Институт
25-р хичээлд бэлтгэх материал: Гэр бүлийн амьдрал дахь наманчлал ба өршөөл


“25-р хичээлд бэлтгэх материал: Гэр бүлийн амьдрал дахь наманчлал ба өршөөл,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“25-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
Алдагдсан хүү, Кларк Кэлли Прайс

25-р хичээлд бэлтгэх материал

Гэр бүлийн амьдрал дахь наманчлал ба өршөөл

“Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд нь [Есүс Христийн сайн мэдээний] зарчмуудыг баримтлан амьдарна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Эдгээр зарчмын хоёр нь наманчлал ба өршөөл юм. Эдгээр зарчим таны гэр бүлийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Та энэ материалыг судлахдаа, гэр бүлийн гишүүдийнхээ өмнө үйлдсэн гэм буруугаа наманчлахаар хичээж чармайхад тань Есүс Христ хэрхэн тусалж чадах тухай бодож үз. Мөн таныг гомдоож, шархлуулсан гэр бүлийн гишүүдийг уучлахад Аврагч танд хэрхэн тусалж болохыг бодоорой.

1-р хэсэг

Наманчлал гэр бүлийг маань хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхдаа Шэрил А.Эсплин эгч ийн заасан.

Зураг
Шэрил A.Эсплин эгч

Гэр бүлүүд бол Их Эзэний сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад бидэнд туслах, Их Эзэний өгсөн дадлагажих газар юм. (“Гэр орноо гэрэл ба үнэнээр дүүргэх нь,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 126)

Аврагчийн сайн мэдээнээс суралцаж, гэр орондоо тэдгээрийн дагуу амьдрахыг хичээх явцдаа ч бидэнд алдаа гаргах мөч тохиох болно. Хэдийгээр гэр бүл бүрд санал зөрөлдөөн, зөрчил гардаг ч энэ нь гэр бүлийн гишүүд бие биетэйгээ харьцахдаа Христтэй адил байхаас чөлөөлөгддөг гэсэн үг биш юм. Харин бидний алдаа бидэнд наманчлал, өршөөлийн сайн мэдээний зарчмуудыг гэр бүлдээ хэрэгжүүлэх боломжийг олгодог.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф наманчлалыг ийнхүү тайлбарласан.

Зураг
Ахлагч Дийтр Ф.Угдорф

Наманчлал гэдэг нь бодол санаа, зүрх сэтгэлийн өөрчлөлт бөгөөд буруу зүйл хийхээ больж, зөв зүйлс хийж эхлэхийг хэлдэг. Энэ нь Бурханд, өөртөө болон амьдралд бүхэлд нь хандах шинэ хандлагыг бий болгодог. (“Point of Safe Return,” Liahona, 2007 оны 5-р сар, 100)

Аврагч өөртөө болон гэр бүлдээ хор хөнөөл учруулсан сонголтуудынхаа улмаас наманчлах шаардлагатай болсон хүүгийн тухай сургаалт зүйрлэлийг ярьсан. Энэ хүү өв хөрөнгөө хугацаанаасаа өмнө авч, бодлогогүй амьдарснаар үрэн таран хийжээ. Хоосорч, өлссөн тэрээр гахай хариулах ажил хийж эхэлсэн ба гахайн хоол идэх хүртлээ цөхрөнгөө баржээ. (Лук 15:11–16-ыг үзнэ үү.)

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Лук 15:17–24-ийг уншаад, гэр бүлийн амьдрал дахь наманчлалын талаар сурсан зарчмуудаа тэмдэглэхийг бодож үз.

Зураг
Эцэг нь алдагдсан хүүгээ тэврэхээр гүйж байгаа нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн наманчлалаар дамжуулан бид болон гэр бүлийн гишүүд маань хэрхэн адислагдаж болох тухай ийн заасан.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Наманчлал биднийг өөрчилдөг төдийгүй бидний гэр бүл, хайртай хүмүүсийг адисалдаг билээ. Хэрэв бид Их Эзэний цагт зөв шударгаар наманчлах юм бол, Аврагчийн сунгасан мутар зөвхөн биднийг төдийгүй бас бидний үр хүүхэд, хойч үеийг тэврэн авах болно. Наманчлалын дараа аз жаргал улам ихээр бидэнд ирдэг. (Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,“ 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 49)

Ахлагч Л.Витни Клэйтон Далын гишүүнээр үйлчилж байхдаа өөртөө тогтмол дүгнэлт хийж, цаг алдалгүй наманчлах нь гэрлэлтийг хэрхэн адисалж болохыг заажээ. Эдгээр дадал таны гэр бүлийн бүх харилцаанд хэрхэн тусалж болохыг бодож үз.

Зураг
Ахлагч Л.Витни Клэйтон

Би аз жаргалтай гэрлэлт наманчлалын бэлэг дээр суурилдаг гэдгийг ойлгосон. Энэ нь гэрлэгсэд сайн харилцаатай байхад амин чухал зүйл билээ. Өөрийнхөө зан авирыг шударгаар үнэлж, наманчлах төдийгүй сайжруулах шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авдаг эхнэр, нөхрийн гэрлэлтийн харилцаа сайжирдаг. (“Гэрлэлт: Ажиглаад суралц,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96–97)

Зураг
Тунгаан бодож буй залуу хүн
Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Өөрийгөө шударгаар үнэлэхэд хэдэн хором зарцуул. Гэр бүлийнхээ аль нэг гишүүнтэй харилцах харилцаанд хор хөнөөл учруулсан эсвэл учруулж байгаа аливаа сонголтынхоо төлөө та наманчлах хэрэгтэй юу? Хэрэв тийм бол та Их Эзэнд хандан, наманчлах үйл явцыг эхлүүлэхийн тулд юу хийж чадах вэ? Мөн гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцааг тань адислах сонголтууд мөн үүнтэй төстэй сонголтуудыг хэрхэн үргэлжлүүлэхээ бодож үз.

2-р хэсэг

Намайг гомдоосон гэр бүлийн гишүүнээ би хэрхэн уучлах вэ?

Аврагчийн ярьсан алдагдсан хүүгийн тухай сургаалт зүйрлэлд том хүү нь дүүгийнхээ эргэн ирсний баярт оролцохоос татгалздаг (Лук 15:25–32-ыг үзнэ үү). Энэ том хүүгийн нэгэн адил, бид Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах зөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай болж магадгүй юм.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Хүмүүст наманчлах боломж олго. Хүмүүст өсөж хөгжих боломж олго. Хүмүүс өөрчлөгдөж, төгөлдөржиж чадна гэдэгт итгэ. Жэффри Р.Холланд, “‘Remember Lot’s Wife’: Faith Is for the Future” (Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 2009 оны 1-р сарын 13, speeches.byu.edu).

Та гэр бүлийн гишүүнээсээ уучлал гуйх үе гардаг шиг таныг гомдоож, шархлуулсан гэр бүлийн гишүүнээ уучлах шаардлага заримдаа гардаг.

Зураг
Ярилцаж буй хос
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 64:8–11-ийг уншаад, Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүдэд бусдыг уучлах талаар юу заасныг олж мэд.

Энэ судрын хэсгийг эш татсаныхаа дараа ахлагч Холланд ийн тайлбарлав.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Та нарын зарим нь үнэхээр зовлон зүдүүртэй амьдарч байгаа бол [Есүс Христ] юу гэж хэлээгүйг анхаарах нь чухал. “Та нарт бусдаас болж тохиолдсон, тэрхүү гомдмоор явдлаас үүссэн жинхэнэ шаналал эсвэл бодит зовлонг та нар мэдэрч болохгүй” гэж Тэр хэлээгүй. “Бүрэн уучлахын тулд та нар хор хөнөөлтэй харилцаагаа үргэлжлүүлэх эсвэл хүч хэрэглэсэн, хөнөөлтэй нөхцөл байдал руу эргэн очих хэрэгтэй” гэж Тэр хэлээгүй. Дэндүү их гомдоох явдал тохиолдсон ч гэсэн, хэрвээ бид хөлөө жинхэнэ эдгэрлийн зам дээр тавих юм бол зовлон шаналлаа даван гарч чадна. Энэ бол бидний хүн нэг бүрийг “Ирж, Намайг дага” [Лук 18:22] хэмээн дууддаг Назарын Есүсийн алхсан өршөөлийн зам билээ.Эвлэрлийн тохинуулал,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 73)

Зураг
Залбирч буй залуу хүн

Заримдаа танд уучлах боломжгүй эсвэл дургүйцэх мэдрэмж төрж магадгүй. Эсвэл та болон гэр бүлийн гишүүний тань хоорондох зай хэтэрхий холдсоны улмаас харилцаагаа эвлэрүүлэхэд хэцүү санагдаж магадгүй. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын өгсөн дараах зөвлөгөө таны уучлах хүчин чармайлтад хэрхэн тусалж болохыг бодож үз.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

Бид уур хилэнгийн мэдрэмжүүдийг таньж, ухамсарлах хэрэгтэй. Ийн үйлдэхэд даруу байдал хэрэгтэй ч хэрэв бид өвдөг сөхрөн Тэнгэрлэг Эцэгээс уучлал гуйвал Тэр бидэнд туслах болно.

… Үүнийг орхиж, эгдүүцлээр дүүрсэн зүрх сэтгэлээ хоослох нь амаргүй. Аврагч Цагаатгалаараа дамжуулан бид бүгдэд эрхэм амар амгаланг өгсөн ч энэ нь гагцхүү биднийг уур хилэн, дайсагнал эсвэл өшөө авалтын сөрөг мэдрэмжээ хаях хүсэлтэй байх үед л ирэх болно. (“The Healing Power of Forgiveness,” Liahona, 2007 оны 5-р сар, 69)

Далын ахлагч Массимо Дэ Фэо Аврагчид анхаарлаа хандуулахын чухлыг ийн онцолжээ.

Зураг
Ахлагч Массимо Дэ Фэо

Хайрт ах, эгч нар минь, хэрвээ та нар хэн нэгнийг уучлах сэтгэлийн хүч олохын төлөө тэмцэж байгаа бол бусад хүн танд юу хийснийг бүү сана. Харин Их Эзэн таны төлөө юу хийснийг л бод, тэгвэл та бүгд Түүний Цагаатгалын гэтэлгэгч адислалуудыг болон амар амгаланг олж авах болно. (“Цэвэр хайр бол Есүс Христийн үнэнч шавь бүрийн бодит шинж тэмдэг юм,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101)

Уучилж, эдгэрэхэд цаг хугацаа шаардагддаг. Их Эзэний тусламж болон эдгээх бэлгийг эрэлхийлэхдээ өөртөө тэвчээртэй хандаарай.

Зураг
Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Энэ материалыг судлах явцдаа юу сурч, мэдэрсэн талаараа бодож үз. Гэр бүлийнхээ амьдрал дахь наманчлал, өршөөлтэй холбоотой хүсэл, зорилгоо бичиж тэмдэглэ. Та Аврагчийг өөрийн хичээл зүтгэлд туслуулахаар хэрхэн урьж чадах вэ?