Институт
24-р хичээлийн багшийн материал: Сэтгэцийн эрүүл мэндэд итгэл найдвар, энэрэнгүй сэтгэлээр анхаарал хандуулах


“24-р хичээлийн багшийн материал: Сэтгэцийн эрүүл мэндэд итгэл найдвар, энэрэнгүй сэтгэлээр анхаарал хандуулах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“24-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

24-р хичээлийн багшийн материал

Сэтгэцийн эрүүл мэндэд итгэл найдвар, энэрэнгүй сэтгэлээр анхаарал хандуулах

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд нь мөнх бус амьдралын туршлагын нэгээхэн чухал хэсэг юм. Энэ хичээлээр суралцагчид сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндээ хэрхэн сайжруулах талаар олж мэдэх боломжтой. Мөн суралцагчид сэтгэцийн эрүүл мэндийн асуудал эсвэл амиа хорлох зэрэг нөхцөл байдалтай тулгараад байж болзошгүй гэр бүлийн гишүүд болон бусад хүнд хэрхэн илүү энэрэнгүй хандаж болох талаар авч үзэх болно.

Заах зөвлөмж

Сэтгэцийн эрүүл мэндээ хадгалж, сайжруулахыг хичээснээр бид өөрсдийгөө болон гэр бүлээ адисалдаг.

Иов 6:1–3; 1 Нифай 18:17–18; Алма 26:26–27 зэрэг судрын эшлэлүүдийг үзүүл. Суралцагчдыг эдгээр эшлэлийн аль нэгийг дотроо уншаад, хувь хүмүүсийн сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн асуудлуудыг хайж олоход урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь. (Суралцагчдыг хариулах үед та тэдний хариултыг самбар дээр бичиж болно.)

  • Өөр ямар төрлийн асуудал, нөхцөл байдал бидний сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох вэ? (Суралцагчдын хариултыг самбарт жагсааж бич.)

  • Сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн асуудлуудтай тулгарах нь бидний мөнх бус амьдралын туршлагын ердийн нэг хэсэг гэдгийг мэдэх нь яагаад тустай вэ?

Суралцагчдад Есүс Христ бол “өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн” (Исаиа 53:3) гэдгийг сануул. Исаиагийн бошиглол биелснийг харуулсан Аврагчийн туршлагаас хуваалцахад тэднийг урь.

Матай 14:22–23; Марк 1:35; 6:31, 46; Лук 5:16 зэрэг судрын эшлэлүүдийг үзүүл. Суралцагчдыг эдгээр эшлэлийн нэг юм уу хэд хэдэн хэсгийг дотроо уншаад, Их Эзэний үйлдлээс сурч болох сургамжийг олж мэдэхэд урь. Олж мэдсэн зүйлээ хуваалцаад, Бид амарч, чимээгүй байж, залбирах цаг гаргах үедээ Есүс Христийн үлгэр жишээг дагадаг гэсэн үнэнийг ойлгоход нь тэдэнд тусал.

  • Сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэнддээ идэвхтэй анхаарал тавих нь яагаад чухал вэ? (Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын мэдэгдлийг унших талаар бодож үз.)

Суралцагчдад сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндээ хүчирхэгжүүлэх нэг арга замыг эргэцүүлэн бодож, тэмдэглэх мөн үүнийгээ гүйцэтгэх энгийн төлөвлөгөө гаргах хэдэн хормыг өг. Бэлтгэх материалын 1-р хэсэг дэх асуултуудаас санаа авахыг бод.

Бид сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан хүмүүст Христийн адил хайр, нинжин сэтгэлээр хандаж чадна.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан хүмүүсийн тухай Рэйна И.Абурто эгчийн хуваалцсан түүхийг үзүүл мөн унш.   Эдгээр түүхийг сонсоод, ямар мэдрэмж төрж байгаагаа тунгаан бодоход суралцагчдыг урь.

Зураг
Рэйна И.Абурто эгч

Охин маань нэг удаа “Надад байнга … дэндүү их гунигтай байсан [үе] бий. Гуниглах нь ичгүүртэй зүйл бөгөөд сул дорой байдлын илрэл гэж би үргэлж боддог байсан. Тиймээс би гуниглаж байгаагаа хэнд ч хэлдэггүй. … Би өөрийгөө огт үнэ цэнгүй мэт санадаг байсан” гэж бичсэн байв [Хэрмана Элэна Абуртогийн тэмдэглэл, hermanaelenaaburto.blogspot.com/2015/08].

Нэг найз маань энэ талаар: “Бага байхаас минь л надаас мухардмал байдал, харанхуй, ганцаардал, айдас, гэмтэл согогтой гэсэн мэдрэмж салдаггүй байв. Би зовлонгоо нууж, өөрийгөө өчүүхэн бус харин амжилттай, хүчтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд бүхнийг хийдэг байсан” гэж дүрслэн ярьж билээ. (“Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 63)

  • Энэ түүхийг сонсох үед танд ямар мэдрэмж, бодол төрсөн бэ?

Суралцагч бүрд дагалдах тараах материалын хуулбарыг өг эсвэл асуултуудыг хүн бүрд харагдахаар үзүүл. Асуултуудыг бие даан уншиж, тунгаан бодоход урь. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, өөрсдөд нь таалагдсан нэг юм уу хоёр асуултын талаар санал бодлоо хуваалцахыг тэднээс хүс.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—24-р хичээл

  • Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан хүмүүс өөрсдийгөө хүлээн зөвшөөрч, энэ тухайгаа ярьснаар хэрхэн адислагдах вэ? Тэд Сүмийн удирдагч эсвэл мэргэжлийн чадварлаг эмчээс тусламж хүсэх нь яагаад чухал вэ?

  • Хэрэв гэр бүлийн гишүүн эсвэл найз тань сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан тухайгаа тантай хуваалцвал таны хэлж чадах хамгийн чухал зүйл (эсвэл зүйлс) юу байж болох вэ? (Бэлтгэх материалын 2-р хэсэгт буй Рэйна И.Абурто эгчийн мэдэгдлийг унших талаар бодож үз.) Ямар зүйлсийг хэлж эсвэл хийж болохгүй вэ? Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан хүнд хэн нэгэн Христийнхтэй адил хандахыг та хэзээ харсан бэ?

  • Бидний сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудын талаар Есүс Христ юу мэддэг талаар тунгаан бод. (Та мөн Алма 7:11–12-ыг уншиж болно.) Хэрэв та өөрөө сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан бол, эсвэл ийм байдалд байгаа хүнийг асарч байгаа бол хэрхэн Түүний тусламжийг эрэлхийлэх вэ?

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд

Зураг
Багшийн тараах материал

Хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчийг бүлгээрээ сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад урь.

Бид амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд мөн амиа хорлосон шалтгаанаар хайртай нэгнээ алдсан хүмүүст тусалж чадна.

Сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой асуудал нь амиа хорлох эрсдэлт хүчин зүйл болдог гэдгийг суралцагчдад сануул. Мозая 18:8–9-ийг уншаад, энэ хэсэгт байгаа сургаалууд амиа хорлох бодлынхоо улмаас зовж шаналж буй хүмүүст хэрхэн туслах талаар хуваалцахад суралцагчдыг урь. (Тэд хуваалцах үедээ, Есүс Христийн шавийн хувьд бид нэг нэгнийхээ ачааг үүрэлцэж, гашуудах тэдний хамт гашуудахаар дуудагдсан гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоож магадгүй.)

  • Та энэ зарчмыг ямар арга замаар хэрэгжүүлж байгааг харсан бэ? Та Есүс Христийн шавийн хувьд амиа хорлохоос урьдчилан сэргийлэхэд туслах өөр ямар тодорхой үйлдэл хийж чадах вэ?  

  • Амиа хорлох бодолтой тэмцэж буй хүмүүст Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн тусалж чадах вэ? Амиа хорлосны улмаас хайртай нэгнээ алдсан хүмүүст Тэд хэрхэн тусалж чадах вэ?

Суралцагчдад хэн нэгний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал эсвэл амиа хорлохтой холбоотой нөхцөл байдалд Христийнхтэй адил хайр, нинжин сэтгэлээр хандахын тулд юу хийж болохоо бичих хэдэн хором өг.

Дараагийн хичээлээр

Дараах асуултуудыг хичээлийн төгсгөлд эсвэл долоо хоногийн дундуур зурвас бичин асуух талаар бодож үз. Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэх материалыг судлах үедээ эдгээр асуултыг тунгаан бодоход урамшуул.

  1. Таны наманчлал гэр бүлийн тань сайн сайхан байдалд ямар байдлаар нөлөөлж болох вэ?

  2. Таныг гомдоосон эсвэл шархлуулсан гэр бүлийн гишүүнээ уучлахын тулд та хэрхэн тусламж авах вэ?