Институт
4-р хичээлийн багшийн материал: Гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг


“4-р хичээлийн багшийн материал: Гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“4-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

4-р хичээлийн багшийн материал

Гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг

Гэр бүл нь бидний мөнхийн хувь тавиланд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг. Энэхүү хичээлээр суралцагчид дэлхийн Бүтээлт; Адам, Ева хоёрын уналт; Есүс Христийн Цагаатгал зэрэг нь мөнхийн гэр бүлүүдийг үүсгэж, өсөж хөгжих боломжийг олгодгийг тайлбарлах боломжтой болно. Суралцагчдыг мөн өөрсдийн мөнхийн гэр бүлийг бүтээж, хүчирхэгжүүлэх хувийн хүчин чармайлтаа үнэлж дүгнэхэд урина.

Заах зөвлөмж

Дэлхийн Бүтээлт; Адам, Ева хоёрын уналт нь гэр бүл үүсэх, өсөж хөгжих боломжийг олгосон.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Уялдаа холбоо тогтоох, зорилго тавих. Хичээлээ тохирох асуулт, нөхцөл байдал эсвэл асуудлаар эхлэх нь суралцагчдыг хичээлд оролцож, дараа дараагийн мэдлэгийг олж авахыг эрэлхийлэхэд урьдаг. Энэ нь мөн тэдэнд судруудын болон Сүмийн орчин цагийн бошиглогчдын сургаалууд амьдралын бодит нөхцөл байдалд удирдан чиглүүлэх хариулт, чиглүүлгээр хэрхэн хангадгийг харахад туслах болно. Судалж буй судрын хэсэг нь тэдний нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байгааг суралцагчид харснаар сайн мэдээний сургаалаас суралцаж, хэрэгжүүлэх илүү их хүсэлтэй болдог.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваан, бүлэг бүрд ахлагч томил. Бүлэг бүрд дараах жишээ болон асуултуудын нэг хувийг үзүүл эсвэл тарааж өг. (Шаардлагатай бол энэ жишээг өөрийн соёлд болон суралцагчдын амьдралд хэрхэн тохируулан өөрчилж болох талаар бодож үз.)

Хичээлийн даалгаварт зориулан онлайнаар судалгаа явуулж байх үедээ Рэйчел “уламжлалт гэр бүл” (гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд бүхий)-ийн талаар маргасан нийтлэлүүд олжээ. Хэдэн өдрийн дараа хичээлийн явцад Рэйчел ангидаа уламжлалт гэр бүлийг чухал гэж хамгаалж буй цор ганц хүн нь байгаагаа ухаарав. Ангийнх нь олон хүүхэд гэрлэх, хүүхэд төрүүлэхийг нэг их чухалчилдаггүй байв. Тэдний хувьд гэрлэлт, хүүхдүүд зэрэг нь хувь хүний амжилтад саад болдог байна. Энэ туршлага Рэйчелд зарим нэг сэтгэл зовоосон асуулт, мэдрэмжийг төрүүлэв.

  • Яагаад зарим хүн гэрлэлт, гэр бүлийн талаар ийн боддог вэ?

  • Рэйчелд тусалж болох гэр бүлүүд ба Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар та олж мэдсэн үү? (Шаардлагатай бол ярилцаж хэлэлцэхэд зориулан бэлтгэх материалын 1-р хэсгийг эргэн харна уу.)

Суралцагчдад жишээний талаар ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа, тэднийг ярилцсан зарим үнэнийг самбарт жагсаан бичихэд урь. Хичээлийн явцад эдгээр үнэнийг баяжуул.

Нэг суралцагчийг Мосе 1:39-ийг цээжээр эсвэл чанга уншихад урьж, ангийнхнаас энэ шүлэг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний зорилгын тухай юу зааж байгааг тайлбарлахыг хүс. Шаардлагатай бол суралцагчдыг “мөнх амьдрал”-ыг мөн хэрхэн энэхүү зорилго нь гэр бүлтэй холбогдож байгааг тодорхойлох талаар асуу. (Тодорхойлоход нь туслахын тулд бэлтгэх материалын 1-р хэсгийг үзнэ үү.)

Зураг
Иехова дэлхийг бүтээсэн нь, Волтэр Рэйн
Зураг
Еденийн цэцэрлэгийг орхисон нь, Жозэф Брики

Бүтээлт болон Адам, Ева хоёрын уналтыг илэрхийлж буй зураг үзүүлж болно. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 49:15–17-г мөн 2 Нифай 2:22–23-ыг дахин харахад урь. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Дэлхийн Бүтээлт нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан зорилгыг биелүүлэхэд хэрхэн тусалдаг вэ? (Суралцагчдын хариулт дараахтай төстэй байж болно. Бурханы хүүхдүүд гэр бүлд төрж, хамтдаа өсөж хөгжиж болох газрыг бий болгохоор дэлхийг бүтээсэн.)

  • Адам, Ева хоёрын уналт Эцэгийн зорилгыг урагшлуулах мөн “өөрийн бүтээлтийн зорилгыг хэрэгжүүлж болох” боломжийг дэлхийд хэрхэн олгосон бэ? (Сургаал ба Гэрээ 49:16). (Суралцагчид дараах үнэнтэй төстэй олон хариултыг хэлж болно. Адам, Ева хоёр унасан учраас хүүхэдтэй болж, тэдний үр удам мөнх амьдрал руу хөгжих боломжтой болсон.)

  • Бүтээлт, Уналтын эдгээр зорилгыг ойлгох нь өөрсдийн мөнхийн гэр бүлүүдийг бүтээж, эн тэргүүнд тавих бидний хүчин чармайлтад хэрхэн нөлөөлөх вэ?

Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан мөнхийн гэр бүлийг боломжтой болгосон.

Дараах асуултыг ангиараа ярилцах талаар бодож үз.

  • Мөнхийн гэр бүлийг боломжтой болгоход Аврагч, Түүний Цагаатгалын гүйцэтгэх үүрэг юу вэ? (2 Нифай 9:6–8, 10, 18-ыг уншаад, суралцагчдад Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд нүгэл, үхлийг ялах арга замыг бэлдсэн гэдгийг таньж мэдэхэд тусал.)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Энэ бүхнийг холбож байдаг гогцоо болох Бурханы төлөвлөгөө болон бидний мөнхийн хувь тавилантай хамаатай, бусад бүх юм тойрон хүрээлдэг зүйл бол бидний Аврагч, Есүс Христ юм. Түүний гэтэлгэгч золиос хайр, энэрэл, мөнхийн гэрлэлт, гэр бүл гээд бүх зүйлийг боломжтой болгосон билээ. (M. Russell Ballard, “The Opportunities and Responsibilities of CES Teachers in the 21st Century” [evening with a General Authority, Feb. 26, 2016], ChurchofJesusChrist.org)

Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсгийн төгсгөлд байгаа асуултуудад хариулсан хариултаа эргэн харахад урь. (Шаардлагатай бол, суралцагчдад хариултаа бичиж тэмдэглэх цаг гарган өгч болно.) Бичсэн зүйлээ хуваалцахад зарим суралцагчийг урь. Өөрт төрсөн мэдрэмжээ хуваалцах талаар бодож үз.

Суралцагчдад өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд нь туслахын тулд дараах санаануудаас танай суралцагчдад хамгийн их хэрэг болох нэг эсвэл илүү олныг сонго.

Нэг суралцагчаас бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ахлагч Робэрт Д.Хэйлсийн мэдэгдлийг чанга уншихыг хүс.

  • Өдгөө Сатан ямар арга замаар гэрлэлт, гэр бүлд халдаж байгааг та харсан бэ?

Сатаны гэрлэлт, гэр бүлд (одоогийн болон ирээдүйн) халдаж байж болзошгүй арга замуудыг нэгээс хоёр минутын турш тунгаан бодоход суралцагчдыг урь. Мөнхийн талаас авч үзсэн хэвээр байх нь гэр бүлээ эн тэргүүнд тавьж мөн хамгаалахад нь хэрхэн тусалж байгаа талаар өөрсдийн мэдрэмжийг тунгааж, бичиж тэмдэглэхэд тэднийг урамшуул.

Суралцагчдыг бэлтгэх материалын 3-р хэсгийн дараах асуултуудыг тунгаан бодож, хүлээн авах мэдрэмжүүдээ бичиж тэмдэглэхэд урь.

  • Та амьдралдаа гэр бүлийг хэрхэн илүү чухалчилж болох вэ?

  • Та өөрийн мөнхийн гэр бүлийг бүтээж эсвэл хүчирхэгжүүлэхэд Их Эзэний хүчийг хэрхэн урьж болох вэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчийг хүсэж байвал бичсэн зүйлээ хуваалцахад урь. Мэдэрсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

Дараагийн хичээлээр

Цуврал хичээлийн эхний дөрвөн хичээлээс, суралцагчдын сурч мэдсэн зүйлсийг тэдэнтэй хамт дахин бататгаж болно. Дараагийн хичээл дээр тэдэнд гэр бүлдээ болон бусдад сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлж байгаа талаараа хуваалцах боломж олгож болно. Суралцагчдыг дараагийн хичээлд бэлдэх үед тэдний бие махбодоороо үйлддэг сонголтууд хэрхэн тэдний гэр бүлд болон тэдэнд зориулсан Бурханы төлөвлөгөөнд нөлөөлдөг талаар нухацтай бодоход урь.