Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 12

Исаиа хожмын үеийн ариун сүм, Израилын цугларалт мөн Мянганы шүүлт болон энх амгаланг харав—Бардамнагчид ёс бусыг үйлдэгчид Хоёр дахь Ирэлтээр дорд үзэгдэх болно—Исаиа 2 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Иудей болон Иерусалимын талаар үзсэн, Амозын хүү Исаиагийн үг:

2Мөнхүү улиран тохиох дор эцсийн өдрүүдэд, Их Эзэний өргөөний уул нь уулсын оргил дээр баригдаж, мөн толгодын дээр өргөгдөхөд бүх үндэстнүүд үүнд цутган ирэх болно.

3Мөн олон хүмүүс явж мөн хэлэх болно, Ирэгтүн та нар, мөн Их Эзэний уул өөд, Иаковын Бурханы өргөөнд очицгооё; мөн тэрээр бидэнд өөрийн замуудын талаар сургах болно, мөн бид түүний харгуйгаар алхах болно; өөрөөр хэлбэл Сионоос хууль, мөн Их Эзэний үг Иерусалимаас ундран гарах болой.

4Мөн тэрээр үндэстнүүдийн дунд шүүж, мөн олон хүмүүнийг зэмлэх болно: мөн тэд илдээ анжисны хошуу болгон, мөн жаднуудаа хасуур болгон давтах болно—үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, бас тэд дайнд дахин хэзээ ч суралцахгүй байх болно.

5Ай Иаковын угсаа, та нар ирэгтүн мөн Их Эзэний гэрэлд алхацгаая; тийм ээ, ирэгтүн, учир нь та нар бүгд төөрч одсон, хүн бүр өөрийн ёсон бус замуудад буюу.

6Тиймийн тул, Ай Их Эзэн, та өөрийн хүмүүсийг, Иаковын угсааг орхисон, учир юун хэмээвээс тэд филистинчүүдийн адил зөгнөн хэлэгчдийн үгэнд орж, мөн тэд өөрсдийгөө гадныхны хүүхдүүдэд таацуулсан, дорнын нөлөөгөөр дүүргэгдсэн болой.

7Тэдний нутаг түүнчлэн мөнгө болон алтаар дүүрэн, бас тэдний эрдэнийн сан төгсгөлгүй; тэдний нутаг түүнчлэн морьдоор дүүрэн, бас тэдний их тэрэгний нь тоо төгсгөлгүй билээ.

8Тэдний нутаг түүнчлэн хиймэл шүтээнүүдээр дүүрэн; тэд өөрсдийн хуруугаар үйлдсэн тэдгээрийг, өөрсдийн гарын бүтээлээ тэд шүтдэг.

9Мөн ерийн хүн толгой үл бөхийж, мөн их хүн өөрийгөө үл даруусгадаг, тиймийн тул, түүнийг бүү өршөө.

10Ай ёс бусыг үйлдэгчид та нар, Их Эзэнээс айх айдас мөн түүний сүр хүчний алдар суу та нарыг цохих учир хад чулуунд орогтун мөн өөрсдийгөө шороонд нуу.

11Мөнхүү улиран тохиох дор хүмүүний ихэмсэг төрх даруусгагдан, мөн хүмүүний ихэрхэг байдал доош гудайлгагдах болно, мөн тэр өдөр Их Эзэн ганцаараа өргөмжлөгдөх болно.

12Учир нь Түмний Их Эзэний өдөр удахгүй бүх үндэстнүүдийн дээр ирнэ, тийм ээ, тэд бүгдийн дээр; бардам болон ихэмсгийн дээр, мөн хөөргөн болгоны дээр, мөн тэрээр дорд үзэгдэх буюу.

13Тийм ээ, мөн Их Эзэний өдөр Ливаны бүх хуш моднууд дээр ирэх болно, тэдгээр нь өндөр мөн хөөрсний учир болой, мөн Башаны бүх царснууд дээр буюу;

14Мөн бүхий л өндөр уулсын дээр, мөн бүх толгодын дээр, мөн хөөргөгдсөн тэдгээр бүх үндэстнүүдийн дээр, мөн ард түмэн бүрийн дээр;

15Мөн өндөр цамхаг бүрийн дээр, мөн хашлагат хана бүрийн дээр;

16Мөн далайн бүхий л онгоцнуудын дээр, мөн Таршишийн бүх хөлөг онгоцнууд дээр, мөн бүх тааламжтай сайхан дүрслэлүүд дээр буюу.

17Мөн хүмүүний ихэмсэглэл доош гудайлгагдаж, мөн хүмүүний ихэрхэг байдал дорд үзэгдэх болно; мөн тэр өдөр Их Эзэн ганцаар өргөмжлөгдөх болно.

18Мөн хиймэл шүтээнүүдийг тэрээр бүрмөсөн үгүй хийх болно.

19Мөн тэд хадны хонгилд, мөн газрын агуйд хоргодох болно, тэрээр газар дэлхийг аймшигтайгаар сэгсрэхээр босоход Их Эзэнээс айх айдас тэдний дээр ирнэ, мөн түүний сүр жавхлангийн их нь тэднийг цохихын учир болой.

20Тэр өдөр хүмүүн өөрийн мөнгөн шүтээнийг, мөн өөрийн алтан шүтээнийг, тэрээр шүтэхийн тулд өөртөө хийсэн тэдгээрийг, сохор номин болон сарьсан багваахайд хаях болно.

21Хадны нөмөрт, мөн барзгар хадны оройд очно, учир нь тэрээр газар дэлхийг аймшигтайгаар сэгсрэхээр босоход Их Эзэнээс айх айдас тэдний дээр ирнэ, түүний сүр жавхлангийн их нь тэднийг цохихын учир болой.

22Та нар хамрынхаа нүхэнд амьсгалах тэр, хүмүүнд хандахаа боль, түүнийг юуны учир хүндэтгэнэ вэ