Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 24

Израил цуглуулагдаж мөн мянганы амгаланг эдлэх болно—Люсифер эсэргүүцлийн улмаас тэнгэрээс зайлуулагдсан билээ—Израил Вавилоны (дэлхийн) дээр дуурсах болно—Исаиагийн 14 дүгээр бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Өөрөөр хэлбэл Их Эзэн Иаковт нигүүлсэнгүй хандана, мөн Израилыг сонгосон хэвээр, мөн тэдний өөрсдийнх нь нутагт тэднийг суурьшуулах болно; мөн харь этгээдүүд тэдэнтэй нэгтгэгдэх болно, мөн тэд Иаковын угсаанд хавсарга болно.

2Мөн хүмүүс тэднийг авч мөн өөрсдийнх нь газарт тэднийг авчрах болно; тийм ээ, дэлхийн хязгаарт алс холоос; мөн тэд амлалтын нутгууддаа эргэж ирэх болно. Мөн Израилын угсаа тэднийг эзэмших болно, мөн Их Эзэний нутаг зарц шивэгчингүүдийн төлөө байх болно; мөн тэд өөрсдийг нь боолчилж байсан тэднийг олзолж авах болно; мөн тэд өөрсдийн дарлагчдыг эзэгнэн захирах болно.

3Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр Их Эзэн харамсал гашуудлаас тань, мөн айдсаас тань, мөн чамайг үйлчлэх болгогдсон тэр хүнд боолчлолоос тань амрах чөлөөг чамд өгөх болно.

4Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр чи Вавилоны хааны эсрэг энэ зүйр үгийг авч, мөн хэлнэ: Дарлагч хэрхэн зогсох болов, алтан хот хэрхэн оршихоо больсон билээ!

5Их Эзэн ёсон бусыг үйлдэгчдийн савааг нь, захирагчдын очирт таягийг хугална.

6Ард олныг уур хилэнгээр үргэлжлүүлэн цохьсон тэрээр, үндэстнүүдийг уураараа захирсан тэрээр хавчигдан зовсон билээ, мөн нэгээхэн ч саад үл болно.

7Бүхэл дэлхий амран, мөн намжина; тэд дуулан аниргүйг эвдэх болно.

8Тийм ээ, шилмүүст модод танд баясна, мөн түүнчлэн Ливаны бүх хуш модод, хэлрүүн: Та дорд унагаагдсанаас хойш нэгээхэн модчин бидний эсрэг ирээгүй болой.

9Таныг ирэхэд тантай уулзахаар там дороос таны тул хөдөлсөн юм; энэ нь таны төлөө үхэгсдийг, дэлхийн удирдагч тэр бүгдийг бусниулна; энэ нь үндэстнүүдийн бүх хаадыг хаан сэнтийнээс босгосон бөлгөө.

10Тэд бүгд ярьж мөн танд хэлнэ: Та бас бидний адил яданги болов уу? Та бидэнтэй ижил болов уу

11Таны сүр жавхлан доош булшинд авчрагдсан буюу; таны хийлийн дуу чимээ эс сонсогдох буюу; өтнүүд таны дор тархаж, мөн өтнүүд таныг бүрхэх ажгуу.

12Чи яахан тэнгэрээс унах болов, Ай Люсифер, өглөөний хүү! Үндэстнүүдийг доройтуулсан чи газарт унагаагдах гэж үү!

13Учир нь чи зүрхэндээ хэлнэ: Би тэнгэр өөд дээшлэх болно, би өөрийн сэнтийг Бурханы оддын дээр өргөмжлөх болно; би хойд зүгт орших, их хуралдайн уулсын дээр түүнчлэн суух болно;

14Би үүлсийн өндрөөс дээгүүр дээшлэх болно; би Бүхний Дээдийн адил байх болно.

15Гэвч чи доош тамд бүр нүхний ёроолд авчрагдсан байна.

16Чамайг харсан тэд чамайг нарийвчлан ажиглах болно, мөн чамайг анхааран үзэж, мөн хэлнэ: энэ нь хаант улсуудыг чичиртэл дэлхийг доргиосон тэр хүн үү

17Мөн дэлхийг аглаг буйд мэт болгосон, мөн түүний хотуудыг устгасан, мөн хоригдлуудынхаа байрыг эс нээсэн нь энэ үү

18Үндэстнүүдийн бүх хаад, тийм ээ, тэд бүгд, тэдний нэг бүр нь байрандаа алдар суутайгаар хэвтэх буюу.

19Гэвч чи жигшүүрт мөчрийн адил, булшнаасаа зайлуулагдсан, алагдсан тэдний үлдэгдэл, илдэнд нэвт сүлбүүлж чулуун нүхэнд орхигдсон тэдний адил буюу; хөлийн дор дэвслэгдсэн хүүр лугаа лугаа адил бөлгөө.

20Чи булшинд тэдэнтэй нэгдэхгүй байх болно, учир юун гэвэл чи өөрийн нутгийг устгаж мөн өөрийн хүмүүсийг хөнөөсөн билээ; хилэнцийг үйлдэгчдийн үр удам хэзээ ч алдарших нь үгүй.

21Тэдний эцгүүдийн алдсын учир түүний хүүхдүүдийн хөнөөлтөнд бэлтгэцгээ, тэд өсөж өндийхгүй, бас нутаг өмчлөхгүй, дэлхийн гадаргууг хотуудаар дүүргэхгүй байхын тулд буюу.

22Учир нь би тэдний эсрэг босох болно хэмээн, Түмний Их Эзэн өгүүлж, мөн Вавилоноос нэрийг, мөн үлдэгдэл, мөн хүү, мөн үеэлийг тусгаарлана хэмээн Их Эзэн хэлэх болно.

23Би түүнчлэн үүнийг бух шувууны эзэмшил мөн намаг шалбааг болгох болно, мөн би үүнийг устгалын туужуураар шүүрдэнэ хэмээн Түмний Их Эзэн хэлэх бөлгөө.

24Түмний Их Эзэн тангараглаж, хэлрүүн: Гарцаагүй миний бодсончлон, тийн энэ нь улиран тохиох болно; мөн миний зорьсончлон, тийн байх болно—

25Би Ассири үндэстний түүнийг нутагтаа авчрах болно, мөн өөрийн уулсын дээр түүнийг хөл дор дэвсэлнэ; чингээд түүний буулга тэднээс мултарч, мөн түүний ачаа тэдний мөрөн дээрээс зайлах болно.

26Энэ нь бүх дэлхийд зорилго болон тавигдсан тэрхүү зорилго бөлгөө; мөн энэ нь бүх үндэстний дээр сунгагдсан тэрхүү мутар бөлгөө.

27Учир нь Түмний Их Эзэн зорилго тавьсан, мөн хэн цуцлах билээ? Мөн түүний мутар сунгагдсан, мөн хэн буцааж эргүүлэх билээ

28Хаан Ахаз нас нөгчсөн тэр жил сайхь тавилан байжээ.

29Чамайг нам дарах түүний саваа хугарсны учир, бүх Палестин, чи бүү баярла; учир нь могойн үүрнээс наж могой гарч ирэх болно, мөн түүний үр нисдэг галт могой байх болно.

30Мөн ядуугийн ууган нь тэжээгдэн, мөн тарчиг нэг нь аюулгүй тайван хэвтэх болно; мөн би чиний үндсийг өлсгөлөнгөөр хөнөөнө, мөн тэр нь та нарын үлдэгдлийг хядах болно.

31Гасал, Ай хаалга; уйл, Ай хот; чи, бүхэл Палестин чи айсандаа арчаагүй болсон; учир нь умардаас утаа суунаглаж, мөн түүний болзсон цагуудад хэн ч ганцаар байхгүй байна.

32Үндэстнүүдийн элч нар тэгэхэд юу гэж хариулах билээ? Их Эзэн Сионыг үндэслэх болно, мөн түүний хүмүүсийн ядуус үүнд итгэмжлэх болно.