Институт
6-р хичээлд бэлтгэх материал: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон


“6-р хичээлд бэлтгэх материал: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“6-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
ариун сүмээс гарч ирж буй сүйт бүсгүй, сүйт залуу хоёр

6-р хичээлд бэлтгэх материал

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон

Гэр бүлийн тунхаг нь “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяасан” гэдэг ариун үнэнийг тунхагласнаар эхэлдэг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” ChurchofJesusChrist.org). Яагаад бошиглогч, төлөөлөгч, Сүмийн бусад удирдагч энэхүү үнэнийг үргэлжлүүлэн заасаар байгаа талаар та бодож байсан уу? Энэ хичээлийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлэх нь гэрлэлт рүү хөтлөхөд танд хэрхэн тусалж болох талаар бод.

1-р хэсэг

Тэнгэрлэг Эцэгийн гэрлэлтийн талаарх харах өнцгийг мэдэх нь надад зориулсан Түүний төлөвлөгөөг ойлгоход хэрхэн туслах вэ?

Сүүлийн жилүүдэд нийгэм дэх гэрлэлтийн талаарх үзэл бодол өөрчлөгдсөөр ирсэн. Саяхан та ямар үзэл бодлыг сонссон бэ?

Сүм зохион байгуулагдаад удаагүй байхад Леман Копли өөрийнхөө урьд нь харьяалагддаг байсан шашны бүлгийн гишүүд болох шейкерүүдэд сайн мэдээг номлохыг номлогчдоос хүсжээ. Шейкерүүд гэрлэлтийг эсэргүүцэж, ганц биеэр амьдрахад итгэдэг байв. Бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс үүний талаар болон бусад итгэл үнэмшлийн талаар асууж, илчлэлт хүлээн авав.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 49:15–16-г уншаад, Их Эзэн гэрлэлтийн талаар юу тунхагласныг олж мэд.

15-р шүлэгт гарсан томилох гэдэг үг дээд эрх мэдлээр тушаах, байгуулах, оноох гэсэн үг юм (Merriam-Webster.com Dictionary, “ordain”-ийг үзнэ үү. Энэхүү тодорхойлолтыг судар дээрээ тэмдэглэж болно). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гэрлэлтийн ач холбогдлыг ийн заасан.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт дээр үндэслэгдсэн гэр бүл Бурханы төлөвлөгөө амжилттай хэрэгжих орчныг буюу Бурханаас цэвэр ариун, гэм зэмгүй хүүхдүүд төрж мөн мөнх бус амьдрал ба ирээдүйн мөнх амьдралд амжилттай бэлтгэхэд тэдэнд хэрэгтэй сургамж бэлтгэлийг олж авах орчныг бүрдүүлдэг. …

… [Бурхан] эхлэлд Адам, Ева хоёрыг Өөрийнхөө дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүн болгон бүтээж, тэднийг “нэг махбод” болго[сон]. … Хувь хүн бүр бурханлаг дүр төрхтэй боловч эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгдэн нэг болсныхоо дараа Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийнхээ утга учрыг илүү бүрэн дүүрэн ойлгодог. Бид эсвэл өөр ямар ч мөнх бус хүн гэрлэлтийн энэхүү тэнгэрлэг жаягийг өөрчилж болохгүй. Энэ нь хүний санаачилсан зүйл биш. Ийм гэрлэлт нь үнэнээр “Дээрээс буюу Бурханаас” ирсэн [Dietrich Bonhoeffer, Letters and Papers from Prison, Eberhard Bethge (1953), 42–43-ыг үзнэ үү] бөгөөд энэ нь Уналт, Цагаатгалтай адил аз жаргалын төлөвлөгөөний нэг хэсэг билээ. (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 37)

Бурханы хуулийн дагуух гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байж болох хамгийн ариун нандин харилцаа юм. Ерөнхийлөгч Ховард В.Хантэр ийн тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

Эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй. Тэдний бүтээлийн хэмжүүрийг нөгөөгүйгээр нь дүүргэхгүй [1 Коринт 11:11; Мосе 3:18-ыг үзнэ үү]. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг Бурхан хүмүүнд томилсон [Сургаал ба Гэрээ 49:15–17-г үзнэ үү]. Зөвхөн гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр дамжуулан тэд мөнхийн адислалуудыг хүлээн авах боломжтой [Сургаал ба Гэрээ 131:1–4; Сургаал ба Гэрээ 132:15–19-ийг үзнэ үү]. (“Being a Righteous Husband and Father,” Ensign, Nov. 1994, 49)

Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээг байгуулсан тэдгээр хүн селестиел хаант улсын алдар суугийн хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авах болно (Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү). Тэнд бид өргөмжлөл эсвэл мөнх амьдрал гэгддэг “мөнхийн адислалуудын бүрэн байдлыг авна.” (Та 10-р хичээл дээр шинэ бөгөөд үүрдийн гэрээний талаар илүү дэлгэрэнгүй суралцах болно.)

Зураг
гар гараасаа барилцсан сүйт бүсгүй, сүйт залуу хоёр

Мөнх амьдралын мөн чанарын талаар өмнөх хичээл дээр юу сурч мэдсэнээ эргэн сана. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс ийн заасан.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

Эцэгийн төлөвлөгөө нь тэнгэрлэг эцэг, эхийн маань амьдардаг мөнх амьдралыг өвлөн авах арга замыг бидэнд өгдөг. Төлөвлөгөөнд ‘Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм’ (1 Коринт 11:11) гэсэн байдаг. Мөнх амьдралын утга учир нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэнгэрлэг эцэг эхтэйгээ адил болоход тусалдаг мөнхийн гэрлэлтийг багтаадаг. (“Авралын төлөвлөгөө: Бидний зүг чигийг заагч эрхэм нандин мэдлэг,” Лиахона, 2015 оны 10-р сар, 37)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан томилсныг мөн энэ нь Түүний мөнхийн төлөвлөгөөнд амин чухал болохыг та хэрхэн тайлбарлах вэ?

2-р хэсэг

Би энэ амьдралд гэрлэхгүй бол эсвэл гэрлэлтээ цуцлуулбал надад юу тохиолдох вэ?

Хэдий зөв хүсэлтэй байсан ч гэлээ олон нөхцөл байдлаас шалтгаалан зарим хүн энэ амьдралд огт гэрлэдэггүй. Заримынх нь хувьд хэдий гэрлэсэн ч гэрлэлтээ цуцлуулдаг. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс эдгээр нөхцөл байдлын талаар ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Эдгээр үгийг сонсож байгаа зарим хүн “Миний талаар юу гэж бодож байна?” гэж асууж байж болох юм. Зохистой, гайхалтай олон хожмын үеийн гэгээнтэн яг одоо өөрсдийнх нь хөгжилд хэрэгтэй бодит боломж, чухал шаардлагатай зүйлсээр дутагдаж байгаа гэдгийг бид мэднэ. Ганц бие амьдрал, хүүхэдтэй болж чадахгүй байх, үхэл хагацал, гэр бүл салалт зэрэг нь туйлын зорилгыг хясаж, амлагдсан адислалууд гүйцэлдэхийг хойшлуулдаг. … Гэхдээ эдгээр бүтэлгүйтэл зөвхөн зуурдынх юм. Зарлигуудаа сахин, гэрээндээ үнэнч байж, зөв бүхнийг хүсдэг охид хөвгүүдээсээ мөнх байдалд ямар ч адислалыг харамлахгүй хэмээн Их Эзэн амласан байдаг. (The Great Plan of Happiness,” Ensign, 1993 оны 11-р сар, 75.)

Хэдий зарим мөнхийн адислалыг энэ амьдралд бүрэн туулж мэдэхгүй ч аз жаргал, амжилт нь гэрлээгүй хүмүүст ч мөн байж болно. (Энэ тухай дараагийн хичээлээр ярилцах болно.) Өдгөө Бурханы төлөвлөгөөнд болон хаант улсад бүрэн оролцож байгаа хүн бүр үүрдийн баяр баясгалан, утга учиртай өсөлтийг туулж мэдэрч мөн шаардлагатай хувь нэмрийг оруулж чадна.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Гэрлээгүйн улмаас аз жаргал, мөнх амьдрах боломжоо алдсан мэт санагддаг хүмүүстэй та юу хуваалцах вэ?

3-р хэсэг

Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь айдсаа давж, гэрлэлтийн баяр баясгаланг мэдрэхэд хэрхэн туслах вэ?

Гэрлэх талаар танд болон таны эргэн тойрны хүмүүст төрдөг асуулт, санаа зовнилын талаар бод. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк зарим хүн гэрлэлтээ хойшлуулдаг нэг шалтгааныг дурдсан.

Зураг
Ахлагч Квинтин Л.Күк

Зарим нь боловсрол эзэмшиж, ажил олтлоо гэрлэлтээ хойшлуулдаг. Хэдийгээр энэ нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг ч үүний шалтгаан нь итгэлийг харуулдаггүй төдийгүй орчин үеийн бошиглогчдын зөвлөгөөтэй ч нийцдэггүй бөгөөд үнэн сургаалтай таардаггүй. (“Ухаалаг сонголт хий,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55)

Зураг
жаргаж буй нарыг бодлогошрон харж буй залуу хүн

Дайсан ихэвчлэн гэрлэхээс хүмүүсийг холдуулдаг айдас, мөнх бус байдлын шалтгаан эсвэл анхаарал сарниулсан зүйлсийг дөвийлгөдөг. Салалтаас үүдэлтэй бэрхшээлүүдийг гэрчилж байсан тул зарим хүн гэрлэхээсээ өмнө эсвэл гэрлэсний дараа айдастай байдаг. (Дараагийн хичээлүүд дээр та гэрлэлтээ хүчирхэгжүүлж, салалтаас сэргийлэхэд туслах зарчмуудыг сурах болно.)

Гэрлэлтэд итгэлтэйгээр бэлдэхэд юу танд тусалж болох вэ?

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаалт үгс 3:5–6; 2 Тимот 1:7; Сургаал ба Гэрээ 6:36-г унш. Эдгээр сургаал гэрлэлтэд хандах хандлагад тань хэрхэн хэрэгжиж болох талаар тунгаан бод.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Жийн Б.Бингам

Заримдаа бид Бурханы биднийг гэсэн хайрыг болон туслахсан гэсэн хүслийг ойлгодоггүй учраас итгэж найдахаас айдаг. Гэхдээ бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Есүс Христийн номлолын талаар судлах явцдаа Тэдний цорын ганц зорилго бол бидний мөнхийн аз жаргал, өсөлт хөгжил гэдгийг ойлгодог [Мосе 1:39-ийг үзнэ үү]. (“Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81.)

Ганц бие хүний хувьд гэрлэж, хосуудын хувьд итгэлээ хөгжүүлснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр үргэлжлүүлэн тэднийг чиглүүлж, адислах болно. Далын ахлагчаар үйлчилж байхдаа ахлагч Хью В.Пиннок “Бурхан [Адам, Ева хоёрын] гэрлэлтэд амин чухал ач холбогдол өгч оролцсон ба Тэр өнөө цагт болж буй бүх гэрлэлтэд мөн санаа тавьж, оролцож байгаа” хэмээн хэлсэн (“Making a Marriage Work,” Ensign, Sept. 1981, 37). Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд мөнхийн гэрлэлтийг бий болгож, амжилт гаргахад тань туслахыг хүсдэг.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон эгч “Хүн бүр ‘Би хэрхэн төвлөрч мөн өөрийн ойлголтод түшиглэхгүй байх вэ? Би дэлхийн дуу хоолойг давж чадахааргүй үедээ Аврагчийн дуу хоолойг хэрхэн таньж, дагах вэ? Би Аврагчид итгэх итгэлээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?’ гэж өөрсдөөсөө асуух ёстой” хэмээн хэлсэн. (“Их Эзэнд итгэ, бүү хазай,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган,, 124). Ерөнхийлөгч Кордоны гэрлэлттэй холбоотой асуултуудын талаарх санал бодлоо бич. Мөнхийн гэрлэлтийг эрмэлзэхэд (эсвэл илүү идэвхтэй эрмэлзэхэд) саад болж буй зүйл байгаа эсэхийг бодоорой.