Институт
27-р хичээлд бэлтгэх материал: Гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчилж, хамгаалах


“27-р хичээлд бэлтгэх материал: Гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчилж, хамгаалах” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“27-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Зураг
Хамтдаа алхаж буй гэр бүл

27-р хичээлд бэлтгэх материал

Гэр бүлийг нийгмийн үндсэн нэгж хэмээн сурталчилж, хамгаалах

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Гэр бүл бол нийгэм, эдийн засаг, манай соёл, засгийн газрын үндсэн нэгж учраас [гэр бүлийн] тунхагт юу заадгийг дэлхий нийт мэдэх ёстой. Мөн хожмын үеийн гэгээнтнүүдийн мэддэгчлэн, гэр бүл нь селестиел хаант улсын үндсэн нэгж байх болно” гэж хэлсэн (“What Matters Most Is What Lasts Longest,” Liahona, 2005 оны 11-р сар, 42). Нийгэмд болон мөнх амьдралд гэр бүл ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаар бодож байхдаа гэр бүлийг сурталчилж, хамгаалахын тулд юу хийж чадахаа бодож үз.

1-р хэсэг

Гэр бүлийг салж сарнихад юу нөлөөлж байна вэ?

Өнөөгийн нийгэмд олон хүчин зүйл гэр бүлийг сулруулж байна. Их Эзэн биднийг хайрлаж, адислахыг хүсдэг учраас эдгээр болон бусад аюулаас сэрэмжлүүлэхээр бошиглогчдоор дамжуулан ярьдаг. “Гэр бүлээ сарниулбал эрт, эдүгээгийн бошиглогчдын зөгнөн хэлснээр хувь хүн, нийгэм, улс үндэстнүүдэд гай гамшиг авчрах болно” гэдгийг орчин үеийн бошиглогчид анхааруулсан (“Гэр бүл:Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org).

“Гэр бүлээ сарниулж буй” нотолгоонууд бидний эргэн тойронд бий. Жишээлбэл: Бид

  • гэрлэлгүйгээр хамтран амьдрах явдал, гэрлэлтээс гадуур төрсөн хүүхдүүд, өрх толгойлсон эцэг эхчүүд нэмэгдэхийг болон

  • гэрлэлт, төрөлт буурахыг;

  • үр хөндөлт, салалт, хүчирхийлэл, гэр бүлийн амьдрал дахь асуудал тархахыг;

  • төрийн бодлого, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэр бүлийг доройтуулж буйг харж байна.

(Bruce C. Hafen, “The Proclamation on the Family: Transcending the Cultural Confusion,” Ensign, 2015 оны 8-р сар, 54; Даллин Х.Өүкс, “Хүүхдүүдээ хамгаал,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 53; “Divorce,” Liahona, 2007 оны 5-р сар, 70; Julie B. Beck, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, 2011 оны 3-р сар, 14-ийг тус тус үзнэ үү.)

Зураг
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний урагдсан зураг

Төлөөлөгч Паул эцсийн өдрүүдэд тохиолдох аюулуудын талаар анхааруулсан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

2 Тимот 3:1–6, 13-ыг уншаад, Паулын тодорхойлсон нөхцөл байдал гэр бүлийг салж сарнихад хэрхэн нөлөөлж байгааг тунгаан бод. Гэр бүл салж сарних нь нийгэм дэх эдгээр хандлагыг хэрхэн улам өдөөж, нэмэгдүүлдэг талаар бодож үз. (Та энэ хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд зүүлт тайлбарыг уншиж эсвэл толь бичгээс мэдэхгүй үгсээ хайж болно.)

Далын ахлагч асан Брүс Д.Портэр эрэгтэй, эмэгтэй хүмүүс “аминч” (2 Тимот 3:2) болсон нэг шалтгааны талаар ийнхүү ярьсан.

Зураг
Ахлагч Брүс Д.Портэр

Олон сая гэр бүл салж сарниж байгаа нь нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон соёл үүнийг нийгэм, ёс суртахууны үүрэг хариуцлагаас ангид, бүрэн эрхт, бие даасан, бусад хүнд шууд хор хөнөөл учруулахгүй л бол ямар төгсгөлийг сонгох нь аливаа хүний чөлөөт сонголт хэмээн амин хувиа хичээх үйлдлийг зарим талаар алдаршуулсантай холбоотой юм. (“Defending the Family in a Troubled World,” Ensign, 2011 оны 6-р сар, 15)

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Гэр бүл салж сарних нь нийгэмд ямар нөлөө үзүүлдэг гэж та бодож байна вэ? Эдгээр нөлөөний ямар жишээг та олж харсан бэ?

2-р хэсэг

Би гэр бүлийг сурталчлах, хамгаалах ямар үүрэгтэй вэ?

Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга “Итгэл хүлээсэн иргэд, төрийн албан хаагч та бүхнийг нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бэхжүүлэн авч явах арга замыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна” гэсэн даалгаврыг өгсөн (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”).

Энэхүү бошиглолын даалгаврыг биелүүлэх олон арга зам бий. Доорх санаануудын заримыг ашиглах талаар бодож үз.

  • Гэр бүлээ бэхжүүлэхийн төлөө ажилла.

  • Таны гэр бүлд заналхийлж буй асуудлуудыг мэдэж ав.

  • Гэр бүлийг дэмжсэн улс төрийн удирдагчид, байгууллагууд болон төрийн бодлогыг сурталчил мөн хамгаал.

  • Гэр бүлийн эерэг үнэт зүйлсийг сурталчлахын тулд сошиал медиаг ашигла.

  • Сайн мэдээний сургаал болон гэр бүлийн талаарх мэдрэмжээ хуваалцах боломжуудыг хай.

Зураг
Ярилцаж буй залуус

Гэр бүлээ сурталчлах, хамгаалахын тулд бидний гэр бүлийн нөхцөл байдал төгс байх албагүй. Гэр бүлийн нөхцөл байдлаас үл хамааран бидний дуу хоолой хэрэгтэй.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон

Бид гэрлэлт, гэр бүл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэнгэрлэг үүрэг хариуцлага ба ариун газар болох гэр орны чухал ач холбогдол зэрэг зарчмыг дэлхий бидний чихэн дээр эдгээр нь хоцрогдсон, хязгаарлагдмал, хамааралгүй болсон хэмээн орилон хашхичиж байсан ч зоригтой хамгаалж байх ёстой. Гэр бүлийн нөхцөл байдал ямар болох мөн хэдэн хүүхэдтэй гэдгээсээ үл хамааран хүн бүр гэр бүлийн тунхагт тайлбарласан Их Эзэний төлөвлөгөөний хамгаалагч нь байж чадна. (“Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 133)

Танд тулгарсан эсэргүүцлээс болж заримдаа гэр бүлийг сурталчлах, хамгаалахаас эмээх мөч гарах болно. “Тэдний газар нутаг, тэдний орон байр, тэдний эхнэр болоод хүүхдүүдийг дэмжих” (Алма 43:9)-ийн тулд леменчүүдийн түрэмгийллийг зоригтойгоор эсэргүүцсэн ахмад Моронайн болон нифайчуудын үйлдлүүдээс та хэрхэн хүч авч болох талаар бодож үз.

Зураг
шигтгээ зураг, үйлдэх

Үйлдэх

Гэр бүлийг илүү сайн сурталчлах эсвэл хамгаалахын тулд хийж болох үйлдлийн энгийн төлөвлөгөө гарга. Төлөвлөгөөнөөсөө хамгийн багадаа нэг санааг хичээл дээр хуваалцахад бэлэн бай.

3-р хэсэг

Би гэр бүлийн тухай Их Эзэний сургаалыг бусадтай ярихдаа хэрхэн илүү итгэлтэй байж чадах вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс гэр бүлийн тунхаг дахь сургаал нь “бидний амьдарч буй дэлхийн одоогийн зарим хууль, уламжлал, номлолоос илт ялгаатай” (“Төлөвлөгөө ба тунхаг,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 14) хэмээн онцлон хэлсэн. Амьдралынхаа туршид та гэрлэлт, гэр бүлтэй холбоотой сэдвүүдээр өөрөөсөө өөр үзэл бодолтой хүмүүстэй ярилцах болно. Ийм үед сөргөлдөхөөс зайлсхий (Сургаал ба Гэрээ 19:30-ийг үзнэ үү). Түүний оронд “Христийн амгалан дөлгөөн дагалдагчдын” (Моронай 7:3; мөн 4–5-р шүлгийг үзнэ үү) дунд байхыг, мөн “үнэнийг хайранд [ярихыг]” (Ефес 4:15) хичээгээрэй.

Зураг
Аврагч хуулийн багштай ярьж байгаа нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс бидний итгэл үнэмшлийг эсэргүүцэж болзошгүй хүмүүстэй харьцахдаа хэрхэн Есүс Христийн үлгэр жишээг дагах талаар ийн заасан.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

Христийнхтэй адил хариулна гэдэг нь дүрэм журам дээр бичигдэж, үндэслэгдэж чадахгүй. Аврагч тухайн нөхцөл байдал бүрд өөр өөрөөр хариулж байсан юм. Тэрээр хорон санаат Херод хаантай нүүр тулан уулзах үедээ чимээгүй л байсан. Тэрээр Пилатын өмнө зогсож байхдаа Өөрийн тэнгэрлэг байдал, зорилгын талаарх гэрчлэлийг энгийн мөн хүчирхгээр хуваалцсан байдаг. Ариун сүмийг бузарлаж байсан мөнгө хүүлэгчидтэй учрахдаа Тэрээр ариун нандин зүйлийг хадгалж, хамгаалах тэнгэрлэг үүрэг хариуцлагаа харуулж чадсан. Тэрээр загалмай дээр цовдлогдоод байх үедээ “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” (Лук 23:34) хэмээн хэлсэн байдаг.

Зарим хүн чимээгүй, номхон даруу, өршөөнгүй байх мөн энгийн гэрчлэл хуваалцах зэрэг хариултыг идэвхгүй, сул дорой байна хэмээн ташаа ойлгодог. Харин [бид] дайснуудаа хайрлах, [биднийг] хараагчдыг адислах, [биднийг] үзэн ядагчдад сайныг үйлдэж, мөн [биднийг] хүнлэг бусаар ашиглаж, хавчин гадуурхах хүмүүсийн төлөө залбирах (Матай 5:44) нь итгэлтэй, хүч чадалтай байхыг, юуны өмнө Христэд итгэгчийн зүрх зоригтой байхыг шаарддаг. (“Христэд итгэгчийн зориг: Шавь байхын үнэ цэн,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82)

Зураг
Сонсож буй залуу хүн

Гэрлэлт, гэр бүлийн талаар бусадтай ярилцахдаа дараах зарчмууд хэрхэн тусалж болохыг бодож үз.

  • Сүнсийг дага. Сүнс танд юу хэлэх, юу хэлэх ёсгүйг мэдэхэд тусална (Сургаал ба Гэрээ 100:5–6-г үзнэ үү). Түүний нөлөөлөл нь танд сэтгэл хөдлөлөө хянахад тусална (Галат 5:22–23-ыг үзнэ үү).

  • Идэвхтэй сонс. Бусдыг ярьж байхад бүх анхаарлаа хандуул. Тэднийг ярьж байх үед яриаг нь таслах, эсвэл яриан дундуур нь өөрийн бодлыг хэлэхээс зайлсхий. Тэдний хэлсэн зүйлийг ойлгохын тулд та тодруулан асууж эсвэл сонссон зүйлээ нэгтгэн дүгнэж болно.

  • Ойлголцлын гүүр тавихыг эрэлхийл. Та нарын ялгаатай байдлууд та нарт байгаа нийтлэг зүйлсийг дарахыг нь бүү зөвшөөр. Ярилцахдаа нийтлэг ойлголтыг хайж, түүндээ тулгуурла.

  • Их Эзэний сургаалыг энгийн, ойлгомжтой, түрэмгий бус үгээр хуваалц. Сүмийн гишүүдийн хэрэглэдэг өвөрмөц үг хэллэг хэрэглэхээс зайлсхий (Дэвид А.Эдвардс, “Communication Breakdown,” New Era, 2012 оны 10-р сар, х. 32–33-ыг үзнэ үү). Үүний оронд үнэн зөв мөн ойлголт төрүүлж, сайн санааг дэмжих үг, хэллэг ашигла. Хариултаа товчхон байлга. Зүрх сэтгэлээ хайраар дүүргэ, улмаар өнгө аяс тань эелдэг болно.

  • Цэвэр бөгөөд энгийн гэрчлэл хуваалц. Та гэрчлэлдээ “Би гэрчилж байна …” гэх шаардлагагүй, харин та “Миний амьдрал … учраас адислагдсан,” “Би мэдэрсэн … ,” эсвэл “Энэ нь надад маш чухал, яагаад гэвэл … ” гэж хэлж болно.

  • Хэрэв та санал нийлэхгүй байгаа бол маргаан үүсгэхгүй байхыг сонго. Тайван, хүндэтгэлтэй бай, ингэснээр та нөхөрлөлийг хөгжүүлж, дайсанг бий болгохгүй байх болно. Та нөгөө хүнийхээ үзэл бодлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ та хоёр тодорхой сэдвээр санал нийлэхгүй байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрч болно. Аливаа зөрчилдөөний сүнс нь Ариун Сүнсийг орхиход хүргэдэг гэдгийг сана (3 Нифай 11:29-ийг үзнэ үү).

Зураг
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Таны хувьд бусадтай гэрлэлт, гэр бүлийн талаар Христийнхтэй адил яриа өрнүүлэх чадвараа сайжруулах ямар нэг арга зам байна вэ?