Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 16

Исаиа Их Эзэнийг харав–-Исаиагийн нүглүүд өршөөгдөв—Тэрээр бошиглохоор дуудагдсан буюу—Тэрээр Христийн заадаг зүйлүүдээс иудейчүүд татгалзахыг бошиглов—Үлдэгдэл эргэж ирэх болно—Исаиа 6 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Уззиа хаан нас нөгчсөн тэр жил, Их Эзэн сэнтий дээр залран буйг би түүнчлэн үзсэн, өндөрт мөн өргөгдсөн, мөн түүний хормой ариун сүмийг дүүргэсэн болно.

2Үүний дээгүүр серафимууд зогсоно; тус бүр нь зургаан далавчтай бөлгөө; тэрээр хоёроор нь нүүрээ халхалж, мөн тэрээр хоёроор нь хөлөө халхалж, мөн тэрээр хоёроор нь нисдэг авай.

3Мөн нэг нь нөгөөдөө хашгиран, ийн хэлэв; Түмний Их Эзэн ариун, ариун, ариун; бүх дэлхий түүний алдар суугаар дүүрэн болой.

4Мөн үүдний баганууд түүний хашгирах дуугаар зайлж, мөн барилга утаагаар дүүргэгдсэн бөлгөө.

5Чингээд би хэлэв: Надад халаг! Би устгагдсаны улмаас болой; учир нь би цэвэр бус уруултай хүн; мөн цэвэр бус уруултай хүмүүсийн дунд би оршдог; миний нүд Хааныг, Түмний Их Эзэнийг харсны учир бөлгөө.

6Чингээд серафимуудын нэг нь галын хайчаар өргөлийн тавцан дээрээс өөрийн авсан, ноцож буй цогийг гартаа аван, над уруу нисч ирэв;

7Мөн тэрээр үүнийг миний аманд хүргээд, мөн хэлэв: Үз, энэ нь таны уруулд хүрсэн; мөн таны алдас зайлуулагдсан, мөн таны нүгэл ариусгагдсан.

8Түүнчлэн, хэнийг би илгээх билээ; мөн хэн бидний төлөө явах билээ? хэмээх Их Эзэний дууг би сонсов. Чингээд би хэлэв: Би энд байна; намайг илгээ.

9Мөн тэрээр хэлсэн нь: Яв мөн энэ хүмүүст хэл—Үнэндээ та нар сонсогтун, гэвч тэд ойлгосонгүй; мөн үнэндээ та нар харагтун, гэвч тэд ухаарсангүй.

10Энэ хүмүүсийн зүрхийг хөшүүн болго, бас тэдний чихийг хатуу болго, мөн тэдний нүдийг хаа—тэд өөрсдийн нүдээр харж, мөн чихээрээ сонсож, мөн зүрх сэтгэлээрээ ойлгож, мөн өөрчлөгдөн эргэж мөн эдгээгдэх вий хэмээв—.

11Чингээд би хэлэв: Их Эзэн, хэр удаан билээ? Мөн тэрээр хэлсэн нь: Хотууд оршин суугчидгүй эзгүйрч, мөн байшингууд хүнгүй, мөн газар нутаг бүрмөсөн зэлүүд болох хүртэл;

12Мөн Их Эзэн хүмүүсийг алс хол нүүлгэх болой, агуу их эзгүйрэл уг нутагт байхын учир бөлгөө.

13Гэвч тэр үед арваас нэг нь үлдэх болно, мөн тэд эргэж ирэх болно, мөн навчсаа гээсэн ч гол нь амьд байх далдуу лугаа адил, мөн царс лугаа адил идэгдэх болно; тийн ариун үр түүний амь байх болно.