Институт
7-р хичээлийн багшийн материал: Хүйсийн мөнхийн мөн чанар ба зорилго


“7-р хичээлийн багшийн материал: Хүйсийн мөнхийн мөн чанар ба зорилго,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“7-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

7-р хичээлийн багшийн материал

Хүйсийн мөнхийн мөн чанар ба зорилго

Бидний хүйс мөнх бус байдлын өмнөх амьдралд бий болсон ба гэр бүл дэх бидний аврал, өргөмжлөлийн төлөөх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ хичээлээр Бурханы төлөвлөгөө нь хүйсийн мөнхийн ач холбогдлыг ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг болохыг суралцагчдад тайлбарлах боломжтой болно. Мөн энэ хичээлээр хүйстэй холбоотой асуух зүйлтэй суралцагчдад удирдамж өгөх болно.

Заах зөвлөмж

Хүйс бол хувь хүний тодорхойлолт болон зорилгын салшгүй шинж чанар юм.

Тайлбар: Та суралцагчдад энэ ангийн энэ болон бусад сэдэв эмзэг мөн чанартай гэдгийг ойлгуулж, тэднийг Христийн адил хайр, мэдрэмж, ойлголттойгоор ангийн ярилцлагад оролцохыг сануулж болно. Сургаалыг буруушаах, зэмлэх сүнсийг урин авчрах байдлаар ашиглахаас болгоомжил. Үүний оронд ойлголт, найдвар, эдгээлтийг авчрах арга замаар заахдаа Аврагчийн үлгэр жишээг дага.

Суралцагчдыг хүйсийн талаар асуух зүйлтэй байгаа 14 настай хүүхдүүдийн Ням гаргийн ангийн багш гэж төсөөлөхөд урь. Нэг суралцагч “Яагаад хүйс чухал вэ?” гэж асуув.

Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсгийг хосоороо эсвэл жижиг бүлгээрээ уншаад, Сүмийн сургаал дээр үндэслэн энэ асуултад хэрхэн хариулах талаар бодоход урь. Ярилцах цаг гаргаж өгсний дараа хэд хэдэн суралцагчийг хэрхэн хариулах байснаа хуваалцахад урь.

Суралцагчдыг хариултаа хуваалцах үед та Эхлэл 1:26–27, “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас тухайн догол мөрийг (ChurchofJesusChrist.org) болон бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа ахлагч Дэвид А.Бэднарын хоёр дахь мэдэгдлийг хамтдаа уншихыг хүсэж болно. Дараа нь та “Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм” гэсэн үнэнийг олж тогтооход тусалж болно. Тэнгэрлэг загвараар эрэгтэй, эмэгтэй хүн нь бие биенээ нөхөж, гүйцээж, төгс төгөлдөржүүлэхээр төлөвлөгдсөн байдаг. (“Гэр бүлийн тунхагт дурдсан хүйс нь төрөх үеийн биологийн хүйс” гэсэн утгатайг суралцагчдад сануул [Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.6.23]. Өөрөөр заагаагүй бол энэ багшийн материалд хүйсийг дээрхтэй ижил утгаар ашиглана.)

Заах, суралцах чадвараа сайжруулах

Сургаал, зарчмуудыг ойлгоход нь суралцагчдад тусал. Суралцагчид сургаал, зарчмуудыг илүү гүнзгий ойлгох тусам тэдгээрийг илүү утга учиртай хэрэгжүүлж чадна. Зарчмууд болон сургаалыг тодорхойлсны дараа суралцагчдад тэдгээрийг мөнхийн талаас нь харахад тусал. Суралцагчдад сургаал дахь Тэнгэрлэг Эцэгийн зорилгын талаар илүү тодорхой ойлголттой болгох асуултуудыг тавь. Суралцагчдыг эдгээр үнэн өнөөдөр тэдний амьдралд хэрхэн хэрэгжиж болох тухай бодож, тайлбарлахад урамшуул.

Суралцагчдад олж мэдсэн үнэнийхээ талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд та дараах асуулт эсвэл үйл ажиллагааны заримыг ашиглаж болно.

  • Мөн авралын төлөвлөгөө нь танд “хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм” гэдгийг ойлгоход хэрхэн туслах вэ? (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”).

  • Эрэгтэй, эмэгтэй сүнснүүд ямар арга замаар бие биенээ гүйцээж, төгөлдөржүүлдэг вэ? (Бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа ахлагч Дэвид А.Бэднарын болон ахлагч Дэйл Г.Рэнланд, Рут Л. Рэнланд эгч хоёрын мэдэгдлийг тус тус үзнэ үү.) Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие биенээ нөхөх чадварын ямар жишээг та харсан бэ?

  • Суралцагчдыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд хамаатай уламжлалт болон соёлын хэвшмэл ойлголтуудыг жагсаахад урь. Эдгээрийн аль нь бидний мөнхийн мөн чанар, Бурханы төлөвлөгөөн дэх зорилгод хамаарахгүй байж болох вэ? Бидний мөнхийн тодорхойлолт болон зорилгод эрэгтэй эсвэл эмэгтэй хүйсийн ямар элементүүд чухал вэ?

Хүйсийн талаар мөнхийн ойлголттой болсноор таны амьдрал хэрхэн адислагдсан, мөн энэ үзэл бодол нь таны мөн чанар, зорилгод хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцахыг бодож үз.

Хүйсийн үл нийцэх мэдрэмжтэй эсвэл хүйстэй холбоотой бусад асуулттай хүмүүсийг Их Эзэн удирдаж, дэмжиж чадна.

Бэлтгэх материалын 2, 3-р хэсэгт хувь хүмүүсийн биологийн хүйс, хүйсийн чиг баримжаа хоёр нь хоорондоо нийцэхгүй байх, трансжендер гэж тодорхойлдог эсвэл хүйстэй холбоотой өөр асуулт гарч болзошгүй нөхцөл байдлын талаар өгүүлсэн гэдгийг суралцагчдад сануул.

  • Бэлтгэх материалын 2, 3-р хэсгийн ямар сургаалууд танд хамгийн их ач холбогдолтой байсан бэ? (Шаардлагатай бол суралцагчдад бэлтгэх материалын 2, 3-р хэсгийг унших хугацаа гаргаж өг.)

  • Бид бусадтай хүйсийн талаар ярилцаж, таньдаг эсвэл харилцаж болох бусад хүний ээдрээтэй бодит нөхцөл байдлыг эргэцүүлэн бодохдоо хэрхэн илүү бодолтой, мэдрэмжтэй байх вэ?

Сүмээс хүйсийн үл нийцэлтэй хувь хүмүүст туслах эх сурвалжуудыг ChurchofJesusChrist.org сайтын “Трансжендер” хэсэгт байрлуулсан гэдгийг суралцагчдад сануул.

Энэ хичээлээр заасан зарчмуудыг хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах нэг арга бол дараах жишээг ангиараа уншаад, ярилцах явдал байж болно (уг жишээг суралцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлэн тохируулж өөрчил).

Хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн уламжлалт шинж чанаруудын талаар ярилцах үед Александрад ихэвчлэн таагүй санагддаг. Түүнд эмэгтэйлэг гэж тооцогдох зан чанар олон байдаггүй мэт санагддаг. Тэр өөрийн таньдаг зарим эрэгтэйн сонирхолтой адил олон хувийн сонирхолтой. Сүмд хүйсийн тухай сэдвээр ярилцаж эхлэх үед тэрээр өөрийгөө бусад эмэгтэйтэй үнэхээр адилхан байж чадах болов уу гэж боддог. Тэр Есүс Христэд итгэж, Түүний Цагаатгалын хүчинд итгэдэг ч Тэр түүнд хэрхэн тусалж чадахыг мэдэхгүй байгаа. Эцэст нь Александра түүний энэ зан чанар Бурханы охины хувьд өөрийн бурханлаг чадавхыг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг мэдэхийг үнэхээр хүсэв.

Суралцагчдад нөхцөл байдлын талаар ярилцахад туслахын тулд та дараах асуултуудыг тавьж болно.

  • Хэрэв Александра танаас тусламж хүсэх юм бол түүнд мөнхийн мөн чанар, зорилгынхоо талаар илүү тодорхой ойлголттой болоход нь туслахын тулд та юу хийхийг зөвлөх вэ?

  • Бурханы төлөвлөгөө таныг эрэгтэй, эмэгтэй хүний хувьд мөнхийн мөн чанар, зорилгоо ойлгоход хэрхэн тусалсан талаар та Александратай юу хуваалцаж болох вэ?

  • Александра хэрхэн Их Эзэний Сүмд хүч байж чадах вэ?

Хүйсийнхээ талаар асуумаар байгаа эсвэл хүйсийн үл нийцэлтэй хүмүүс гэрээнүүдээ хүндэтгэж, хүйсээ солихоос татгалзвал Аврагчийн Сүмийн гишүүнчлэлээс ирдэг болон үүрд мөнхийн бүх адислалыг хүртэх боломжтой гэдгийг онцолсноор Александрагийн тухай яриагаа дуусгах нь тустай байж болох юм. Мөн та мөнхийн зорилгодоо хүрэх чадварыг маань хязгаарлаж болохуйц байдлаар өөрсдийгөө олон нийтэд зарлах тухай 3-р хэсэгт байгаа ерөнхийлөгч Өүксийн сэрэмжлүүлгийг уншиж болно.

Биологийн хүйс, хүйсийн баримжаа хоёр нь үл нийцдэг, трансжендер гэж тодорхойлсон, хүйстэй холбоотой өөр асуултуудтай хүмүүст хайр, нигүүлсэл, нинжин сэтгэлээр хандахын тулд юу хийхээ бичихэд суралцагчдыг урь.

Хэдийгээр бид хүйсийн үл нийцэл болон хүйстэй холбоотой бусад сэдвийн талаар бүгдийг ойлгодоггүй ч Аврагч ойлгодог гэсэн гэрчлэлээ та хуваалцаж болно. Тэр өөрт нь ханддаг хүмүүсийг удирдаж, дэмжиж чадна.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг ижил хүйстэндээ сэтгэл татагдах тухай дараагийн хичээлд бэлтгэх материалыг анхааралтай уншиж, тунгаан бодоход урамшуул. Та суралцагчдыг ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдлыг илүү сайн ойлгох арга замыг эрэлхийлж, энэ тухай хэрхэн хүндэтгэл, мэдрэмжтэй ярилцаж болох талаар бодоход урьж болно.