Судрууд
2 Нифай 3


Бүлэг 3

Египет дэх Иосеф нифайчуудыг үзэгдэлд харсан болой—Тэрээр хожмын үеийн үзмэрч Иосеф Смитийн талаар; Израилыг чөлөөлөх Мосегийн талаар; мөн Мормоны Ном ирэх тухай бошиглосон буюу. Ойролцоогоор МЭӨ 588–570 он.

1 Мөн эдүгээ отгон хүү Иосеф минь, би чамд хандан ярья. Чи миний зовлон зүдрэлийн аглаг буйдад төрсөн билээ; тийм ээ, миний хамгийн их зовж шаналсан тэр өдрүүдэд эх чинь чамайг төрүүлсэн билээ.

2 Мөн хэрэв чи Израилын Ариун Нэгэний зарлигуудыг сахих аваас, чиний үүрдийн аюулгүй байдлын тулд, чиний өв мөн ах нарынхтай чинь хамт үр удмын чинь өв болгон, хамгийн эрхэм үнэт нутаг болох энэ нутгийг түүнчлэн Их Эзэн чамд ариулан адислах болтугай.

3 Мөн эдүгээ, Иосеф, зүдрэлийнхээ аглаг буйдаас миний авчирсан отгон хүү минь, Их Эзэн чамайг үүрд адислаг, өөрөөр хэлбэл чиний үр удам бүрмөсөн устгагдахгүй.

4 Учир нь болгоогтун, чи бол миний хэвлийн үр билээ; мөн бибээр олзлогдон Египетэд хүргэгдсэн Иосефын удам бөлгөө. Мөн Иосефтэй хийсэн Их Эзэний гэрээнүүд агуу байсан юм.

5 Иймийн тул, Иосеф үнэхээр бидний үеийг харсан болой. Мөн Их Эзэн Бурхан Израилын угсааны төлөө түүний хэвлийн үрсээс нэгэн зөв шударга мөчрийг өсгөнө гэсэн Их Эзэний амлалтыг тэрээр хүлээн авсан буюу; Мессиа бус, харин хугарсан байх нэгэн мөчрийг, хожмын өдрүүдэд Мессиа тэдэнд хүч чадлын суу билгээр, тэднийг харанхуйгаас гэрэлд—тийм ээ, нуугдмал харанхуйгаас мөн дарангуйллаас эрх чөлөөнд авчрахын тулд тэдэнд мэдүүлэгдэнэ хэмээн Их Эзэний гэрээнүүдэд дурсагдах нэгэн мөчрийг болой.

6 Учир нь Иосеф үнэхээр гэрчилж, өгүүлсэн болой: Их Эзэн Бурхан минь миний хэвлийн үрсэд сонгомол үзмэрч байх тэрхүү үзмэрчийг тодруулах болно.

7 Тийм ээ, Иосеф үнэхээр хэлэв: Их Эзэн надад ийн хэллээ: Бибээр чиний хэвлийн үрсээс нэгэн сонгомол үзмэрчийг тодруулна; мөн тэрээр чиний хэвлийн үрсийн дунд өндрөөр хүндлэгдэх болно. Мөн тэрээр өөрийн ах дүү нар болох чиний хэвлийн үрсийн төлөө, тэдэнд агуу үнэт болох, бүр чиний эцэг өвгөдтэй миний хийсэн тэр гэрээнүүдийн мэдлэгт тэднийг авчрах тэр ажлыг үйлдэхийг би түүнд зарлиг болгоно.

8 Мөн миний түүнд зарлиглах тэр ажлаас өөр нэгээхэн ч ажлыг хийх ёсгүйг би түүнд зарлиг болгон өгөх болно. Мөн би түүнийг өөрийн мэлмийд агуу болгох болно; учир нь тэрээр миний ажлыг хийх бөлгөө.

9 Мөн тэрээр, ай Израилын угсаа, миний ард түмнийг чөлөөлөхөөр, би та нарт тодруулна гэж миний хэлсэн тэр Мосегийн адил агуу байх болно.

10 Мөн чиний ард түмнийг Египет нутгаас гаргахын тулд би Мосег тодруулах болно.

11 Гэвч би чиний хэвлийн үрсээс нэгэн үзмэрчийг тодруулна; мөн хэвлийн чинь үрд миний үгийг авчрах хүчийг би түүнд өгнө—мөн зөвхөн миний үгийг авчрах төдийгүй, Их Эзэн хэлрүүн, бас аль хэдийн тэдний дунд очсон байх тэдгээр, миний үгэнд итгүүлэх хүчийг буюу.

12 Иймийн тул, хэвлийн чинь үрс бичиглэх болно; мөн Иудагийн хэвлийн үрс бичиглэх болно; мөн чиний хэвлийн үрсээр бичигдэх тэр нь, Иудагийн хэвлийн үрсээр бичигдэх түүнтэй хамтран нэгдсэнээр, буруу сургаалуудыг няцааж мөн маргаан тэмцлийг намжаан, мөн хэвлийн чинь үрсийн дунд амар амгаланг тогтоох болно, мөн хожмын өдрүүдэд эцэг өвгөдийнх нь мэдлэгт, мөн түүнчлэн миний гэрээнүүдийн мэдлэгт тэднийг авчирна хэмээн Их Эзэн хэлэв.

13 Мөн чамайг сэргээхээр, ай Израилын угсаа, миний ажил миний бүх хүний дунд эхлэн үүсэх тэр өдөр тэрээр сул доройгоос чадалтай болгогдох болно хэмээн Их Эзэн өгүүлэв.

14 Мөн тэрчлэн Иосеф бошиглож, хэлсэн нь: Болгоогтун, уг үзмэрчийг Их Эзэн адислах болно; мөн түүнийг устгахыг эрэлхийлэх тэд бут цохигдох болно; учир нь хэвлийн минь үрсийн талаар, Их Эзэнээс миний хүлээн авсан энэ амлалт гүйцэлдэх болно. Болгоогтун, энэ амлалтын биелэлтийн талаар би огт эргэлзэхгүй байна;

15 Мөн түүний нэр минийхээр нэрлэгдэх болно; мөн энэ нь түүний эцгийн нэр байх болно. Мөн тэрээр надтай адил байх болно; учир нь Их Эзэний хүчээр, түүний гараар Их Эзэний авчрах уг зүйл нь миний ард түмнийг авралд хүргэх болно.

16 Тийм ээ, Иосеф ийн бошиглосон болой: бүр Мосегийн тухай амлалтад би эргэлзээгүй шиг би үүнд эргэлзэхгүй байна; учир нь би чиний удмыг үүрд хадгалах болно хэмээн Их Эзэн надад хэлсэн бөлгөө.

17 Мөн Их Эзэн хэлэв: Би Мосе гэгч нэгнийг тодруулах болно; мөн би түүнд саваанд хүчийг өгнө; мөн би түүнд бичиглэх чадварыг өгнө. Гэвч түүний хэлийг тэрээр ихийг ярихуйц тийм уран хэлтэй болгохгүй, учир нь би түүнийг ярихдаа чадамгай болгохгүй. Харин мутрынхаа хуруугаар би түүнд өөрийн хуулийг бичих болно; мөн би түүний өмнөөс яригчийг томилох болно.

18 Мөн Их Эзэн надад түүнчлэн хэлэв: Би хэвлийн чинь үрсийн төлөө тодруулах болно; мөн би түүний өмнөөс яригч нэгнийг томилно. Мөн би, болгоогтун, би түүнд хэвлийн чинь үрсэд, чиний хэвлийн үрсийн бичиглэлийг бичих эрхийг өгөх болно; мөн чиний хэвлийн удмын өмнөөс яригч нэгэн үүнийг тунхаглах болно.

19 Мөн түүний бичих үгс нь хэвлийн чинь үрсэд очих ёстой хэмээн миний мэргэн ухаандаа үзэх тэрхүү үгс байх болно. Мөн энэ нь хэвлийн чинь үрс газар шорооноос тэдэнд хашхирсан мэт байх болно; учир нь би тэдний итгэлийг мэднэ.

20 Мөн тэд газар шорооноос хашхирах болно; тийм ээ, бүр олон үе тэдний дараа өнгөрсөн хойно, бүр өөрсдийн ах дүүст наманчлалыг хашхирах болой. Мөнхүү улиран тохиох дор бүр тэдний үгсийн энгийн хялбарын дагуу, тэдний хашхирах дуу хадах болно.

21 Тэдний итгэлийн учир тэдний үгс миний амнаас гараад тэдний ах дүү нар болох хэвлийн чинь үрсэд очих болно; мөн миний эцэг өвгөдтэй чинь хийсэн гэрээг минь санатал нь би тэдний үгсийн сул доройг итгэлд нь хүчтэй болгоно.

22 Мөн эдүгээ, болгоогтун, хүү Иосеф минь, миний эртний өвөг энэ маягаар бошиглосон болой.

23 Иймийн тул, энэ гэрээний учир чи адислагдсан болой; учир нь чиний үр удам устгагдахгүй, учир нь тэд уг номын үгсийг анхаарах бөлгөө.

24 Мөн Бурханы мэлмийд агуу их болох тэр зүйлийг хийн, мөн хүчит гайхамшгуудыг үйлдсэнээр Израилын угсааныханд мөн чиний ах нарын үр удамд машид их сэргээлтийг улируулан авчрах, мөн Бурханы мутарт үлэмжийн их итгэлтэй зэмсэг байснаар, үгээр болон үйлээр, аль алинаар нь ихэд сайныг үйлдэх тэрхүү хүчит нэгэн тэдний дунд тодрох болно.

25 Мөн эдүгээ, адислагдсан болой чи, Иосеф. Болгоогтун чи бол бага; иймийн тул ах Нифайнхаа үгсийг анхааран сонс, мөн энэ нь бүр миний ярьсан тэдгээр үгийн дагуу гүйцэтгэгдэх болно. Насан эцэслэж буй эцгийнхээ үгсийг сана. Амен.