Институт
21-р хичээлийн багшийн материал: Хүүхдүүдээ хайранд өсгөх


“21-р хичээлийн багшийн материал: Хүүхдүүдээ хайранд өсгөх,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“21-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

21-р хичээлийн багшийн материал

Хүүхдүүдээ хайранд өсгөх

“Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх нандин үүрэгтэй” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Энэ хичээлээр суралцагчид хүүхдүүдээ хайрлах ариун нандин үүргээ биелүүлэхэд нь эцэг эхчүүдэд туслах үнэнүүдийг ярилцах болно. (Дараагийн хичээл хүүхдүүдийг зөв шударга байдалд өсгөх тал дээр төвлөрөх юм.) Тэд гэр бүлээ Христийнхтэй адил арга замаар хэрхэн хайрлаж, үйлчлэхийг тодорхойлоход суралцагчдыг урих болно.

Заах зөвлөмж

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайрлаж өсгөх ёстой.

Хүүхдүүдээ өсгөхөд ашиглахыг хүссэн ямар зүйлсийг өөрийн болон бусад эцэг эхээс харж байсан талаар суралцагчдаас асуух замаар хичээлээ эхлүүлж болно. Цөөн суралцагчийг хуваалцсаны дараа ангийг энэхүү хичээл болон дараагийн хичээл дээрх, эцэг эх болохын тулд дагаж мөрдөж болох үнэнүүдийг олж мэдэхэд урамшуул.

Гэр бүлийн тунхгийн дараах мэдэгдлийг үзүүл. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх нандин үүрэгтэй.

Та суралцагчдад энэхүү үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслах дараах асуултуудаас заримыг нь асууж болно.

Хүүхдүүдээ хайранд өсгөх гэдэгт шаардлагатай үед тэднийг зүй зохистойгоор хүмүүжүүлэх багтдаг. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрд удирдагч томил. Бүлгийн удирдагчдад дараах тараах материалын хувийг өгөөд, өгөгдсөн зааврыг дагах чиглэл өг. (Та эдгээр хувилбарыг суралцагчидтайгаа илүү холбоотой болгон өөрчлөхийг хүсэж болно.)

Хүүхдүүдийг Их Эзэний арга замаар хүмүүжүүлэх

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—21-р хичээл

Бүлгийн гишүүдийг өөрсдийгөө эцэг эх байна гэж төсөөлөхөд урь. Тэднээс дараах нөхцөл байдлаас нэгийг сонгож, хамтдаа ярилцахыг хүс.

  1. Та хүнсний дэлгүүрээс хүүхдүүдтэйгээ хамт гэртээ ирээд, зургаан настай охиноо дэлгүүрээс хулгайгаар авсан чихрээ идэж байхыг харав.

  2. 14 настай хүүхэд тань 9 настай дүүгээ үе үе дээрэлхдэг байлаа. Энэ нь таныг гэртээ байхгүй үед болдог. Дээрэлхүүлсэн хүү тань уйлж ирээд, ах нь муухай үгс хэлээд байдаг талаар танд хэлдэг.

  3. 17 настай охин тань найзуудтайгаа уулзаад гэртээ эргэж ирэхийг нь та хүлээж байв. Тэр тогтоосон цагаас хожимдож иржээ.

Суралцагчдыг сонгосон нөхцөл байдлаа өөртэйгөө холбон бодож байх үед дараах асуултуудыг ярилцахыг бүлгийнхнээс хүс.

  • Бэлтгэх материалын 2-р хэсгээс сурсан зүйл тань хүүхдээ хүмүүжүүлэхэд таныг хэрхэн чиглүүлэх вэ? (Шаардлагатай бол бүлгийн гишүүдийг 2-р хэсгийг богино хугацаанд эргэн харахад урь.)

  • Та хүүхдүүдтэйгээ хэрхэн ярилцах вэ? Хүүхдийнхээ үйлдлийн үр дагаварт та ямар хариу өгөх вэ?

  • Хүүхдээ зөв зохистой хүмүүжүүлэх нь хэрхэн хайрын үйлдэл болдог вэ? (Сургаал ба Гэрээ 95:1-ийг үзнэ үү.)

Хүүхдүүдийг Их Эзэний арга замаар хүмүүжүүлэх

Зураг
Багшийн тараах материал

Тэднийг үйл ажиллагаагаа гүйцэтгэж дууссаны дараа, цөөн суралцагчийг бүлгээрээ сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад урь. Ярилцлагын нэг хэсэг болгож, Сахилгажуулах бурханлаг загварыг дагахын тулд бид хайраар сэдэлжүүлэгдэх ёстой гэсэн үнэнийг онцол (бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Д.Тодд Кристоффэрсоны мэдэгдлийг үзнэ үү).

Шаардлагатай бол ангийнхнаас Их Эзэний сахилгажуулах арга зам хэрхэн зарим соёл, гэр бүлд хүлээн зөвшөөрдөг, хүүхдүүдийг сахилгажуулдаг арга замаас өөр байдаг талаар асуу.

  • Та хэзээ хэн нэгэн хүүхдээ хайраар сахилгажуулж байхыг харсан бэ? Та тэр явдлаас ямар сургамж авсан бэ?

Заах, суралцахаа сайжруулах

Суралцагчдыг тунгаан бодоход урь. Тунгаан бодох гэдэг нь ямар нэг зүйлийг гүнзгий эргэцүүлэн бодох явдал мөн. Үүнд залбирах нь илүү үр дүнтэй байдаг. Суралцагчид тунгаан бодож сурснаар Сүнс тэдэнд үнэнийг байнга илчилж, хувьдаа юу сурч, мэдрэх ёстойг заах болно.

Дараах заавар, асуултуудыг үзүүлээд, суралцагч бүрд тэдгээрийг тунгаан бодох цаг гаргаж өг (тэд зарим бодлоо бичиж, тэмдэглэхийг хүсэж болно).

  • Их Эзэн эсвэл Ариун Сүнс зарим арга замаа өөрчлөхийг сүнслэгээр өдөөх замаар таныг залруулж байсан үеийг бод. Та эдгээр туршлагаас хүүхдүүдийг хүмүүжүүлэх талаар юу сурч болох вэ? Хэрэгцээтэй үед тань Тэнгэрлэг Эцэг танд хайраа илэрхийлсэн тохиолдлыг та санаж байна уу?

Цөөн суралцагчийг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ нэг нэгнээ хайрлах, бие биедээ үйлчлэхийг заах үүрэгтэй.

Moзая 4:14–15-ыг чанга уншихад нэг суралцагчийг урь.

  • Хаан Бенжамин эцэг эхийн ямар ариун нандин үүргийг онцолсон бэ? (Суралцагчдыг хариулсны дараа Гэр бүлийн тунхгийн дараах мэдэгдлийг үзүүл. Эцэг эхчүүд хүүхдүүддээ бие биеэ хайрлаж, үйлчлэхийг зааж сургах нандин үүрэгтэй.)

  • Танд эцэг эх тань ах дүү нартаа эсвэл гэр бүлийн бусад гишүүдээ хайрлаж, тэдэнд үйлчлэхийг хэрхэн заасан бэ?

Аврагч хайраар хэн нэгэнд үйлчилж байсан үеийг бодож, дараа нь тэд хэрхэн ийм арга замаар эсвэл Христийнхтэй адил өөр арга замаар гэр бүлийн гишүүнээ хайрлаж, түүнд үйлчилж болох талаараа бичихэд тэднийг урьсан гэдгийг суралцагчдад сануул (бэлтгэх материалын 3-р хэсгийг үзнэ үү). Бичсэн зүйлээ хуваалцахад цөөн суралцагчийг урь. (Мөн та туршлагаасаа хуваалцаж болно.)

Дараах асуултуудыг үзүүлээд, суралцагчдад илүү хамааралтай санагдаж байгаа асуултын талаарх бодлоо бичиж тэмдэглэхэд тэднийг урь.

  • Та одоо байгаа хүүхдүүдээ болон ирээдүйд мэндлэх хүүхдүүдээ өсгөхдөө Тэнгэрлэг Эцэгийн үлгэр жишээ, сургаалыг хэрхэн дагах вэ?

  • Ах эгч дүү, эцэг эх эсвэл гэр бүлийн өөр гишүүнээ энэ долоо хоногт хайрлаж, тэдэнд үйлчлэх Христийнхтэй адил ямар арга зам байна вэ?

Нэг суралцагчийг гэр бүлийн гишүүдээ хайрлахын чухал ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцахад урьж эсвэл сургаалын энэхүү зарчмын талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцсанаар хичээлээ төгсгөж болно. Тэдний хэрхэн өссөнөөс үл хамааран, хүүхдүүдээ хайранд өсгөх, тэдэнд нэг нэгнээ хайрлах, үйлчлэх тухай заахыг сонгож болно гэдгийг суралцагчдад сануул.

Дараагийн хичээлээр

Та хичээлийн төгсгөлд юм уу дараа нь хуваалцах захиастаа, дараагийн хичээлд бэлдэж байхдаа дараах асуултуудыг тунгаан бодохыг суралцагчдаас хүсэж болно.

  • Таныг өсөж том болох үед эцэг эх тань ямар сүнслэг туршлагатай болоход тусалж байсан бэ? Та хүүхдүүдээ ирээдүйд ямар сүнслэг туршлага олж аваасай гэж хүсэж байна вэ?