Институт
26-р хичээлд бэлтгэх материал: Хүчирхийллийг таньж, хор нөлөөллөөс нь эдгэрэх


“26-р хичээлд бэлтгэх материал: Хүчирхийллийг таньж, хор нөлөөллөөс нь эдгэрэх,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“26-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
Тэврэлдэж байгаа хоёр хүн

26-р хичээлд бэлтгэх материал

Хүчирхийллийг таньж, хор нөлөөллөөс нь эдгэрэх

Хүчирхийлэл бол ноцтой нүгэл юм. Бошиглогч, төлөөлөгчид “хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан … хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болно” гэж анхааруулсан (Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Та энэ хичээлийг судлахдаа хүчирхийлэл хэзээ үйлдэгдэж байгааг, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг Их Эзэн хэрхэн эдгээж чадахыг хэрхэн таньж болохыг олж мэд.

1-р хэсэг

Хүчирхийлэл гэж юу вэ?

Бидний сонголт бидэнд болон бусдад янз бүрийн үр дагавар авчирч болзошгүй. Харамсалтай нь зарим хүн ёс суртахууны сонгох эрхээ ашиглан зүй бусаар бусдыг хүчирхийлдэг.

“Хүчирхийллийн бүх тохиолдлыг ганцхан тодорхойлолтод багтаах нь ихэнхдээ боломжгүй. Харин хүчирхийллийн хэлбэрийн ноцтой байдлын хүрээ их өргөн байдаг. Энэ хүрээ нь хааяа хурц үгээр доромжлохоос эхлэн ноцтой гэмтэл учруулах гээд янз бүр байдаг” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.6.2.4, ChurchofJesusChrist.org). Хүчирхийлэл нь бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон санхүүгийн аргаар бусдад хохирол учруулж, бусадтай хүний ёсноос гадуур харьцах замаар тохиолдож болно.

Сүмийн нэгэн хэвлэлд ийн бичжээ.

Их Эзэн биднээс хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд болон хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалж, туслахын тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг. Хэн ч хүчирхийллийг тэвчих шаардлагагүй. …

… Хохирогчид … хэн ч тэднийг хүчирхийлсэн бай, бусдын хор хөнөөлтэй зан үйлд хэзээ ч буруугүй. Хохирогч буруугүй. (Сайн мэдээний сэдвүүд, “Хүчирхийлэл,” topics.ChurchofJesusChrist.org)

Зураг
Ганцаараа сууж буй залуу хүн

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Есүс Христийн шавь нарын хувьд бусдыг, ялангуяа гэр бүлийн гишүүдээ хүчирхийлэхээс татгалзах бидний үүргийн талаар ийн хэлжээ.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Их Эзэн Есүс Христийн шавь нар … өчнөөн олон дахин болгоомжтой байх хэрэгтэй билээ. Бид ямар ч нөхцөлд бие махбод, сэтгэл санаа, шашны удирдлагын юм уу өөр ямар нэгэн хүчирхийлэл, ёсон бус албадлагын эсвэл шударга бус эзэгнэлийн гэм буруутай байх ёсгүй.

Сүмийн итгэлтэй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бүр хүүхдүүд ч маш олон тохиолдолд Их Эзэний ариун сүмд ариун нандин ёслолоор өөрсөдтэй нь лацдан холбогдсон хүмүүстэй найрсаг бусаар, бүр хор хөнөөлтэй ярьдаг нүгэлтэй байдаг. Хүн бүр гэр орондоо хайрыг мэдэрч, амар амгалан байж, аюулгүй байдлыг олох эрхтэй. Бид тэнд ийм орчин нөхцөлийг хадгалахыг хичээж байгаасай. Амар амгаланг тогтоогчдод Ариун Сүнс таны байнгын хамтрагч байх бөгөөд адислалууд “албадлагын арга хэрэгсэлгүйгээр” [Сургаал ба Гэрээ 121:46] үүрд мөнхөд тань руу цутгах болно гэсэн амлалт өгөгдсөн байдаг.(“Ертөнцийн өгдгөөс өөрийг,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган; мөн Ефес 4:29–32-ыг үзнэ үү).

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Хүчирхийлэл үйлдэгдэх үед сайн мэдээний ямар зарчмууд зөрчигддөг вэ?

2-р хэсэг

Би хүчирхийлэл үйлдэгдэж байгааг хэрхэн таньж мэдэх вэ?

“Хүчирхийлэл хэрхэн эхэлж, үргэлжилдэг асуудалд ажиглагддаг нийтлэг шинж тэмдгүүд байдаг” (“Recognizing Patterns of Abuse,” abuse.ChurchofJesusChrist.org). Эдгээр шинэ тэмдгийг таньж, ойлгох нь хүчирхийллийг зогсоох эсвэл хүчирхийлэлд хүргэж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд Их Эзэн танаар дамжуулан ажиллах үүдийг нээж чадна.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Recognizing Patterns of Abuse” (abuse.ChurchofJesusChrist.org) эх сурвалжийг судлахад хэдэн хором зарцуулж, сурсан зүйлээ ангидаа хуваалцахад бэлэн ир.

Зураг
Санваарын удирдагчаас тусламж хүсэж буй залуу

Өөртөө болон хэн нэгэнд тулгарч болох хүчирхийллийн ноцтой байдлыг хэзээ ч бүү дутуу үнэл. “Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн бол төрийн байгууллага, санваарын удирдагчид, хүүхэд хамгаалах болон насанд хүрэгчдийг хамгаалах үйлчилгээнээс яаралтай тусламж хүс” (“In Crisis? Talk Now,” abuse.ChurchofJesusChrist.org).  

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та өөрийгөө болон бусдыг хүчирхийллээс хамгаалахад Их Эзэний мутар дахь зэмсэг байхын тулд энэ хэсгийн сургаалыг хэрхэн ашиглаж болох талаар тунгаан бод.

3-р хэсэг

Би хүчирхийлэлд өртсөн бол үүний хор нөлөөллөөс хэрхэн эдгэрэх вэ?

Хүчирхийлэлд өртсөн хохирогчид гүн шарх авдаг. Тэдний мэдэрсэн шаналал, зовиур нь оюун ухаан, сэтгэл санаа, сүнслэг болон бие махбодын асуудлуудад хүргэж болзошгүй.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт ийн анхааруулсан.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Хэрэв тантай зүй бусаар харьцсан бол Сатан танд үүнээс гарах арга зам байхгүй гэдэгт итгүүлэхийг хичээх болно. … Тиймээс, түүний бодлого бол таныг Эцэгээс тань бас Түүний Хүүгээс тусгаарлан салгахын тулд боломжтой бүхнийг хийх явдал юм. Сатаны танд ямар ч нэмэргүй гэж итгүүлэхийг бүү зөвшөөр. (“To Heal the Shattering Consequences of Abuse,” Liahona, May 2008, 41)

Агуу эмч, Есүс Христ Бурханы бүх хүүхдэд найдвар, эцсийн эдгэрэлтийг өгч чадна. Ахлагч Скотт үргэлжлүүлэн ийн заасан.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

Ёс суртахууны сонгох эрх нь Тэнгэр дэх Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний амин чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Түүний сүнсэн хүүхдүүдийн зарим нь энэ эрхээ зүй бусаар ашиглаж, бусдад ноцтой асуудал учруулна гэдгийг Тэр ойлгож байсан. Зарим нь, тухайлбал эцэг нь, эсвэл гэр бүлийн гишүүн нь гэм зэмгүй хүүхдээ хүчирхийлэх гэх мэт ариун нандин итгэлийг зөрчих болно. Нэгэнт Тэнгэрлэг Эцэг маань үнэхээр шударга учраас хохирогч, хүчирхийлэгчийн аль алинд өгсөн сонгох эрхийг ийм хор хөнөөлтэй ашигласны эмгэнэлт үр дагаврыг даван туулах арга зам гэж байх л ёстой. Энэхүү найдвартай эдгэрэлт нь шударга бус зүйлийг засах Түүний Хайрт Хүү Есүс Христийн Цагаатгалын хүчээр ирдэг. Есүс Христэд болон Түүний эдгээх хүчинд итгэх итгэл нь хүчирхийлэлд өртсөн хүмүүст бусдын шударга бус үйлдлийн аймшигт үр дагаврыг даван туулах арга хэрэгслээр хангадаг. …

Эдгэрлийг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчийн эсвэл мэргэшсэн мэргэжлийн зөвлөгчийн тусламжтай эхлүүлж болох юм. Хэрэв таны хөл хугарсан бол та өөрөө эмчилнэ гэхгүй шүү дээ. Ноцтой хүчирхийлэлд өртсөн бол мэргэжлийн тусламж авахыг шаардаж магадгүй. Эдгэрлийг эхлүүлэх олон арга бий, гэхдээ бүрэн эдгэрэлт Аврагч, Эзэн Есүс Христ, бидний Багш, Гэтэлгэгчээр дамжин ирдэг гэдгийг сана. Хүчирхийллийн үр дагавраас үүссэн таны зовлонг Түүний төгс, мөнхийн, хязгааргүй Цагаатгал эдгээж чадна гэдэгт итгэлтэй бай. (“To Heal the Shattering Consequences of Abuse,” 40, 42)

Зураг
Есүс Христ эдгээсэн хүнээ тэвэрч байгаа нь

Бошиглогч Исаиа Аврагчийн үүрэг даалгавар болон эдгээх хүчний тухай ярив.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Исаиа 61:1–3-ыг уншаад, хүчирхийллийн улмаас зовж шаналсан хэн бүхэнд Есүс Христийн санал болгож буй найдварын талаар олж мэд.

“Үнсний оронд гоёл чимгийг” (3-р шүлэг) гэсэн хэллэгийг илүү сайн ойлгохын тулд израилчууд уй гашуу, цөхрөлийн үед үнсийг толгой дээрээ асгадаг уламжлалтай байсныг мэдэх нь тустай байж болох юм. Их Эзэн тэрхүү үнсийг гоёл чимэг, титэм эсвэл толгойн гоёлоор солино гэж амласан. Есүс Христэд итгэдэг хүмүүс эдгээх, хайрлах энэхүү ариун нандин бэлгийг мэдрэх боломжтой.

 

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жийн Б.Бингам ийн батлан хэлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Жийн Б.Бингам

Бид ямар ч зовлон амссан бай, Тэрээр эдгэрлийн эх булаг билээ. Аливаа төрлийн хүчирхийллийг … амссан хэнийг ч дэлхийн Гэтэлгэгч эдгээж чадна. Гэвч Тэр урилгагүйгээр орж чадахгүй. Бид Түүн рүү ирж, гайхамшгуудаа үйлдэх боломжийг Түүнд олгох хэрэгтэй. (“Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та ямар нэгэн нөхцөл байдалд Аврагчийн тайтгарал, тусламж, эдгэрэлтийг урихын тулд юу хийсэн бэ? Эдгэрэхэд шаардагдах бүх хугацаанд тэвчээртэй, итгэлтэй байхад тань юу туслах вэ?