Институт
13-р хичээлийн багшийн материал: Бэлгийн харьцааны тэнгэрлэг бэлэг ба ариун үүрэг хариуцлага


“13-р хичээлийн багшийн материал: Бэлгийн харьцааны тэнгэрлэг бэлэг ба ариун үүрэг хариуцлага,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“13-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

13-р хичээлийн багшийн материал

Бэлгийн харьцааны тэнгэрлэг бэлэг ба ариун үүрэг хариуцлага

Эхнэр, нөхрийн хоорондох бэлгийн харьцааны дотно байдал нь Бурханаас өгсөн бэлэг бөгөөд гэрлэлтийн гайхалтай сайхан, ариун нандин хэсэг байхаар тогтоогдсон. Энэ хичээлээр суралцагчид энэхүү тэнгэрлэг бэлгийн мөнхийн үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх болно. Тэд мөн ариун явдлын хуулийн дагуу амьдрахад туслах тогтоосон эсвэл тогтоох хэрэгтэй хязгаар, заагийг дүгнэх болно.

Тайлбар: Энэхүү сэдвийн нарийн нандин мөн чанарын улмаас энэ сургаалыг тодорхой боловч мэдрэмжтэй мөн хянамгай заа. Та мөн энэ хичээлд ашигласан заах арга барил эсвэл жишээнүүдийг өөрийн соёл уламжлалд тохируулан өөрчлөх хэрэгтэй байж болох юм.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах

Ариун нандин мэдрэмжийг бүрдүүл. Багш сэдвийг хэрхэн хүргэж мөн бүрдүүлж байгаа нь суралцагчдад үүний ариун нандин мөн чанарыг ойлгоход тусална. Далын ахлагч Пол Б.Пайпэр “Их Эзэн бусад зүйлээс илүү үнэ цэнтэй бас эн тэргүүнд тавих ёстой зүйлийг ариун нандин зүйл гэж тодорхойлжээ” (“Ариун нандин хэвээр нь хадгал,” Ensign, May 2012, 109 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 121). Та бэлгийн дотно харьцааны талаар ярилцахдаа энэхүү сэдвийн ариун нандин мөн чанарыг мэдэрч, ойлгоход нь суралцагчдад туслангаа хэрхэн илэн далангүй, шударга яриа өрнүүлэх талаар бодож үз.

Эхнэр, нөхрийн хоорондох бэлгийн дотно харьцаа гайхалтай сайхан, нандин байх учиртай.

Дараах жишээг үзүүл.

Гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орохыг яагаад буруу гэж боддогийг тань таны найзууд ойлгодоггүй. Нэг өдөр найз тань “Яагаад хайртай хүнтэйгээ бэлгийн харьцаанд орж болохгүй гэж? Хоёулаа зөвшилцсөн бол юу нь асуудалтай байгаа юм бэ? Гэрлэх хүртлээ бэлгийн харьцаанд орохоо хүлээсээр байтал амьдралынхаа чухал, хөгжилтэй үеийг өнгөрөөж байна гэж чамд бодогдохгүй байна уу?” гэж асуужээ.

Суралцагчдыг бэлтгэх материалын 1, 2-р хэсгийг үзээд, энэхүү жишээнд сайн мэдээний үүднээс хариулт өгөхөд туслах үнэнийг хайж ол. Цөөн суралцагчийг олсон үнэнээ самбарт бичихэд урь. Дараахтай адил үнэнүүд байж болно. Үүнд: Бурхан бэлгийн дотно харьцаа хууль ёсоор гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хооронд илэрхийлэгдэх ёстой хэмээн зарлигласан. Гэрлэлт дэх бэлгийн дотно харьцаа нь хайраа илэрхийлж, амьдралаа цогцлоож, холбоо мөн нэгдлийг хүчирхэгжүүлэх зорилготой. Бэлгийн дотно харьцаа нь гэрлэлтийн бүрэн дүүрэн амлалт, бүрэн нэгдлийн бэлгэдэл юм. Бидний бие махбод бол сүнсний маань гол чухал хэсэг бөгөөд үүнийг хэрхэн ашиглах нь сүнсэнд маань болон мөнхийн өсөлт хөгжилд маань нөлөөлдөг.

Танд эдгээр бүх үнэнийг гүнзгийрүүлэн судлах цаг байхгүй тул суралцагчдын ярилцах сонирхолтой байгаа үнэнд төвлөр. Дараах асуултууд суралцагчдын суралцахуйг гүнзгийрүүлэхэд тусалж болох юм.

  • Гэтлэл 2:18, 21–24-т заасанчлан, гэрлэлтийн хайрын мөн чанарын тухай Адам, Ева хоёр юу сурч мэдсэн бэ? Бэлгийн дотно харьцааг “зүрх сэтгэл, итгэл найдвар, амьдрал, хайр, гэр бүл, ирээдүй зэрэг бүх зүйлд” нэгдэн нийлэхийн бэлгэдэл гэж харах нь эхнэр, нөхөр хоёрыг хэрхэн адислах вэ? (Жэффри Р.Холланд, “Personal Purity,” Ensign, 1998 оны 11-р сар, 76). (Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Жэффри Р.Холландын үгийг уншихад урьж болно. Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгож, эхнэр, нөхөр хоёр оюун санаа, сэтгэл хөдлөл, сүнслэг ойр дотно харьцаагаа төлөвшүүлснээр бэлгийн харьцаанд орох нь илүү утга учиртай болно гэдгийг суралцагчдад ойлгуул.)

  • Бэлгийн дотно харьцааг зүгээр л бие махбодын таашаал өгөх зорилготой бие махбодын туршлага гэж үзэх нь яагаад төөрөгдүүлэм байна вэ? Гэрлэлтээс гадуур бэлгийн дотно харьцаанд орсон хүмүүст энэ нь сэтгэл хөдлөл, сүнслэг байдлын хувьд тэднийг хэрхэн гэмтээх вэ? (Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Холландын үгийг уншихад суралцагчдыг урих нь тустай байж болох юм.)

  • Есүс Христийн тухай, Түүний Цагаатгал, бие махбодын тэнгэрлэг зорилгын талаарх гэрчлэл нь бэлгийн дотно харьцааны талаарх бидний хандлагад хэрхэн нөлөөлөх вэ? (Асуулт тавихын өмнө нэг суралцагчийг 1 Коринт 6:19–20-ийг чанга уншихад урь.)

  • Самбар дээр жагсаасан үнэнүүдийг ойлгох нь бэлгийн харьцааны талаарх сөрөг хандлага эсвэл айдаст суурилсан бодлыг хэрхэн орлох вэ?

Их Эзэний тусламжтайгаар бид хувийн цэвэр ариун байдлаа өсгөж, ариун явдлын хуулийн дагуу баяр баясалтай амьдарч чадна.

Суралцагчдыг 13 настай хүү эсвэл охины эцэг эх байна гэж төсөөлөхөд урь. Ариун явдлын хуулийн талаар өөр нэг харилцан яриа өрнүүлэх тохиромжтой цаг гэж тэд үзэж байв. Суралцагчдад 13 настай хүүхдэдээ ариун явдлын хуулийг хэрхэн зааж эсвэл дахин бататгах талаар жижиг бүлгээрээ ярилцах хэдэн минутыг гаргаж өг. Суралцагчдад ичгүүр, айдас, төөрөгдөлд оруулах хэл, зүйрлэл ашиглахгүй байхыг сануул. Хангалттай хугацаа өгсний дараа ангийнханд дараах асуултыг тавь.

  • Та өсвөр насны хүүхдэд бэлгийн дотно харьцаа, ариун явдлын хуулийн талаар эерэг мэдрэмж өгөхөд туслах ямар арга замаар түүнд заах вэ?

  • Та өсвөр настай байхдаа, бэлгийн дотно харьцаа нь гэрлэлтийн гайхалтай сайхан, зүй ёсны хэсэг гэдгийг харахад тусалсан ямар ямар сургаалыг сурч мэдсэн бэ?

Нэг суралцагчийг Алма 38:12-ыг чанга уншихад урь. Дараах зарчмыг тусгасан Алмагийн сургаалыг тэмдэглэхэд суралцагчдыг урамшуул. Хэрэв бид хүсэл тэмүүллээ хазаарлавал хайраар дүүрч чадна.

Дараах гарчиг, асуултуудыг үзүүл. (Энэ нь илүү дээр байвал та эдгээрийг хувилаад, тарааж өгч болно.) Суралцагчдыг өмнөх жижиг бүлэгтэйгээ хамтраад, тэдэнд хамааралтай санагдсан хоёр эсвэл гурван асуултыг сонгон, ярилцахад урь.

Хязгаар тогтоож мөн ариун явдлын хуулиар амьдрахад туслах бурханлаг тусламжийг эрэлхийлэх

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—13-р хичээл

  • Ариун явдлын хуулиар амьдрахад тулгардаг хамгийн хүнд бэрхшээлүүд юу вэ? Бид эдгээр асуудлыг хэрхэн даван гарч чадах вэ?

  • Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний ач ивээлийг эрэлхийлэх нь ариун явдлын хуулийг дагахад танд хэрхэн тусалсан бэ? (1 Коринт 10:13; Алма 13:28; Сургаал ба Гэрээ 62:1-ийг уншиж болно.)

  • Ариун явдлын хуулийг сахихын тулд гэрлэхээс өмнө эсвэл гэрлэлтийн үеэр тогтоодог хязгаар яагаад чухал вэ? Болзож буй хосууд бие махбодын дур хүслийнхээ талаар ярилцсанаар хэрхэн адислагдах вэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Нийл Л.Андэрсэны мэдэгдлийг уншиж болно.)

  • Ганц бие эсвэл гэрлэсэн эсэхээс тань үл хамааран ямар арга барил, дадал хэвшил, зааг хязгаар ариун явдлын хуулийг сахихад танд хамгийн тус нэмэртэй байдаг вэ?

  • Бид ариун явдлын хуулийг сахиснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хэрхэн хүндэтгэдэг вэ?

Хязгаар тогтоож, ариун явдлын хуулиар амьдрахад туслах бурханлаг тусламжийг эрэлхийлэх

Зураг
Багшийн тараах материал

Хичээлийн төгсгөлд, бэлтгэх материал ба хичээлийн хэлэлцүүлэг суралцагчдын бэлгийн дотно харьцаа, ариун явдлын хуулийн тухай ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлсэн талаар хуваалцахад суралцагчдыг урь.

Суралцагчдыг бэлтгэх материалын 3-р хэсэг дэх “Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ” хэсэгт бичсэн хариултаа уншаад, нэмж хүлээн авсан санаа, сэтгэгдлээ бичиж тэмдэглэхэд урь. Мөн та бид хэрхэн Аврагчийн ачаар бэлгийн дотно харьцааны уруу таталт, нүглийг ялан дийлж, эрүүл харилцаатай байх боломжтой болсныг бодоход тэднийг урь.

Өнөөдөр заасан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцаад, суралцагчдыг ариун явдлын хуулийн дагуу амьдрахаар хичээх явцдаа бурханлаг тусламж эрэлхийлэхэд урамшуул.

Дараагийн хичээлээр

Хувийн цэвэр ариун байдалд заналхийлж буй хамгийн том аюул бол порнограф гэдгийг суралцагчдад онцлон хэл. Суралцагчдыг дараагийн хичээлийн бэлтгэх материалыг анхааралтай уншаад, хэрхэн тэд энэ аюулаас хол байж мөн бусдад хол байхад нь туслах талаар олж мэдэхэд урь.