Институт
17-р хичээлийн багшийн материал: Гэрлэлт дэх эрх тэгш оролцоо


“17-р хичээлийн багшийн материал: Гэрлэлт дэх эрх тэгш оролцоо,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“17-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

17-р хичээлийн багшийн материал

Гэрлэлт дэх эрх тэгш оролцоо

Адам, Ева хоёрын үеэс Их Эзэн эхнэр, нөхөр хоёрыг гэрлэлтэд эрх тэгш хамтрагч байхаар томилсон. Амьд бошиглогчид энэ зарчмыг өнөө үед дахин баталсан. Энэ хичээлээр суралцагчид гэрлэлт дэх эрх тэгш оролцоо ба гэр бүлийг тэргүүлэх тухай сайн мэдээний сургаалыг тайлбарлах боломжтой. Түүнчлэн гэрлэлтэд эрх тэгш оролцохын тулд юу хийж болохоо тодорхойлоход суралцагчдыг урих болно.

Заах зөвлөмж

Эхнэр, нөхөр хоёр гэрлэлтэд адил тэгш эрхтэй хамтрагчид юм.

Хичээлийн эхэнд Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингамын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлэх юм уу хуулбарыг тарааж өгөх талаар бодож үз. Суралцагчдаас уг мэдэгдлийг уншаад, дайсан хэрхэн гэрлэлт, гэр бүлийг устгахыг эрэлхийлж байгааг олж мэдэхийг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Жийн Б.Бингам

Люсифер эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мэдэрдэг нэгдмэл байдлыг эвдэж, бидний тэнгэрлэг үнэ цэн, гэрээт хариуцлагын талаарх үзэл бодлыг төөрөгдүүлж чадах юм бол мөнх амьдралын амин чухал нэгж болох гэр бүлүүдийг амжилттай устгаж чадна гэдгээ мэддэг.

Сатан харьцуулалтыг нэгийг нь нөгөөгөөс дээгүүр эсвэл доогуур гэсэн мэдрэмж төрүүлэх арга замаар ашиглан, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох төрөлхийн ялгаа Бурханаас өгөгдсөн бөгөөд адил тэгш үнэ цэнтэй гэсэн мөнхийн үнэнийг нуухыг оролддог. Түүний зорилго бол нэг нь нөгөөгөө нөхөж, нэгдмэл байхад нөлөөлдөг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөр өөрийн гэсэн өвөрмөц хувь нэмэрт талархан баярлахын оронд эрх мэдлийн төлөөх тэмцлийг өөгшүүлэх явдал байсаар ирсэн. (“Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган , 74).

  • Эхнэр нөхрүүд хэн нэгнээсээ дээгүүр эсвэл доогуур гэж мэдрэх үед гэр бүлд ямар бэрхшээл тулгарч болох вэ?

Мосе 3:18, 21–23-ыг суралцагчидтай хамт уншаад, доорх асуултыг тавь.

  • Энэ түүхэд цэдэглэснээр, Евагийн биеийг бүтээсэн талаар Их Эзэн хэрхэн дүрсэлснээс бид юу сурч болох вэ? (Шаардлагатай бол суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа энэ судрын хэсгийн талаарх Сүмийн удирдагчдын тайлбарт чиглүүл.) Суралцагчдад дараахтай адил үнэнийг олж тогтооход тусал. Гэрлэлтийн талаарх Тэнгэрлэг Эцэгийн зорилго бол эхнэр, нөхрүүд харилцан бие биедээ адил тэгш туслах явдал юм.)

Суралцагчдад энэ үнэнийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд хосоороо хийж гүйцэтгэдэг хэд хэдэн зүйлийг харуулах талаар бодож үз. Эдгээрт хайчны хоёр ир, хутга ба сэрээ, хоёр зүйл ашиглан тоглодог хөгжмийн зэмсэг (хийл гэх мэт), хос гутал, хос бээлий, утастай, утасгүй хос чихэвч зэрэг багтаж болно. Суралцагчдыг эдгээр хос зүйлийн зөвхөн нэгийг нь ашиглаад даалгавар гүйцэтгэвэл юу болохыг төсөөлөхөд урь.

  • Эдгээр нь бие биедээ тусалж байгаа эхнэр, нөхөр хоёртой хэрхэн төстэй вэ?

  • Эхнэр, нөхөр хоёр бие биенээ эрх тэгш хамтрагч гэж харж, дэмжих үед гэрлэлт ямар адислал авчрах вэ?

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдын хариултыг эерэг байдлаар хүлээн зөвшөөр. Суралцагчийг хариулах үед эерэг байдлаар хүлээн зөвшөөр. Үүнийг зүгээр “баярлалаа” гэж хэлэх эсвэл хариултад нь саналаа хэлэх зэргээр гүйцэтгэж болно. Ингэснээр суралцагчдад тэднийг сонсож, үнэлдэг гэдгийг мэдрэхэд тусална. Эерэг хариулт нь тэдэнд цаашдаа хариулт, төрсөн сэтгэгдэл, туршлагаа хуваалцахдаа илүү нээлттэй байхад тусалдаг.

Их Эзэн эхнэр, нөхрүүдэд өвөрмөц үүрэг хариуцлага хүлээлгэсэн ч энэ нь “үнэ цэн, ач холбогдлын хувьд эн тэнцүү” байдаг тухай бэлтгэх материалаас уншсан гэдгийг суралцагчдад сануул (Квинтин Л.Күк, “Эцэгийнхээ хүүхдүүдийг гэх бидний агуу хайр,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95). Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org).

Эдгээр үүрэг хариуцлагын цөөн хэдийг нь дараагийн хичээлүүд дээр ярилцана гэдгийг та дурдаж болно. Жишээг ярилцаж эхлэхийн тулд Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдана” гэсэн үнэнийг үзүүл (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”).

  • Хайраар, зөв шударгаар тэргүүлэн удирдах гэдэг нь ямар утгатай болохыг та хэрхэн тайлбарлах вэ? Бид Аврагчийн жишээнээс тэргүүлэх талаар юу сурч чадна гэж та бодож байна вэ? (Хэрэв шаардлагатай бол Ерөнхий гарын авлага дахь мэдэгдэл болон бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны мэдэгдлийг суралцагчидтай хамт унш.)

Сургаал ба Гэрээ 121:41–43 нь гэр бүлээ зөв шударгаар тэргүүлэхтэй холбоотой Христийнхтэй адил хэд хэдэн зан чанарыг тодорхойлсон гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдаас энэ хэсгийг болон бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа “Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ” үйл ажиллагаан дээр юу гэж хариулснаа эргэн харахыг хүс. Цөөн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь. Дараах асуултыг тавих талаар бодож үз.

  • Та нар гэр бүл дэх эрх тэгш оролцоо, зөв шударгаар тэргүүлэх ямар жишээг харж, сонсож байсан бэ?

Эхнэр, нөхрүүд гэр бүлийнхээ талаар шийдвэр гаргахдаа хамтдаа зөвлөлдөх ёстой.

Дараах түүх нь суралцагчдад гэрлэлт дэх эрх тэгш оролцоо, гэр бүлээ тэргүүлэх тухай ойлголтыг шинжлэхэд туслах зорилготой. (Өөрийн соёлыг илүү нарийвчлан тусгах эсвэл суралцагчдын аливаа тодорхой хэрэгцээг хангахын тулд энэ жишээг хэрхэн тохируулан өөрчлөхөө бодож үзээрэй.)

Ангиараа болон жижиг бүлгүүдээр дараах түүхийг уншаад, тараах материалын төгсгөлд байгаа асуултуудын дагуу ярилц.

Николас, Елена хоёрын түүх

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—17-р хичээл

Николас, Елена хоёр гэрлээд 10 жил болж байгаа ба гурван хүүхэдтэй. Тэд хоёул гэр бүлээ Есүс Христ болон Түүний сайн мэдээний суурин дээр байгуулахыг хүсдэг ба тэнгэрлэгээр томилогдсон гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэхийг хичээдэг.

Бусад гэрлэсэн хосын нэгэн адил Николас, Елена хоёрын дунд үл ойлголцол гардаг. Тэд ихэвчлэн мөнгөнөөс болж санал зөрөлддөг. Николас бүтэн цагаар гадуур ажилладаг. Елена хүүхдүүдээ асарч, гэр орондоо бүтэн анхаарал хандуулахын хажуугаар хааяа нэмэлт ажил хийдэг. Николас гэр орноо тэргүүлэх үүрэгтэйгээс гадна арай их мөнгө олдог учраас мөнгө хэрхэн зарцуулж байгаа талаар үг хэлэх эрхтэй гэж өөрийгөө үздэг. Елена Николасаас илүү хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлдэг тул тэдэнтэй холбоотой шийдвэр гаргахдаа давуу эрх эдэлнэ гэж өөрийгөө боддог. Тэр өнгөрсөн хугацаанд заримдаа Николаст хэлэлгүйгээр мөнгөө хүссэнээрээ зарцуулдаг байсан.

Николас, Елена хоёр саяхан хадгалсан мөнгөөрөө юу хийх талаар ярилцсан. Николас өөрөө ажилдаа явах мөн гэр бүлийнхнээ аваад ийш тийш явахад хялбар болгох үүднээс автомашин худалдаж авахыг хүсжээ. Елена хүүхдүүдээ аваад хамаатнууд дээрээ очиж, тэднийг томрохоос өмнө хамтдаа зугаатай дурсамж, туршлага бүтээхийг хүссэн.

Николас, Елена хоёрын санал зөрөлдөөн тэдэнд хүндээр тусаж байсан ч тэд шийдвэр гаргах ёстой байв.

  • Николас, Елена хоёрт энэ мөнгөөр юу хийхээ шийдэхэд тулгарч буй хамгийн том ямар бэрхшээл байна гэж та хэлэх вэ?

  • Тэд гэр бүлийнхээ төлөө шийдвэр гаргахдаа эрх тэгш болон тэргүүлэх оролцооны талаар юуг илүү сайн ойлгох хэрэгтэй гэж та бодож байна вэ? (Бэлтгэх материалын 3-р хэсгийг үзнэ үү.)

  • Хэрэв та Николас эсвэл Елена байсан бол энэ шийдвэрийнхээ талаар хань ижилтэйгээ Христийн адилаар хэрхэн зөвлөлдөх вэ?

Николас, Елена хоёрын түүх

Зураг
Багшийн тараах материал

Суралцагчдад энэ жишээг ярилцах хангалттай хугацаа өгөөд, дараах асуултуудыг тавьж болох юм.

  • Зөв шударгаар хамтдаа зөвлөлдөх нь хосууд болон тэдний хүүхдүүдийг хэрхэн адислах вэ?

Төгсгөлд нь дараах асуултуудыг үзүүлээд, тэдэнд хүлээн авсан сэтгэгдлээ дотроо тунгаан бодож, бичиж тэмдэглэх хангалттай хугацаа гаргаж өг.

  • Би гэрлэлтдээ эрх тэгш оролцоог бий болгохын тулд Христтэй адил ямар хандлага, зан төлөв, дадлыг хөгжүүлж эсвэл хүчирхэгжүүлж болох вэ? Би Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлж болох вэ?

Дараагийн хичээлээр

Хосуудыг гэрлэлт, үр хүүхдийн талаар бодох үед тулгардаг хамгийн том асуудал нь ихэвчлэн санхүүгийн хэрэгцээгээ хэрхэн хангах талаар байдаг гэдгийг суралцагчидтайгаа хамтдаа таньж мэд. Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэх материалыг залбирч байгаад судалж мөн санхүүгээ ухаалгаар шийдэн, бие даах чадвартай болоход туслах өдөөлтүүдийг сонсоход урамшуул.