Институт
15-р хичээлийн багшийн материал: Өсөж үржин, газар дэлхийг дүүргэх зарлиг


“15-р хичээлийн багшийн материал: Өсөж үржин, газар дэлхийг дүүргэх зарлиг,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“15-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

15-р хичээлийн багшийн материал

Өсөж үржин, газар дэлхийг дүүргэх зарлиг

Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээсэн Бурханы зарлиг өдгөө хүчин төгөлдөр байгааг бошиглогчид тунхагласан. Энэ хичээлээр суралцагчид хүүхэдтэй болохын ач холбогдол, баяр баясгалангийн талаар ярилцах болно. Тэд мөн хэзээ хүүхэдтэй болох, хэдэн хүүхэдтэй болох тухай итгэл дээр суурилсан шийдвэрийг хэрхэн гаргах талаар ярилцана. Суралцагчид Бурханд итгэх итгэлээ болон энэхүү зарлигийн талаарх Түүний хүсэлтэй нийцэх нийцлээ үнэлж дүгнэх боломжтой байх болно.

Тайлбар: Хичээл эхлэхээс өмнө зурвас, цахим шуудан, цахим судалгаа эсвэл өөр аргаар энэхүү хичээлийн сэдэвтэй холбоотой асуултуудаа илгээхэд суралцагчдыг урьж болно. Суралцагчдын асуултууд болон Сүнсний чиглүүлгийг энэхүү хичээлээр юун дээр илүү төвлөрөхөө тодорхойлоход ашигла. Суралцагчдын асуултуудыг тэдний суралцах туршлагад ашиглах арга замыг бод. Жишээлбэл, та бүлгийн ярилцлагын үеэр ашигласан зарим асуултыг (доорх гарын авлагыг үзнэ үү) суралцагчдын илгээсэн төстэй асуултаар орлуулж болно.

Заах зөвлөмж

Бурханы өсөж үржин, газар дэлхийг дүүргэ гэсэн тушаал өнөөдөр ч хэрэгжиж байгаа.

Нялх хүүхдийн зургийг үзүүлж болно. Хүүхдийн тухай юу гэж боддогоо илэрхийлэхийн тулд хэн нэгний ашиглаж болохуйц нэг үг хэлэхийг хүүхдүүдээс хүсээд, тэдгээрийг самбарт жагсаан бич. (Эсвэл, илүү хүндрүүлэхийн тулд суралцагчдыг 30 хормын дотор аль болох олон, тайлбарласан үг бичихэд уриад, жагсаалтаа ангийнхантай хуваалцахыг цөөн суралцагчаас хүс.) Зарим суралцагчийг тэдний дурдсан үгсийн утгын талаар бодлоо хуваалцахад урь.

  • Гэрлэсэн хосууд хүүхэдтэй болохоос илүү юуг чухалд үздэг вэ? (Шаардлагатай бол нэг суралцагчийг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Нийл Л.Андэрсэны эхний мэдэгдлийг чанга уншихад урьж болно.)

Эхлэл 1:27–28-ыг хамт уншаад, Тэнгэрлэг Эцэгийн Адам, Ева хоёрт өгсөн анхны зарлигийг тодруулан зурахад суралцагчдыг урь. Дараа нь “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org) дээрх дөрөвдүгээр догол мөрийг хамтдаа уншаад, анхны зарлиг өнөөдөр хэрхэн хэрэгжиж байгааг анзаар.

  • Эхнэр, нөхөр хүүхэдтэй болсноор Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд ямар зорилгууд хэрэгжиж байгааг та хэрхэн тайлбарлах вэ? (Шаардлагатай бол энэхүү бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Андэрсэны хоёрдугаар мэдэгдэл болон ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын мэдэгдлийг дахин харна уу. Ярилцлагын нэг хэсэг болгон дараах үнэнийг онцол. Эхнэр, нөхөр хоёр дэлхий дээр хүүхдүүдийг төрүүлэхдээ Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг биелүүлдэг.)

Та суралцагчдад хүүхэдтэй хэн нэгэнтэй ярилцахад тэднийг урьсан гэдгийг сануулж болох юм (бэлтгэх материалын 1-р хэсгийг үзнэ үү). Хэдэн суралцагчаас юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүс. (Хичээлээс хэд хоногийн өмнө нэг эсвэл хоёр суралцагчтай холбоо барьж, ангид бодлоо хуваалцахаар ирэхэд урьж болно.)

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрд удирдагч томил. Бүлэг бүрд дараах тараах материалын хуулбарыг өгч, үүн дээрх заавруудыг дагахад суралцагчдыг урь.

Хүүхэдтэй болох талаар итгэлд суурилсан шийдвэр гаргах

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—15-р хичээл

Зарим залуучуудын хэлсэн дараах санаа зовнисон нөхцөл байдлуудыг унш.

  1. Би сүүлийн жирэмслэлтээсээ үүдэн дараагийн жирэмслэлтэд маань нөлөөлж болох зарим нэг эрүүл мэндийн асуудалтай тулгарсан. Иймд нөхөр бид хоёр хүүхэдтэй болохоо болихоор шийдсэн. Бид хоёрхон л хүүхэдтэй, харин миний бүх ах дүү өнөр өтгөн гэр бүлтэй учраас надад гэмшмээр мэдрэмж төрдөг.

  2. Тиймээс эхнэр бид хоёр эцэст нь хүүхэдтэй болохоор шийдсэн боловч тэрнээсээ өмнө аялж, өөр туршлага хуримтлуулахыг хүссэн. Хүлээх нь зөв үү?

  3. Нөхөр бид хоёр хүүхэдтэй болохоор шийдсэн. Бид зүгээр л бэлэн эсэхээ мэдэхгүй байна. Бид санхүүгийн хувьд тогтвортой биш байгаа. Зөв цаг нь гэдгийг бид хэрхэн мэдэх вэ?

Бүлгээрээ ажиллахын тулд дээрх санаа зовнисон нөхцөл байдлдаас нэгийг сонгоод, дараах асуултуудыг авч ярилц.

  • Ямар үед ингэж санаа зовнихыг хүлээн зөвшөөрч болохоор байна вэ?

  • (Та бэлтгэх материалын 2-р хэсгээс сурсан зүйлээ ийм санаа зовнилтой хэн нэгэнд туслахын тулд хэрхэн ашиглаж болох вэ?)

  • Судрын өөр ямар түүх эсвэл Сүмийн удирдагчдын сургаал иймэрхүү зүйлд санаа зовниж байгаа хүнд Бурханд итгэлтэйгээр урагшлахаар хичээж чармайхад нь тусалж чадах вэ?

Хүүхэдтэй болох талаар итгэлд суурилсан шийдвэр гаргах

Зураг
Багшийн тараах материал

Хангалттай цаг өгсний дараа нэг эсвэл хоёр суралцагчийг бүлгийн ярилцлагаас сурсан зүйлсээ товчхон хуваалцахад урь. Хэрэв суралцагчид санахгүй байгаа бол Алма 37:37 дээр гарсан зөвлөгөөг сануулаад, Эхнэр, нөхөр Их Эзэнтэй зөвлөж, Түүнд итгэх итгэлээ ашиглах үед Тэр тэднийг хүүхэдтэй болох талаарх шийдвэрт нь удирдан чиглүүлнэ гэсэн зарчмыг үзүүл.

Хүүхдүүдтэй болох зарлигийн тухай асуумаар байгаа зүйлээ асуухад суралцагчдыг урьж болно. (Та зарим суралцагчийн онцлог асуулт болон хичээл дээр ашиглаж болох асуултуудыг хичээл эхлэхээс өмнө цуглуулж болох юм.) Мөн энэхүү сэдвийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад тань туслах дараах асуултуудаас аль нэгийг сонгоод, ангиараа ярилцаж болно.

  • Хэзээ, хэдэн хүүхэдтэй болох талаар Их Эзэнтэй зөвлөлдөх нь яагаад эхнэр, нөхрүүдэд чухал вэ?

  • Таны мэддэг хүмүүс хүүхэдтэй болж чадахгүй (эсвэл хүссэн тооны хүүхэдтэй болж чадахгүй) гэдгээ мэдэх үедээ итгэл тээн урагшилж байсан ямар арга замуудыг та харж байсан бэ?

  • Хэзээ, хэдэн хүүхэдтэй болох талаар гаргасан тэдний шийдвэрийг шүүхгүй байх нь яагаад чухал вэ?

Дараах асуултуудыг үзүүлээд, суралцагчдад нэг эсвэл хоёр сонголтынхоо талаар бичих цаг гаргаж өг.

  • Хүүхэдтэй болох талаар надад ямар хувийн итгэл үнэмшил, мэдрэмж байдаг вэ?

  • Хүүхэдтэй болох талаарх Их Эзэний харах өнцөгт өөрийн хүслийг илүү бүрэн нийцүүлэхийн тулд би яаж өөрчлөгдөх хэрэгтэй вэ?

  • Хүүхэдтэй болохын ач холбогдлыг би хэрхэн хамгаалах вэ?

  • Их Эзэн үр хүүхэдтэй болох талаарх зарлигийг нь гүйцэлдүүлэхэд надад төдийгүй ханьд маань Өөрийн хүслийн дагуу тусална гэсэн найдвараа би хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Татгалзахгүй хуваалцаж чадах цөөн суралцагчийг бичсэн зүйлээ хуваалцахад урь.

Их Эзэн амьдралын ариун нандин чанарыг баталгаажуулсан.

Нэг суралцагчийг хичээлд бэлтгэх материалын эхэнд байгаа гэр бүлийн тунхгийн мэдэгдлийг чанга уншихад урь.

  • Энэ мэдэгдэл нь Тэнгэрлэг Эцэгийн талаар болон Түүний хүүхдүүдээ гэх хүслийн талаар юу зааж байна вэ? (Эдгээр үнэнийг мэдэх нь хүүхдүүдээ гэсэн хүсэлд нь хэрхэн нөлөөлж байгааг бодоход та суралцагчдыг урамшуулж болно.)

Гэр бүлийн тунхгийн энэхүү тунхаглал үр хөндөлт гэх мэт өнөөдрийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарим зан үйлтэй зөрчилдөж байгааг суралцагчдад сануул.

  • “Хувийн болон нийгмийн тав тухтай байдлыг хангахын төлөө өөрийн хүслээр үр хөндүүлэх” нь яагаад Бурханы хүслийн эсрэг гэдгийг тайлбарлахын тулд Бурханы төлөвлөгөөний тухай мэддэг зүйлээ хэрхэн ашиглаж болох вэ? (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.6.1, ChurchofJesusChrist.org).

Суралцагчдыг хүний амьдралын ариун нандин байдлыг дэмжиж, хамгаалахын тулд юу хийж чадах талаараа бодоход урь.

 

Та суралцагчдын энэхүү хичээл дээр таньж мэдсэн үнэний тухай гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусгаж болох юм.

Дараагийн хичээлээр

Таны амьдралд Есүс Христийн ямар сургаалууд өнөөг хүртэл хамгийн их баяр баясгаланг авчирсан бэ? гэсэн асуултыг тунгаан бодохыг суралцагчдаас хүс.

Суралцагчдыг энэхүү асуултыг тунгаангаа дараагийн хичээлд бэлтгэх материалыг судлахад урамшуул.