Институт
18-р хичээлийн багшийн материал: Материаллаг хэрэгцээг хангах


“18-р хичээлийн багшийн материал: Материаллаг хэрэгцээг хангах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“18-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

18-р хичээлийн багшийн материал

Материаллаг хэрэгцээг хангах

Их Эзэн хүүхдүүдийнхээ материаллаг хэрэгцээг хангах үүргийг эцэг эхчүүдэд даатгадаг. Энэ хичээлээр суралцагчид бие даах чадвартай болсноор энэ үүргээ биелүүлэх чадвараа хэрхэн сайжруулж болохыг судлах болно. Мөн суралцагчдыг санхүүгийн ухаалаг зарчмаар амьдрах хүчин чармайлтаа хэрхэн сайжруулах талаар тодорхойлоход урих юм.

Заах зөвлөмж

Эцэг эх нь гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангах үүрэгтэй.

Дараах үнэнийг самбарт үзүүлнэ үү. Эцэг эхчүүд хүүхдийнхээ бие махбодын хэрэгцээг хангах ариун үүрэгтэй (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org).

  • Энэхүү ариун нандин үүргийн талаар танд ямар мэдрэмж эсвэл асуулт байна вэ?

  • Энэ үүргээ биелүүлэхийн тулд та одоо юу хийж байна вэ?

Бие даах байдал гэсэн үгийг самбарт бич. Суралцагчдыг бие даах чадвартай хүнийг дүрсэлсэн үгсийг самбарт жагсаахад урь. Яагаад эдгээр үгийг сонгосноо хуваалцахыг цөөн суралцагчаас хүс.

  • Яагаад бидэнд бие даах чадвараа хөгжүүлэх нь чухал вэ? (Ярилцлагын нэг хэсэг болгон та Сургаал ба Гэрээ 75:28–29 болон бэлтгэх материалын 1-р хэсэг дэх бусад сургаалыг ашиглаж болох юм. Дараа нь та дараахтай адил үнэнийг тодорхойлоход суралцагчдад тусалж болно. Хичээнгүй хөдөлмөр нь эцэг эхчүүдэд бие дааж, гэр бүлийнхээ сүнслэг, материаллаг хэрэгцээг хангахад тусалдаг. Бие даах байдлыг хөгжүүлэх нь Аврагчтай илүү адилхан болоход бидэнд тусална. Бие даах чадвартай болох нь бусдад үйлчлэх чадварыг нэмэгдүүлдэг.)

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдын тайлбар, хариултыг анхааралтай сонс. Багш нар заримдаа дараа нь хэлэх, хийх зүйлдээ хэт санаа тавин, суралцагчдын хэлж байгаа зүйлсийг анхаарахгүй өнгөрөөх нь бий. Суралцагчдыг ажиглан, тэднийг сонссоноор багш тэдний хэрэгцээг таньж мөн хэлэлцүүлгээ Ариун Сүнсний удирдамж доор явуулж чадна. Суралцагчдынхаа асуулт, хэрэгцээ, санаа зовнилыг шийдвэрлэхийн тулд хичээлийнхээ төлөвлөгөөг өөрчлөхөд бэлэн байгаарай.

Дараах асуултуудаас суралцагчдадаа хамгийн их хамааралтай асуултуудыг сонгоод, ангиараа эсвэл жижиг бүлгээрээ ярилц.

  • Бие даах чадвартай болох нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд хэрхэн нийцдэг гэж та бодож байна вэ?

  • Хичээнгүй хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгоход танд ямар туршлага тусалсан бэ? Та шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд ямар адислалуудыг хүртсэн бэ? (Бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ажил хөдөлмөрийн талаарх ахлагч Д.Тодд Кристоффэрсоны мэдэгдлийг хамтдаа уншиж болох юм.)

  • Боловсрол бидэнд болон манай гэр бүлд ямар ашиг тус авчрах вэ? Энэ нь Бурхантай илүү адилхан болоход бидэнд хэрхэн тусалж чадах вэ? (Шаардлагатай бол ярилцлагыг илүү гүнзгийрүүлэхийн тулд бэлтгэх материалын 2-р хэсэг дэх боловсролын талаарх сургаал хэсгийг эргэн харна уу.)

  • Их Эзэн танд хичээнгүй ажиллах ёс суртахууныг төлөвшүүлэх эсвэл илүү их боловсрол эзэмшихэд хэрхэн тусалж чадах вэ эсвэл Тэр хэрхэн тусалсан бэ?

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ удирдан чиглүүлж, адислахын тулд эцэг, эхчүүдэд тодорхой үүрэг хариуцлага хүлээлгэсэн гэдгийг тайлбарла. Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ … хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй гэсэн үнэнийг самбар дээр бич эсвэл үзүүл (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзнэ үү).

Хосын болон гэр бүлийн нөхцөл байдал харилцан адилгүй байдаг тул зарим тохиолдолд гэр бүлийнхээ наад захын хэрэгцээг хангахын тулд аав, ээж хоёр хоёулаа ажилд орох шаардлагатай болдог гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.

  • Эхнэр, нөхөр хоёр хэрхэн ийм шийдвэр гаргаж болох талаар ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын зөвлөгөөнөөс та юу сурсан бэ? (Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Баллардын мэдэгдлийг уншихад урьж болох юм.)

  • Энэхүү зөвлөгөөний талаар та юу гэж бодож байна вэ?

Суралцагчдыг бошиглогчдын сургаалыг судалж, ханьтайгаа болон Тэнгэрлэг Эцэгтэй зөвлөлдөх үед Тэр тэднийг онцгой нөхцөл байдалд нь чиглүүлнэ гэдгийг гэрчил.

Санхүүгийн ухаалаг удирдлагын зарчмууд биднийг гэр бүлээ хангахад чиглүүлж чадна.

Суралцагчдыг бэлтгэх материалын 3-р хэсэг дэх судлах үйл ажиллагаанд зориулж сонгосон судрын хэсгүүдээ товчхон дүгнэхэд урь. (Та суралцагчдад зарим хэсгийг хянаж үзэх цаг гаргаж өгөх хэрэгтэй байж магадгүй.)

Суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүд болгон хуваарил. Эдгээр судрын хэсгээс сурсан санхүүгийн зарчмуудаа бие биетэйгээ хуваалцахад мөн дараах асуултын талаар ярилцахад тэднийг урь (та энэ асуултыг самбар дээр харуулж болно).

  • Санхүүгийн эдгээр ухаалаг зарчмыг хэрэгжүүлэх нь таныг хувь хүний хувьд эсвэл гэр бүлийг тань хэрхэн адислах вэ?

Бэлтгэх материалд өгөгдсөн судрын хэсгүүдээс суралцагчдын тодорхойлж болох зарчмуудын жагсаалтыг доор харуулав.

  • Аравны нэг ба мацгийн өргөлийн хуулийг дагах (Малахи 3:8–10-ыг үзнэ үү).

  • Зүрх сэтгэлээ дэлхийн зүйлүүд дээр хандуулахаас татгалзаарай (Матай 6:19–21-ийг үзнэ үү).

  • Төсөвлөх арга ашиглан, ухаалаг төлөвлөгөө гарга (Лук 14:28–30-ийг үзнэ үү).

  • Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай (1 Тимот 6:6–10-ыг үзнэ үү).

  • Баялгуудыг эрэлхийлэхийн өмнө Бурханыг эрэлхийлж, хэрэв баялаг эрэлхийлж байгаа бол үүнийг зөвт зорилгын төлөө эрэлхийл (Иаков 2:18–19-ийг үзнэ үү).

  • Ядуу, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахын тулд бие махбодын адислалуудаа ашигла (Сургаал ба Гэрээ 104:13–18-ыг үзнэ үү).

  • Өрөө барагдуул (Сургаал ба Гэрээ 104:78-ыг үзнэ үү).

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг тодорхойлсон зарчмаа ангийнхантай хуваалцахад урь. Санхүүгийн ухаалаг зарчмуудыг хэрэгжүүлснээр хувь хүн, гэр бүлүүд өөрсдийн санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулж, тусламж хэрэгтэй хүмүүст туслах боломжтой гэсэн зарчмыг самбар дээр бич эсвэл үзүүл.

  • Та эсвэл танай гэр бүл хэзээ санхүүгийн ухаалаг зарчмуудыг хэрэгжүүлснээр адислал хүртэж байсан бэ?

  • Их Эзэн бидэнд ийм санхүүгийн зарчмуудыг өгсөн гэсэн бодит үнэнээс бид Түүний талаар болон зан чанарынх нь талаар юу сурч болох вэ?

Суралцагчдад бие даах чадвартай болох, хичээнгүй ажиллах ёс суртахууныг өөрсдөдөө төлөвшүүлэх, боловсрол, мэргэжлийн сургалтад хамрагдах, санхүүгийн ухаалаг зарчмуудыг хэрэгжүүлэх талаар сурсан зүйлээ эргэцүүлэн бодох цаг гаргаж өгөх талаар бодож үзээрэй. Суралцагчдыг бие даах чадвар болон эдгээр зарчмын дагуу амьдрах хүчин чармайлтаа бэхжүүлэхийн тулд хийж эхлэх эсвэл үргэлжлүүлэн хийж болох нэг зүйлээ тэмдэглэхэд урь. (Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон та суралцагчдыг бэлтгэх материалын 3-р хэсэг дэх “Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ” гэсэн сануулгын хариуд бичсэн зүйлээ дүгнэхэд урьж болно.)

Та бидний материаллаг хэрэгцээг хангахад туслах Их Эзэний хүслийн талаарх гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ төгсгөөрэй.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг ээжийнхээ юуг үнэлдэг талаар эсвэл амьдрал дээр ээжтэй нь адил байдаг хүний талаар бодоход урь. 19-р хичээлд бэлтгэх материалыг судлахдаа, эхчүүдийн үнэ цэнийг анхаарч үзэхэд тэднийг урамшуулан дэмж. Та суралцагчдыг ээждээ эсвэл ээжтэйгээ адил ханддаг хүнд талархсан захидал бичихэд урьж болно.