Институт
2-р хичээлд бэлтгэх материал: Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг тунхаглахад гүйцэтгэх бошиглогчдын үүрэг


“2-р хичээлд бэлтгэх материал: Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг судлах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал(2022)

“2-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
Эртний чулуун цамхаг дээр зогсож буй харуул

2-р хичээлд бэлтгэх материал

Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг тунхаглахад гүйцэтгэх бошиглогчдын үүрэг

Бид Их Эзэн биднийг чиглүүлж, хамгаалахаар амьд бошиглогчдыг дахин дуудсан үед амьдрахаар адислагдсан. Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг ойлгоход Их Эзэний бошиглогчид танд хэрхэн тусалдаг вэ? Энэ хичээлийг судалж байхдаа та амьд бошиглогчдын талаар хэрхэн илүү агуу гэрчлэл олж авч, амьдралдаа тэдний үгэнд илүү бүрэн дүүрэн итгэж болохоо тунгаан бодоорой.

1-р хэсэг

Бурханы хайр бошиглогчдын зөвлөгөөгөөр хэрхэн илэрдэг вэ?

Их Эзэн Езекиелийг бошиглогчоор дуудах үедээ түүний шинэ үүргийг харуултай адилтгасан. Эрт үед харуулууд хот, усан үзмийн талбай болон зай талбайг хамгаалахын тулд хана эсвэл цамхаг дээр зогсдог байсан (“Цамхаг дээрх харуулууд,” Ensign, 2016 оны 4-р сар, 28-ыг үзнэ үү). Тэд өндрөөс харснаар бусдын харж чадахгүй байгаа зүйлсийг олж харах, ойртож буй аюулын тухай сэрэмжлүүлгийг цаг тухайд нь өгөх боломжийг тэдэнд олгосон юм.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Езекиел 3:17–19-ийг уншаад, Их Эзэний бошиглогчид хэрхэн цамхаг дээрх харуултай адил болох тухай бод.

Зураг
Цамхаг дээрх харуул

Бошиглогчид бидэнд аливаа зүйлсийг Бурханы мөнхийн өнцгөөс харахад тусалдаг. Тэрээр тэднийг оюун санааны мэлмийн бурханлаг хишгээр үзмэрч байхаар адисалдаг. Тэд “өнгөрсөн зүйлийг, мөн түүнчлэн ирэх зүйлийг мэдэ[х]” боломжтой байдаг (Мозая 8:17-г мөн 15–16-р шүлгийг үзнэ үү). Их Эзэн биднийг сүнслэг болон бие махбодын аюулаас хамгаалахын тулд тэднийг илгээдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэний харуулын урам зориг, үүрэг хариуцлагын талаар дараах зүйлсийг заасан.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Их Эзэний төлөөлөгч бүр Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ хайрлах хайрыг, ялангуяа бэрхшээлтэй тулгарч буй хүмүүст үзүүлэх хайрыг ажиглаж, мэдрэх чадвартай байдаг. …

Заримдаа бид Сүмийн удирдагчдын хувьд Бурханы хуулийг чанд сахиж, Аврагчийн сургаалыг хамгаалж, өнөөгийн нийгмийн дарамтыг эсэргүүцсэнийхээ төлөө шүүмжлэлд өртдөг. Гэхдээ томилогдсон төлөөлөгчдийн хувьд бидний үүрэг бол “[Түүний] сайн мэдээг хүн болгонд номлохоор бүх дэлхий даяар явах” [Сургаал ба Гэрээ 18:28] явдал юм. Энэ нь бид үнэнийг заах зарлиг хүлээн авсан гэсэн үг билээ.

Ийн үйлдсэнээр, заримдаа бид селестиел хаант улсад өргөмжлөгдөхөд тавигддаг Эцэгийн шаардлагыг заах үедээ хайр халамжгүй байна гэж шүүмжлүүлдэг. Гэхдээ үнэнийг хэлэхгүй байх, Бурханы илчилсэн зүйлийг заахгүй байх нь бидний хайр халамжгүй байгааг илүү харуулахгүй гэж үү?

Бид Бурханы бүх хүүхдэд тун их санаа тавьдаг учраас Түүний үнэнийг тунхагладаг. Магадгүй бид хүмүүсийн сонсохыг хүсдэг зүйлийг үргэлж хэлээд байдаггүй байх. Бошиглогчид алдарших нь ховор. Гэхдээ бид үргэлж үнэнийг заадаг! (“The Love and Laws of God” [Brigham Young University devotional, Sept. 17, 2019], 3, speeches.byu.edu)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та амьд бошиглогчдын сануулга, залруулга, зөвлөгөө зэргээр дамжуулан Бурханы хайрыг хэрхэн мэдэрч байсан бэ?

2-р хэсэг

Гэр бүлийн тунхаг нь Их Эзэний бошиглогчид хэрхэн өнөөдөр харуулын үүрэг гүйцэтгэж байгааг нотолдог вэ?

1995 оны 9-р сарын 23-нд хуралдсан Халамжийн нийгэмлэгийн хурал дээр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг танилцуулсан. Танилцуулахаасаа өмнө тэрээр Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга энэхүү тунхгийг гаргах хэрэгтэй болсон гэж мэдэрсэн шалтгаанаа тайлбарлажээ.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Үнэн мэт тархсан худал хуурмаг ийм их байгаа учир, жишиг болон эрхэмлэх зүйлсийн талаар хууран мэхлэх явдал ийм их байгаа үед, дэлхийн гэм нүгэлт бусармаг явдлыг татах дур булаам, сэтгэл татам зүйл ийм их байгаа үед бид сэрэмжлүүлэх, урьдчилан анхааруулах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Үүнтэй холбогдуулан, яг энэ цаг мөчид Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд бид Сүмийн түүхийн туршид энэ Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн удаа дараа дурдаж байсан, гэр бүлтэй холбоотой жишиг, сургаал, дэг журмуудыг мэдэгдэл хийгээд дахин батлах маягаар Сүмд болон дэлхийд хандан тунхаглаж байна. (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100)

Зураг
Гэр бүлийн жаазтай гэрэл зургууд ба гэр бүлийн тунхаг

Ерөнхийлөгч Нэлсоны намтраас авсан дараах хэсэг нь Их Эзэн Өөрийн төлөөлөгчдөд гэр бүлийн тунхгийг гаргахад хүргэсэн ямар зүйлийг харах боломж олгосныг тодорхойлдог.

1994 оны нэгэн өдөр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхан Солт Лэйк ариун сүмийн зөвлөлийн өрөөнд гэр бүлтэй холбоотой асуудлуудын талаар ярилцаж өдрийг өнгөрүүлсэн аж. Тэд порнографын хаа сайгүй өсөн нэмэгдэж байгаа шинж чанараас эхлүүлээд, байж болох гэр бүлийн эсрэг олон төрлийн хуулийн талаар бүх зүйлийг хэлэлцэж байжээ. Энэ нь шинэ хэлэлцүүлэг биш байсан боловч тэр өдрийн хөтөлбөр бүхэлдээ энэхүү ганц чухал сэдвийн эргэн тойронд явагдсан байна.

Арван хоёр төлөөлөгч өөрчлөгдөж болохгүй зүйл буюу сургаал, өөрчлөгдөх боломжтой зүйл буюу бодлогын аль алиныг авч үзэв. Тэд ижил хүйстний гэрлэлт болон трансжендер хүмүүсийн эрхийн талаарх нийгмийн хүчээ авч байсан дарамт шахалт зэрэг түрэн гарч буй асуудлуудын талаар хэлэлцжээ. “Гэвч тэр нь бидний харсан зүйлсийн төгсгөл биш байсан” хэмээн ахлагч Нэлсон тайлбарлаад, “Бид олон янзын нийгмийн бүлэг бэлгийн харьцаан дахь бүхий л жишиг, хязгаарлалтыг авч хаяхыг оролдож байгааг харсан. Бид хүйсийн төөрөгдлийг харсан. Бид энэ бүх зүйл болно гэдгийг харсан” гэсэн байдаг.

Энэхүү өргөн хэмжээний хэлэлцүүлэг нь бусад сэдвийн хамт хэсэг хугацаанд үргэлжилсэн бөгөөд Арван хоёр төлөөлөгч гэр бүлийн талаарх Сүмийн байр суурийг тодотгон харуулсан баримт бичиг, магадгүй бүр тунхаг бэлтгэн гаргаж, анхааралдаа авна уу хэмээн Тэргүүн Зөвлөлд танилцуулах хэрэгтэй хэмээх дүгнэлтэд хүрсэн юм. (Sheri Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson [2019], 208)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Ерөнхийлөгч Хинклигийн хэлсэн үг болон ерөнхийлөгч Нэлсоны тухай бичсэн түүхээс танд юу онцгой санагдсан бэ? Гэр бүлийн тунхгийг гаргах нь цамхаг дээрх харуул болох бошиглогчдын үүргийг хэрхэн харуулдаг вэ?

3-р хэсэг

Би хэрхэн Их Эзэний бошиглогчдын үгсийг хүлээн авч, итгэлтэйгээр хариу үзүүлэх вэ?

Зураг
Ерөнхий чуулганыг үзэнгээ тэмдэглэл хөтөлж буй эмэгтэй

Өөрийн төрсөн Назар хотод Өөрийгөө амлагдсан Мессиа гэж тунхаглах үед Аврагч үгүйсгэгдсэн. Олон эргэлзээний хариу болгож, Аврагч “Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй” (Лук 4:24) хэмээн хэлжээ.

Үүний адилаар, эдүгээ цагт зарим хүн Их Эзэний бошиглогчдыг хүлээж авахгүй байхыг сонгодог. Заримдаа танд хүртэл орчин цагийн бошиглогчдын зөвлөгөө, сургаалыг ойлгож, дагаж мөрдөхөд хэцүү байж болно.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулсан өдөр бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс Өөрийн Сүмийн гишүүдэд хандан өгсөн зарлигийг, мөн амлалт бүхий илчлэлтийг хүлээн авчээ.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 21:4–6-г унш (эдгээр шүлэг бошиглогч Иосеф Смитэд хандаж байгаа бөгөөд энэ нь Их Эзэний Сүмийн одоогийн ерөнхийлөгчид мөн хамаатай болохыг анхаарна уу). Сүмийн гишүүд бошиглогчийн үгсийг хэрхэн хүлээн авахыг болон Их Эзэний бидэнд тийн үйлдэхэд амласан адислалуудыг олж мэд. (Тайлбар: 6-р шүлэг дэх сэгсрэх гэдэг нь ямар нэгэн зүйлийг тулгуур эсвэл савнаас нь гаргах юм уу чөлөөлөх гэсэн утгатай [Merriam-Webster.com толь бичиг, “shake” гэдгийг үзнэ үү]. Иймд энэ шүлгийн бас нэгэн орчуулга нь Их Эзэн “тэнгэрийг [бидний] сайн сайхны төлөө сэгсрэ[хэд]” амьд бошиглогчдын үгсийг дагадаг хүмүүсийн дээр илчлэлт, адислалууд “чөлөөлөгдөж,” цутгагдах болно гэж байж болох юм.)

Зураг
Гишүүд дэмжиж буйгаа илэрхийлж байна

Бошиглогчдоор дамжуулсан Их Эзэний үгсийг “бүхий л тэвчээр хийгээд итгэлд” (5-р шүлэг) хүлээн авах гэдэг нь ямар утгатай талаар бод. Ийнхүү үйлдсэнээр амлагдсан адислалуудыг мөн тунгаан бод. Судрууд бошиглогчдын үгсэд тэвчээртэй байж, итгэхийг сонгосон хүмүүсийн тухай олон түүхийг агуулдаг. Дараах судрын хэсгүүдээс судлахаар нэгийг эсвэл илүү олныг сонго.

  • 1 Нифай 2:11–16 (Бошиглогч Лихайгаар удирдуулснаар Нифай Иерусалимыг орхив)

  • 1 Хаад 17:8–24 (Зарефатын бэлэвсэн эхнэр өлсгөлөнгийн үед бошиглогч Елиагийн хүсэлтэд хариулав)

  • 2 Хаад 5:9–14 (Бошиглогч Елишагаар дамжуулан уяман өвчнөөс эдгэрэхийг хүсэж буй Сирийн Нааман)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Дөнгөж уншсан зүйлийнхээ талаар бодож, эдгээр асуултын хариултуудыг судлах тэмдэглэл дээрээ эсвэл тэмдэглэл хөтлөх аппликэйшн дээр бичээрэй.

  1. Бошиглогчийн үгсийг тэвчээртэй, итгэлтэй хүлээн авах хүний хүчин чармайлтаас та юу сурч мэдэж болох вэ?

  2. Эдгээр нөхцөл байдалд Их Эзэний бошиглогчийн үгсийг хүлээн авч, анхаарал хандуулахад яагаад хэцүү байж болох вэ?

  3. Таны уншсан хүнээс Их Эзэний асуусан зүйлээр дамжуулан Түүний талаар та юу сурч мэдэж авсан бэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байхдаа Кэрол Ф.Макконки ийн хэлжээ.

Зураг
Кэрол Ф.Макконки эгч

Дэлхийн жишгээр бол, бошиглогчийг дагах нь нийтэд өргөн дэлгэрээгүй бөгөөд улс төрийн хувьд буруу эсвэл нийгмээр хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Гэвч бошиглогчийг дагах нь үргэлж зөв байдаг. (“Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 88)

Бид Их Эзэний бошиглогчдыг дагахдаа итгэлтэй байж чадна.