыг өөрсдийн амьдралд хэрэгжүүлж эсвэл таньдаг хүндээ туслахын тулд ашиглах арга замын талаар тунгаан бодох хугацаа өг. Суралцагчдыг өөрсдийн төлөвлөгөөг тэмдэглэлдээ бичихэд урь.

Санваарын болон ариун сүмийн адислалуудыг одоо зохистой бүх хүн хүртэх боломжтой болсон.

Нэг суралцагчийг Албан тунхаг 2-ын “Хүндэт ах нар аа” гэдгийн доорх “Тэрбээр бидний залбирлуудыг сонссон” гэж эхлэх гурав, дөрөв дэх догол мөрийг чанга уншихад урь.

  • Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг талаар бид эдгээр догол мөрөөс юу сурч мэдэж болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, Их Эзэн бошиглогчдодоо өгсөн илчлэлтээр дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг гэсэн үнэнийг самбарт бич.)

  • Та амьдралдаа Их Эзэн Өөрийн бошиглогчдод илчлэлт өгөх замаар Сүмээ удирдаж байхыг хэзээ харж байсан бэ?

Санваарын тухай илчлэлт хүлээн авсны маргааш нь Жорж Рикфорд Аароны санваарын пристээр томилогдож, удалгүй Мелкизедек санваар хүлээн авсан юм. 1978 оны 10-р сард Жорж эхнэр Жюны хамт Английн Лондонгийн ариун сүмд дөрвөн хүүхэдтэйгээ мөнхөд лацдан холбогджээ (Maki, “I Will Take It in Faith,” history.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

  • Энэ илчлэлт Сүмд, Сүмийн гишүүдэд болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?

Дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Есүс Христийн сайн мэдээ бүх хүнд зориулагдсан юм. Мормоны Номд “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, Бурханд … бүгд адил” (2 Нифай 26:33) хэмээсэн байдаг. Энэ бол Сүмийн албан ёсны сургаал юм. (“Race and the Church: All Are Alike Unto God,” Feb. 29, 2012, newsroom.ChurchofJesusChrist.org)

Хичээлийн төгсгөлд суралцагчдыг өнөөдөр сурсан зүйлс дээрээ үндэслэн, яагаад Сүм хэсэг хугацаанд африк гаралтай хар арьстай эрэгтэйчүүдийг санваарт томилдоггүй байсан талаар асуувал хэрхэн хариулах талаар эргэцүүлэн бодоход (эсвэл дадлага хийхэд) урь. Санваарт томилох болон ариун сүмд орох хориг яагаад эхэлснийг мэдэхгүй гэж тайлбарлах нь зүйтэйг онцол. Гэвч бид өөрсдийн мэддэг, тэр дундаа өнөөдөр хэлэлцсэн үнэнийг хуваалцаж, гэрчилж чадна.

Дараагийн хичээлээр

Дараагийн хичээлийн бэлтгэлээр эртний болон өнөөгийн бошиглогчдын аль аль нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хувь заяаны талаар юу гэж заасныг судлах болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Суралцагчдыг эцсийн өдрүүд дэх Их Эзэний авралын ажилд туслах арга замуудын талаар хэлэлцэхээр бэлтгэж ирэхэд урамшуул.