Институт
12-р хичээлд бэлтгэх материал: Гэр бүлийн харилцаагаа хөгжүүлэх


“12-р хичээлд бэлтгэх материал: Гэр бүлийн харилцаагаа хөгжүүлэх,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“12-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
Аз жаргалтай эхнэр, нөхөр хоёр

12-р хичээлд бэлтгэх материал

Гэр бүлийн харилцаагаа хөгжүүлэх

Та гэрлэсэн хүчирхэг, аз жаргалтай хосыг хараад, тэдний амжилтын гол түлхүүр юу юм бол гэж бодож байсан уу? Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Сайн гэрлэлт цаг хугацаа шаарддаг. Энэ нь хүчин чармайлт шаарддаг. Та үүний төлөө ажиллах ёстой. Та үүнийг төлөвшүүлэх ёстой” гэж сануулсан (“Life’s Obligations,” Ensign, 1999 оны 2-р сар, 4). Та энэхүү хичээл дэх сургаал, зарчмуудыг судлах үедээ аз жаргалтай гэрлэлтэд эсвэл одоогийн гэрлэлтээ илүү сайн дэмжин тэтгэхийн тулд өөрийгөө бэлдэхээр юу хийж чадахаа бодоорой.

1-р хэсэг

Хань бид хоёр мөнхийн гэрлэлтээ хэрхэн баяр баясгалантай болгож чадах вэ?

Олон гэрлэлт бэрхшээлтэй санагддаг эсвэл салалтаар төгсдөг энэ дэлхийд зарим хүн гэрлэлтээ аз жаргалтай байлгах нь тэдэнд үнэхээр боломжтой эсэхийг гайхаж байж болох юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд дараах найдварын захиасыг өгсөн.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Аз жаргалтай гэрлэлт гэж байдаг төдийгүй энэ нь онцгой тохиолдол биш, харин байх ёстой дүрэм гэдгийг эргэлзээгүй, маргаангүй, шулуухнаар мэдэгдье.

Холланд эгч бид хоёр та нарыг зөвхөн аз жаргалтай байгаад зогсохгүй, бүр туйлын аз жаргалтай байж чадна гэдгийн амьд нотолгоо юм.

Та гэрлэлт дээрээ ажиллах ёстой. Энэ дэлхий дээрх миний мэдэх сайн зүйл бүр хөдөлмөр шаарддаг.

Бурхан танд тусална. Энэ нь танд чухлын адил, Түүнд ч бас чухал учраас Тэр энэ дэлхий дээр танд тусалж болох бүх зүйлээс илүүтэйгээр таны гэрлэлт, гэр бүлийн асуудалд туслах болно. (“You Asked—They Answered: Marriage and Family,” New Era, 2016 оны 8-р сар, 3)

Зураг
Ариун сүмийн урд гар гараасаа хөтлөлцсөн хос

Далын ахлагчаар үйлчилж байсан ахлагч Л.Витни Клэйтоны аз жаргалтай мөнхийн гэрлэлтэд юу хувь нэмэр болдог талаар өгүүлсэн дараах үгийг уншаарай. Та олсон зарчмуудаа тэмдэглэж болно.

Зураг
Ахлагч Л.Витни Клэйтон

Хамгийн аз жаргалтай гэрлэлтүүдээс миний анзаарсан нэг зүйл бол эхнэр, нөхөр хоёр харилцаагаа юугаар ч үнэлшгүй, үнэ цэнтэй байлгадгийг би ажигласан. … Тэд ийм их баяр баясгаланг авчирдаг, сайн сайхныг эсвэл хувийн нандин байдлыг үүсгэдэг өөр ямар ч харилцаа байхгүй гэдгийг мэддэг. …

… Амжилттай мөнхийн гэрлэлтүүд Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, Түүний сургаалыг дагах үндэс суурин дээр үүсдэг [“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхгийг үзнэ үү,” ChurchofJesusChrist.org]. …

… Аз жаргалтай гэрлэлт наманчлалаас шалтгаалдаг. …

Даруу байдал бол наманчлалын хамгийн чухал хэсэг. Даруу байдал нь аминч бус, хувиа хичээхгүй байх явдал юм. Даруу байдал нь эхнэр, нөхөр хоёр шийдвэр гаргахдаа бие биеэ хамгийн чухалд үзэж, дэмжин тусалж мөн адислахыг эрэлхийлдэг гэсэн утгатай билээ. …

… Миний харсан хамгийн аз жаргалтай гэрлэлтүүд хамгийн аз жаргалтай зарлигуудын нэг болох ‘хайранд хамтдаа амьдрах’-д дуулгавартай байдгаа харуулдаг” [Сургаал ба Гэрээ 42:45]. (“Гэрлэлт: Ажиглаад суралц,Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96, 97)

Зураг
шигтгээ зураг, ярилц

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Аз жаргалтай гэрлэсэн хосын тухай бод. Тэдэнтэй холбогдоод, амжилттай байхад хамгийн чухал зарчмуудыг хуваалцахыг хүс. Тэднийг ярьж байх үед сурч мэдсэн зүйлээ тэмдэглээд, хичээл дээр хуваалцахад бэлтгэ.

2-р хэсэг

Есүс Христийн үлгэр жишээг дагах нь миний гэрлэлтийг хэрхэн дэмжин тэтгэх вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон гэрлэлтээ дэмжин тэтгэх нь чухал тухай заасан.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Гэрлэлт нь хүмүүний бусад бүх харилцаанаас илүүгээр аз жаргалтай байх боломжуудыг нээж өгдөг. Гэтэл гэрлэсэн хосууд өөрсдийнхөө бүрэн чадавхад хүрч чаддаггүй. Тэд хайр дурлалаа зэвэнд идүүлж, бие биеэ ингээд заяагдсан мэт үзэн, гэрлэлт үнэхээр ямар байх талаарх алсын харааг бүрхэгдүүлэх боломжийг бусад ашиг сонирхолд юм уу хайхрамжгүй байдлын халхавчинд олгодог. Гэрлэлтийг илүү анхааралтай арчилж тордох аваас илүү аз жаргалтай байх болно. (“Nurturing Marriage,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 5-р сар, 36)

Төлөөлөгч Паулын Ефес хотын Сүмийн гишүүдэд өгсөн заавар гэрлэлтийн талаарх зөвлөгөө байсан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Eфес 5:25, 28–31-ийг уншаад, Есүс Христийн үлгэр жишээг дагах нь эхнэр, нөхөр хоёрт гэрлэлтээ дэмжин тэтгэхэд хэрхэн тусалдаг талаар бод.

Зураг
Есүс төлөөлөгчдийн хөлийг угааж байгаа нь, Дэл Парсон

Аврагчийн үлгэр жишээг дагах нь эхнэр, нөхөр хоёрт “бие биеэ хайрлан, халамжлах хариуцлагаа” биелүүлэхэд тусална (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Гэрлэлтээ дэмжин тэтгэхийн тулд заримдаа нүсэр ажил хийж болох ч хамгийн үр дүнтэй, утга учиртай үйлдлүүд “өчүүхэн бөгөөд энгийн” байдаг (Алма 37:6). Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн Зөвлөлд байхдаа, “Агуу гэрлэлт өдрөөс өдөрт, нэг нэг тоосго өрөхтэй адил, амьдралын туршид бий болдог” хэмээн заасан (“Авран хадгалдаг тэднийг магтъя,” Ensign эсвэл2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган).

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Линда К.Бөртон гэрлэлтээ хөгжүүлж буй хүчин чармайлтаа үнэлэхийн тулд бидний ашиглаж болох энгийн асуултуудыг өгсөн.

Зураг
Ерөнхийлөгч Линда К.Бөртон

Бид гэрлэсэн, эсвэл ганц бие, мөн бидний гэр бүлийн нөхцөл байдал ямар ч байсан бай, эдгээр асуултыг бага зэрэг өөрчлөөд, өөрөөсөө асууж болно.

  1. Би хамгийн сүүлд, хэзээ ганцаараа байхдаа, эсвэл үр хүүхдүүдийнхээ хажууд ханиа чин сэтгэлээсээ магтсан бэ?

  2. Би хамгийн сүүлд, хэзээ түүнд талархаж, хайраа илэрхийлж, эсвэл итгэлтэй байдлаар түүний төлөө залбирсан бэ?

  3. Би хамгийн сүүлд, хэзээ түүнийг гомдоож болох үгийг хэлэхээсээ өмнө өөрийгөө болиулж чадсан бэ?

  4. Би хамгийн сүүлд, хэзээ түүнээс “хэрэв чи тэгсэн байсан бол” эсвэл “хэрвээ чи тэгээгүй байсан бол” гэсэн үгийг хэрэглэлгүй, уучлалт гуйж, даруухнаар өршөөл хүссэн бэ?

  5. Би хэзээ, хамгийн сүүлд өөрийн “зөв” гэдгийг нотлохын оронд аз жаргалтай байхыг сонгосон бэ? …

Та бүхэн хайрт тэнгэрлэг эцэг эхийнхээ гэрээт охид, хөвгүүдийн хувьд харилцан бие биеэ нөхөх үүргүүдээ биелүүлэхэд нь нэг нэгнээ хэрхэн илүү сайн өргөн дэмжихийг заалгахаар надтай хамт Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх үү? (“Хамтдаа өсөж хөгжицгөөе,” Ensign, May 2015, 31–32 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14–15)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Хэн нэгэнд гэрлэхэд бэлтгэхэд нь эсвэл гэрлэлтээ дэмжин тэтгэхэд нь туслах, Аврагчийн амьдралын тодорхой жишээ эсвэл сургаалыг бод.

3-р хэсэг

Би ханьтайгаа хэрхэн нэгдэн нийлэх вэ?

1831 онд өгөгдсөн илчлэлтээр, Их Эзэн Сүмийн гишүүдийн биеэ авч явах ерөнхий хуулиудыг тогтоосон. Үүнд багтсан нэг зарлиг нь “Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой” хэмээх зарлиг байсан (Сургаал ба Гэрээ 42:22; Эхлэл 2:24; Матай 19:5-ыг үзнэ үү).

Судруудад нэгдэн нийлэх гэдэг үг нь салахгүй байх, үнэнч байх, эвлэрэлдэн нэгдэх, хагацахгүй байх эсвэл холбох гэсэн утгатай байдаг. “Судрын тодорхойлолтоор бол Бурхан биднийг ханьтайгаа ‘нэгдэн нийлж’ эсвэл эвлэрэлдэн нэгдээсэй хэмээн хүсэн хүлээдэг” (Мэттью О.Ричардсон, “Three Principles of Marriage,” Ensign, 2005 оны 4-р сар, 22).

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “өөр хэнтэй ч биш” (Сургаал ба Гэрээ 42:22) гэх хэллэгийн талаар ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Өөр хэнтэй ч биш гэдэг үгс бүх хүнийг, бүх зүйлийг хэлж байна. Хань гэдэг нь нөхөр, эхнэрийнхээ амьдралд хамгийн чухал хүн болно гэсэн үг. Нийгмийн амьдрал, ажил мэргэжил, улс төрийн амьдрал эсвэл өөр аль ч хүсэл сонирхол, хувь хүн зэрэг нь хамтрагч болох хань ижлээс маань илүү байр суурь эзлэхгүй. (The Miracle of Forgiveness [1969], 250)

Ахлагч Клэйтон бид сошиал медиаг ашиглахдаа ханьтайгаа нэгдэн нийлэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох талаар тайлбарласан.

Зураг
Ахлагч Л.Витни Клэйтон

Амжилттай гэр бүлүүд бие биедээ “маш үнэнч” байдаг гэж бошиглогчид заадаг [Томас С.Монсон, “Санваарын хүч,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 72; Гордон Б.Хинкли, “Life’s Obligations,” 4]. Тэд сошиал медиаг бүхий л хэлбэрээр зөв зохистой ашигладаг. Тэд интернэтээр ямар нэгэн нуух шаардлагатай зүйлүүд рүү нэвтэрдэггүй. Тэд ашигладаг олон нийтийн сүлжээнийхээ нууц үгийг нээлттэй хуваалцдаг. Тэд ханийнхаа ариун нандин итгэлийг эвдэх хэн нэгний профайлыг үздэггүй. Тэд санаатайгаар бусадтай биеэр шүргэлцэх гэх мэт зохисгүйд тооцогдох ямар нэгэн зүйл хэлж, эсвэл хийдэггүй. (“Гэрлэлт: Ажиглаад суралц,” 97)

Зураг
Хамтдаа алхаж буй залуу хос

Ерөнхийлөгч Нэлсон Ерөнхий чуулганы санваарын хуралдаан дээр ханиа эн тэргүүнд тавихын ач холбогдлын талаар ийн заасан. Хэдийгээр энэ зөвлөгөөг нөхрүүдэд хандаж хэлсэн боловч эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь хамаатай юм.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Эхнэрээ хайрлаж, халамжил. Эхнэртэйгээ нэг бай. Түүний хамтрагч нь бай. … Энэ амьдрал дахь өөр ямар ч хүсэл сонирхол түүнтэй мөнхийн харилцаа холбоогоо сайжруулахад саад болох ёсгүй. Телевиз, гар утас эсвэл компьютер дээрх юу ч түүний сайн сайхнаас илүү чухал байж таарахгүй. Цагаа хэрхэн зарцуулж, хүч бололцоогоо юунд үрж байгаагаа анхаар. Энэ л таны зүрх сэтгэл хаана байгааг хэлээд өгнө. Өөрийнхөө зүрхийг түүний зүрхтэй хөглөн нийлүүл. Түүнд баяр баясгалан авчрахыг эрэлхийл. (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” Ensign, May 2019, 68–69 эсвэл2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78–79)

Зураг
шигтгээ зураг, үйлдэх

Үйлдэх

“Цагаа хэрхэн зарцуулж, хүч бололцоогоо юунд үрж байгаагаа анхаар” гэсэн ерөнхийлөгч Нэлсоны урилгыг дага (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 79) . Ирээдүйн ханьтайгаа нэгдэн нийлэхэд илүү сайн бэлтгэхэд эсвэл хэрэв гэрлэсэн бол ханьтайгаа илүү бүрэн нэгдэн нийлэхэд одоо юугаа өөрчлөх хэрэгтэй байгаа вэ? Энэ долоо хоногт ажиллах төлөвлөгөө эсвэл зорилгоо тэмдэглэ.