Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 30

Хөрвүүлэгдсэн харийнхан гэрээт хүмүүнтэй хамт тоологдох болно—Олон леменчүүд мөн иудейчүүд үгэнд итгэж мөн бахдам сайхан болох ажгуу—Израил сэргээгдэж, ёсон бусыг үйлдэгсэд устгагдах болно. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Мөн эдүгээ болгоогтун, хайрт ах дүү нар минь, би та нарт яръя: учир нь би, Нифай, та нар харийнханы байдгаас илүү зөв шударга хэмээн бодохыг тань зөвшөөрөхгүй. Учир нь болгоогтун, та нар Бурханы зарлигуудыг дагахгүй бол та бүгд ч бас тийнхүү эрсдэх болно; мөн яригдсан үгсийн учир та нар харийнхан бүрмөсөн устгагдсан хэмээн бодох хэрэггүй.

2Учир нь болгоогтун, харийханаас наманчлах болгон нь Их Эзэний гэрээт хүмүүс гэдгийг би та нарт хэлье; мөн иудейчүүдээс наманчлахгүй олон нь зайлуулагдах болно; учир нь нүглээ наманчилж мөн Израилын Ариун Нэгэн болох, түүний Хүүд итгэх тэднээс өөр хэнтэй ч Их Эзэн гэрээ хийхгүй болой.

3Мөн эдүгээ, би иудейчүүд болон харийнханы талаар өөр зарим зүйлийг бошиглох сон. Өөрөөр хэлбэл миний ярьсан уг ном гарч ирэн мөн харийнханд бичигдэн мөн Их Эзэнд дахин лацдагдсаны дараа, бичигдсэн тэдгээр үгсэд итгэх нь олон байх болно; мөн тэд тэдгээрийг манай үр удмын үлдэгдэлд дамжуулах болно.

4Мөн чингээд бидний үр удмын үлдэгдэл бидний талаар, бид хэрхэн Иерусалимаас гарч ирснийг, мөн тэд Иудейн удам болохыгоо мэдэх болно.

5Мөн Есүс Христийн сайн мэдээ тэдний дунд тунхаглагдах болно; иймийн тул, тэд эцэг өвгөдийнхөө мэдлэгт, мөн түүнчлэн эцэг өвгөдийнхөө дунд байсан Есүс Христийн тухай мэдлэгт сэргээгдэх болно.

6Мөн чингээд тэд баясна; учир нь энэ нь Бурханы мутраас тэдэнд ирэх адислал гэдгийг тэд мэдэх болно; мөн тэдний харанхуйн тортог мэлмийгээс нь унаж эхлэх болно; мөн тэд цэвэр ариун мөн бахдам сайхан хүмүүс байхаас бусдаар, олон үе тэдний дунд улиран одохгүй болой.

7Мөнхүү улиран тохиох дор бусниулагдсан тэдгээр иудейчүүд түүнчлэн Христэд итгэж эхлэх болно; мөн тэд уг нутгийн гадаргуу дээр цуглаж эхлэх болно; мөн Христэд итгэх болгон нь түүнчлэн бахдам сайхан хүмүүс болох бөлгөө.

8Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Бурхан дэлхий дээрх өөрийн хүмүүсийн сэргээлтийг гүйцэлдүүлэхийн тулд өөрийн ажлыг бүх үндэстэн, ястан, хэлтэн, мөн хүмүүсийн дунд эхлэх болно.

9Мөн Их Эзэн Бурхан зөв шударгаар ядууг шүүж, мөн дэлхийн номхон дөлгөөнчүүдийн төлөө тэгш эрхтэйгээр зэмлэл хүлээлгэх болно. Мөн тэрээр үгэн саваагаараа дэлхийг цохино; мөн уруул давах амьсгаагаар тэр ёсон бусыг үйлдэгчдийг хөнөөх болно.

10Өөрөөр хэлбэл Их Эзэн Бурхан агуу ялгалтыг хүмүүсийн дунд гүйцэтгэж мөн ёсон бусыг үйлдэгчдийг тэрээр устгах тэрхүү цаг гэнэт ирнэ; мөн тэрээр өөрийн хүмүүсийг хэлтрүүлэх болно, тийм ээ, хэрэв тэрээр ёсон бусыг үйлдэгсдийг түймрээр устгах ёстой байсан ч адил буюу.

11Мөн зөв шударга байдал түүний хэвлийн тус бүслэгдэж, мөн итгэлт байдал түүний ташаан тус бүслэгдэх болно.

12Мөн чингээд чоно хургатай хамт орших болно; мөн ирвэс ишигтэй хамт хэвтэж, мөн тугал, мөн залуу арслан, мөн зулзага хамтдаа байна; мөн бяцхан хүүхэд тэднийг хариулах болно.

13Мөн үнээ болон баавгай цуг идэшлэн, үр төл нь хамтдаа хэвтэх болно; мөн арслан шар лугаа адил дэрс идэх болно.

14Мөн хөхүүл хүүхэд наж могойн нүхэн дээр тоглох болно, мөн бойжсон хүүхэд гараа хорт могойн үүрэн дээр тавих болно.

15Тэд миний бүх ариун ууланд гэмтэх хийгээд устгах нь үгүй; учир нь тэнгис усаар бүрхэгдсэн мэт газар дэлхий Их Эзэний мэдлэгээр дүүргэгдэх болно.

16Иймийн тул, бүх үндэстний зүйлүүд илэрхий болгогдох болно; тийм ээ, бүх зүйл хүмүүний үрсэд илэрхий болгогдох болно.

17Илчлэгдэхээс гадуур нууц байх нь үгүй; гэрэлд үзүүлэгдэхээс гадуур ямар ч харанхуйн ажил гэж үгүй байна; мөн дэлхий дээр нээгдсэнээс гадуур ямар ч битүүмжлэгдсэн нь байхгүй болно.

18Иймийн тул, хүмүүний үрсэд илчлэгдсэн тэдгээр бүх зүйл тэр өдөр илчлэгдэх болно; мөн Сатан хүмүүний үрсийн зүрхийг давах хүчийг удаан хугацааны турш эзэмшихгүй байх болно. Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, би өөрийн хэлэхийг төгсгөл болгоё.