Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 13

Иудей болон Иерусалим дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгэгдэх болно—Их Эзэн өөрийн хүмүүсийг өмгөөлж мөн шүүх бөлгөө—Сионы охид шунал тачаалынхаа улмаас зүхэгдэж бас зовоогдох болно—Исаиагийн 3 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Учир нь болгоогтун, Их Эзэн, Түмний Их Эзэн, зайлуулан авах болой, Иерусалимаас, мөн Иудейгаас, түших тулгуурыг мөн таягийг, талх болох бүтэн таягийг нь ч, мөн ус болох бүтэн тулгуурыг ч буюу—

2Чадалтай хүнийг, мөн дайнч хүнийг, шүүгч, мөн бошиглогч, мөн хашир сэрэмжтэй нэгнийг, мөн ахмад нэгнийг;

3Тавийн ахмад, мөн хүндэт нэгэн, мөн зөвлөх, мөн уран дархан, мөн уран илтгэгчийг.

4Мөн би хүүхдүүдийг тэдний ханхүү байхаар тэдэнд өгөх болно, мөн нялхас тэдний дээр захирах болно.

5Мөн хүмүүс нэг нь нөгөөгөөрөө, мөн хүн бүр хөршүүдээрээ дарамтлуулах болно; хүүхэд өөрийгөө ахмад нэгний эсрэг дээгүүрт тавин бардамнах буюу, мөн адгийн муу нь хүндэт нэгний эсрэг болой.

6Хүн эцгийнхээ отгийнх болох ахдаа хэлэх нь: Танд хувцас буй, та бидний захирагч бол, мөн таны мутрын дор энэхүү устгал мөхөл бүү халдаг—

7Тэр өдөр тэрээр тангараглаж, хэлэх нь: би эдгээгч байх нь үгүй; учир нь миний гэрт талх ч, хувцас ч алга; хүмүүсийн захирагч бүү болго намайг.

8Учир нь Иерусалим балгас болсон, мөн Иудей унасан болой, тэдний хэл ам, хийсэн үйлүүд Их Эзэний эсрэг байсан нь, түүний сүр жавхлант мэлмийг өдөөн уурлуулсны учир бөлгөө.

9Тэдний төрх байдал тэдний эсрэг гэрчилж, мөн тэдний нүгэл бүр Содомын адил болохыг тунхагласан ажгуу, мөн тэд үүнийгээ далдалж чадахгүй. Тэдний бодгалиудад халаг, тэд хилэнцийг өөрсөддөө шагнал болгосны учир болой.

10Тэдэнд сайн болохыг зөв шударгыг үйлдэгчдэд хэл; учир нь тэд үйлүүдийнхээ үр жимсийг хүртэх болно.

11Ёс бусыг үйлдэгчдэд халаг, учир нь тэд мөхөх болно; тэдний гарын шагнал тэдний дээр байх болно!

12Мөн миний хүмүүсийг, хүүхдүүд тэдний дарлагчид байж, эмэгтэйчүүд тэднийг захиран удирдах болно. Ай хүмүүс минь, та нарыг удирдаж буй тэд та нарыг буруут болгосон мөн та нарын замнах замыг устгадаг бөлгөө.

13Их Эзэн өмгөөлөхөөр босно, мөн хүмүүсийг шүүхээр босох болно.

14Их Эзэн өөрийн хүмүүсийн эртнийхэн мөн тэдний хан хөвгүүдтэй шүүхэд заалдах болно; учир нь та нар ядуугийн талбайг мөн ядуугийн хөрөнгийг өөрсдийнхөө гэрт идэж дуусгасан билээ.

15Та нар ямар учиртай билээ? Та нар миний хүмүүсийг тасчдаг, мөн ядуугийн нүүрийг няцалдаг хэмээн Түмний Их Эзэн Бурхан хэлэх буюу.

16Үүнээс гадна, Их Эзэн хэлдэг: Сионы охид ихэмсэг, мөн хүзүү сунган завхай харц чулуудан алхалж, явахдаа сайварлан, мөн хөлөн дэх хонхоо жингэнүүлэн алхдаг—

17Тиймийн тул Их Эзэн Сионы охидын зулайг яр шарханд бариулж мөн Их Эзэн тэдний нууц хэсгүүдийг нь ил харуулах болно.

18Тэр өдөр Их Эзэн тэдний хангинан жингэнэх чимгүүдийн мөн үсний тор, мөн сар адил дугираг гархинуудын тансаг үзэмжийг нь булаан авах болно;

19Шаргих гинжнүүд мөн бугуйвчнууд, мөн хүзүүний ороолтуудын;

20Товь малгайнууд, мөн хөлийн чимгүүд, мөн толгойн алчуурууд, мөн пайзнууд, мөн ээмэгнүүдийн;

21Бөгжнүүд, мөн хамрын гоёлуудын;

22Сольж өмсөх хувцасны зүйл, мөн нөмрөг, мөн толгойн бүрх, мөн үсний хатгууруудын;

23Шил толинууд, мөн нарийн нэхээст эд, мөн юүдэн, мөн гивлүүрүүдийн буюу.

24Мөнхүү улиран тохиох дор, сайхан үнэрийн оронд эхүүн үнэр ханхална; мөн бүсний оронд даавууны тасархай; мөн сайхан үсний оронд халзрал; мөн цээживчний оронд самбай даавуу; түлэгдсэн шарх гоо сайхны нь оронд байх буюу.

25Чиний эрс илдэнд мөн чиний хүчтэнүүд дайнд унах болно.

26Мөн хотын хаалганууд гаслан чахарч; мөн хот нь балгас болон эзгүйрч, мөн тэр хөсөр суух болно.